ДАГАЛДАГЧДЫГ ӨСГӨСӨН ПАУЛ
Үйлс 19:1-41
Гол эшлэл: 19:9б
“…Тэр тэднийг орхин, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.”
Бидэнд Үйлс номоор дамжуулан, олон зүйлийг зааж, элч нарын үйлсийг харуулсаар байгаад талархаж байна. Бидний итгэлийн амьдрал Ариун Сүнсний удирдлага, дуу хоолойг сонссоноор үр жимс дүүрэн байх болно. Үйлс 18 бүлгээс бид Амилсан Аврагч Их Эзэн өөрийн үгээрээ дамжуулан, Паулыг хэрхэн зоригжуулсныг суралцсан билээ. Паулын очсон газар бүрт түүнийг эсэргүүцсэн үймээн самуун гарч байв. Паул махан биетэй хүн байсан учраас хавчлага, зовлонгоос болж сэтгэлээр унаж, айн мэгдсэн нь ойлгомжтой байв. Ийм түүнд Есүс үзэгдэл дунд “Бүү ай,Харин ярь. Бүү дуугүй бай. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий” хэмээн зоригжуулсан. Харин өнөөдрийн номлолоор ийнхүү зоригжсон Паул сайнмэдээний аяллаа Эфэс хотод хэрхэн үргэлжлүүлсэн талаар суралцах болно. Энэ бол түүний сайнмэдээний 3 дахь аялал байв. Бурхан биднийг өөрийн Ариун Сүнсээр хором бүрт хүчирхэгжүүлэн, сайнмэдээний ажилчнаар улам илүүтэйгээр ерөөн хэрэглэх болтугай.
1.Ариун сүнсний ажил
Паул сайнмэдээний 3 дахь аяллаа Галат болон Фругийн нутгуудаар явж дагалдагчдыг хүчирхэгжүүлсээр эхэлсэн юм. Ийнхүү аяллаа үргэлжлүүлсээр, Ефест хотод хүрч ирэв. Энэ нь одоогийн Турк улсын нутаг дэвсгэрт хамаардаг аж. Ефес хот нь далайн эргээс 8 километр зайтай, Азийн баруун эрэгт оршдог боомт хот байв. Эртний улс гүрнүүдийн худалдаа, наймаа эрхлэн явуулах гол хот байснаас гадна Христ итгэлийн хувьд ч гэсэн маш чухал нөлөөтэй байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Тиймээс энд таригдсан чуулган, итгэлийн түүх онцгой байсан учраас Илчлэлт ном дээр дурдагдсан Азийн 7 чуулганы 1-д Еф ес чуулганыг оруулсан. Энэхүү хотод Грекийн Артемис буюу “эд баялгийн бурхан” хэмээх 24 хөхтэй хиймэл шүтээний дуган байв. Энэхүү дуганыг тойрон худалдаачид наймаа хийхээс гадна биеэ үнэлэгчид “ажлаа хийн” амьдарч байлаа. Паул заншил ёсоор хотыг тойрон явж, бүхэлд нь судалгаа хийн, хэрхэн сайнмэдээг дэлгэрүүлэх талаар өөрийн төлөвлөгөөг боловсруулж амжив. Бас хаана синагог байрлаж,байгааг ч олж мэдэв. Одоо 1- р зүйлийг хараарай- “Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав” гэжээ. Библийн маш сайн багш Аполын үр жимс болох хэсэг дагалдагчид Ням гараг бүрт хамтдаа цуглан, хуучин гэрээнээс уншин,Бурханд хүндэтгэлийн цагийг гаргадаг байв. Ийн тэдэнтэй Паул нэгдлээ. Одоо бүгдээрээ 2- р зүйлийн эхний хэсгийг харцгаая- Тэгээд тэдэнд – Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу?гэхэд тэд түүнд –Үгүй.Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв”. Тэдний амьдарч байсан хот болох Ефес нь одоогийнхоор бол зугаа цэнгэлийн хот хэмээгдэх Лас-вегастай адилхан байв. Тухайн үеийн Ефес хот далайн боомт хот байсан учраас өөр өөр хэл яриа,арьстай олон янзын үндэстэн, ястангууд холхилдсон, түм түжигнэсэн, бум бужигнасан хот байлаа. Тэнд олон зуун хиймэл шүтээн, үндэстэн бүрийн үүсгэн бий болгосон шашин шүтлэгүүд ч өөр өөрийн байр сууриа эзлэн, оршин тогтож байв. Түүнчлэн Грек, Ромын соёл, түүх, уран зохиол, гүн ухаан зэрэг нь хүмүүсийн амьдралд голлох нөлөөтэй байв. Цаашлаад хүн гэмээ гэмшиж, ариусах гэж очдог сүм дуган нь янхануудаар дүүрэн байсан гэж бодохоор ёс суртахуун нь яаж доройтсон байсныг харж болно. Ийм Ефес хотод амьдарч байгаа итгэгчдийн царай нэг л баргар, жинхэнэ итгэлээ хамгаалдаг биш. Харин зарим итгэгчид нь нөгөө тахилч эмэгтэйчүүдтэй завхайрч, оройн цагаар найзуудтайгаа бар цэнгээний газруудаар орж, мөнгө дууддаг гэх модыг гэрээрээ дүүрэн тарьж байв. Иога дасгал хийдэг хүмүүстэй нар луу харж, амьсгал авч “бүрэн ариусчихаад”, Сарандаваа эгчийн семинарт очиж, түрийвчээ даллан мөнгөтэй болохыг мөрөөдөн суудаг тийм л хэв загварт бүрэн автсан байлаа. Нөгөө хэсэг нь хийж байгаа ажлаа, гэр бүлээ “бурхан болгож” амьдарсаар байсан аж. Паулын ажигласнаар тэдгээр дагалдагчдын царай нэг л баргар бас ярьж байгаа яриа, үг, үйлдэл нь хүн харахад өөлөх юмгүй байсан ч дотоод сүнсний байдал нэг л өөр байгааг Паул Ариун Сүнсээр мэдэрсэн. Тиймээс сүнсний байдлыг бүрэн таних асуулгыг явуулж, эхний асуултаар нь тэдний сүнсний байдлыг шууд оношилж чадлаа. Хариулт нь тэд Ариун Сүнсийг хүлээн аваагүйд байсан аж. Бүүр цаашлаад Ариун Сүнсний талаар ч ямар ч ойлголтгүй байв. Нөгөө 12 дагалдагчид маань зөвхөн Иоханы баптисм буюу гэмшлийн баптисмыг хүлээн авсан байлаа. Тэд Бурханы өмнө гэм нүгэлтэн гэдгээ бүрэн дүүрэн ухаарсан. Гэхдээ тэд гэмийн амьдралыг орхиж чадалгүй, хоёр нүүртэй амьдралаар амьдарсаар байсан энэ нь байлаа. Тэд Бурханы хуулийг мэддэг учраас тэдний амьдарч байгаа амьдрал Бурханд таалагддаггүй гэдгийг мэдэж байсан. Харин яаж тэр гэмийн буулганаас ангирч эрх чөлөөтэй нэгэн шиг амьдрах арга ухаанаа л олохгүй байв. Тиймээс тэдний гаднах нүүр царай баргар болж, дотоод сэтгэл уйтгар гунгтай нэгэн болсон байв. Ийнхүү Паул Иоханы баптисм болон Есүст итгэх жинхэнэ итгэлийн талаар нарийн тайлбарлаж өгөв. Одоо бүгдээрээ 6-р зүйлийг харцгаая- Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд хэлээр ярьж, эш үзүүлжээ. Тэд Есүсийн нэрээр гэмшлийн баптисм хүртсэний дараа тэдэн дээр Ариун Сүнс буусан байна. Энэ нь тэд одоо Есүсийг өөрийн аврагчаар хүлээн авч, гэмийн амьдралаас бүрэн дүүрэн салах, зүрх сэтгэлийн шийдвэрт хүрсэн. Тэд Бурханы хүү Есүсийг тэдний гэмийн үүрэн загалмайд нас барж, дахин амилсан гэдэгт итгэсэн юм. Гэм тэднийг өөрийн буулган дороо барьж дийлэхгүй болсон. Учир нь Есүс тэдэнд Ариун Сүнстэй хамт жинхэнэ эрх чөлөөг өгсөн билээ.
Харин Ариун Сүнсийг хүлээн авсан библийн багш нар бидний итгэлийн амьдрал ямар байна вэ? Бидний итгэлийн амьдрал маань Ефес хотын Ариун Сүнсийг хүлээн аваагүй байсан 12 дагалдагчид шиг байна уу? Та бүхэн сайн бодож үзээсэй гэж хүсэж байна. Бид эцсийн өдөр Бурханы өмнө түүний илгээсэн зорилго, өгсөн үүрэг загалмайг хэрхэн үүрч, биелүүлснээрээ, сайн мэдээг хэдэн хүнд дамжуулснаар шагнал авч бас шүүгдэнэ. Бид муу нэгэнтэй эвлэрч гэмийн өөгшүүлэн амьдарч болохгүй. Библид хэлэхдээ Бурхан элэг доог болохгүй. Матай 7:21-23 “Намайг “Эзэн, эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй ээ. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр надад олноороо “Эзэн минь, Эзэн минь бид Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдэж байсан бус уу? гэх болно. Тэгэхэд Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” хэлнэ хэмээсэн байдаг.
Христийг өөрийн аврагчаар хүлээн хэн бүхэн Ариун Сүнсийг хүлээн авдаг юм. Энэ талаар Иохан 15: 26 “Эцгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт илгээхэд, тэр Сүнс намайг гэрчилнэ гэж хэлсэн. Ариун Сүнс Есүсийг хэн гэдгийг,түүний нигүүлсэл яагаад өдөр бүр бидэнд хэрэгтэйг сануулж, гэрчилдэг. Гэлээ ч бидний зарим нь Ариун Сүнс надтай үнэхээр хамт байгааг яаж мэдэх вэ гэсэн асуултанд хариултаа авч чадахгүй төөрөгдөх үе байдаг. Иохан 3 бүлэгт Есүс болон хуулийн багш- Никодем нарын дунд Сүнсээр дахин төрөх буюу Ариун Сүнс хамт байгааг хэрхэн, яаж таних талаар яриа өрнөсөн. Есүсийн хариулт болох Иохан 3:8 зүйлийг харвал “ Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм байдаг” гэж айлдав. Бид Ариун Сүнсийг хаанаас ирээд, хааш явдгийг, махан биеийн нүдээр харж чадахгүй. Харин Ариун Сүнс бидэнтэй хамт байгаагаар Галат 5:22,23 хэлсэнчлэн- Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл,сайн сэтгэл,итгэмж, 23 дөлгөөн зан, өөрийгөө захирахуй гэж хэлсэн үр жимсүүдийг гаргана. Энэ бол Ариун Сүнс бидэнтэй хамт байж, гарах өөрчлөлтүүд юм. Бид нүд ирмэх зуур гарч ирэх үр дүнг хүсдэг. Гэхдээ Ариун Сүнсний үр жимсүүд цаг хугацаа өнгөрөх тусам итгэлийн олон шалгуур, сорилт, уналтын дунд тэвчээр, итгэлийн дунд төрөн гарч ирдэг.
Миний хувьд Ариун Сүнсийг хүлээн авсан библийн багш хүний хувиар өөрийн итгэлийн амьдрал ямар байгаагаа энэхүү номлолоор дамжуулан харж байгаадаа талархаж байна. Би анх 2007 онд Христийг өөрийн аврагчаар хүлээн авч, тэр цагаас Ариун Сүнс намайг библийн хичээлээр дамжуулан ухааруулан, гэмшүүлж ятгаж өөрчилсөөр байна. Та бүхэн Ариун Сүнсний үр жимс дунд “өөрийгөө захирах үр жимс” хамгийн сүүлд байгааг анзаарсан уу? Энэ л үр жимс надаас гарахыг хамгийн ихээр хүсдэг. Учир нь хүнд хэцүү, ганцаардмал нөхцөл байдлын дунд төрж өссөн би өөрөө ч мэдэлгүй бие захирч чадахгүй нөхцөл байдалд хүрч, уурлах, энэ бүхнээ шууд гаргах зан авир гаргах нь олон. Гэлээ ч Ариун Сүнс энэ зүйл өөрчлөгдөхийн төлөө залбирахыг байнга сануулдаг. Та бүхэн ч гэсэн санах бүртээ миний төлөө залбирч өгөөрэй. Ариун сүнс нэг л өдрийн дотор эдгээр 9 үр жимсийг надаас гаргахгүй ээ. Харин миний итгэлийн өөрчлөлт, зориулалтын үр дүнд энэ бүхэн Түүний цагт өөрчлөгдөнө. Би оюутан байхаасаа хоньдыг цуглаанд урьж, библийн хичээл хийн, Түүнийг хүсэл таалалд нийцүүлэн амьдарч байлаа. Оюутан хэрнээ хэн нэгний өгсөн мөнгийг хоньдод хоол,боорцог авч өгч байсан иэр л цаг мөч миний хувьд хамгийн баян, сэтгэл хангалуун байх мэдрэмжийг өгдөг байжээ. Учир нь Бурханд өргөж байсан өргөл байсан юм. Бурханы хоньдыг өсөж, надтай хамт библийн багшаар хамтран үйлчлээсэй гэж Ариун Сүнсний хүсэл, тааллаар нулимс дуслуулан залбирч байсан цаг мөч минь жинхэнэ итгэлийн тэмцэл явагддаг үе байсан. Харин энэ бүхнээс ажиллах нэрийдлээр бага багаар төсөөрч байлаа. 2016 оны 10-р сараас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ бол гадаад харилцааны менежерээр ажилласан 6 жилийн минь төгсгөл байсан юм. Сүүлдээ ажлаа хийх ч хүсэл төрөхгүй, цалин авах гэж яваад байгаа мэдрэмж төрж санаа зовж байв. Ингээд залбирч, заншил ёсоор библи уншиж байхад Ариун Сүнс Эхлэл 45:7 “ Бурхан их авралаараа та нарыг амийг хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ” гэсэн үгээр зүрхэнд минь хүрч, үгээр хэлэхийг аргагүй баяр хөөрөөр дүүргэсэн. Үнэндээ эдгээр үгийг утгыг сайн ойлгоогүй ч, Ариун Сүнсний хүсэл бол ажлаас гарах юм байна гэж ойлгож, ажлаа баяр хөөртэйгээр хүлээлгэн өгсөн. Ажлаас гарсан ч төд удалгүй гэр бүлийн санхүүгийн асуудал, байрны зээл төлөлт зэрэгтээ санаа зовж эхэлсэн. Харин Ариун сүнс Этиопын тайган амбанд сайн мэдээ тараасан Филипийн үйлсээр дамжуулан, дахин зүрхэнд минь хүрсэн. Энэ бол сайн мэдээний төлөө золиослолтой үйлчлэх, анх хийж байсан библийн хичээлээ, их дээд сургуулиудаар явж сайн мэдээ дамжуулах ажлаа хийхийг ятгасан Ариун Сүнсний ятгалга байсан. Бурханы хоньдын араас явж, янз бүрийн маркетингийн арга техник ашигласан ч үр дүн муутай байсан би дахин Бурханы өмнө очиж гуйн “Би яг хэн бэ ямар ажил хийх вэ” гэж асуусан. Харин Ариун Сүнс Лук 10 бүлгээр дамжуулан “ Чи бол сайн мэдээний УРГАЦЫН АЖИЛЧИН” гэж хэлсэн. Харин хоньдыг хоньчлох, хэрхэн өсөх аргын тухайд ЕСҮС надад “Ургацын ажилчдын төлөө залбираарай” гэж дахин сануулсан юм. Тиймээс одоо би үргэлжлүүлэн хичээнгүйлэн залбирсаар байгаа. Энэ бол Ариун Сүнс хэрхэн миний амьдралын удирдаж байгаагийн хэсэгхэн жишээ. Өөр зөндөө сайн гэрчлэлүүд байгаа. Ариун Сүнс таньд баярлалаа. Зөрүүд намайг өөрийн хүслээр удирддагт талархаж байна. Иймээс өдөр бүр Бурхантай хувьчлан уулзах цагийг авснаар Ариун Сүнсээр дүүрэн нэгэн болцгооё. Үнэндээ бид Бурханы хүслээр, Есүсийн нигүүлслээр, Ариун Сүнсний тусламжтайгаар өөрчлөгдөн, сайн мэдээний ажилчин болж чадах билээ. Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандах болтугай. Гэлээ ч бидний зарим нь Ариун Сүнс надтай үнэхээр хамт байгааг яаж мэдэх вэ гэсэн асуудалд хариултаа авч чадахгүй төөрөгдөх үе байдаг. Ариун Сүнс бидний зан байдал, хувийн амьдрал,Бурханыг харах харааг маань өөрчилдөг. Тэр биднийг сайн мэдээг ярихаас өөр аргагүй тэр л баяр хөөрөөр дүүргэдэг. Тиймээс өдөр бүр Бурхантай хувьчлан уулзах цагийг авснаар, Ариун Сүнсээр дүүрэн нэгэн болцгооё. Үнэндээ бид Бурханы хүслээр, Есүсийн нигүүлслээр, Ариун Сүнсний тусламжтайгаар өөрчлөгдөн, сайн мэдээний ажилчин болж чадах билээ.
2.Туранны сургуулийн дээр хийсэн библийн хичээл
Одоо 8-р зүйлийг хараарай- “Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин, Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа”гэжээ. Паулын номлолууд хүмүүсийн сонирхлыг татахаас гадна амьдралын үнэнг өөрийн туулж өнгөрүүлсэн итгэлийн амьдралын жишээгээр тайлбарлан хүргэсэн. Эхэндээ хүмүүст их сонирхолтой байсан ч зарим нэгэнд нь олон удаа сонссон, сайн мэддэг гэсэн сэтгэл давамгайлж өөр байдлаар тайлбарлах хэрэгтэй гэсэн шаардлагын тавьж эхлэв. Тэд үнэнээс төөрч байгаагаа огт анзаараагүй. Улмаар номлол зааж байгаа хоньчдыгоо шүүмжлэн харж, тэр үгээ тэгж хэлэх хэрэгтэй байсан, энэ зүйлийг эндээс хуулбарласан байна, надад сонирхолгүй байна гэх мэт гомдоллын үгсийг урсгаж эхэлсэн. Тэд Паулын зааж байгаа зүйл үнэн гэдгийг маш сайн мэдэж байсан. Харин тэд итгэхээс татгалзсан. Иймд Паул ямар арга хэмжээ авсан бэ? 9-р зүйлийг харцгаая- “Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж,цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ” гэжээ. Яагаад эдгээр хүмүүс албаар зөрүүдлэн, үнэн зам болох Есүсийг муугаар хэлсэн бэ? Ром 1:21 “ Тэд Бурханыг мэдсэн атлаа, Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд тэд бодол санаандаа хоосорч,ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Тэд Бурханыг хэн болон энэ дэлхийн бүхий бүтээлүүд нь нотлон харуулж байгааг сайтар ойлгож байдаг. Гэвч тэд хэзээ ч үл нотлогдох онол болох хүн төрөлхтөн сармагчингаас үүссэн гэх онолд итгэсээр, дэлхий их тэсрэлтийн онолоос үүссэн гэсэн чиг баримжааг өөрсдийн бодол санаандаа бурхан мэт тахисаар библийн үнэнг гуйвуулахаар зориуд санаархдаг аж. Ийм хүмүүсийг библи дээр 1Иохан 3:10 “ Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.”. Энэ бүхнээс харвал анхнаасаа диаволд хамааралтай байхаар төрж байгаа хүмүүс бас байгаа. Тэдгээр хүмүүст сайн мэдээ ярих нь цагаа барсан, дагалдагчаар өсгөх оролдлого нь үр дүнгүй гэдгийг Паул өөрийн жишээгээр тодорхой харуулж байна. Тэгвэл Паул сүнсний хүсэлтэй байгаа хоньд хэрхэн хандсан бэ? Тэрээр сүнсний хүсэлтэй, библи сурах хүсэлтэй дагалдагчдыг тусгаарлан, библийн анхдагч ойлголтуудыг заах бус, харин илүү нарийн ойлголтуудыг зааж, ухуулан таниулсан. Тэд өөрсдийн амьдралаараа Бурхан байгаа гэдгийг олж таньсан. Тэд байнга залбирч, тэдэнд ирсэн сорилт, зовлон бүр яагаад тэдэнд тохиолдож байгааг Ариун Сүнсний тусламжтйагаар бичвэрээс олон, хариултаа авч байсан. Тэд өдөр бүр Ариун Сүнсээр дүүрэн байж, зориулалтаар хайр дотор бусадтайгаа хамтран зүтгэж байв. Өөрөөр хэлбэл тэд бол “бор хоол иддэг” дагалдагчид байлаа. Паул Есүсийн тушаал болох Матай 28:19,20-д “Есүс дөхөж ирээд, тэдэнд- Тэнгэр газар дээрх бүх эрха мэдлийг Надад өгсөн. Иймээс яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг,Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж хэлсэн тушаалын дагуу Ефес хотод дагалдагдагчдыг тусгаарлан, илүү сайн библийн багш нар болоход нь тусалжээ. Харин тэдгээр дагалдагчид сайн мэдээ сонсоогүй бусад хүмүүст сайн мэдээг ярьж,2 жил өнгөрөхөд Азид байгаа бүх иудей болон грек хүмүүс сайн мэдээг сонссон талаар 10-р эшлэлд харуулсан байна.
Бид хоньдыг дагалдуулах явцад зарим хоньд гэмт амьдралаа орхихыг үл хүсдэг. Тэд бидний үйлчлэл, золиослолыг үл анзааран өөрийн санаа бодлоо дагаж амьдрахыг илүүд үздэг. Би олон хоньдтой уулзаж, тэдэнд библийн хичээл зааж байлаа. Зарим нь хоньд завхайрлын гэмийг илүүд үзэж, Бурханаас замаас эргэсэн бол зарим нь энэ дэлхийн эд хөрөнгө, өөрийгөө хайрлах хайраасаа болж Бурханы замаар тууштай алхаж чадаагүй юм. Бас компьютер тоглоомын донтолт, бардам, ихэрхүү зангаасаа болж Христийг үл ойшоосон зэргээс болж энэхүү замаар алхаагүй хоньд ч байсан. Гэлээ ч Бурханы нигүүлслээр, бас Ариун Сүнсний сануулгаар 6-7 жилийн хугацаанд залбиралдаа байнга санаж залбирч байсан хоньд минь энэ зам руу эргэж байгаад талархаж байна. Тэд Христийн дагалдагч болохоор шийдэж, байгаад талархаж байна. Миний хувьд нэгэнт энэ замаас эргэсэн хоньдын төлөө харамсах биш, харин тэдгээрийг Бурханд даатгаад сүнсний хүсэлтэй, дагалдагчдыг өсгөх ажилд ханцуй шамлах орох хэрэгтэй гэдгээ дахин ухаарлаа. Бурхан надад нигүүлсэнгүй хандаж, надаар дамжуулан олон ургацын ажилчдыг босгон байгуулах болтугай.
3.Паулын алсын хараа
Паул Ефес хотод үйлчлэх байхад олон гайхамшигтай зүйлс болж байв.Одоо бүгдээрээ 11-12 зүйлүүдийг харцгаая- “ Паулын гараар Бурхан ер бусын гайхамшигуудыг үйлдэж байлаа. Түүний алчуур болон бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд, өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв”.Энэ бол хүч, гайхамшиг, үнэнийг харуулах хүчирхэг сайн мэдээ гэдгийг харуулахын тулд эдгээр гайхамшигуудыг Паулаар дамжуулан үйлдүүлсэн. Лук 9:1,2-д “ Есүс арван хоёроо цугт нь дуудаад өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчөө. Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв” гэжээ. Энэ эрх мэдэл ч гэсэн бидэнд Есүст итгэх итгэлээр дамжуулан ирсэн билээ. Биднийг бөө юм уу, эсвэл ямар нэгэн лам Бурханы Ариун Сүнстэй гэдгийг таньсан тохиолдлуудыг би олныг сонссон юм. Есүсэд итгээгүй ч түүнийг нэрийг ашиглаж бузар мууг сүнсийг зайлуулахыг оролдож байгаа Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүнд юу тохиолдсон бэ? 15,16- р зүйлийн хараарай- “Муу ёрын сүнс тэдэнд- Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгээд муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан, тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ. Энэ зүйлээр дамжуулан Есүс бол Бурханы хүү болон түүний жинхэнэ хүч чадлыг харуулсан юм. Тиймээс Ефес хотод байгаа бүхэн муу сүнс бодитоор оршин байдаг болон аюултай гэдгийг мэдэж авсан. Харин тэд муу сүнс Есүсээс айн эмээн, түүний нэрээр тушаахад зайлан одож байна гэдгийг ч олж мэдсэн. Иймээс Эзэн Есүсийн нэр Ефес хот болон бүхий Ази даяар алдаршиж байлаа. Үүний үр дүнд ид шид үйлддэг байсан хүмүүс муу сүнсэнд үйлчилдэг гэдгээ улайн, өөрсдийн номнуудаа олны өмнө шатаасан аж. Энэ бол Эзэний үг хүч болон эрх мэдэлтэйгээр тарж байсны тод жишээ байлаа. Одоо бүгдээрээ 21-р зүйлийг хараарай- “Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч, Иерусалим явья гэж сүнсээр шийдэн “Тэнд хэсэг байгаад Ромд очих ёстой гэв”. Тэр одоо Ефес хот төдийгүй бүхий л Ази даяар сайн мэдээг хоёр жилийн дотор хүргэсний дараа дахин шинэ алсыг хараатай болжээ. Түүний энэ алсын хараа бол дэлхийн хөгжлийн төв болсон Ромд сайн мэдээ тунхаглах байв. Европ болон Азид сайнмэдээ дамжуулсан. Харин одоо Ромыг сайнмэдээгээр дайлах хүсэлдээ шатаж байгаа Паул үнэхээр агуу юм. Түүнээс бид юу сурах вэ? Паул түүний очсон газарт бүрт зовлон хавчлага хүлээж байсан талаар гэрчилдэг. Тэр амьдралын бүхий л нууцад суралцсан гэж хэлсэн. Түүнийг сайнмэдээний төлөө ийм шаргуу байлгадаг нь Бурханаас ирсэн зүрхний хүсэл болон Эзэн Есүсийн түүнийг мөнхийн шийтгэлээс аварсан өршөөл, нигүүлсэл байсан. Биднийг ч гэсэн мөнхийн шийтгэлээс аварсан Бурхан зүрхний дуудлагыг өгдөг. Бурхан хоньдын сайн хоньчин байх дуудлагыг өгсөн. Бас хэрвээ таньд “Ром очих ёстой” дуудлага байгаа бол тэр хүслийг залбирлаар Бурханд хэлж, улам илүү асаагаарай. Ромд очих ёстой гэсэн дуудлага бүхэн таныг хаана үйлчлэх тэр л дуудлага, алсын харааг тань өгөх болно. Бид дуудлагын дагуу үйлчлэхгүй бол илжирч мууддаг. Дэлхийн мөнгө, зугаа цэнгэлийг илүүтэйгээр хайрлаж эхэлдэг. Түүнчлэн эмгэдийн сургаалд анхаарлаа хандуулах буюу өөр зуураа хэрүүл тэмцэл хийж, талархах ёстойд зүйлд талархахаа байж, гомдлоор дүүрэн сэтгэлтэй болдог. Харин итгэлдээ зэвэрч муудахгүй байх арга бол сайнмэдээг оюутан залууст дамжуулах билээ. Бидний алсын хараа Бурханаас ирдэг. Тэр алсын хараа биднийг сэргээн шинэчилж, Христийн доторх шинэ бүтээл хэвээр байлгах болно. Анхны үйлдэж байсан бүхнээ үйлдэж , итгэлийн алсын хараагаа үр хойчдоо өвлүүлэн үлдэцгээе.
Дүгнэлт: Ариун Сүнс Паулыг Европ, Ази даяар сайн мэдээг тараахад газарчлан, түүнд бүхий л талаар тусалж, замчилж байв. Ариун Сүнс Ефес хотын 12 дагалдагчдын амьдралын хэв маягийг өөрчлөн, тэднийг Христийн доторх шинэ бүтээлүүд болгон өөрчилсөн билээ. Паул болон Ефес хотын дагалдагч нар ч Ариун Сүнс ажиллахад нээлттэй байж, зүрх сэтгэлээ даруу байлган, гэмээ ухааран, гэмшин, нигүүлслийн дунд сайн мэдээг үр нөлөөтэйгээр тунхаглан, бүхэл тивийг Бурханд авчирсан. Бид Ариун сүнстэй Есүсийн нигүүлслийн дунд хамтран ажиллахад, Бурханы авралын ажлын түүхэндээ улам илүү нандинаар хэрэглэх болно. Бид хоньдын сайн хоньчин байсаар ирсэн. Улам бүр хүч, хайр, нигүүлсэл дотор Түүнд үйлчлэн, Сүнс дотор шатацгаая. Бурхан биднийг нигүүлсэн, энэ дэлхийгээс буцах хүртэл минь ургацын ажилчнаар хэрэглэх болтугай.