2017 оны Үйлс 24-р номлол (04.09) Б.Баярмагнай

Нулимс унаган хүн бүрт үйлчилсэн Паул

Үйлс 20-р бүлэг
Гол эшлэл 20:31

“Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.”

Өнгөрсөн долоо хоногийн номлолоор дамжуулан бид Ефес хотод очиж, Ариун Сүнс байдаг тухай тэндхийн итгэгчдэд Паул хэлсэн тухай бид сурсан. Мөн түүгээр барахгүй Ефес хотод чуулган тарьсан нь Паулын хийсэн чухал бөгөөд үүрэгт ажил нь болсон. Паул сайнмэдээний аялалаа үргэлжлүүлж, Грект ирлээ. Грекийн яг хаана гэж? Коринт хотод тэр гурван сар байж, тэндээсээ ромчуудад зориулан Ром захидлаа бичсэн гэж үздэг байна. Коринт хотод гурван сарыг өнгөрөөсний дараа Паул Трой хот уруу зүглэлээ. Түүнийг хамтран зүтгэгч нар болох долоон эр Трой хотод хүлээж байлаа.Тройд ирээд тэдэнтэй хамт долоо хоногийг өнгөрөөжээ.
Иудейчүүдийн хавчлага, түүнээс үүдэн гарсан янз бүрийн үймээн самуунаас явсан ч гэсэн Бурхан Паул болон түүний хамтран зүтгэгч нарт замыг нээж өгч байна. Бурхан Өөрийн зарц нарт үргэлж зам нээж өгдөг. Түүний хаанчлалын төлөө явж байгаа, амьдарч байгаа хүмүүсийг Бурхан Өөрөө батлан дааж, хариуцдаг. Паулын сайнмэдээний аялалууд тийм ч дардан байгаагүйг бид сайн мэднэ. Гэхдээ тэр дардан байгаагүй гээд замаасаа ухраагүй, шантраагүй. Дардан байсангүй гээд Паул хаанчлалын ажлаас хойш суугаагүй, харин ч тууштай бөгөөд зоригтойгоор Бурханы ажлыг хийж байлаа.
Ийнхүү Тройд байхдаа Паул зүгээр суугаагүй. Хавчигдаж байгаад ирлээ гээд амрахыг бодоогүй. Харин ч явахынхаа урд өдөр тэнд цугласан хүмүүстэй цуг хүндэтгэлийн цуглаан өргөсөн байна. Тэр өдөр нь Ням гараг байлаа. Олуулаа цуглаж Паулын номлолд анхаарлаа үнэхээр сайн хандуулж байсан. Паулын номлол хэдий сонирхолтой ч гэсэн нэлээн урт болж байсан бололтой. Тэр юун тухай номлож байсан бол оо? Удахгүй болох Пентекостын өдрийн тухай байсан болов уу? Түүнтэй холбогдуулан Христийн үхэл ба амиллын тухай байсан болов уу? Трой хэмээх алдарт хотын итгэгчид Паулын номлолыг тун анхааралтай, шимтэнгүй сонсож байжээ.
Ийн түүнийг номлож байх үед сонсож байсан хүмүүсээс нэг нь буюу цонхны тавцан дээр сууж байсан Юутух гэгч залуу унасан байна. Хэдийгээр Паулын номлол сонирхолтой байсан хэдий ч тэр нойрондоо дийлджээ. Тэгээд хаана сууж байгаагаа ч үл мэдрэн унасан байна. Номлол заримдаа нойрны байдаг нь үнэн. Заримдаа бусдыг унтуулах хэмжээний номлодог нь үнэн. Паулын номлолын үеэр нэг залуу унтаад, унаад, үхсэн байна. Тийм байхад манай хоньчдын номлол заримдаа нойрны байх нь аргагүй ч юм шиг. Ямартаа ч би өмөөрөх гэсэнгүй, гэхдээ Бурханы үгийг бэлтгэхийн төлөө нойр, цаг заваа хасан байж ажлынхаа хажуугаар зориулалт гаргадаг хоньчиддоо баярлалаа гэж урамшуулмаар байна.
