Миний зааж өгөх газарт суурьш
Эхлэл 25:1-26:35
Гол эшлэл 26:3,6
“3 Энэ газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.
6 Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ.”
Өмнөх номлолоор бид Исаакийн гэр бүлийг байгуулж буй Бурханы тухай сурсан билээ. Харин өнөөдрийн номлолоор Исаактай хувьчлан уулзаж буй, түүнд хувийн итгэл суулгаж буй Бурханыг сурах болно. Төгс Хүчит Бүтээгч Бурхан анх хүнийг эр эмээр нь бүтээгээд Адамд Ева-г зөвшөөрснөөр анхны гэр бүлийг байгуулсан. Бурхан тэднийг ерөөж аз жаргалын Едэн цэцэрлэгийг тэдэнд бий болгож өгсөн. Гэвч харамсалтай нь тэд Бурханд дуулгаваргүйгээсээ болоод Бурханы ерөөлийг эдэлж амьдарч чадахгүй болсон. Гэсэн хэдий ч Бурхан ертөнцийг аврахын тулд Цор ганц үүгээ өгнө хэмээн амалсан, Тэр Хүү нь бүх хүн төрлөхтнийг гэмээс чөлөөлөх юм. Энэ Аврагч Мессиаг илгээхийн тулд Бурхан Абрахам болон түүний үр удмыг сонгсон билээ. Тиймээс итгэмжит Бурхан Абрахамд өгсөн амлалтаа сахин биелүүлж, Исаакийг ерөөж байгааг хамтдаа суралцах болно. Энэ цагт Бурхан бид ч гэсэн тэрхүү амлалтуудаа өгч, хэзээ ч орхидоггүй, үргэлж хамт байж хайр ивээлээ харамгүй хайрладаг Бурхан Эзэнийг зүрх сэтгэлдээ дахин хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Ямар ч үед Бурханы үгэнд дуулгавартай дагадаг итгэлийн баатарууд болон өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Тууштай залбирсан Исаак (25-р бүлэг)
Абрахамын хувьд хийх ёстой гол гол ажлуудаа хийж гүйцэтгэсэн. Одоо Абрахамд хийх жаахан л ажил үлдсэн байна. 1-6-р эшлэлийг үзээрэй. Абрахамд Кетурагаар төрүүлсэн үр удмын тухай гарч байна. Эдгээр хүүхдүүд нь хожим Исаак канаан газар амьдарч Бурханы амлалтын дагуу өв залгамжлагчаар амьдрахад нь саад болж мэдэхээр байсан. Абрахам үүнээс Исаакийг хамгаалах үүднээс тэдэнд өмч хөрөнгөөсөө таслан өгч дорно зүг руу явуулжээ. Ингээд Абрахам 127 нас наслаад өөд болсон байна. Түүний амьдралын төгсгөл нь итгэлээ сахисан, замаа дуусгасан, Бурханаар ерөөгдсөн гайхалтай төгсгөл байсан.
Харин одоо Исаакийн үе ирж байна. Абрахам Сара нарын хүүхэд болон энэ дэлхийд мэндэлсэн тэр юутай ерөөлтэй бэ? Одоо харин Исаак аав, ээжийнхээ итгэлийн улмаас бус харин өөрийн хувийн итгэлээр Бурханы өмнө амьдрах шаардлага тулгарч байна. Бурхан хүн нэг бүрийг өөрийн хувийн итгэлээр өмнө нь зогсохыг хүсдэг. Аав ээжийн эсвэл хоньчныхоо итгэлээр биш яг өөрийн хувийн итгэлээр Бурханы өмнө ирэх нь Бурханы хүсэл билээ. Тэгвэл Исаакд тулгарч буй эхний асуудал нь юу байсан бэ?
