2024 оны Марк тусгай номлол (01.14) Калеб хоньчин

БУРХАНД ИТГЭ

Марк 11:20-25
Гол эшлэл 11:20

“Есүс тэдэнд хариулан-Бурханд итгэгтүн”

Марк 11-р бүлгийн эхний хэсгийг харвал Есүс Йерусалим уруу дудран унаж орж ирсэн, мөн сүмийг цэвэрлэсэн үйл явдлууд тэмдэглэгдсэн байдаг. Харин өнөөдрийн үг бол энэ л хоёр үйл явдлын дараа болсон юм. Тиймээс бид өнөөдрийн үгийг энэ хоёр сэдвийн хүрээнд хамтад нь сурах хэрэгтэй. Өнөөдрийн хэсэг бол Есүсийн ард олонд хандаж хэлсэн сургаал бус, харин шавь нарт зориулагдсан сургаал юм. Тиймээс өнөөдрийн бидэнд ч гэсэн зориулагдсан г маш чухал үг юм.
“Бурханд итгэ” гэсэн үгийг итгэгч хүмүүс сонсуул нэг л танил сонсогдож байгаа байх. Зарим маань өөрсдийгөө аль хэдийн Бурханд итгэчихсэн гэж хэлж магадгүй юм. Гэвч итгэгчид заримдаа хүнд хэцүү, асуудал ба нөхцөл байдалтай тулгарах үед бид ямар ч хүчгүй болж, шантарч цөхрөх үе байдаг. Бурханд боломжгүй зүйл байхгүй, Бурхан бүхнийг чадна гэдгийг мэддэг боловч, бодит байдал дээрээ Бурханы төгс бүрэн хүч чадлыг амсаж чадалгүй амьдрах үе ч байдаг. Хэрэв ийм байвал тухайн хүн Бурханд итгэдэггүй бөгөөд итгэлээр амьдардаг хүн биш юм.
Тэгвэл жинхэнэ Бурханд итгэдэг итгэл нь бидэнд бодит хүч болж, саад бэрхшээл, хүнд хэцүү асуудлыг даван туулахад тусалдаг. Мөн Бурханы надад өгсөн үүрэг ба загалмайг амжилттай, итгэмжтэй арвин үр жимсээр дүүрэн биелүүлэх хүчийг өгдөг. Өнөөдрийн үгэнд Есүс энэ л итгэлийн тухай шавь нартаа сургасан. Энэ цагт бид Есүсийн “Бурханд итгэгтүн” хэмээн хэлж буй үгээр дамжуулан, бодит амьдрал дээрээ итгэлээс ирдэг Бурханы төгс хүч чадлыг бодитоор амсаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Уулыг нүүлгэх итгэлийн хүч (20-23)
Есүс Йерусалим руу дудран унаад орсны маргааш, Бетанаас эргээд Йерусалим руу явах замдаа өлссөн(12). Тэрээр замд навчирхаг инжрийн модыг олж, жимс олно гэж найдсан. Гэвч Есүс навчнаас өөр юу ч олоогүй. Тэгээд Есүс “Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг” гэж хэлсэн(14). Есүсийн энэ үгийг шавь нар нь сонсож байсан. Есүс өлсөж байсан учраас уурласандаа ийнхүү хэлээгүй. Харин тэрээр шавь нараа сургахын тулд үрж жимсгүй инжрийн модыг ашигласан. Энэ л өдрийн орой Есүс Йерусалимын сүмд орж, мөнгө хүүлэгчид ба худалдаачдыг хөөснөөр сүмийг цэвэрлэсний дараа хотоос гарж явдаг. Маргааш өглөө нь Есүс шавь нартайгаа явж байгаад дахин нөгөө инжрийн модыг харсан бөгөөд үндсээрээ хатчихсан байгааг олж харсан.
20,21-р эшлэлийг үзээрэй “Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. Петр санаж -Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж” гэв. Петр өмнөх өдөр нь навчаар дүүрэн байсан мод нэг шөнийн дотор үндэснээсээ хатсан байгааг хараад шокт орсон. Петрийн хувьд Есүсийн зүгээр хэлсэн үг бодитоор биелж байгааг хараад үнэхээр гайхсан байх. Петр юмны түрүүнд дуугардаг, ам хэл нь том байсан ч түүний үг ямар ч хүчгүй байсан. Магадгүй Петр үүнийг хараад Есүс шиг ийм агуу Бурханы хүч чадлыг амьдрал дээр хэрхэн мэдрэхийг хүссэн байх.
