Өөрийгөө даруу байлгагсад
Лук 14:1-14
Гол эшлэл 14:11
“Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв”
Өнөөдрийн номлолоор бид 1-рт, Есүсийн Амралтын өдрийн жинхэнэ утга учрыг зааж буй тухай, 2-рт, Өөрсдийгөө өргөмжилсөн, бардам фарисайчуудыг хараад өөрийгөө даруу байлгахыг сургаж буйг Есүсийг сурах болно. Өөрийгөө даруу байлгах нь яагаад тийм чухал болохыг сайн ойлгож, хүлээн зөвшөөрч суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Улмаар Бурханы ажилд нандинаар хэрэглэгддэг, өнөө цаг үеийн оюутан залууст чин сэтгэлээр үйлчилдэг сайн хоньчидоор өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Амралтын өдрөөр усан хавантай хүнийг эдгээсэн Есүс (1-6)
1-г үзээрэй. “Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт хоол зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв. Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байжээ.” Есүсийн явсан газар бүрд нь дагадаг, нягтлан ажигладаг хэсэг бүлэг хүмүүс байсан. Есүсийн нэр нөлөө өсөхийн хэрээр Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг өөрсдийн дайсан мэт үзэх болсон. Есүс уул нь тэдэнд муу юм хийгээгүй, Тэр сайн хоньчин болохынхоо хувьд хийх ёстойгоо л хийж байсан. Тэд Түүнд үхлийн ял тулгаж болох ямар нэг зүйл хийхийг хүлээж байсан юм. “Амралтын өдөр”, “Амралтын өдрийн хууль” хаанаас үүссэн бэ гэхээр Бурхан бүтээлийн үед бий болгосон. (Эх1:1-2:3) Мөн Бурхан Мосед Синаи уулан дээр Арван хууль өгсөн. (Гэтлэл20:1-17) Дөрөв дэх хуульд долоо дахь өдрийг ариунаар сахихыг израилчуудад заасан бөгөөд энэ өдөр хүн, мал адгуус ямар ч ажил хийх ёсгүй гэсэн билээ. Энэ үеэс тэд аль нь ажил аль нь ажил биш тухай маш нухацтай ангилан хуулийн зүйл заал болгон тогтоож өгсөн. Улмаар Израйлчууд он удаан жил Амралтын өдрийн хууль гэсэн маш том, заавал дагаж мөрдөх ёстой 2 том хуулийн нэг болсон байна.
Тэгвэл энд гарч байгаа фарисай нь Есүсийг яагаад, яах гэж урьсан юм бол? Тэнд мөн өөр бусад фарисайчууд болон хуулийн багш нар ч ирсэн байв. 1б-г үзвэл тэд Есүсийг хянамгай ажиглаж байлаа. Энэ нь муу санаатайгаар үг, үйлдлийг нь ажиглаж байсан гэсэн утгатай. Тэд Есүсийг унагаах шалтгаан олохын тулд Амралтын өдөр Есүсийг үнэхээр өвчтөнийг эдгээх эсэхийг шалгаж байсан.
2-г үзээрэй. Энэ үед Түүний өмнө усан хавангаас болж зовж буй нэгэн хүн байв. Уг өвчин биеийнхээ олон газар ус тогтон хавагнан шээсэнд хордон үхдэг. Тухайн үед эмчилгээгүй өвчин байв. Иудейчүүд энэ өвчний шалтгааныг хүнд гэм нүгэл эсвэл Бурханы хараал гэж боддог байсан. Ийм өвчинд нэрвэгдсэн тэр хүний зовлон шаналал нь үгээр хэлшгүй байсан байх. Фарисайчууд ард түмний хоньчдын хувьд өвчнөөр шаналсан энэ хүнийг өрөвдөх хэрэгтэй байсан. Гэтэл тэд Түүнийг урхидах өгөөш болгон ашиглахаар зориуд Есүсийн өмнө авчирлаа.
