ТЭР АМИЛСАН
Матай 28:1-20
Гол эшлэл 28:6
“Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн”
Амилалтын баярын мэнд! Өнөөдөр бид Есүс Христ үхлээс амилсан талаар сурах болно. Есүс загалмайд цовдлогдон нас барсан нь түүхэн бодит үйл явдал байсан шиг, Есүс үхлээс амилсан нь ч гэсэн түүхэн бодит үйл явдал юм. Үйлс номын 1-р бүлгээс харвал Есүс амилсныхаа дараа анхны шавь нар ба дагалдагч нараа Өөрийн амилалтад итгүүлэхийн тулд 40 хоногийн турш маргашгүй олон нотолгоогоор дамжуулан харуулсан байдаг. Үүнээс харвал Есүсийн шавь ба дагалдач нарын хувьд Есүсийн амилалд итгэх нь маш чухал байсан. Онол эсвэл мэдлэг төдий биш харин зүрх сэтгэлдээ гүн гүнзгий хүлээн зөвшөөрч, хөдлөшгүй амилалтын итгэлтэй болох нь хамгаас чухал.
Өнөөдрийн үзэх Матай 28-р бүлэг бол Есүс үхлээс амилсан үйл явдлыг хамгийн анх харсан үзсэн, сонссон анхны гэрчүүдийн тухай тэмдэглэсэн байна. Мөн энэ бүлгийг ямар ч хүн сонсвол Есүс Христ үнэхээр үхлээс амилсан гэдэгт итгэж болох олон баримт ба нотолгоо тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс өнөөдөр бид ч гэсэн энэ бүлгийг маш анхааралтай, зүрх сэтгэлээ 100% зориулан сонсвол Есүс үхлээс амилсан байна гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх боломжтой юм. Өнөөдрийн үгээр дамжуулан хүн нэг бүр Есүс Христийн амилалтыг түүхэн бодит баримт болоод зарлигт үндэслсэн амилалтын итгэлийг олсноор, энэ цаг үеийн Есүсийн амимлалтын гэрч нараар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1-р эшлэлийг үзээрэй. “Амралтын өдрийн дараа, долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв” гэж байна. Энд гарч буй амралтын өдрийн дараа гэдэг нь Есүс нас барснаас хойш гурав хоногийн дараа гэсэн утгатай. Есүсийг дагаж байсан Магдалын Мариа болон нөгөө Мариа нар Түүнийг нас барснаас хойш гурав хоногийн дараа Есүсийг оршуулсан булшин дээр хүрч ирсэн. Марк номоос(Марк 16:1) үзвэл эдгээр эмэгтэйчүүд иудейн ёс заншлын дагуу Есүсийн бие буюу цогцсыг тослохоор булш уруу ирсэн гэж хэлдэг. Гэтэл тэднийг булшин дээр ирэх үед маш хүчтэй газар хөдлөлт болж, Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирэн, булшны том чулууг зайлуулан, дээр нь сууж байхыг харсан(2,3). Матай 27:66-с үзвэл тухайн үеийн Иудейн удирдагчид Есүсийг дахин амилна гэдгийг санан, захирагч Пилатаас Есүсийн булшийг битүүмжлэн хэн ч орж, гарах боломжгүй болгохыг хүсэж харуулууд гарган мануулж, лацадсан байдаг. Гэвч эмэгтэйчүүдийг ирэх үед Есүсийн лацтай булшны чулуу хөдөлж, харуулууд айн чичирснээс болж, үхдэл мэт болсон байгааг харсан.