Ийм Түүнд Есүс юу гэж хэлсэн бэ? 22-р эшлэлийг үзээрэй. Бүгдээрээ хамтдаа уншъя! “Есүс тэдэнд хариулан. –Бурханд итгэгтүн.” гэв. Есүс Петрт “Бурханд итгэгтүн” гэж хэлсэн. Эндээс харвал Есүс Бурханы хүч чадлыг амсах түлхүүр нь итгэл гэж байна. Өөрөөр хэлбэл Бурханы агуу хүч чадал нь ямар нэгэн арга ухаан, ур чадвар, техникээр ирдэг зүйл биш. Харин итгэлээр л боломжтой гэж байна. Өнөөдөр бид ч гэсэн Бурханы хүч чадлыг итгэлээр л амсаж чадна.
Тэгвэл Есүсийн итгэгтүн хэмээн хэлж буй “Бурхан” нь хэн бэ?
1-рт, Тэр бол Тэнгэр ба газрыг бүтээгч Бурханд юм. Эхлэл 1:1-р эшлэлд “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” хэмээн хэлсэн. Бидний амьдарч буй дэлхий асар том юм. Гэвч нартай харьцуулахад нэлээд жижиг. Нар бол бидний сүүн зам гэж нэрлэгддэг 100 тэрбум оддын зөвхөн нэг нь. Энэхүү сүүн замыг нэг их наяд байна хэмээн таамагладаг. Энэ бүгдийг бидний итгэдэг Бурхан бүтээсэн юм. Эдгээр бүх бүтээлүүд нь бидэнд Бурханы хүч чадлын хэр хэмжээ, хязгаарыг илэрхийлдэг. Бидний итгэдэг Бурхан ямар агуу вэ? Энэ Бурханд бүх зүйл боломжтой, энэ Бурханы хүч чадал ямар хязгаагүй вэ? Бүгдээрээ бодоорой! Би энэ бүх бүтээлүүдийн дотор нэг ширхэг тоос мэт дэлхий дээр амьдарч байна. Мөн энэ л дэлхий дотор би нэг ширхэг тоосонцор төдий бөгөөд миний амьдралын асуудал, бэрхшээл нь энэ бүхнийг бүтээсэн Бурханы өмнө юу болох вэ?
2-рт, Тэр бол Авралын ажлаар дамжуулан төгс бүрэн хүч чадлаа илэрхийлсэн Бурхан. Еврей 10:10-д “Энэхүү хүслийн дагуу бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн Есүс Христийн өргөлөөр дамжуулан бид ариусгагдсан” гэж байна. Бүх хүн гэм ба үхлийн хүчний дор хэзээ ч өөрийн хүч ба хичээл зүтгэлээр чөлөөлөгдөж чадахгүй Сатаны боолоор амьдарч байсан. Гэвч Бурхан биднийг аврахын тулд Есүс Христийг зольж, Түүнийг үхлээс амилуулснаар төгс хүч чадалтай гэдгийг харуулсан. Энэ Есүсээр дамжуулан шархалсан хүмүүс нь эдгэж, бузар сүнсэнд эзэмдүүлсэн нь чөлөөлөгдөж, Есүсийн дотор итгэл найдвар, цоо шинэ үнэ цэнтэй, утга учиртай, баяр хөөртэй амьдралаар амьдрах боломжтой болсон. Бурханы Есүсээр дамжуулан Өөрийн төгс бүрэн хүч чадлаа илэрхийлсэн. Энэ Бурханыг бодвол Түүний хүч чадал ямар хязгааргүй бөгөөд төгс гэдгийг мэдэж болно.
Тэгвэл Бурханд итгэх итгэл нь хаанаас ирдэг вэ? Ром 10:17-д “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” хэмээн хэлсэн. Эндээс харвал бид Бурханы нэг сонсвол, сонссоор байвал, сонсох дасгал хийвэл, сонсоход өөрийгөө зориулбал бидний дотор Бурханы үгээр ирдэг итгэл бий болох болно. Тэр үед бид Бурханы хайр ямар агуу өргөн, урт, өндөр болохыг ойлгох болно. Мөн Түүний хүч чадал ямар төгс, хязгааргүй болохыг мэдсэнээр Бурханд итгэх болно. (Ефес 3:18-19). Тиймээс манай чуулганы хүн нэг бүр Бурханы үгийг сонсоход өөрсдийгөө зориулснаар Бурханы хүч чадлыг амсдаг итгэлтэй хүмүүс болохыг уриалж байна.
