2024 оны Эхлэл 19-р номлол (08.11) Абрахам Нямсүрэн

ИСААКИЙН ГЭР БҮЛИЙГ БАЙГУУЛСАН БУРХАН

Эхлэл 24-р бүлэг

Гол эшлэл 24:3-4

“Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, Эзэнээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон, нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв”

Өнөөдрийн номлол нь Исаакийн гэр бүлийг байгуулсан Бурханы тухай юм. Абрахамаас эхэлсэн авралын түүх нь амлалтын хүү болох Исаакийн эхнэр, хүүхдүүдээс шалтгаалах байв. Тиймээс Абрахам Исаакийн гэрлэлтийг чухалчлан үзэж байна.

Гэрлэлт чухал боловч яагаад гэрлэх ёстой талаар нухацтай бодох хэрэгтэй. Ихэнх хүн “Гэрлэчих л юм бол аз жаргалтай, сайхан амьдарна”, “Хүсэл тачаалаа тэвчихгүй учраас гэрлэнэ”, “Ганцаараа амьдарч чадахгүй учраас”, “Аав ээж хурдан гэрлэ гэж шахаад байгаа учраас” гэх мэтээр ярьдаг. Үнэндээ Бурхан гэр бүлийг бий болгосон бөгөөд гэрлэлтийн зорилго нь ч тодорхой юм. Юуны түрүүнд хүн ганцаараа байх нь сайн биш учир туслагчийг өгсөн. Энэ нь Бурханы даатгасан үүргийг хамтдаа хамгийн сайнаар биелүүлээсэй гэсэндээ юм. Дараа нь өсөж үржин өнөр өтгөн болгохыг хүссэн. Мөн гэр бүл Бурханы улсын загвар болж, аз жаргалтай гэр бүлээр Бурханы хаанчлалыг харуулахыг хүссэн. Тиймээс гэрлэлтийн талаар бодохдоо ямар зорилгоор гэрлэх гэж байна вэ гэдгийг тодорхой болгож, өөрийгөө шалгаж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн үгээр дамжуулан итгэлийн гэр бүлийн талаар зөв бодолтой болж, итгэлээр гэрлэх болно, үр хүүхдээ ч итгэлээр гэрлүүлэх болно гэсэн шийдвэртэй болж чадахыг хүсэн гуйж байна.

  1. Канаанчуудын охидоос эхнэр бүү сонго (1-9)

1-р эшлэлийг үзээрэй. “Абрахам нас өндөр болсон бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.” Абрахам өдгөө 137 настай бөгөөд эрүүл мэнд, эд баялаг, сайхан гэр бүлээр ерөөгдсөн. Хүү Исаак нь ч Бурханаас эмээдэг, эцэг эхдээ дуулгавартай нэгэн болж өссөн. Мөн нутаг усандаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байв. Мэдээж энэ бүхэн бол Бурханыг хайрлан, эмээн хүндэтгэж амьдарсан учраас өгөгдсөн ерөөл юм. Гэхдээ Абрахамын сэтгэлийг чилээж буй нэгэн асуудал байсан нь хүү Исаакийн гэрлэлт байлаа.

Тэдний амьдарч буй Канаан нутагт гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой, баян чинээлэг, удам сайтай бүсгүйчүүд олон байсан байхаа. Тэдний дундаас сонголт хийж болох л байсан. Гэхдээ Абрахамын гэрлэлтийн талаарх үзэл бодол өөр байв. Исаакийг өөрийн өв залгамжлагч гэж харахаас илүүтэй Бурханы авралын ажлыг гүйцэлдүүлэх амлалтын хүүхэд гэдгийг сайн мэдэж байсан. Тиймээс авралын түүхэнд хэрэглэгдэж, Бурханы авралын ажлыг биелүүлэхэд Исаакын гэрлэлт маш чухал байлаа. Хэрэв ижил зорилго, алсын хараагүй, авралын ажлыг хийх хүсэлгүй, итгэлгүй эхнэртэй бол Бурханы авралын түүхэнд хэрэглэгдэж чадахгүй болно. Тиймээс энэхүү чухал үүргийг гэрийнхээ бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад итгэмжит зарцдаа даатган тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангараглуулсан.