Эмэгтэйчүүдэд Эзэний Тэнгэрэлч юу гэж хэлсэн бэ? 5-г үзээрэй “Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд -Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна” гэв. Тэнгэрэлч эхлээд эмэгтэйчүүдийг бүү ай хэмээн тайвшруулсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд болсон үйл явдлыг хараад айж, гайхах нь зэрэгцэн юу болоод байгааг ойлгохгүй байсан. Тиймээс Тэнгэрэлч тэднийг “Бүү ай” хэмээн тайвшруулсан. Тэгээд тэдэнд та нар “цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна” хэмээн хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ? Учир нь гэвэл эдгээр эмэгтэйчүүд болсон бүх үйл явдлыг харсан билээ. Есүс загалмайд цовлогдохыг, Есүс загалмайд эцсийн амьсгалаа хурааж байхыг, Ариматын Иосеф Есүсийн цогцосыг загалмайнаас буулган, маалинган даавуунд ороож, хадан булшинд тавьж байхыг буюу бүх порцессыг нэг бүрчлэн харсан. Тиймээс эмэгтэйчүүд цовлогдож үхсэн Есүсийг хайн, Түүний биеийг тослохоор булш уруу ирсэн юм. Энд гарч буй Магдалын Мариа 7-н чөтгөрөөс салж, Есүсийн онцгой хайр ивээл буюу авралын ивээлийг гүнзгий амссан хүн байлаа. Түүний Есүсээс авсан хайр ивээл нь маш гүнзгий байсан учраас Есүсийг маш ихээр хайрладаг, мөн Есүсийг үхсэн ч гэсэн эцэс хүртэл даган, эцэс хүртэл үйлчлэх итгэлтэй байсан. Гэвч Есүсийг загалмайд цовдлогдон үхэх үед, тэрээр үхэлтэй нүүр тулж, үхлийн хүчинд автан, гуниг, цөхрөл, шантрал, хоосон сэтгэл ба ялагдлын сэтгэлд автсан. Хамгийн хайртай, хүндэлж явдаг нэгэн нь нас барсан учраас тэдний зүрх сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан байх.
Бид энэ л эмэгтэйчүүдийн хандлагаас нэг сурч болно. Өнөөдөр бид Магдалын Мариатай адил Есүсээс авралын хайр ивээлийг гүн гүнзгий хүртсэн. Тийм л учраас Есүсийг дагаж, ямар ч үед Магдалын Мариа шиг Есүсийн төлөө эцэс хүртэл үйлчлэх сэтгэл ба итгэл байдаг. Гэвч бид үхэл мэт хүний хүч чадлаар хэзээ ч шийдэж үл чадах аливаа асуудал зовлон, бэрхшээл, өөрийн ба бусдын гэмийн асуудал зэрэгтэй нүүр тулах үед бид гуниг цөхрөлд автаж, шантар ч, ялагдлын сэтгэлд автдаг. Ихэнх итгэгчид Есүс миний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан гэдэгт итгэдэг боловч, Харин Есүс үхлээс амилсан гэдэгт итгэлгүй амьдардаг. Бурханы агуу гайхамшиг ба ивээл авсан ч, итгэлийн замаар явж байгаа болов ч хүчгүй, ялагдлын сэтгэлтэй, гунигтай, сүнсний үр жимсгүй, баяр хөөр байхгүй, хоосон сэтгэл ба цөхрөлд автан амьдардаг. Энэ бол Есүсийн амилалтын итгэл байхгүй хүний үр дүн юм. Үүнээс гадна ийм хүн нь Бурхан ба Ариун Сүнсний ажлыг ойлгож, даган амьдарч чаддаггүй. Энэ цагт хүн бүр өөрөөсөө шударгаар асууцгаая. Та үнэхээр Есүс үхлээс амилсан, Есүс бидний адил амьд оршин байгаа гэдэгт итгэж байна уу?
Тэгвэл Есүс амилсан гэдэгт итгэхэд Тэнгэрэлч эмэгтэйчүүдэд хэрхэн тусалсан бэ? 6-р эшлэлийг үзээрэй. “Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн” гэв.
Бид тэнгэрэлчийн дамжуулж буй үгнээс хоёр зүйлийг сурч болно.