Бид Есүсийн хэлснээр Бурханд итгэх үед юу болох вэ?
23-р эшлэлийг үзээрэй “Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд”гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэхгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно” гэж байна. Эндээс харвал бид Бурханд итгэх үед уулыг хөдөлгөх мэт хүчийг амсана гэсэн утгатай. Уулыг үл хөдөлгөхийн бэлгэдэл гэж үздэг. Тэгэхээр сүнслэг утгаар бол уул нь хүн нэг бүрийн өөрсдөө хөдөлгөж, даван туулж үл чадах зүйлсийг хэлдэг. Есүс “Бурхан итгэгтүн” хэмээн хэлсэн нь “Тэнгэр газрыг бүтээсэн, Төгс хүч чадалтай Бурханд итгэж, Түүний хүч чадлаар өөрийн хүчээр даван туулж үл чадах тэдгээр уулсыг хөдөлгөөрэй гэсэн утгатай. Бидний амьдралд үл хөдлөх уулс нь юу вэ? Зарим хүмүүсийн хувьд өвчин зовлон, санхүүгийн хямрал зэрэг нь хөдөлгөж үл чадах уулс болдог. Оюутнуудын хувьд дүнгээ ахиулах, сургалтын төлбөр олох, гэмийн асуудал, гэмийн хүлээс зэрэг нь хөдөлгөж үл чадах уул байж ч болно. Ээж, аавуудын хувьд хүүхдүүдийн арвал хөдөлгөж үл чадах уул байж болно. Зарим хоньчдын хувьд нэг хоньчин босгох нь уул байж болно. Ганц бие хоньчдын хувьд хэнтэй итгэлийн гэр болох нь уул байж болно. Энэ мэт уулсыг харвал бид заримдаа шантарч, цөхрөхөөс өөр аргагүй болдог. Гэвч та бид энэ мэт уулстай нүүр тулсан бол Бурханд итгэх цаг болсон байна гэж байна. Хэрэв бид эдгээр уулстай нүүр тулж байгаа бол тэнгист хаях цаг болсон байна. Тиймээс Бурханд итгэн эдгэн, эдгээр уулсыг тэнгист хаяснаар Бурханы гайхамшиг ба хүч чадлыг бодитоор амсацгаая хэмээн уриалж байна.
Энэ цагт бүгдээрээ ЮБФ чуулганы үүсгэн байгуулагч доктор Самуел хоньчны тухай бодоцгооё! Тэрээр 1977 онд АНУ-руу мишонероор илгээгдэн, их дээд сургуулийн оюутнуудад сайнмэдээг тарааж эхэлсэн байна. Энэ үйлдэл нь олон хүнийг гайхшируулсан. Учир нь гэвэл тухайн үед АНУ-с сайнмэдээ тараахаар хүмүүс явдаг байсан болохоос биш энэ улс руу сайнмэдээ тараахаар хүн ирдэггүй байсан үе. Тиймээс олон хүн Түүний үйлдэлд гайхсан. Ялангуяа тэрээр ядуу буурай, дөнгөж хөгжиж буй орны хүн, хэрхэн АНУ-д сайнмэдээг тарааж чадах вэ? хэмээн гайхсан. Тэрээр үндэстэн ба шашны олон янзын уулстай нүүр тулсан. Гэвч түүний үйлчлэлээр дамжуулан Ариун Сүнс хүчтэй ажиллаж, олон америк залуус сайнмэдээг хүлээн авсан байна. Тэд тэрслэхээ болж, Бурханы үгийг дуулгавартай дагаж эхэлсэн. Энэ нь зүйл олон эцэг эхийг гайхшируулсан. Оюутан хүүхдүүд нь эрс өөрчлөгдөж, үдэшлэг, шоу зохион байгуулахаа болж, библи уншиж, Бурханд мөргөх болсон байна. Эцэг эхийн салалтаас болж шарх авсан хүүхдүүд эдгэж, бурханлаг гэр бүл бий болж эхэлсэн. Гэвч