3,4-р эшлэлийг хамт уншицгаая. Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, Эзэнээр тангарагла. Миний амьдран суугаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон, нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв.”

Өөрийн амьдарч буй канаан нутгийн эмэгтэйчүүдээс хэзээ ч эхнэр сонгохгүй байхаар шийдэж, өөрийн төрсөн нутаг, төрөл төрөгсдөөсөө эхнэр олж авчрахыг захиж байна. Яагаад ийнхүү чухалчлан захиж байна вэ?

Абрахамын төрөл төрөгсөд нь Шемийн үр удам учир Эзэний нэрийг дууддаг, эмээн хүндэлдэг итгэлтэй хүмүүс байсан. Тиймээс энэ үг нь үл итгэгчээс эхнэр сонголгүй, Бурханаас эмээн хүндэтгэдэг итгэлтэй эмэгтэйг сонгоорой гэсэн утгатай. Дэд хууль 7:3,4-д “Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.”, мөн 2Коринт 6:14-д “Үл итгэгчдийн хамт нэг буулгад бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх вэ? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм?” гэсэн байдаг. Хэрэв Исаак канаан эмэгтэйтэй гэрлэвэл итгэлийн ариун мөн чанарыг алдаж, тэдний хиймэл шүтээнүүдийг хүлээн зөвшөөрөх аюултай. Тийнхүү цаашлаад Бурханы авралын ажилд хэрэглэгдэж чадахгүй болно.

Итгэлийн гэр бүл байгуулахдаа өөрийн оюун ухаан, хүсэл тачаал ба сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дагахаас болгоомжлох хэрэгтэй. Гэрлэлт нь хүний амьдралын чухал шийдвэр байдаг учраас хэн нэгний заавар зөвлөгөөг ч сонсмооргүй, зөвхөн өөрөө л шийдэх гэж хүсэх үе байдаг. Насан турш хамт амьдрах эхнэр, нөхрийг сонгох учир нухацтай хандах ёстой бөгөөд Бурханы таалал удирдлагад найдан, хичээнгүйлэн залбирах нь чухал юм.

Гэрлэх насанд хүрсэн хүмүүс нь залбирахаас илүүгээр өөрийн санаа бодлоор, энэ дэлхийн аргаар шийдэх нь амархан юм шиг санагдах үе байдаг. Хичээнгүйлэн Бурханы өмнө өглөө бүр залбирах нь төвөгтэй, Бурхан хурдан хариулахгүй бол шантарч эхлэнэ. Яг энэ үеэс муу ёрын сүнс унагахыг оролдон үеийн найзууд чинь гэрлэж, хүүхэдтэй болж байна гэтэл чи ганцаараа, нас чинь явсаар байна. Чамтай гэрлэх хүн цуглаанд байхгүй байхад юу хийгээд байгаа юм өөр цуглааны хүнтэй гэрлэж болно ш дээ гэж шивнэнэ. Энэ мэтээр ажлын газрынхан, үл итгэгч найзууд, гэр бүлийнхэн хүртэл үл итгэгч хүнтэй танилцуулж, уулзуулж холбох гэж оролдоно. Сүүлдээ гэрлэлтийн сэдвээс залхаж, зугтаж, ярих байтугай бодохыг ч хүсэхгүй үе ирнэ. Тиймээс цорын ганц хайртай хүүгээ тахил болгон өргө гэж Абрахамыг сорьсон Бурханыг санан, бүх сорилтыг итгэлээр даван туулах хэрэгтэй.

Харин Абрахам ямар итгэлээр Исаакийн гэрлэлтэнд хандаж байна вэ?

7-р эшлэлийг үзээрэй. “Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.”

Эндээс харвал Абрахам Бурханы удирдлагад бат итгэж байсан бөгөөд өөрийг нь төрсөн нутаг, эцгийн гэрээс салгаж өдий хүртэл амьдралыг нь хамгийн сайн замаар удирдсан Эзэн Бурхан тэнгэрэлчээ илгээн хүүгийнх нь эхнэрийг ч урьдчилан бэлдэж өгнө гэдэгт итгэсэн. Үнэндээ гэрлэлтийн асуудал шиг шийдэхэд хэцүү, адармаатай асуудал байхгүй бизээ. Тиймээс түр зуурын сэтгэл хөдлөл, мэдрэмж болон гаднах нөхцөл байдлыг хараад шийдэж болохгүй. Харин миний урд явж, замыг минь удирддаг тэнгэрийн Бурхан, газрын Эзэнд итгэж, Түүнд даатгах нь хамгийн баталгаатай, аюулгүй юм.