1-рт “Тэр энд байхгүй, ирээд үз” гэв. Эхлээд тэнгэрэлч эмэгтэйчүүдэд Есүсийн биеийг тавьсан газар буюу булшийг ирж үзээрэй гэв. Эмэгтэйчүүд Есүсийг оршуулсан булшин дээр ирэх үед Есүсийн биеийг тавьж байсан булш хоосон буюу Есүс байхгүй байсан. Энэхүү тэнгэрэлчийн мэдээ нь эмэгтэйчүүдийг цочирдуулан айлгасан байх. Яагаад гэвэл өмнө нь эмэгтэйчүүд хэзээ ч ийм зүйлтэй тулгарч байгаагүй бөгөөд үхсэн нэгэн амилна гэдэгт итгэх нь маш хэцүү байсан нь ойлгомжтой. Өнөөдөр бидний хувьд ч гэсэн Есүсийг үхлээс амилсан гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Яагаад гэвэл бид өмнө нь хэзээ ч ийм зүйлтэй тулгарч байгаагүй учраас. Гэвч Есүсийн булш хоосон байсан нь Түүнийг үхлээс амилсныг гэрчлэх эхний түүхэн баримт юм. Булшин дээр очсон эмэгтэйчүүд үүнийг нүдээрээ харсан юм.
2-рт “хэлснээрээ Тэр амилсан” Есүс загалмайд цовлогдохоосоо өмнө шавь нартаа олон удаа би үхээд гурав хоногийн дараа амилна гэдгээ хэлдэг байдаг(Матай 16:21, 17:9,23, 20:19, 26:32). Үүнээс гадна ХГ-г үзвэл Бурхан Аврагч Мессиаг илгээх бөгөөд, Тэрээр зовлон эдэлж, цовдлогдон үхээд, гурав хоногийн дараа амилна хэмээн урдаас зөгнөсөн байдаг. Тиймээс Есүсийн үхлээс амилсан нь тохиодлын явдал бус Бурханы урьдаас төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу болсон, бүтээгч Бурханы хийсэн ажил гэдгийг мэдэж болно. Тэнгэрэлч эмэгтэйчүүдэд “хэлснээрээ Тэр амилсан“ гэж хэлсэн нь өмнө нь өөрсдөд нь Есүсийн хэлж байсан үгийг санахад тусалсан. Өнөөдөр бид ч гэсэн эхлэл 1-р бүлэгт гардаг орчлон ертөнцийг оргүй хоосноос бүтээсэн бүтээгч Бурхан болоод анхны хүнд амийн амьсгалыг үлээж, амьд оршин байгчаар бүтээсэн Бурханы хүч чадал ба эрх мэдлийг санавал Есүс үхлээс амилсанд итгэж ядан, гайхаад байх зүйгүй юм.
Тэгвэл “Есүс амилсан” нь өнөөдөр бидэнд ямар утга учиртай вэ? энэ тухай хүн бүр тунгаан бодоцгооё! Өнөөдөр ихэнх хүн үхлээс айдаг. Мөн зарим хүн үхлээр хүний амьдрал дуусдаг гэж бодон итгэдэг. Тиймээс ганцхан олдох амьдал юм чинь гээд юу хүссэнээ үйлдэж, өөрийн дур зоргоороо амьдардаг. Мөн хүн үхэлтэй нүүр тулах үед ямар ч хүчгүй, зориггүй, хүсэл найдваргүй, хоосон сэтгэлд автан амьдардаг. Үхэл нь бидэнд байнга гуниг, цөхрөл, айдас, санаа зовуурыг өгч байдаг. Бид сүүлийн 2 жилийн хугацаанд Коронагаас болж эргэн тойронд байгаа олон хүний үхлийг харсан. Ялангуяа ойр дотны хүмүүсийн үхэл хагацал нь маш хүчтэй нөлөөлдөг. Эндээс харвал үхлийн хүч ба эрхшээл нь хүнд маш бодитой байдаг. Хүн энэ л үхлийн асуудлыг хэзээ ч шийдэж чадаагүй.
Гэвч Есүс дахин амилснааар ийм л үхлийн хүчин дор өрөвдөлтэй амьдарч буй хүн төрлөхтөнд ялалтыг өгсөн юм. Учир нь гэвэл үхлийн хүч Есүсийг захирч, хүлж, барьж, хорьж чадаагүй. Тиймээс Амилсан Есүст итгэгч нэгнийг ч гэсэн үхлийн хүч ба эрхшээл нь захирч, хүлж, барьж, хорьж чадахгүй болсон юм. Өөрөөр хэлбэл үхэл нь хүний амьдралын эцсийн зогсоол биш бөгөөд үхлийн дараа хүртэл мөнхийн амьдрал байгаа гэдгийг Есүс бидэнд харуулсан. Мөн Есүс амилснаар бид үхлийн хүчинд авталгүй амилалтын хүчээр цоо шинэ хүнээр энэ дэлхийд амьдрах боломжтой болсон. Есүсийн дотор байгч хүн бүр хуучин хүний гэм ба муу зуршлын хүчинд автагдалгүй цоо шинэ хүнээр амьдрах боломжтой болсон юм. Тийм л учраас Есүсийн амилалтанд итгэгч хүн бүрийн амьдралын үзэл бодол, амьдралын хэв маяг, хандлага, зорилго бүрэн өөрчлөгддөг.