Ариун Сүнс хүчтэй ажиллаж байгаа газар Сатан бас хүчтэй ажилласан. Нэгэн байгууллагаас Самуел Ли хоньчны үйлчлэлийг эсэргүүцэн дайрах болсон байна. Библийн хичээл хийж буй оюутнуудыг уруу татан, итгэлээс нь эргүүлэх хүртэл нөлөөлсөн байна. Энэ нь ЮБФ чуулганд тохиолдсон маш том аюул байсан. Гэвч Самуел хоньчин үүнээс айгаагүй байна. Тэр ухарч, бууж өгөөгүй. Түүний айхгүй байсан шалтгаан нь энэ хэцүү үедээ өнөөдрийн Марк 11:22-р эшлэл болох “Бурханд итгэгтүн” гэсэн үгийг өдөр бүр 100 буюу түүнээс олон удаа бичдэг байсан гэнэ. Самуел хоньчин зөвхөн Бурханд найдаж, Бурханы үгийг хүчтэйгээр тунхагласан. Энэ үед Бурхан түүний өмнө уулсыг хөдөлгөж эхэлсэн. Нөгөө байгууллага хэд хэдэн удаагийн шүүх хуралд ялагдал хүлээж, цаг хугацааны эрхэнд алга болсон байна. Бурханы үг ЮБФ-р дамжуулан хүчтэй ажиллаж, дэлхий даяар ЮБФ чуулган байгуулагдах болсон байна.
Манай чуулган өнөөдөр ямар уулстай нүүр тулж байна вэ? Монголын оюутан залуучууд утаатай, түгжрэлтэй, стресстэй Монголд дургүй болж, гадаад оронд амьдрах, сурч боловсрох, ажиллах хүсэлтэй нь илүү олон байна. Залуучууд Сатан чөтгөрийн янз бүрийн сэтгэцийн өвчин, донтолт, гэмийн асуудалд улам их хүлэгдэн байна. Ийм уур амьсгал дунд нэг сүнсийг аварч, Есүсийн дагалдагч болгох нь уулыг хөдөлгөх мэт боломжгүй мэт. Цаашлаад хамтран зүтгэх итгэлийн гэр бүлүүдийг босгох, хоёр дахь үеийн хүүхдүүдэд итгэлээ өвлүүлэх зэрэг нь бүр л том уул мэт харагдаж байна. Гэвч энэ цагт Есүс бидэнд “Бурханд итгэгтүн” хэмээн хэлж байна. Энэ цагт бүгдээрэй оргүй хоосноос орлон ертөнцийг бүтээсэн, байхгүйг байгаагаар дуудагч, Төгс хүч чадалтай Бурханд итгэж, энэ цаг үедээ сайнмэдээг үргэлжлүүлэн хичээнгүй тарааснаар үл хөдлөх эдгээр уулсыг хөдөлгөснөөр, Бурханы хүч чадлыг амсацгаая хэмээн уриалж байна.
Одоо бидний маш сайн анхаарах нэг зүйл байна. Энэ бол бид Бурхан болоод Түүний үгэнд хүчтэйгээр итгэх үед бидний дотор бий болдог эргэлзээ юм.
Бид энэ л эргэлзээг даван туулах ёстой. 23-р эшлэлийг дахин харвал “……зүрхэндээ эргэлзэхгүй, ….итгэвэл биелэх болно ” хэмээн хэлсэн. Бид Бурханы үг болоод Түүнд итгэх үед бидний зүрх сэтгэлд янз бүрийн эргэлзээ төрдөг. Би хоньчин болж чадах уу? Би хонь өсгөж чадах уу? Би итгэлийн гэр бүлээр босож чадах уу? гэх мэт. Бид эргэлзэхгүй байхыг хүссэн ч эргэлзээ заавал төрж эхэлдэг. Тэгэхгүй байхын төлөө тэмцэх тусам бидний дотор эргэлзээ бүр илүү төрж эхэлдэг. Яагаад ийм байдаг вэ? Энэ нь миний сэтгэл зүйтэй холбоотой бус харин энэ нь Сатан, чөтгөрийн ажил юм. Сатан буюу муу ёрын сүнсний хамгийн гол хүчиртэй зэвсгийн нэг нь эргэлзээ юм.