21-р эшлэлийг хамт үзэе. “Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө Эзэнд залбирсанд Эзэн хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.” эндээс харвал Ээж Саратай нь адил Ребека хүүхэд төрүүлэх боломжгүй байсан. 1 л эшлэл Исаак Бурханаас хүүхэдтэй болгож өгөөч гээд залбирсан чинь л төд удалгүй хариултаа авчихсан мэт уншигдаж байна. Гэтэл Тэд 40 настайдаа гэр бүл болсон, 26б “Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.” 60 нас хүртэлээ бүхэл бүтэн 20 жил үр хүүхэдгүй байсан. Энэ асуудалд Исаак хэрхэн хандсан бэ? Бурханд гомдоллосон уу? Эхнэртээ уурласан уу? Өөр эхнэр авах юм уу? Эсвэл Аав ээж шигээ татвар эмэгтэйгээр асуудлыг шийдэх гэсэн үү? Мэдээж тэгээгүй. Түүнд маш олон сонголт тулгарсан байх аа. Исаакийн итгэлийн шийдвэр нь тэр Бурханд залбирахыг, тууштай залбирахыг сонгосон байна. Тэр Бурханд залбирсаар л байсан. Бүр хүүхэдтэй болох хүртэлээ тэр Бурханд залбирсан.
Үүн шиг нэгэн чухал гуйлтын төлөө олон жилийн турш тууштай залбирах нь мэдээж амархан биш. Маш их итгэл, даруу байдал, тэвчээр, тууштай байдлыг шаардагддаг. Залбиралд маань Бурхан жаахан ч гэсэн хариулж байгааг мэдэх юм бол бүр илүү урамтайгаар залбирах болно. Гэвч ямар ч хариу байхгүй үед үргэлжлүүлэн залбирсаар байна гэвэл их хэцүү. 20 жилийн хугацаанд маш олон үйл явдал, олон үзэл бодол, сорилтууд тулгарч байсан нь мэдээж. Гол тэмцэл нь өөрийн оюун санаатайгаа өдөр бүр тэмцэлдэх. Энэ дэлхийн арга замууд, гарц гаргалгаанууд харагдаж, бодогдох бүрт тэр болгонтой үргэлж тэмцэлдэх нь маш хэцүү заримдаа шантармаар, орхимоор үе ч тулгардаг байсан байх. Гэсэн ч Исаак тууштай Бурханд найдсаар л байсан. Итгэл найдвар байхгүй бол ингэж олон жилийн турш тууштай залбирах боломжгүй. Бурханы цаг нь болохоор Тэр бидэнд заавал хүүхэд өгөх болно гэсэн итгэлээр залбирсаар л байсан.
Бурхан залбиралд заавал хариулдаг. Заримдаа Абрахамын зарцын залбиралд хариулсан шиг хурдан хариулна. /залбирч дуусаагүй байтал хариулсан./ Бурхан Исаакийн залбиралыг хүлээн авсан, тиймээс түүнийг 40 биш, 30 биш 20 жил залбируулаад цаг нь болоход түүнд хүүхдийг зөвшөөрч өгсөн. 21-р эшлэлийг үзвэл Бүр нэг биш 2 хүүхэдийг зөвшөөрч өгсөн. Бурхан итгэлийн залбиралд заавал хариулах болно. Амен.
Та хамгийн удаан залбирсан залбирал нь юуны төлөө, хэр удаан Бурханд залбирч байсан бэ? Миний хувьд 1-рт Ээжийнхээ авралын төлөө итгэгэч болсноосоо хойш л залбирч байсан. Гэхдээ мэдээж заримдаа мартчихдаг, тэгээд хэрвээ бие нь өвдөх юм бол Бурхан дээр очин хүчтэйгээр залбирдаг нэг тиймэрхүү л байсан. Гэсэн хэдий ч Бурхан гайхалтайгаар удирдан ээжийг маань аварч өгсөн Бурханд талархаж байна. 2-рт итгэлийн гэрлэлтийн төлөө Бурханд хичээнгүйлэн залбирч байсан. Залбирахдаа 1-т надаас илүү Бурханд хайртай, Бурханыг хайрлах, 2-т сул дорой намайг хүлээн зөвшөөрөх, Бурханы яв гэсэн газарт дагаад хамт явах тийм итгэлийн эмэгтэйг Бурханаас залбирдаг байсан. Бурхан хамгийн тохиромжтой, хамгийн сайн нь болох итгэлийн Оюунчимэг хоньчныг зөвшөөрч өгсөн Бурхандаа талархаж байна. /Бид хуримаа хийгээд 7 хоноод л чемоданаа чирээд Ланжоу руу амьдархаар явж билээ./ Та бидний төлөө цорын ганц Хүүгээ харамлаагүй Бурхан танд хамгийн сайн нь болох хамтран зүтгэгчийг цаг нь болохоор өгөх нь гарцаагүй юм./