1Петр 1:3, 4-г үзээрэй “Эзэн Есүс Христийн маань Эцэг, Бурхан магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амилуулсан Есүс Христийн амилалаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй, харин та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн”. Энэ эшлэлээс харвал амилсан Есүстэй уулзсан, амилалтын итгэлтэй хүн нь цаг ямагт амилалтын найдвар дотор энэ дэлхийн юунд ч хүлэгдэн, хязгаарлагдалгүй, ямар ч зовлон ба бэрхшээл дунд байсан зогсохгүй, бүр үхлээс ч айхгүй амьдардаг. Амилалтын итгэл нь өнгөрсөн ба ирээдүйд болох зүйлсийг бодон амьдрах бус яг одоогийн бидний бодит амьдралыг өөрчлөх хүчтэй юм. Есүсийн амилалтын хүч нь ийнхүү бидэнд нөлөөлдөг.
Одоо 7-р эшлэлийг үзээрэй. “Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Харагтун. Тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Үзэгтүн би та нарт хэллээ” гэв. Тэнгэрэлч тэднийг шавь нарт хурдан очоод Есүс үхэгсдээс амилсныг дамжуулаарай гэв. Есүс шавь нартайгаа Галилд нүүр тулан уулзахыг хүссэн. Шавь нарын хувьд Есүсийн загалмайн үхэл нь мөн л адил тэдний зүрх сэтгэлд уй гайшуу, шантрал ба хоосон сэтгэлд автуулж, мухардалд хүргэсэн. Өнгөрсөнд Есүсийг дагасан 3-н жилийн амьдрал нь ямар ч утгагүй, хоосон мэт санагдаж байсан байх. Гэвч Есүс амилсан нь шавь нарт дамжуулах хамгийн сайхан мэдээ болсон. Яагаад гэвэл тэд амилсан Есүстэй уулзвал тэдний өнгөрүүлсэн 3-н жилийн дагалдагчийн амьдрал нь үнэхээр утга учиртай болон өөрчлөгдөнө. Мөн үхлийг хүртэл ялан дийлдэг Есүсийн шавь гэдгээ ухаарвал юу болох вэ?. Тиймээс шавь нар амилсан Есүстэй уулзвал үгээр хэлэхийн араггүй Бурханы амар тайван ба урам зориг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн хүмүүс болж өөрчөгдөх юм. Тийм учраас Тэнгэрэлч эмэгтэйчүүдийг хурдан очоод Есүс амилсан гэдгийг мэдэгдээрэй гэв.
Өнөөдөр бид ч бас ялгаагүй. Бид заримдаа удаан цуглаанд явж, Есүсийг даган амьдарч байгаа боловч, амилсан Есүст өдөр бүр итгэж, уулзаж амьдрахгүй бол дагалдагчийн амьдрал урамгүй, хүчгүй, баяр хөөргүй, ямар ч утгагүй мэт санагдах болно. Тэгээд библийн хичээл, хонь тэжээх, цуглаанд явах, Бурханд үйлчлэх зэрэгт ёс төдий, хэвшмэл, шашинжсан сэтгэлээр ханддаг. Мөн бидний залбирал ба магтаал амьгүй, хүчгүй болдог. Цуглаанд яваад байгаа мөртлөө сүнсний баяр хөөргүй, үр жимсгүй, ялагдлын сэтгэлээр амьдардаг. Бурханд өргөж буй миний үйлчлэл ба хандлага үхмэл болдог. Гэвч бид үхлээс амилсан, амьд Бурханд залбирч, Түүнийг магтан дуулж байна. Амьд Бурханд үйлчилж байна гэвэл миний залбирал амьтай, магтаал үнэхээр хүчтэй, үйлчлэл бүрээ урам зориг ба итгэл найдвараар дүүрэн хийх болно. Мөн өнгөрсөнд амьдарсан бүхий л итгэлийн амьдралийн бүх цаг мөч бүр хамгийн үнэ цэнтэй, нандин амьдрал болж өөрчлөгдөх болно. Энэ бол Амилсан Есүст итгэж байгаа хүнээс гардаг үйлдэл юм.