Есүс тэдний хорон муу санааг мэдсэн. Одоо 3-г үзээрэй. “Есүс хуульч нар ба фарисайчуудаас Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү эсвэл үгүй юү? гэж асуужээ.” Энэ нь Амралтын өдөр өвчнийг эдгээх нь Мосегийн хуульд нийцэх эсэхийг асуусан асуулт байв. Хэдийгээр Мосегийн хуулинд амталтын өдөр ажил хийж болохгүй гэж тушаасан ч харин үхлийн аюултай өвчтөнг эдгээж болохгүй гэж зааж өгөөгүй. 5-р эшлэлийг үзэвэл “Тэр тэдэнд Та нарын нэг нь хүүгээ эсвэл үхрээ худагт ойчвол Амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү?” гэж хэлсэн. Амралтын өдрийн хуулийг Бурхан хүнд зориулан өгсөн. Энэ үнэнийг, амралтын өдрийн жинхэнэ утга учрийг Есүс тэдэн ойлгуулахыг хүссэн. Бие махбодоор амархаас гадна Бурханд ханддаг мөргөл өргөдөг, Бурхантай хувиараа гүнзгий уулзах өдөр болгон өгсөн. Мөн энэ өдрийг аринаар сахь гэдэг нь хайр болон энэрлийг үйлдээрэй гэсэн гол санааг Есүс заан өгч, үлгэрлэн харуулж байна.
Одоо 4-р эшлэлийг үзээрэй “харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав.” Тэд Есүст хэлэх гээд хэлэх үг нь олдсонгүй. 18 жил зовж шаналсан бөгтөр эмэгтэйг эдгээсэн шиг, усан хаван өвчинд зовж шаналж буй өнөө маргаашгүй үхлийн аюултай энэ хүнийг мөн Есүс өрөвдөн хайрлаж, Амралтын өдөр байсан ч даруй эдгээж өгсөн. Хэдийгээр амралтын өдрийн хуулийг зөрчсөн байлаа ч хайр болон энэрлийг үйлдсэн учраас Бурханы өршөөл нигүүлсэлийг хүртэх болно. Бид бүхэн ч гэсэн Эзэн Бурханы эхлүүлсэн итгэлийн амьдралыг дуусах хүртэл Эзэнд амралтын өдрийг чин сэтгэлээр, хувцслалт, цаг барилт, анхаарал төвлөрөлт гээд бүх талаар хамгийн сайнаараа Бурханд зориулан хүндэтгэл мөргөлийг өргөдөг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Ням гараг бүр хийх ёстой гэсэн хуулийн сэтгэлээр бус Бурхантай энэ л цагаар хувийн харилцаа тогтоож, зүрхний магтаал, хүндлэл, талархал, залбирал, гэмшлийг өргөдөг нандин цаг байхийг хүсэн ерөөж байна.
2. Өөрийгөө даруу байлгагсад (7-14)
7-г үзээрэй. “Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.” Есүс фарисайчууд зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэх гэж өрсөлдөж байгааг харсан. Хоймрын суудал бол гэрийн эзний баруун талын хамгийн vip суудал юм. Энэ суудалд мэдээж хамгийн нөлөө бүхий хамгийн эрхэм хүндтэй хүмүүсийг суулгадаг. Тиймд уригдсан хүмүүс энд суух гээд өрсөлдөж байсныг харвал тэд өөрсдийгөө өргөмжилж байгааг харуулж байна. Тухайн үеийн фарисайчууд хуулийн багш нар илт энэ мэт дэлхийн нэр алдар ба хүмүүсийн магтаал хүндлэлийг эрэлхийлдэг байсан нь уг үйл явдалаар ч мөн харагдаж байна. Марк 12:38-39-т “Тэр сургаал айлдан —Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Тэд мөн синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай” хэмээн Есүс айлдаж байсан. Тухайн үед фарисайчууд эрдэм боловсрол, мэдлэг, байр суурь ба итгэл сүсэглэл гэх мэтээр өөрийгөө өргөмжлөн, бусдыг үл тоомсорлосноор хүмүүсийг бүдрүүлдэг байсан. Ийм тэд гэрийн эзэн юм уу хүндэт хүмүүсээс хэт доор суух нь ичгүүр гэж тооцсон болсон. Тэд хүмүүсийн дунд үл тоомсорлогдохоос хамгийн айдаг байв. Бид саяхан суралцсан Есүс хэнээс айх хэрэгтэй гэсэн бил ээ? Лук12:5 “Харин ханаас айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгнээс эмээгтүн”