Тиймээс бид Бурханд итгэхийн тулд бидний дотор явагддаг энэ эргэлзээг хурдан устгах хэрэгтэй. Сатаны өгдөг эргэлзээг зайлуулж, устгах цорын ганц арга бол Бурханы үгийн хүч юм. Бид байнга үгтэй байж үгээр амьсгалж, үгээр амьдарвал эргэлзээ бидний дотор орж ирэх орон зайгүй болно. Нэгэнт бидний сэтгэл дотор орж ирсэн эргэлзээ ч гэсэн үгийн хүчээр зайлуулагдах болно. Тиймээс өнгөрсөн 7 хоногт сурсанчлан өдөр бүр Эзэний үгийг бахдаж бясалгаж амьдарцгаая. Тэгвэл бид ямар ч эргэлзээгүйгээр Эзэнд итгэж гайхамшгийг бүтээж чадна. Өдөр бүр тогтмолоор үг унших, уул мэт хэцүү үед чухал үгийг 100-с дээш удаа чанга тунхаглаж цээжлэх, 10-с дээш удаа гараар бичих зэрэг янз бүрийн арга барилаар үгтэй амьсгалснаар ялалт байгуулдаг амьдралаар амьдрахыг уриалж байна.

2. Залбирал ба уучлалын хүч (24-25)
24-р эшлэлийг үзээрэй “Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна. Түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно” Есүс итгэлийн хүчний тухай зааж өгсний дараа шууд залбирлын тухай зааж байна. Үүнээс харвал итгэлийн хүч нь залбиралтай шууд холбоотой учраас юм. Бид залбирах үед бидний зүрх сэтгэлд орж ирсэн янз бүрийн эргэлзээ ба үл итгэлийг, ялж чаддаг. Тиймээс бүгдээрээ залбирал ба Бурханы үгэнд өөрсдийгөө зориулснаар Сатаны өгдөг янз бүрийн эргэлзээг даван туулж чадахыг хүсэн гуйж байна.
Мөн залбирал бол итгэлийн илэрхийлэл юм. Итгэл, залбирал хоёрыг зүү устай зүйрлэдэг. Бид дан зүү эсвэл утас бариад юу ч хийж чадахгүй. Харин цугтаа байж аливаа зүйлсийг оёж чаддаг. Үүн шиг бид ч гэсэн Бурханд итгэн залбирах үед бид Бурханы гайхамшгийг амсах болно.
Мөн Есүс үргэлжлүүлэн шавь нартаа уучлалын тухай зааж өгсөн. 25-р эшлэлийг үзээрэй “Та нар залбирч зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна ” гэв. Биднийг залбирах үед хамгийн их саад бодог зүйл нь гэмийн асуудал. Бид гэмээ гэмшиж, Бурханаас гэмийн уучлалыг авсан тохиолдолд Бурхантай зөв харилцаатай байж, Бурхантай зөв харилцааг тогтоож чаддаг. Ийнхүү Бурхантай зөв харилцаа тогтоож чадсан хүн бусад ах дүүс нартай зөв харилцааг тогтоож чаддаг.
Гэвч бид заримдаа ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучилна гэдэг нь амар биш байдаг. Зарим хүмүүс үхвэл үхье, харин тэр хүнийг уучилж чадахгүй гэдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүсийн хувьд амьдралынхаа турш өс санаж, үхэхдээ үр хүүхдүүдээ “миний өшөөг аваарай” гэж хэлдэг хүн ч байдаг. Энэ бүгдээс харвал бусдыг уучлах нь мөн адил уулыг нүүлгэх мэт боломжгүй гэдгийг харуулж байна. Хэрэв бид бусад хүмүүсийн алдаа ба сул дорой зан чанарыг уучлахгүй байх үед залбирч чадахгүй, Бурханы хайр ба уучлалыг ухаарах боломжийг хаадаг. Хамгийн гол нь Бурханы өмнө өөрөө гэмийн уучлалыг авах боломжгүй болдог. Харин бид ах дүүгээ уучлах үед Бурханы уучлал ба хайрыг авч, зүрх сэтгэлдээ жинхэнэ баяр хөөр ба амар тайвныг дүүрэн авч чаддаг.
Тэгвэл бид яаж ах дүүгийнхээ гэм ба алдааг уучилж чадах вэ? Энэ нь Есүсийн загалмайн хайрыг гүнзгий ойлгож, хүлээн зөвшөөрч, ухаарах үед л үүнийг чадна. Мөн Есүс Матай 18-р бүлэгт гардаг 10,000-н талантын өртэй боол зуун денарын өртэй найзыгаа хэлтрүүлж чадахгүй байгаа сургаалт зүйрлэлээр дамжуулан бидэнд ах дүүсийн гэмийг уучлах аргыг зааж өгсөн. Бид Бурханд өмнө сургаал зүйрлэлд гарсан 10000-н талантын өртэй боолтой адил бөгөөд ах дүүсийн маань надад үзүүлсэн хамгийн адгийн гэм ба алдаа зөрчил н 100-н денартай адил төдий гэдгийг хэлж өгсөн. Хэрэв бид үүнийг санаж байвал ах дүүгээ зүрхнээсээ уучилж чадна. Энэ цагт бүгдээрээ итгэлээр ах дүүгээ уучилснаар сэтгэл зүрхэнд үл хөдлөх уулсыг тэнгист хаяж, Бурханы гайхамшиг ба ивээл баяр хөөр, чөлөөлтийг бодитоор сэтгэл зүрхэндээ хүлээн авч, амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Би өнгөрсөн жил Бурхан онцгой олон хайр ивээлийг сэтгэл ба сүнсээр мөн бодитоор дүүрэн авсан. Гэвч он дуусах үед яагаад ч юм өөрийн эрхгүй айдсаар дүүрэн болсон. Өнгөрсөн онд Бурханы хайр ивээл дүүрэн байсан бол энэ 2024 онд Бурханы сорилт, дасгалжуулалт, зовлон бэрхшээл их байх юм шиг бодох болсон. Тэгээд яагаад ч юм би энэ мэт сорилт, зовлон бэрхшээлийг даван туулж чадахгүй юм шиг бодогдох болсон. Гэвч номлол бичих цагаар дамжуулан Есүсийн “Бурханд итгэгтүн” хэмээх дуу хоолойг тод сонслоо. Мөн миний дотор төрж буй айдас ба эргэлзээ нь Бурханаас биш сатнаас гэдгийг ойлгосон. Тиймээс миний дотор буй энэ айдас ба эргэлзээний уулыг Бурханд итгэх итгэлээр л хөдөлгөн хаяж чадна гэдгийг сурч байна. Мөн он эхлэх үед Бурхан надад хоньчноор дамжуулан өдөр бүр 30-н минут библийг чанга унших дасгал өгсөн. Тиймээс өдөр бүр Бурханы үгийг унших, залбиралд өөрийгөө зориулах цагийг тогтмол авснаар өөрийн дотор буй янз бүрийн айдас ба эргэлзээг даан туулснаар Бурханы төсөөлшгүй агуу хүч ба гайхамшгийг бодитоор дахин амссан жил байж чадахыг хүсэн гуйж байна.
ДҮГНЭЛТ: Өнөөдөр бид Есүсийн “Бурханд итгэгтүн” хэмээн хэлж буй үгийг сонслоо. Бурхан 2024 онд дэлхийн өнцөг булан бүрд байгаа ЮБФ чуулганд энэ үгийг гол зарлиг болгон энэ жилийн турш энэ үгнээс зууран амьдраарай хэмээн өгч байна. Өөрөөр хэлбэл янз бүрийн улсад байгаа ЮБФ чуулган бүр Бурханы үүрэг ба тушаалыг биелүүлэхэд өөр өөрийн гэсэн үл хөдлөх уулстай нүүр тулж байгаа. Тиймээс тэр бүгдийг “Бурханд итгэгтүн” хэмээн хэлж буй Есүсийн үгээр даван туулж, тэдгээр уулсыг нүүлгэснээр боломжгүй зүйлсийг боломжтой болгож, Бурханы гайхамшиг ба ивээлийг бодитоор амсаж амьдраарай хэмээн уриалж байна. Манай чуулган ч бас энэ 2024 онд Есүсийн “Бурханд итгэгтүн” хэмээн хэлж буй энэ үгнээс хүн бүр зуурч амьдарснаар чуулган төдийгүй хэсэг бүр, гэр бүл бүр, хувь хүн бүрийн амьдралд тулж буй үл хөдлөх уулсыг нүүлгэж, Бурханы гайхамшиг ба ивээлийг дүүрэн амссан жил байж чадахыг хүсэн гуйж байна. “Бурханд итгэгтүн” АМЕН.

өмнөх нийтлэл2024 оны тусгай хичээл (01.14)
Дараагийн нийтлэл2024 оны Матай 41-р хичээл(01.14)