Дуулал 139:14-16-р эшлэлийг харвал “Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, газрын гүнд урнаар бүрэлдэж байхад ч яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд номд тань бичигдсэн байжээ.” Намайг бүтээсэн бөгөөд хэнээс ч илүү хамгийн сайн мэддэг. Миний сэтгэл зүрх ба оюун бодол, зан чанарыг ч мэддэг, намайг гэм ба үхлээс аварсан Бурхан миний амьдралыг одоо хүртэл удирдаж, цаашдаа ч удирдах эрх мэдэлтэй. Түүнд бүхнийг даатгахад Тэр хамгийн сайн замаар хөтлөн “Best” хамтран зүтгэгчийг зөвшөөрөх болно. Энэ цагт Абрахам канаанчуудын охидоос эхнэр бүү сонго гэж тангараглуулсан шиг хараахан гэрлээгүй байгаа залуучууд маань үл итгэгчтэй хэзээ ч, яасан ч гэрлэхгүй гэж өөртөө ам тангарга өргөөсэй гэж хүсч байна. Тийнхүү бидний өмнө тэнгэрэлчээ илгээж удирдах Бурханд гэрлэлтээ даатгаж, Бурханы хүсч буй итгэлийн гэр бүлийг байгуулж чадахыг хүсэн гуйж байна.

  1. Абрахамын итгэмжит зарц (1056)

10-р эшлэлийг хараарай. Абрахамын зарц нь үүргээ биелүүлэхийн тулд эзнийхээ тэмээнээс арвыг авч, мөн эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс инжийг бэлтгэн Месопотами тийш хөдөлж, Нахорын хот руу явжээ. Хеброноос Харан хүртэл 720 орчим км зайтай учир тэмээгээр 20 хоног явдаг байв. Зарц нь Абрахамын төрсөн нутагт хүрмэгцээ худгийн дэргэд буудалласан бөгөөд худаг бол тухайн үеийн охид, бүсгүйчүүд өглөө оройн сэрүүнд цугладаг газар нь байсан. Тиймээс эмэгтэй хүнийг хайж олох боломжтой газар юм. Энэ нь тун ухаалаг үйлдэл бөгөөд юуны түрүүнд Бурханы удирдамжийг хүсэн залбирсан. Абрахамын зарцын энэ үйлдлээс харвал тэрээр Бурханд итгэж найддаг төдийгүй, итгэмжтэй зарц, сайн дагалдагч байсан. Ялангуяа Абрахамтай нэг алсын хараа, хүсэл мөрөөдөлтэй нэгэн байжээ. Мэдээж энэ бүхнийг Абрахамаас сурсан бизээ.

Хэрхэн залбирсныг 12-14-р эшлэлээс харцгаая. “Тэр залбирч – Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү? Хотын хүмүүсийн охид ус авахаар гарч ирэх цаг болжээ. Би худгийн дэргэд зогсож байя. “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв.”

Абрахамын зарц Бурханд хандан маш тодорхой дэс дараатай, тэмдэг тавин залбирснаар Бурханы хүслийг баттай мэдэхийг хүсчээ. Ёс төдий залбирсан болоод хөнгөн хуумгай хандаагүй. Царайлаг, давхраатай алаг нүдтэй, тийм өндөртэй, ийм сонирхолтой бүсгүйтэй уулзуулж өгөөч гэж залбираагүй. Өнөө үед залуус гадна байдлыг илүү чухалчилж, ялангуяа материаллаг байдалд хэт автах болсон. Байр, машинтай, нэр хүндтэй компанид өндөр албан тушаал хашдаг бол нураад л, ханараад л…. өөрийн болгох гэж уралдаад л…

Харин Абрахамын зарцын хувьд бусдад үйлчлэх сэтгэлтэй, төлөв даруу нэгний төлөө залбирсан. Сургаалт үгс 31:30-д “Дур булаам байдал хуурамч гоо үзэсгэлэн ч хоосон гагцхүү Эзэнээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай” гэжээ. Эндээс харвал Эзэнээс эмээн Түүнийг бүх зүрхээрээ хайрладаг, сүнслэг зүйлсийг нандинд тооцон, өөрөөсөө илүү бусдад анхаарал тавин үйлчлэх сэтгэлтэй эмэгтэй л хамгийн сайхан гэжээ.