Юутух унаад үхсэн нь хэн бүхэнд шокны байсан нь гарцаагүй. Гурван давхраас унасан юм чинь үхсэн нь ойлгомжтой. Гэтэл Паул юу гэсэн бэ? Бүгдээрээ 10-р эшлэлийг үзээрэй. “Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд –Бүү сандар. Тэр амьд байна гэлээ.” Юутух үхээгүй, харин амьд байна гэдэг нь хүмүүст ойлгогдсон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Паул хүүг амилуулаагүй. Лазарыг үхээд, оршуулагдсан байхад Есүс түүнийг унтсан байна гэж хэлдэг шиг үйл явдал болсон юм болов уу? Гэхдээ үнэндээ хүү амьд байлаа. Хүүгийн амьд байгаад хүн бүр баяртай байв. Тэгээд Паул үргэлжлүүлэн номлож, бусад нь сонсоцгоож, талх хувааж идэцгээж байгаад үүрээр тэрбээр замд гарах боллоо.
Бурхан Паулаар дамжуулан газар бүрд ажлаа хийж байсан гэдэг нь түүний алхам бүрээр дамжуулан нотлогдож байна. Түүнийг явсан газар бүрд хүчтэй сургаал номлолууд дагалдаж, гайхамшиг бий болж, чуулганууд таригдаж, удирдагч нар бэлтгэгдэж байлаа. Хойч үеийнхээ олон хүмүүсийн үлгэр жишээ болсон үнэхээр гайхамшигтай хүн байсан. Сайнмэдээний аялалуудынхаа хүрээнд түүний хүрээгүй газар, очоогүй хот үгүй юм шиг санагдаж байна. Бурхан түүнд боломжийг үнэхээр сайн олгосон. Түүнийг үйлчлэх орон зай, дуудлагыг маш тодорхой өгсөн. Түмэн янзын бэрхшээлтэй байсан боловч түүний үйлчлэлээр дамжуулан олон хүн Эзэн дээр ирж байлаа. Яагаад гэвэл Паул Бурханы өгсөн дуудлагыг маш тодорхой мэдэж, тэр л дуудлагынхаа дагуу үйлчилсэн учраас юм. Нөгөө талаар тэр Бурханд л найдаж үйлчлэлээ хийж байсан. Филиппой 4:13-ийг та сайн мэдэж байгаа байх. “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Тиймээс та хоёр зүйлийг дахин бодож үзээрэй гэж хүсэж байна.
1-рт, таныг дуудсан оюутны үйлчлэл, дуудлагад одоо хэр үнэнч байна вэ? Мэдээж чуулган доторх үйлчлэлүүд ялгаатай боловч биднийг бүгдийг нь оюутнуудыг авралд авчрах үйлчлэл дуудсан гэдэгт итгэлтэй байна. Бид хувьдаа үүнийгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Паул өөрийг нь харь үндэстнүүдийн төлөө дуудсан гэдгийг маш тодорхой мэдэж байсан учир харь үндэстний нутгуудаар өөрт нь юу ч тохиолдож байсан гэсэн тууштай явсан. Түүнтэй адилхан таныг оюутнуудын төлөө дуудсан гэдэгт та бүрэн итгэлтэй байвал өнөө цаг үед учрах бэрхшээл, уулзах оюутан залуусын хандлага зэрэг нь саад болно гэж үү? Дуудлага бол үйлчлэл хийхэд хамгийн том хүчин зүйл билээ.
2-рт, үйлчилж байхдаа таныг дуудсан Бурханд л найдаж байна уу, эсвэл нөхцөл байдалд түшиглэж байна уу? Бид итгэлээр л аврагдсан. Бид итгэлээр л амьдрах учиртай. Итгэлээр л үйлчлэх ёстой. Биднийг аварсан тэр л Бурханд итгэх итгэл дээр бидний үйлчлэл суурилах ёстой. Нэг л өдөр бид Паул шиг “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадсан” гэж хэлж байхаар үйлчилбэл тэр чинь л жинхэнэ үйлчлэл, жинхэнэ найдвар ба итгэл юм. Мэдээж хүн л юм чинь ядарна, цөхөрнө, шантарна. Тэр л үедээ Бурханаас хүч авч, Бурханы өгөх хүч ба мэргэн ухаанаар цэнэглэгдэж явах ёстой. Яг л утасны тань батерей дуусах үед цэнэглэдэг шиг. Бид батерейгаа цэнэглэхгүй бол юу болох билээ? Ямар ч сайхан утсыг цэнэглэхгүй бол ашиглаж чаддаггүй шиг таныг Бурхан хүч ба мэргэн ухаанаар цэнэглэхийг хүсэж байхад та итгэхгүй бол Бурханд ашиглагдаж чадахгүй.
Одоо бүгдээрээ 17-р эшлэлийг үзээрэй. “Тэр Милетээс Ефест хүн илгээн, чуулганы ахлагчдыг дуудуулав.” 16-р эшлэлээс үзвэл тэр Пентекостын өдрөөр Иерусалимд байх гэж яарч байсан учир Милетэд Ефес чуулганы ахлагчдыг дуудуулж, тэдэнтэй ярилцаж, заавар зөвлөгөө өгөхийг хүссэн байх. Хамгийн гол нь тэдэнтэй дахиж уулзахгүй гэдгээ сайн мэдэж байв. Тэднийг ирэхэд Паул хэд хэдэн чухал зүйлийг хэлж өгсөн байна. Тэр чуулганы ахлагчдад юу хэлж, юу захьсан бэ?
Юуны өмнө Эзэнд яаж үйлчилж байгаагаа гэрчилж байна. 19-р эшлэлийг хараарай. Даруу зан хийгээд нулимстайгаар гэж байна. Үнэндээ Паул өөрийн үйлчлэлээр бардамнавал хэн ч түүнийг буруутгахгүй. Харин тэр өөрийн агуу үйлчлэлийг даруу зангаар гэж тодорхойлж байна. Өнөөдрийн бидний эргэн тойронд үйлчлэл дунд бардамнах, өөрийн хийж байгаа үйлсийг бусадтай харьцуулан дөвийлгөх тохиолдол байдаг байхыг үгүйсгэхгүй. Хүн бардамнахдаа амархан. Гэвч юу ч хийж байсан гэсэн даруу зангаар хийвэл тэр нь жинхэнэ чимэг болно. Нөгөө талаар хийж байгаа үйлчлэлээрээ дамжуулан өөрийгөө рекламдах, хүндлүүлэх гэж хийвэл тэр нь жинхэнэ үйлчлэл биш. Бурхан харж байгаа. Таны зан байдал, үйлдэл, үйлчлэлийг хүмүүс харж байгаа хэдий ч Бурхан зүрх сэтгэл, үйлдэл, бодол санааг бүр нэвт шувт харж байгаа. Паул зөвхөн Бурханы л өмнө үйлчилсэн.
Тэр мөн хоньдод тустай гэсэн болгоныг огоороогүй бөгөөд хэрэгтэй цагт нь нийтэд, эсвэл айлаас айлд гэсэн янз бүрийн хэлбэрүүдээр үйлчилж байлаа. Бусдад тустай гэсэн болгоныг огоороогүй гэдгийг өнөөдөр бид ч бас хэрэгжүүлэх ёстой хэрэгжүүлэлт байна. Дуртай юм гээд хүүхдэд дандаа чихэр, чипс, ундаа өгөөд байвал юу болох вэ? Харин тустай гэсэн болгоныг нь өгч байж хүүхэд эрүүл өсөж бойжно. Бид ч бас хоньдод, үйлчилж буй хоньчиддоо тустай гэсэн болгоныг огооролгүй үйлчлэх хэрэгтэй. Цаг үе өөр болжээ гэдгээр шалтаглаж, дур дураар нь явуулах биш. Эсвэл зөнгөөр нь орхих ч биш. Харин тэдэнд тустай гэсэн болгоноор бид үйлчлэх ёстой. Тэгж байж сүнсээр эрүүл өсөх болно. Тэгж байж итгэл ба дуулгавраар хүчтэй байх болно. Мөн бидний үйлчлэх хэлбэр янз бүр байж болно. Гэхдээ үйлчлэлд хамгийн гол нэг зарчим нь хайрын харилцаа тогтоох юм. Мэдээж хүний хайр биш харин Бурханы хайрын харилцааг бид хоньчид, хоньдтой юун түрүүнд тогтоох хэрэгтэй. Тэгж байж бидний үйлчлэл үр дүнтэй болно. Тэгэхгүйгээр бидний үйлчлэл давсгүй хоол шиг, шингэн зүйлгүйгээр их хэмжээний хуурай идэх юм идэж байгаа юм шиг болно. Засах, хэлэх зүйл олон байдаг ч гэсэн Бурханы хайрын харилцаа байхгүй бол хэлсэн зүйл, заасан ба зассан зүйлс ямар ч үр дүнгүй болно. Мөн янз бүрийн хэлбэрээр үйлчилж байсан Паулаас ч сурах зүйл байна. Зөвхөн нэг хэлбэрээр үйлчлэх нь өдөр бүр лапша идэж байгаа юм шиг санагдахыг үгүйсгэхгүй. Хүн бүр өөр. Зөвхөн библийн хичээл биш бас залбирал, нөхөрлөл, хамтын үйлчлэл гээд олон төрлөөр бид бусдад үйлчлэх боломжтой.
Мөн Паулын хийсэн гол үйлчлэл бол Есүс Христийн аврал ба гэмшлийн тухай иудейчүүд ба грекчүүдэд гэрчилсэн явдал байв. Өөрөөр хэлбэл тэр чуулганы итгэгчдэд үйлчлэхээс гадна авралын зарын үйлчлэлийг үндэстэн ялгахгүй маш идэвхитэй явуулсан гэсэн үг. Авралын сайнмэдээг тааралдсан хот суурин газар, синагогуудад ярьсаар явсан. Одоо харин түүнд юу тохиолдохыг мэдэхгүй гэж гэрчилж байна. Ариун Сүнс түүнийг яаж удирдах, түүнд ямар зам бэлдсэнийг Паул мэдэхгүй. Гэхдээ тодорхой байгаа нэг зүйл нь хүлээс ба зовлон хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнсээр илчлэлт аван мэдсэн байна. 24-р эшлэлийг хамт уншицгаая. “Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.” Энэ алдартай эшлэлд Паул юуг тодотгож байна вэ? Библи хэдэн мянган хэл, түмэн хувилбараар орчуулагдсан. Хувилбар бүр дээр эх хувь дээрх текст гол утгаа алдаагүй ч янз бүрийн хэлбэрээр орчуулагдсан байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч Ариун Библи дээрх орчуулгаас харвал Паул өөрийн амийг хоёр зүйлийн төлөө юман чинээ бодолгүй явж ирсэн гэдгээ гэрчилж байна. Эхнийх нь нигүүлслийн сайнмэдээг гэрчлэх үүрэгтээ үнэнч байсан. Хүний амь тийм үнэ цэнэгүй гэж үү? Хүний амь туйлын үнэтэй. Энэ үнэт амийг сайнмэдээний төлөө зориулахдаа харамсахгүй гэсэн байна. Хоёр дахь нь үүрэг албаа биелүүлэхийн тулд амиа ч зориулахад бэлэн гэсэн байна. Хэн нэгний төлөө гээгүй. Харин үүрэг албынхаа төлөө гэж байна. Ингээд бодохоор элч Паулалба, үүрэг, ажил төвтэй хүн юм шиг санагдаж байна. Паулын энэ шийдвэр, энэ үйлсээр л дамжуулан Европт сайнмэдээ маш үр дүнтэй, хурдацтай тарж олон хүмүүс авралд ирсэн. Түүгээр ч барахгүй сайнмэдээг өөр тивд, өөр улс үндэстэнд тараан тунхаглах итгэлийн олон өвөг дээдсүүд, илгээлтийн эзэд төрөн гарцгаасан. Амь, амьдралаа сайнмэдээний төлөө зориулна гэсэн Паулын шийдвэрээр дамжуулан Бурхан гайхалтай ажилласан юм. Бурхан итгэлийн шийдвэрийг ерөөдөг. Итгэлээр гаргаж байгаа алхам бүрийг ивээдэг. Тэр ивээл, ерөөл нь заримдаа шууд харагдахгүй ч хожим нь үр жимс болон заавал гарч байдаг. Итгэлийн шийдвэр, итгэлийн алхам бүр нь үр жимс, ерөөлийг хойноосоо дагуулдаг. Итгэлээр алхацгаая! Итгэлээр шийдэцгээе! Бодит байдлыг харвал итгэлийн нүд хаагддаг. Харин итгэлийн шийдвэр гаргавал бодит байдлыг зөвөөр үнэлэх, даван туулах гарц нээгдэж байдаг. Итгэлээр алхацгаая!
Харин Паул юуг анхааруулж байна вэ? Бүгдээрээ 28-30-р эшлэлүүдийг үзээрэй. “…” Юун түрүүнд чуулганы харгалзагчаар ахлагч нарыг томилсон гэж баталгаажуулан анхааруулсан. Тиймээс өөртөө болон сүрэгт анхаарал хандуулаарай гэж байна. Өөртөө анхаарал хандуулах нь чухал юм. Энэ нь амиа бодож байгаа хэлбэр огт биш. Харин ч бид чуулганд, смол грүүпт, хоньдод үр дүнтэй үйлчлэхийн тулд эрүүл мэнд, сүнс ба гэр бүлдээ анхаарал хандуулах ёстой. Гэхдээ өөртөө л анхаарал хандуулаад байвал жинхэнэ амиа бодсон хэрэг болно. Тийм учраас бид чуулганд, сүрэгт заавал анхаарал хандуулах ёстой. Чуулган ба сүрэгт анхаарал сайн хандуулахын тулд өөрийгөө анхаарч, тордоорой гэж хэлсэн гэдгийг хатуу санаарай!
Өөр нэг чухал анхааруулга нь гаж урсгалын нөхдийн чуулган уруу дайрах дайралт. Паулыг байх үед хуурамч багш нар дайрдаггүй байсан юм шиг байна. Түүнээс айдаг байсан бололтой. Паул хуурамч багш нартай жинхэнэ теологоор үзэлцдэг байсан байх. Харин түүнийг явсан хойгуур хуурамч багш нар ирж, чуулганыг үймүүлнэ гэж анхааруулж байна. Хуурамч багш нарын тухай өгч байгаа Паулын анхааруулга өнөөдөр ч гэсэн хүчинтэй.Үүнийг бид халдлагатай зүйрлэж болно. Өнөөдөр газар сайгүй халдлага, дэлбэрэлт болж байна. Өнгөрч буй долоо хоногт л гэхэд Сирид химийн зэвсэг хэрэглэж, үй олон хүний тэр дундаа хүүхдүүдийн амийг хороосон аймшигт халдлага болсон бол хоёрхон хоногийн өмнө Шведэд халдлага гарсан. Энэ бол биемахбод төдийгүй оюун санаа, гэр бүлд хохирол учруулж буй аймшигт халдлага. Яг түүнтэй адилхан гаж урсгалынхан итгэгч хүмүүсийн сүнсэнд халдлага зохион байгуулдаг. Тэр халдлага нь итгэлээс ухрааж, жинхэнэ сургаал биш хуурамч сургаал гэдэг хүйтэн зэвсэг хэрэглэж эрүүл сүнсийг өвчлүүлдэг. Энэ халдлагаас чуулганыг хамгаалахын тулд бид өөрсдөө боловсрох ёстой. Бид өөрсдөө хамгаалах бамбай, хуурамч багш нарыг няцаах сэлэмтэй байх ёстой. Энэ нь залбирал ба Бурханы үг болсон Библи юм. Тиймээс сэрэмжтэй байхаас гадна тэмцэх аргаа аль хэдийн олсон байх хэрэгтэй.
Өнөөдрийн номлолоор дамжуулан бид олон зүйлийг сурлаа. Ариун Сүнс бидний дунд ажиллаж, бидний сурсан зүйлсийг цаашид сануулж, хэрэгжүүлэхэд хамт байх болно гэдэгт итгэлтэй байна.

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 23-р номлол (04.02) Г.Насантотох
Дараагийн нийтлэл2017 оны Үйлс 25-р хичээлийн асуулт (04.23)