8-10-г үзээрэй. Есүс ийм үзэлтэй тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Есүс хэн нэгэн хуримын найрт уривал хойморт нь бус доор суу гэв. Хуримын найр нь иудейчүүдийн хувьд хамгийн их чухалчилдаг найр учраас суудлуудын дэс дараа ба ялгаа нь тод хуваагддаг байсан. Тэгтэл хэн нэгэн ирээд шууд хойморт сууж байгаад илүү хүндтэй хүн ирснээс болж эзэн нь суудлаа тавьж өг гэвэл олны дунд тэр хүн нь ичгүүрт байдалд орно, харин өөрийгөө даруу болгон доор суух нь зохистой хэмээн доор сууж байхад урьсан эзэн нь ирэн дээшээ суу гэвэл тэр хүн бусдын өмнө илүү хүндлэлийг олно. Есүс энэхүү сургаалт зүйрлэлээр дамжуулан фарисайчуудын нэр алдар ба хүндлэлийг авах хүсэл шуналд автсан бардам байдлыг ил болгов. Мөн Есүс биднийг хуурамчаар даруу зан гаргах хэрэгтэй гэж хэлээгүй. Зарим хүн зориудаар “дээшээ морилно уу” гэж уригдана гэдгээ мэдсээр байж дорд суудалд суудаг. Тэд даруу хүний дүр эсгэдэг бөгөөд үнэн хэрэг дээрээ тэд бусдаас хүндэтгэл хүлээхийг хүсэж байдаг ажээ. Ийм хүмүүс нь даруу байдлын баг өмссөн бардам хүмүүс байдаг.
Тэгээд Есүс тэдэнд дүгнэлт болгон сургаж байна. Бүгдээрээ хамт 11-г үзээрэй. “Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв” Өөрийгөө өргөмжилдөг бүх хүн яана гэнэ үү? Номхруулагдана. Харин өөрийгөө даруу байлгагсад нь яах бэ? Өргөмжлөгдөх болно.
Тэгвэл Даруу зан, даруу байдал гэдэг нь ямар байхыг хэлэх бэ? ДАРУУ БАЙДАЛ гэдэг нь грек “tapeinoo” гэсэн үгнээс гаралтай. Гол утга санаа нь бардам зангаас ангид – дорой, номхон, даруу, дөлгөөн гэсэн үг юм.
Энэ үг зарлиг бол Библи дэх бидэнд сануулсан итгэлийн амьдралын суурь хууль юм. Энэ үнэнийн хуулийг Израилын түүхээс маш тод харж болно. Бурхан Израил ард түмэн өөрсдийгөө даруу болгон Бурханд дуулгавартай байхад тэднийг бялхам дүүрэн ерөөж, бүх үндэсний дунд тэднийг өргөмжлөн алдартай болгож байсан. Тэдний мал сүрэг, газар тариалан, үр хүүхэд гээд бүх талаар ерөөгддөг байсан. Харин тэд бардамнан, дуулгаваргүй, хүсэл шуналын замаар явах үед Бурхан аймшигтай уур хилэн ба шийтгэлийг буулган, үндэстний дунд ичгүүртэй болгож байсан. Харь үндэстнүүдийн боол хүртэл болдог байсан. Сур үгс 18:2-т “Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх явж, Алдрын өмнө даруу зан алхдаг.” гэж айлдсан. Мөн 1Петр 5:5,6-д “Үүнчлэн залуус аа, та нар ахлагчдадаа захирагд. Та бүхэн нэг нэгэнтэйгээ харилцахдаа даруу байдлыг өмс. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, Харин дарууд нигүүлсэл өгдөг. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.” Амен.