Итгэлийн гэр бүлийг байгуулах гэвэл хичээнгүйлэн залбирч, Бурханы тааллыг мэдэх хүртэл хүлээх хэрэгтэйг ойлгож болно. Зөвхөн гэрлэх гэж байгаа хүн төдийгүй хоньчин нь, хажууд байгаа хамтран зүтгэгч нар ч залбирч өгөх нь чухал байдаг. Итгэлийн гэр бүл нь Бурханы хаанчлалын төлөө байгуулагдаж буй гэр чуулган бөгөөд хэн хүнээс илүү Бурхан маш их баярлах болно. Итгэлийн гэр бүл нь өөрсдөө аз жаргалтай амьдрахын төлөө бус бусдад үйлчлэхийн тулд, Бурханы өгсөн үүргийг хамтдаа биелүүлэх нь хамгийн чухал зорилго юм. Эд баялаг, байр суурь, нэр төр гэх мэт энэ дэлхийн зүйлсийг эрэлхийлэн амьдрах бус Бурханы даатгасан үүргийн төлөө амьдарч, нэг оюутныг дагалдагчаар өсгөхийн төлөө хичээнгүйлэн үйлчилж, залбирч буй гэр бүл нь Бурханд үнэхээр үнэ цэнэтэй байдаг. Ийнхүү амьдарч буй гэр бүл илүү аз жаргалтай, баяр хөөртэй, ерөөлтэй байх болно.

Ийнхүү түүний залбирлыг Бурхан хэрхэн удирдаж байна вэ?

15-р эшлэлийг үзээрэй. Түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад Ребека мөрөн дээрээ ваартай гарч ирсэн. Энэ огтхон ч санамсаргүй тохиолдол байгаагүй. Бурханы цаг ба удирдлага байв. Зарц гүйн очоод уснаас гуйхад Ребека “- Эзэн минь, уу гээд ваараа яаран буулгаж уулгав.”(18) Мөн гуйгаагүй байхад тэмээнүүдийг ч ханатал усалъя гээд яаран ваартай усаа юүлж, дахин ус утгахаар худаг руу гүйж байв. Тэмээ говьд удаан ус уухгүй байж чадах амьтан боловч нэг уухдаа 70 литр усыг уудаг бөгөөд Ребека арван тэмээ услахын төлөө 700 литр ус хутгаж зөөжээ. Ребека үнэхээр хичээнгүй, ажилсаг нэгэн байв. Ийнхүү Ребека сайхан сэтгэлээр аянчдад тусалснаар хамгийн сайхан зүйл болох гэр бүлийн хүнтэйгээ уулзах нөхцөл болжээ. Абрахамын зарц хажуунаас нь тусалж болох байсан ч дуусах хүртэл бүгдийг чимээгүй ажиглан харж байлаа. Мөн Абрахамын төрөл садан гэдгийг мэдээд түүний залбирлын дагуу удирдаж байгаа Бурханд толгой бөхийн магтаал талархлыг өргөсөн. (27)

Тэгээд Ребекагийн гэрт очиж идэвхтэйгээр бэр гуйх ёслолыг эхлүүлсэн. “Зээ буга намнаач нь манайд байна, булга зүүгээч нь танайд байна. Эрж явсан эрдэнэ, сурж явсан сувд минь танайд байна. Энэ хоёр эрдэнийг нийлүүлэн эрдэнийн шижир алт цохиулахаар ерөөл айлтгаж байна. Болгоон соёрхоно уу” гээд алд цэнхэр хадгаа барьжээ. Айлд зочлон ирчихээд цай хоол ч амсахгүй ийнхүү охиныг нь гуйж байгаад гайхсан байхаа. Энэ үед болсон бүх үйл явдлыг ярьж, Бурханы удирдлага ба хийж буй ажлыг гэрчилж, сэтгэгдлээ хуваалцсан.

Зарцын бүх үгийг сонссон Ребекагийн аав, ах нь яасан бэ?