Бурханы ивээлээр хүүхэдтэй болсон Ребека маш их баяр хөөртэй байсан нь мэдээж, тэгтэл түүний гэдэс нь тэсхийн аргагүй өвдөж, гэдсэн дотор нь яг л дайн болж байгаа мэт болох нь тэр. Энгийн нэгэн хүүхэд хөдлөхөөс тэс өөр байсан юм шиг байна. Энэ үед Ребека ямар арга хэмжээ авсан бэ? Эмч доч руу очисон уу? Эсвэл туршлагатай олон төрсөн ээж, найз нөхөд, хамаатан садан дээрээ очисон уу? Үгүй. 22-г үзвэл тэр Бурхан дээр очиод “надад яагаад ийм зүйл тохиолдоно вэ?” хэмээн асуун залбирсан байна. 23-г үзээрэй. Эзэн маш тодорхой хэлж өгч байна, чиний хэвлийд хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ. Эндээс Ребека бол “Би явна аа” гэдэг итгэлийн эмэгтэйгээс гадна, үргэлж Бурханд хандан залбирдаг залбиралын эмэгтэй болохыг харж болно. Бурхантай ойр байж, хичээнгүйлэн залбирагч нь Бурханы хүсэл таалал, дуу хоолойг хүлээн авдаг болохын тод жишээ нь Ребека юм. Бурхан түүнд хожим болох зүйлсийн талаар тодорхой мэдүүлэн өгсөн. Ийнхүү залбирдаг хүн нь Бурханы хүсэл таалалыг эрэлхийлж, ухаарч, түүнийг сахин бийлүүлэхийн төлөө хичээн амьдардаг юм. Ребека болон Исаак нар нь үргэлж залбирдаг гэр бүл байсан гэдийг эндээс харж болно. Үүний адил хичээнгүйлэн залбирдаг гэр бүл, хоньчид, чуулган, үндэстэнд Бурхан Өөрийн хүсэл тааллыг мэдүүлж, авралын ажилдаа нандинаар хэрэглэдэг юм. Энэ дэлхийн уруу татлага, асуудал, саад бэрхэшээл нэг бүрийг Бурханд өргөн тууштай залбирснаар Бурханы хүсэл таалалыг ухааран дагадаг итгэлийн хоньчдоор амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
2. Бурханы үгийг дуулгавартай дагасан Исаак (26-р бүлэг)
Энэ бүлэгт Бурхан Исаакийг амьдралаар нь дамжуулан хувийн гүн гүнзгий итгэл суулган, ерөөж буйг суралцах болно. Бурхан Исаакийг хэрхэн удирдаж, тусалж байгааг хамт харцгаая. Одоо 1б-г үзээрэй. “Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар луу одож” энд 100 жилийн дараах их ган гачиг өлсгөлөн нүүрлэж байгаа тухай гарч байна. Амлалтын газарт амьдарч байсан Исаакт маш том сорилт, асуудал тулгарч байна. Исаак Герар руу нүүх нь зайлшгүй мэт санагдсан. Цаашилбал, тэр эцэг Абрахамын нэгэн адил Египет рүү нүүх төлөвлөгөөтэй байв. Энэ их ган гачиг, өлсгөлөнг даван гарахын тул бүгд л Египет руу явцгааж байлаа. Гэтэл яг энэ үед Бурхан түүнд үгээ айлдсан.
2-4-р эшлэлийг үзээрэй. “ЭЗЭН, Исаакт үзэгдэж Чи Египет руу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш. Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангараа биелүүлнэ. Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно.” За энд Бурхан маш чухал зүйлсийн талаар айлдаж байна.
Амлалтын газрыг орхин явж болохгүй хэмээн айлдаж байна. Хүн ер нь зөв цагт зөв газраа зөв хүмүүстэй байна гэдэг маш чухал. Харин эсэргээрээ буруу газраа байснаараа харамсаад ч барахгүй гашуун зүйлс амсах тохиолдол бишгүй бий. Энд хэлж байгаа Миний зааж өгөх газар, амлалтын газар гэдэг нь Канааныг хэлж байна. Харин Египет бол хэдийгээр ус сайтай сайхан газар мэт боловч, бурханлаг бус ертөнцийн бэлэг тэмдэг байсан юм.