Үйлс номыг харвал шавь нар амилсан Есүстэй уулзсаны дараа хэрэн өөрчлөгдсөнийг харуулдаг. Тэд үхлээс ч айхгүй, ямарч хавчлага зовлон дунд сайнмэдээг тарааж, Есүсийн амилалтын агуу гэрч нараар амьдарч дэлхийн хязгаар хүртэл сайнмэдээг тарааж чадсан.
Есүс амилсан гэдгийг сонссон эмэгтэйчүүд яасан бэ? 8, 9-ийг үзээрэй. “Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдхан холдон явж шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. Харагтун, Есүс тэднийг тосон ирж, -Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө” гэв. Эмэгтэйчүүд Тэнгэрэлчээс амилсан Есүсийн тухай мэдээг сонсох үед тэдний дотор байсан бүхий л уйтгар гуниг нь бөөн баяр хөөр болж өөрчлөгдсөн гэдгийг мэдэж болно. Дараа нь тэднийг бөөн баяр хөөр болон замд явж байх үед амилсан Есүс өөрөө ирж уулзсан. Эмэгтэйчүүд Есүсийн булш хоосон байгааг, Есүс хэлснийхээ дагуу амилсан гэсэн мэдээг тэнгэрэлчээр дамжуулан хүлээн авсан бол одоо Есүс ийн тэдэнтэй хувьчлан Өөрөө уулзсанаар Тэдний зүрх сэтгэлд амилалтын хөдлөшгүй бат итгэлийг суулгасан юм. Бид ч бас библи, зарлиг, хоньчид ба итгэгч нараар дамжуулан Есүс амилсан гэсэн олон баримт нотолгоог сонсоод итгэж болно. Гэвч амилсан Есүстэй хувьчлан уулзсанаар итгэлээ улам илүү баталгаажуулах хэрэгтэй гэдгийг сурч болно. Тэр үед бидний амилалтын итгэл хөдлөшгүй болох болно.
Одоо 11-15-р эшлэлийг үзээрэй. Энд эмэгтэйчүүдийг шавь нарт Есүсийн амилсан мэдээг дуулгахаар замдаа явж байх үед, харуулуудын зарим нь сэрж, хотод ороод болсон бүх явдлыг ахлах тахилч нарт мэдэгдсэн. Эдгээр харуулууд газар хөдлөлт, Тэнгэрэлчийн мэдээ, булш хоосон байсан зэрэг бүгдийг харсан. Ахлах тахилч нар ба фарисайчуудад энэ бүхнийг дамжуулан Есүсийг үхлээс амилсан гэдэгт итгэж болох бүх баримт нотолгоог хэлсэн. Гэвч тэд итгээгүй бөгөөд харин Есүсийн амилсан үнэнийг нуусан. Тэд цэргүүдэд их мөнгө өгч “ Шавь нар нь шөнө ирээд биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа.” гэж хэлээрэй гэв. Тэд энэ л үйлдлээрээ Есүсийн амилалтыг үгүйсгэхийг оролдсон. Гэвч Шашны удирдагчдын энэ л хуйвалдаан нь эсрэгээр харин ч Есүсийн амилалыг гэрчлэх болсон. Эндээс бид нэг зүйлийг мэдэж болно. Бид Есүсийг амилсныг гэрчлэх олон баримт ба нотолгоог харж, сонсож болно. Гэвч бид итгэхийг хүсэхгүй л бол бид амилсан Есүст итгэж, Түүнтэй уулзаж чадахгүй гэдгийг сурч болно. Тиймээс бид Есүсийн амилсан тухай мэдээг сонсох үед ахлах тахилч ба фарисайчуудтай адил бардам зан гаргалгүй харин даруу сэтгэлээр зүрх сэтгэлээ нээвэл бид амилсан Есүст итгэж, Түүнтэй уулзах болно.