Өөрсдийгөө даруу байлгана гэдэг нь Бурханы ерөөлийг хүртэх гол нөхцөл нь болдог гэдгийг хэлж байна. /2Шс7:14/ Мөн Мик6:8-г үзвэл “Үнэндээ юу нь сайн болохыг, Хүн минь Тэр чамд айлдсан бус уу? Үнэн шударгыг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантайгаа даруухнаар алх гэхээс Өөр зүйлийг ЭЗЭН чамаас шаарддаг гэж үү?”.
Гэвч хүний сул дорой, гэмт чанар нь даруу байх нь дорд, сул дорой, арчиагүй, умхиагүй болох мэт санадаг. Япон хүн бол бусдад өдөг учруулахгүй амьдрах гэсэн логиктой байдаг бол Монголчуудын хувьд хүний дор орохгүй, хүнд муугаа үзүүлэхгүй хэмээн болдож амьдардаг. Нэр хугархаар яс хугар хэмээн нэр нүүрээ бодон бардам сэтгэлтэй амьдардаг.
Тэгвэл Бурхан бидэнд даруу байдлын гайхалтай жишээ болсон хоёр хүний талаар дурьдвал. Нэгт. Библид хамгийн даруу хүн бичигдсэн байдаг. Тэр бол Мосе юм. /Тоол 12:3/ Яагаад Мосег хамгийн даруу гэж хэлсэн бэ? Гэхээр Мосе Египетээс Израильчуудыг гаргах асар хүнд үүргийг өөрийгөө тохирохгүй гэж өөрийгөө голж байсан ч Бурханы тушаалыг дуулгавартай дагасан. Мөн Израильчууд олон удаа гомдоллож, тэрслэж байсан ч Мосе төлөө Бурханд хандан уучлал гуйж, залбирдаг байсан. Боломжгүйг боломжтой болгож гайхамшиг, ололт амжит нэг бүрийг “би хийсэн” гэж хэлээгүй, Харин бүх алдрыг Бурханд өргөж байв. Гэхдээ Мосе анхнаасаа ийм даруу хүн байсан уу гэвэл үгүй. Тэр Бурханы дуудлага, тушаал, удирдлага, дасгалжуулалтыг 40 жил авсны эцэст ийм гайхалтай даруу төлөв, дуулгавартай итгэлийн хүн болж чадсан юм. Тиймээс Бид залуу насандаа хамгийн түрүүнд сайн сурах зүйл бол даруу байдал юм. Яарах хэрэггүй Бурханы өмнө чин сэтгэлээр хичээнгүйлэн дасгалыг сайн авч амьдрах хэрэгтэй. Цаг нь болохоор Мосе адил жинхэнэ даруу нэгэн болсон байх болно.
Даруу сэтгэлтэй хүн нь өөрийгөө Бурхан ба бусдын өмнө дорд болгодог. Даруу сэтгэлтэй хүн нь Бурханы тогтоосон эрх мэдэл болон эмх цэгцэд бүрэн дуулгавартай захирагдаг юм. Бурханы өмнө өөрийгөө хэн бэ? Гэдгийг гүнзгий ухаарсан байдаг. Ямар аймшигтай гэм ба зовлонгоос аврагдаж, хэр их уучлал, өршөөл авсанаа гүнзгий ухаарсан тул хэзээ ч өөрөөрөө сайрхадаггүй юм. Хүмүүсийн магтаал ба сайшаалыг эрэн хайлгүй, зөвхөн Бурханы таалалд нийцүүлэн амьдрахын төлөө эмээн хүндэтгэн, хичээл зүйтгэлтэй амьдардаг юм. Даруу сэтгэлтэй хүн нь үнэн зүрхнээсээ цаг үе, нөхцөл байдлаас үл хамааран СМ төлөө, оюутан хоньдод золиос зориулалт гарган Бурханы хайраар үйлчилж чаддаг юм. Бурхан ийм хүнийг эцэст нь өргөмжлөн бялхам дүүрнээр ерөөх болно. Амен
Дараагийн төгс жишээ болсон нэгэн бол Есүс Өөрөө юм. Даруу байдал бол Түүний амьдрал, үйлчлэл, сургаал, зан чанарын тулгуур чулуу нь болсон /Мт5:3,5, 18:4, 23:12, Лк14:11, 18:14/. Есүс даруу байдлаараа хүмүүсийг татдаг байсан. /Мт11:28-30, Иох13:1-20, Илч3:20/.