Цааш нь үзвэл их чухал амлалтаа өгч байна. ЭЗЭН, Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө.
Бурхан Абрахамыг ерөөний адил Исаакийг ерөөж байна. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангараа биелүүлнэ. Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно. Гайхалтай амлалт. Энэ бүх гайхалтай амлалт хэзээ бийлэх бэ? гэвэл дуулгавартай дагавал биелэх юм.
Тэгвэл Исаах дуулгавартай дагахад яагаад хэцүү бэ? ямар эрсдэл байгаа бэ? Түүнээс хэр их золиос шаардаж байна бэ? Усгүй, хоолгүй болох учир хайртай эхнэр, хүүхдүүд нь, зарц нар нь төдийгүй мал сүрэг гээд бүгдийг алдах аюултай байсан. Мөн Герарт байхдаа хөөрхөн эхнэрээ алдах шахсан. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэхчлэн Бурхан яагаад ингэж хэлж байгааг Исаак яаж ч бодоод ойлгохгүй байлаа. Эхлээд ядаж л хоолтой, устай залгах ёстой биз дээ, амьд байж байж л Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэнэ биз дээ, гэж бодогдоно. Хүн амьдрал асуудалгүй байхад бол Бурханыг дагахад, үүрийн дагуу хоньдын хоньчноор амьдархад амархан. Харин хувийн амьдралдаа, эсвэл цугаанд нь эсвэл тухан улс оронд нь хэцүү асуудал тулгархад итгэлээр амьдархад хэцүү сорилтонд орж, Итгэл нь шалгагддаг. Үүний адил Бурхан Исаакийн итгэлийг шалгаж байна. Бурхан Исаакийг бодит байдлыг харалгүй, хичнээх ойлгомжгүй, хичнээн хэцүү байсан ч дуулгавартай дагахыг хүссэн.
Харин Исаак ямар шийдвэр гаргасан бэ? Исаак Бурханы үгэнд хэрхэн хандсан бэ?
6-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс Исаак Герарт үлдэв.” Хэцүү ч гэсэн дуулгавартай дагасан. Энэ бол сонголт, энэ бол Бурханы үгэнд итгэх итгэл, энэ бол итгэлийн шийдвэр байсан юм. Бурханд бүхнээ даатгах бодит найдвар юм. Амен
Дуулгавартай дагаснаараа юу болох бэ? Эцэг Абрахам адил ерөөлийн үндэсээр ивээгдэж амьдрах болсон. Бодит амьдрал дээр ч гэсэн Бурхан Исаакийг хэрхэн ерөөж байгааг 11-14 эшлэлээс харж болно. Исаак худал хэлж эхнэрээ миний охин дүү хэмээн худал хэлсэн ч Бурхан бүх талаар тэднийг хамгаалж, Абимелех эцэст нь Исаак болон түүнийн эхнэрт гар хүрсэн хэн ч болов үхэх болно шүү гэсэн зарлиг буулгасан. Тэр газарт хэдийгээр ган гачиг ихтэй байсан ч тэнд тариа тархад ердийнхөөс бүр 100 дахин их ургац хураан авсан юм. Амен. Энэ бол үнэхээр боломжгүй зүйл байсан, гэхдээ Бурхан түүний дуулгавартай итгэлийг ерөөж, мөн амлалтаа биелүүлэн ийнхүү ерөөж өгсөн юм. Бурхан бол амлалтаа заавал бийлүүлдэг Бурхан. Өөрийгөө үгүйсгэн дуулгавартай дагавал хохирол амсах гээд байгаа мэт, бүр өлбөрч үхэх мэт санагдаж байсан. Гэтэл дуулгавартай дагасан чинь тийм зүйл болсон уу? Тэд өлбөрч үхсэн үү? Үгүй, харин Бурханы амлалт нь хэрхэн биелдэгийг амьдарлаараа ухаарч, хүлээн авсан. Лук 9:23 “Өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа ав Намайг дага” Үүн шиг бид ч гэсэн өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрч дуудлагынхаа дагуу хоньчноор амьдарвал заримдаа би өөрөө хэн ч биш болчих юм шиг, хохирол амсах юм шиг санагдах үе цөөнгүй байдаг. Хувийн итгэлийн шийдвэр гарган амьдраад үзсан чинь Бурхан хэрхэн ивээж ерөөж байгааг энд сууж буй олон хоньчдын амьдралаас харж болно. Манай Ариунболд, Бүүвэйбаатар, Түвшинбаяр хоньчдын амьдарлаас харж болно. Матай 6:19-20 “Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.”
Хэрэв дуулгаваргүй байвал юу болох бэ? Махан биеийн хүсэлээ дагаж амьдарах болно, улмаар Сатаны эрхшээлд орох болно. Бурханы ерөөлөөс таслагдах болно. Яг дуулгаваргүй амьдарсан Есав адил хэн ч биш, үнэ цэнэгүй амьдралаар амьдрах болно. 34 “Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит болон хит хүн Елоны охин Басемат нарыг эхнэр болгон авчээ.” Үүнийг нь хараад Бурханы ерөөлөөс таслагдаж буй Есавын төлөө аав ээжийнх нь сэтгэл маш ихэд сэтгэлийн зовлонтой болсон.
Бурхан яагаад дуулгавартай байдлаар сорьж, дасгалжуулж байна бэ?
1-рт Зөвхөн Бурханд итгэх хувийн итгэлээр өсгөхийн тулд. Шижир алт мэт цэвэр итгэлтэй болгохын тулд. Энэ дэлхийн бүх зүйлсээс илүү Бурханд итгэж, Бурханд түшигдэж байна уу? Гэдгийг мэдэхийн тулд юм. Исаак бүх зүйлсээс илүүгээр Бурханы үгэнд түшиглэж, Бурхан хамт байж хамгаална, ерөөн гэсэн учраас бүх зүрхээрээ Бурханд түшиглэн дуулгавартай дагасан юм.
2-рт: Биднийг үнэн зүрхнээсээ Бурханаас эмээн хүндэтгэж амьдарч байна уу? Үгүй юу гэдийг мэдхийн тулд. Абрахамыг Исаакийг тахил болгон өргөх тэр мөчид Бурхан болиулаад “Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.”
Миний хувьд номлол билдэж байх үедээ олон зүйлсийн талаар тунгаан бодсон. Бурханд итгэж найдаж чадахгүй амьдарч байгаагаа хараад их сэтгэлээр унасан. Бурханы сүл дорой надад үзүүлсэн ивээл ерөөл бүрийг бодоод Бурханаас их ичсэн. Өмнө нь дандаа өөртөө хэлдэг байсан “Бурханы хайр ивээлийг л дааж амьдрах юм шүү гэж” тэгсэн дааж амьдарч чадахгүй байгаагаа ухаарсан. Бурхан минь гэмтэй сул дорой хүүгээ уучлаарай. Таны итгэлийг хөсөрдүүлэн, үүрийг умартан, энэ дэлхийн зүйлс, бодол санаанд автагдан итгэлгүй амьдарч байгаадаа гэмшиж байна. Абрахам адил эмээн хүндэтгэдэг, Исаак адил дуулгавартай дагадаг нэгэн болгож өгөөч. Есүсийн нэрээр Амен.
Дүгнэлт: Бид Бурханы үгэнд дуулгавартай байх юм бол Бурхан хэрхэн гайхалтай удирдаж, ерөөдөг болохыг хамтдаа сурлаа. Бидний дуудагдсан үүрэг авсан газар маань утаатай, түгжрэлтэй, ядуу, дампуурсан мэт байсан ч Бурханд итгэж найдсаар байх юм бол Бурхан гайхалтайгаар удирдан ерөөх болно. Бидний хувийн амьдралд асуудал тулгарсан ч, смолл, сүм чуулганд, Улс оронд маань асуудал тулгарсан ч Бурхан бол амьд, Тэр хамт байгаа, Тэр бидний итгэлийн залбиралыг сонсоод цаг нь болоход залбиралд маань хариулаад зогсохгүй бидний бодож, төсөөлж ч байгаагүйгээр гайхамшигтайгаар ерөөж өгөх болно. Биднийг Таны даалгаж өгсөн нэг сүнсийг аврах ажилдаа нандинаар хэрэглэж өгөөч. Амен.