50, 51-р эшлэлийг хамт уншицгаая. “Лабан Бетуел хоёр – Энэ нь Эзэнээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. Харагтун, Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. Эзэний айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн эхнэр болог гэв” Абрахамын зарцын барьсан хадгийг шууд л авч, охиноо бэр болгон өгөхөөр шийдсэн. Уг нь зарцын ярьсан гэрчлэл хайр ивээлтэй байсан ч охиныхоо гэрлэх хүн ямар хүн болох, юу хийж, хэрхэн амьдардаг талаар лавлан асууж болох байсан. Гэтэл тэд “энэ нь Эзэнээс заяагддаг учраас Ребекаг авч яваарай” гэв. Ребекагийн гэр бүл гэрлэлт нь Эзэнээс ирдэг гэдэгт итгэж байсан учир шууд зөвшөөрчээ.

Харин Абрахамын зарц өөрт оногдсон үүргийг биелүүлчихлээ гэсэн шиг шууд л маргааш өглөө нь буцна гэв. Уг нь зорилгоо биелүүлсэн учир хэд хоног сайхан амарч үзэсгэлэнтэй дурсгалт газруудыг үзэж, халуун рашаанд алжаал ядаргаагаа тайлан, хорхог хийж идэн, ингэний хоормог ууж сайхан нөхөрлөж байгаад явж болох байсан. Түүнд яаран буцах ямар шалтгаан байна аа. Абрахамын зарц өөрт оногдсон үүргийг бүрэн дуусгах хүртэл санаа амарч чадахгүй байсан төдийгүй Бурханы хийсэн ажлыг эзэндээ хуваалцахын тулд маш их догдолж байжээ.

Өнөөдөр бид Бурханы даатгасан сайнмэдээний үүрэгт хэрхэн хандаж байгаа болоо? Нэг оюутныг олохын төлөө хэр хичээнгүйлэн залбирч байна вэ? Хэр итгэмжтэйгээр их сургууль руу очин фишин хийж байгаа вэ? Бурхан манай гэр бүлд Дархан хотын оюутан залуусыг сайнмэдээгээр байлдан дагуулах үүргийг өгсөн. Ийнхүү Дархан хот руу явахад амар байгаагүй. Маш олон сорилттой нүүр тулсан. Шинэ байранд ороод удаагүй байлаа, ажлын хувьд ч өсөх дэвжих боломж нээлттэй байв. Эхнэр ч гэсэн шинэ ажилд ороод дөнгөж нэг жил болж байлаа. Хүүхдүүдийн сургууль багшийг ч сольмооргүй байв. Гэвч Бурханы даатгасан үүргийг гүйцэлдүүлэхийн тулд энэ бүхнийг орхиж, Бурханд бүхнийг даатган явсан. Харин Бурхан байр, хашаа байшин, машин, ажил гээд бодит хэрэгцээг бүрэн хангаж өгсөн. Мөн хөгшин намайг Анагаахын оюутан болох боломж өгсөн. Энэ мэт сайнмэдээний үүргийг бодон итгэлээр үйлдэх бүрт Бурхан сайнаар удирдаж байгааг хараад талархаж байна. Өнгөрсөн хугацаанд тогтмол хоньгүй байгаагаа хараад шантарч, сэтгэлээр унах үе байсан ч өөрийн мэдлэг чадвар, туршлагад найдах бус Бурханд 100% найдаж, Бурханы хүслээр үйлдэх ёстойг ойлгуулсан. Энэ цагт өнгөрсөн хугацаанд залхуу, хойрго, сүнсний назгай байдлаас болж нэг оюутныг ч тууштай дагалдуулан өсгөж чадаагүйдээ гэмшиж байна. Абрахамын зарц өөрт нь даалгасан үүрэгт хэрхэн итгэмжтэй хандаж байгаа шиг Бурханаас манай гэр бүлд даатган өгсөн үүргийг эцэс хүртэл итгэмжтэйгээр гүйцэтгэж чадах Ариун Сүнсний хүчийг зөвшөөрөн өгөхийг хүсэн гуйж байна.