Одоо зарлигын 12-14-р эшлэлийг үзээрэй. Өөрийгөө даруу байлгадаг хүн хэрхэн амьдрах нэгэн жишээг Есүс зааварлан өгч байна. Есүс Өөрийг нь урьсан хүнд зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү садан төрөл баян, нэр хүндтэй хөршүүдээ бүү урь гэж байна. Есүс тэдний хариу тус хүргэх боломжтой, өөрт нь хэрэг болох ашигтай хүмүүсийг л урьдаг аминч сэтгэлийг нь мэдэж байсан. Өнөөгийн нийгэмд ч хүмүүс өөрсдөд нь тус болох хүмүүстэй л холбоо тогтоохыг хүсдэг. Гэвч энэ нь Бурханы зааварласан үнэнийг үл тоомсорлосон үйлдэл буюу Бурханаас ирэх шагналаас татгалзах мунхаг үйлдэл болно.
Харин та нарын тусламж хэрэгтэй хүмүүст, эргээд хариуг барих боломжгүй хүмүүсийг урих хэрэгтэй гэж байна. Тиймээс ийм хүмүүст үйлчлэн туслахад зөвхөн Бурханд найдсан цэвэр итгэл ба хайр байхгүй бол чадахгүй юм. Гэсэн ч ийм хүмүүст тусалсаар байхад заримдаа ямар ч хариу ирдэггүй учир хохирч байгаа мэт санагдах үе ч гардаг. Мөн ядаж хэн нэгний үнэлгээ сайшаал ч сонсогдохгүй бол урамгүй болдог. Тэгвэл яавал энэ бодлыг даван дийлж, үргэлж золиос гарган үйлчилж чадах вэ? 14-г үзээрэй. “Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно” Тиймээс бидэнд хаяадаа зурвас зурвас бий болох гээд байдаг хохирогчийн сэтгэлтэй амьдрах огт хэрэггүй. Хэрэв таны чадал хүрч л байвал бусдад туслахаас бүү цааргал. Энэ нь ч таны Бурханд нандинаар хэрэглэгдэх тохиромжтой сайн цаг байх болно. Учир нь Бурхан зөвт хүмүүсийн амиллын цагт заавал бидний цэвэр үйлчлэлд хариулан шагнах юм. Ийм итгэл найдвар байхад бид цөхрөлтгүйгээр Бурханы өмнө сайныг үйлдэн амьдарч чадна. Есүс Марк 9:4-т балчир нэгэнд аяга усаар дайлахад ч шагналаа алдахгүй хэмээн амалсан. Бид Бурханы хаанчлалд хүртэх шагналд найдан энэ дэлхийд байх хугацаандаа тусламж хэрэгтэй хүмүүст цэвэр сэтгэлээр хичээнгүй үйлчилж амьдрахыг хүсэн гуйж байна. Амен
Дүгнэлт: Бурханы өмнө цэвэр сэтгэлээр даруу байхыг заан өгсөн Эзэн Бурхандаа талархаж байна. Бид бүхэнд амин хувиа хичээсэн, бардам сэтгэл байгаа бол, өөрийгөө бусдаас дээгүүр тавин бусдыг дорд үзэх хандлага байгаа бол, өөрийгөө бусаддтай харьцуулан гомдллох сэтгэл байгаа бол тэр бүгийг Таны зарилгаар ухааран, гэмшихэд тусалж удирдаж өгөхийг хүсэн гуйж байна. Марк 10:44 Есүс “Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог.” гэсэн. Есүс бидний хүн нэг бүр дээр ирэхдээ гэмт биднээс дорд болон хариу нэхдэггүй хайраар бидэнд ирсэн шиг, бид ч мөн Бурханы хайрыг мэдэхгүй, гэм нүгэлт хүлэндэн яваа Бурханы бидэнд хариуцуулсан хоньдод үйлчилэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен