Өдөр бүрийн хоол /2025.09.15/

Бурханы оршихуйгаас зайлсан Иона

Иона 1:1-10

“Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов.”(3)

1. ЭЗЭНий оршихуйгаас зайлсан Иона (1-3)
МЭӨ 800 онд хойд Израилийн эш үзүүлэгч Ионад Бурханы зарлиг иржээ. Бурхан Ионад тэр үеийн хүчирхэг гүрэн байсан Ассирийн нийслэл Ниневе уруу явж Бурханы шийтгэл ба гэмшлийн мэдээг дамжуул гэсэн зарлиг буулгасан. Гэвч Иона дайснуудаа гэмшиж аврагдаасай гэж хүссэнгүй. Тэгээд ч Бурханы шийтгэлийн тухай мэдээг хүмүүст дамжуулвал ямар нэг аюул заналтай тулгарч болох юм. Иона Эзэний дуудлагаас зайлан Ниневегийн эсрэг талд орших Таршиш уруу явдаг хөлөг онгоцонд суужээ.(3) Тэгээд сайн нуугдахын тулд хөлөг онгоцны доод хэсэгт орж, Эзэний зарлигийг бодохгүйн тулд гүн нойрсов.

2. Иона дээр унасан шавга (4-10)
Гэвч Эзэний оршихуйгаас зугтсан Иона унтаж чадсангүй. Учир нь Бурхан далайд хар шуурга босгов. Хөлөг онгоц нь бараг эвдэрч, далайчид өөр өөрийн Бурханыг дуудан, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд ачаа тээш зэрэг бүх юмсаа далай уруу шидэн үймэлдэн шуугилдав.(5) Энэ үед онгоцны ахмад унтаж байсан Ионаг олов. Тэгээд далайчид энэ гамшиг хэнээс болсныг мэдэхээр шавга татсанд уг шавга Иона дээр унав.(7) Иона тэдэнд Эзэний оршихуйгаас зугтаж яваа гэдгээ хэлэхээс өөр арга байсангүй.(10) Бурханы зарц нь Бурханы дуудлагаас зайлж чадахгүй. Бид Бурханаас эмээн хүндэтгэж, Түүний дуудлагыг дуулгавартай дагах ёстой.

Гуйлт: Эзэн минь! Надаар дамжуулан дэлхийд сайн мэдээг дэлгэрүүлэх гэсэн Таны дуудлагыг үл тоомсорлож байсандаа гэмшиж байна. Одооноос эхлэн Таныг дуулгавартай дагана.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.12/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 34-р номлол Галаа Петр (09.14)