  1. Итгэлийн шийдвэрийг гаргасан Ребека (57-67)

57, 58-р эшлэлийг хамт уншицгаая. “Тэд – Бид охиноо дуудаж, өөрөөс нь лавлая гээд Ребекаг дуудаж – Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр – Би явна гэж хариулжээ.

Хэдийгээр эцэг эх нь зөвшөөрсөн ч өөрөө татгалзвал гэрлэлт бүтэлгүй болно. Мөн өөрөө зөвшөөрч байгаа ч эцэг эх хүлээн зөвшөөрөхгүй бол бас л хэцүү байх болно. Харин энд эцэг эх нь ч зөвшөөрч, Ребека ч итгэлийн шийдвэр гаргаж “Би явна” гэсэн. Үнэндээ Ребека ямар хүнтэй гэрлэх гэж байгаагаа мэдэхгүй байсан. Тэрээр Исаакийн царай зүс, нас, зан ааш, сонирхол, хүсэл мөрөөдөл гээд юуг ч мэдэхгүй боловч ийм шийдвэр гаргасан.

Тэгвэл ямар хүн ийм шийдвэрийг гаргаж чадах вэ? Ребека энэ бүхнийг удирдаж байгаа Эзэн Бурханд итгэж, өөрийн ирээдүйг ч Түүнд бүрэн даатгасан. Ребека хэн нэгний үгэнд итгэж шийдвэр гаргасан бус төгс хүчит Бурханд итгэж байсан учир итгэлээр шийдвэр гаргасан. Тиймээс ч ямар нэгэн санаа зовох, айх айдас, эргэлзээ байгаагүй. Энэхүү итгэлийн шийдвэр ба дуулгавартай байдлын улмаас Бурханы авралын түүхэнд түм буман хүний эхээр хэрэглэгдэж чадсан. Манай цуглаанд Ребека шиг итгэлтэй эмэгтэйчүүд олноор босож чадахыг хүсэн гуйж байна.

Итгэлийн шийдвэр гэдэг нь хувийн хүсэл шуналыг үгүйсгэн, Төгс хүчит Бурханд бүх зүйлийг даатган гаргаж буй шийдвэр юм. Өнөөдөр та гэм ба шийтгэлээс аварч, мөнх амийг өгсөн Аврагч Эзэн Есүст бүх амь амьдралаа, зүрх сэтгэлээ бүрэн зориулж, Түүнийг л бүхнээс илүү хайрлахаар шийдсэн үү? монгол болоод бүх дэлхийн оюутан залуусын авралын төлөө насан турш өөрийгөө золиослон үйлчлэхээр шийдсэн үү? гэрлээгүй хоньчид маань заавал итгэлийн гэр бүл “house church”-ийг байгуулна гэж шийдсэн үү? Хэрэв та ийм шийдвэрийг гаргасан бол Бурхан таны итгэл ба шийдвэрийг заавал ерөөн өгнө гэдэгт итгэлтэй байна. Бидний амьдралын алхам тутамд их бага хэмжээгээр шийдвэр гаргах мөчүүд байдаг. Байр, машин авах, ямар ажилд орох, хаана амьдрах, хэнтэй гэрлэх, ямар сургуульд сурах, Библийг 1 жилд бүтэн уншиж дуусгах, илгээлтэнд явах, энэ сар ӨБХ хуваалцах эсэх, өглөөний гуйлтанд оролцох, нэг дагалдагчийг босгох гэх мэт алхам тутамдаа шийдвэрүүдийг гаргаж байдаг. Гэхдээ тэрхүү шийдвэрүүд итгэлээр үү үгүй юу гэдгээс үр дүн өөр өөр байж болно. Харин Бурхан бидний итгэлийн шийдвэрийг ерөөж өгдөг юм.

Ребека ийнхүү “Би явна” гэж шийдэх үед Исаак юу хийж байсан бэ? 63-р эшлэлийг хамт уншицгаая. “Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав.” Эндээс бясалгал хийсэн гэдэг нь залбирлын цаг авсан гэсэн утгатай. Өдрийн хамгийн романтик үе бол үдшийн цаг юм. Тэнгэрт одод түгж, тэнгэрийн хаяа солонгорон туяарч, өнгөлөг гэрэлтүүлэг гудмыг чимж, нам гүм айсуй үе юм. Ийм цаг үеэр Исаак эзгүй хээр гарч залбирч байжээ. Юуны төлөө, юу гэж залбирч байсан болоо? миний эхнэр ямар хүн байх бол? түүний нүд, царай, зан ааш ямар болоо? түүний нэр хэн бол? намайг ойлгож хүлээн зөвшөөрөх болов уу? надад таалагдах болов уу? Бурханыг хэр хайрладаг бол гэх зэргээр олон зүйлийг бодон залбирснаар гэрлэлтэнд зүрх сэтгэлээ бэлтгэсэн. Сургаалт үгс 14:19-д “Байшин, хөрөнгө эцэг өвгөдөөс өвлөгддөг, ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг.” гэжээ. Өмч хөрөнгийг эцгээс өвлөн авч, ажил мэргэжлийн чадварыг өөрийн хичээл зүтгэлээр олж болох ч харин ухаалаг эхнэрийг Бурхан өгнө гэдэгт итгэлтэй байсан учир аав болон зарц нь энэ асуудалд оролцож байгаад дургүйцэн гомдоллоогүй.

Ийнхүү Исаак бүхнийг Бурханд даатган залбирч байхад юу болсон бэ? Хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдсан. Исаак хичнээн их догдолж, сэтгэл хөдөлж байсан болоо. Нэгэн пастор гадаадад олон жил суралцаж, үйлчилсэн бөгөөд түүнийг таних нэг пасторын зуучлалаар Солонгост амьдарч буй эмэгтэйтэй зургаа солилцон сүй тавьцгаажээ. Тийнхүү тэр хоёр хуримаа хийхээр сүйт бүсгүй нь ээжтэйгээ хамт Нью Йоркийн онгоцны буудалд газардах ёстой байлаа. Тэднийг тосохоор ирсэн пасторын сэтгэл сүйт бүсгүйтэйгээ уулзах хүртлээ үнэхээр их түгшиж байсан гэнээ. “Хэрэв сэтгэлд нь таалагдахгүй бол яах вэ?” Хэдийгээр зургийг нь харсан ч бодитоор нүүр тулан уулзахад ямар бүсгүй байх бол хэмээн үнэхээр их түгшиж байжээ. Нөгөө талаас бүсгүй ч гэсэн онгоцон дотор хэдэнтээ уйлж, залбиран сэтгэл дотроо мөн л түгшиж, санаа зовниж байв. Тиймээс хамт яваа ээждээ “Хэрвээ миний сэтгэлд таалагдахгүй бол би гэрлэхгүй” хэмээн ам өгч байсан гэнэ. Тэгээд хоёул онгоцны буудал дээр анх уулзах яг тэр агшинд “Яг энэ хүн” хэмээх бодол төрж, Бурханы удирдамжинд талархан, сэтгэл нь нэг амарсан тухай 25 жилийн дараа тэр хоёр гэрчлэн ярьж байсан гэдэг. ЮБФ-ийн гэр бүлүүд бүгд итгэлээр гэр бүлийг байгуулсан учир гайхах зүйл биш боловч үл итгэгч болон итгэгч хүмүүс ч ийм гэрлэлтийг сонсоод гайхдаг. Гэвч ийм гэрлэлт нь Бурханы хүсч буй Best буюу хамгийн сайн гэрлэлт юм.

67-р эшлэлээс харвал Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, эхнэрээ болгон авч, хайрлан дурласан гэв. Бурханы удирдан бэлдсэн Ребека нь Исаакт тохирох хамгийн сайн хамтран зүтгэгч, эхнэр байжээ. Исаак Ребека хоёр өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл шуналаар бус харин Бурханаар удирдуулан дуулгавартай даган гэрлэсэн. Тийнхүү бие биенээ хайрлан, улам бүр бие биедээ татагдан хуримаа хийгээд удаагүй байгаа Түвшинбаяр, Сара Оюука хоньчид шиг баяр хөөр, аз жаргалаар бялхах болжээ.

Манай чуулганы нэг хоньчин оюутны төлөө дуудлагадаа эргэлзэж, итгэлийн гэр бүлээр босно гэхэд ч хэцүү байсан учир цуглаанаасаа явах талаар ч боддог байлаа. Тэрээр магистрт суралцангаа нутгийн чуулганд болон оюутан залуусын төлөө хичээнгүйлэн үйлчилж байлаа. Тэрхүү хугацаанд оюутны төлөө Бурхан түүнийг дуудсан гэдгийг баттай мэдэж итгэх болсон бөгөөд өөр чуулганы эмэгтэйгээс хайрын захиа авах үедээ гэнэт ухаан орж, ЮБФ чуулгандаа итгэлийн гэр бүлээр босоод буцаж чуулганаасаа илгээгдэн очих шийдвэрийг гаргасан. Бурхан түүнийг Исаиа 43:18,19-р эшлэл дэх “Урьдын юмыг бүү дурсагтун. Эртний юмыг бүү бодогтун. Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгана.” гэсэн амлалтын үгээр удирдсан. Ийнхүү тэрээр залбирахдаа сайнмэдээний төлөө хаашаа ч дагаад явах итгэлтэй, Бурханд хайртай эмэгтэйг хамтран зүтгэгчээр зөвшөөрөн өгөхийг гуйдаг байв. Түүний хувьд ганцаараа Бурханы ажлыг хийж чадах хүчгүй гэдгээ ойлгосон учир гэр бүл болоод буцаж очоод үйлчлэх дуудлагыг аван хамгийн тохиромжтой хамтран зүтгэгч эхнэрийг зөвшөөрч өгөхийг залбирах болсон. Тэрхүү гуйлтын дагуу Бурхан түүнд хамгийн сайн тохирох хамтран зүтгэгч хоньчныг зөвшөөрч өгсөн. Тэрээр эхнэрээ Бурханы бэлтгэж өгсөн хамтран зүтгэгч гэж хүлээн зөвшөөрөх үед өмнөхөөсөө үзэсгэлэнтэй харагдаж, хайрламаар эрхэм нандин нэгэн болсон бөгөөд хамтдаа Бурханы хаанчлалын төлөө илгээгдэн үйлчилж байна. Энэ мэт бидний дунд Исаак, Ребека шиг гэрлэлтийн олон гайхалтай гэрчлэлүүд байгаагийн төлөө талархаж байна.

Гэр бүл хоньчид маань хүүхдүүдээ итгэлийн гэр бүлээр босгохыг хүсч байвал юуны түрүүнд Бурханыг хайрладаг, итгэлтэй хүнээр өсгөх нь чухал юм. Харин ганц бие залуу хоньчид маань Бурханыг сурч, үйлчлэх боломжтой цагийг Бурханд бүрэн зориулаад, итгэл сурч, сүнсээр төлөвшин өсөх хэрэгтэй. Хэрэв гэр бүл болвол үүрэг хариуцлага нэмэгдэж, хүүхэдтэй болвол үйлчлэх цаг ч багасах болно. Тиймээс гэрлэлтийг Бурханд бүрэн даатгаад, өнөөдөр надад оногдсон үүргийг итгэмжтэйгээр биелүүлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Гэрлэлтийн төлөө залбирч буй хоньчид бодит байдлыг харж шантрахын оронд хичээнгүйлэн өдөр бүр Бурханы өмнө өвдөг сөгдөн залбирлаар бэлтгэх хэрэгтэй. Бурханыг хайрладаг бөгөөд хаанчлалын төлөө амьдарч буй хэнийг ч Бурхан ерөөн өгч тохиромжтой цагт гэр бүлийг байгуулан өгөх учир эцэс хүртэл итгэлээ сахиж, Бурханд түшиглэн итгэлээр амьдарснаар Бурханы цагт олон итгэлийн гэр бүл босохыг хүсэн гуйж байна.

Дүгнэлт: Өнөөдрийн үгээр дамжуулан Абрахамын гэрлэлтийн талаарх үзэл ба түүний зарцын итгэмжит чанарыг суралцлаа. Ялангуяа Исаак ба Ребекагийн гэрлэлтийг Бурхан хэрхэн удирдаж, гэр бүлийг байгуулан өгсөн гайхалтай түүхийг суралцлаа. Манай чуулганд олон итгэлийн гэр бүл “House church” босч, Бурханы авралын түүхэнд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. Амен!

өмнөх нийтлэлЭхлэл 18-р номлол 2024.08.04 Мөнхтулга хн
Дараагийн нийтлэл2024 оны Эхлэл 20-р номлол (08.18) Гала Петр хн