16-20-р эшлэлийг үзээрэй. Энд эмэгтэйчүүд Есүсийн 11-н шавьд амилсан Есүс Галилд уулзна гэдгийг дамжуулсан. Тиймээс шавь нар Галилын зүг Есүсийн зааж өгсөн уул руу явсан. Шавь нар амилсан Есүсийг хараад Түүнд мөргөсөн. Сайнмэдээний бусад номыг харвал Есүс энэ үйл явдлаас өмнө хоёр ч удаа өөрийгөө амьд гэдгийг гэрчилсэн тухай гардаг. Гэвч тэд амилсан Есүстэй дахин дахин уулзсан боловч бүрэн итгээгүй бөгөөд одоо ч гэсэн зарим нь эргэлзсээр байсан гэдгийг мэдэж болно(17б). Эндээс бид Есүсийн шавь нар хүртэл бидэнтэй адил сул дорой хүмүүс байсан гэдгийг мэдэж болно. Гэвч Есүс тэдний ийм л сул дорой, итгэлгүй гэж хараагүй. Харин Есүс тэднийг Бурханы хүслийг биелүүлэх бүх дэлхийн сүнслэг удирдагч байна хэмээн харсан. Тиймээс тэдэнд агуу захирамж ба үүргийг өгсөн.
18-20-р эшлэлийг хамтдаа уншъя “Есүс дөхөж ирээд, тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуул. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Амилсан Есүсийн өөрийн амилалтанд итгэсэн шавь нартаа агуу захирамж буюу үүрэг өгсөн. Есүс өөрийн амилалтад итгэж, хүлээн зөвшөөрсөн нэгэнд агуу захирамж ба үүргээ өгдөг. Амилсан Есүст итгэдэг хүн л Есүсийн агуу захирамж ба үүгийг биелүүлэн амьдарч чаддаг юм. Энэ л үүргийн гол утга учир нь бүх үндэстнийг Есүсийн шавь ба дагалдагч болгох явдал юм. Манай ЮБФ оюутны цуглаан энэ үүгийн дагуу оюутан залуусыг Есүсийн шавь буюу дагалдагч босгох үүрэгтэй чуулган юм.
Одоо 20б-г дахин үзээрэй. “Харагтун, үеийн төгсөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэв. Амилсан Есүс шавь нартаа зөвхөн үүрэг өгөөд зогсохгүй өөрийн амлалтыг өгсөн. Энэ нь Есүс тэдэнтэй үеийн төгсөл хүртэл хамт байна гэж амласан. Өөрөөр хэлбэл тэдэнд даалгасан агуу захирамжийг биелүүлэхэд Амилсан Есүс өөрөө туслана гэсэн амлалт юм. Энэ амлалт нь зөвхөн тухайн үеийн шавь нарт өгөөгүй бөгөөд өнөө үеийн бидэнд ч бас өгсөн юм. Энэ амлалт нь Есүсийн захирамжийг биелүүлж буй бүх дагалдагч нарт ч хамаарна. Амилсан Есүс одоо бидэнтэй хамт байна. Тиймээс бид Есүсийн энэхүү амлалтанд бат итгэн Эзэнийг дахин ирэх хүртэл, бүх үндэстнийг дагалдагч болгох агуу үүргийг идэвхтэй биелүүлэн амьдрахыг хүсэн гуйж байна.
Миний хувьд энэхүү номлол бичиж байх үедээ булшруу тос бариад ирсэн Магдалын Мариа шиг цовдлогдсон Есүст итгэн амьдарч байснаа олж харсан. Би өнгөрсөнд олон зүйлсээр дамжуулан Бурханы хайр ивээлийг дүүрэн амссан. Тийм л учраас Есүсийн төлөө өөрийн үлдсэн амьдралыг зориулан, үйлчлэн амьдарна гэж боддог. Гэвч би хоньдод, хоньчдод, гэр бүл, чуулганд миний хүч чадлаар шийдэж үл чадах аливаа асуудалтай нүүр тулах үед урамгүй, хүчгүй, юу ч хийж чадахгүй болж байгааг олж харсан. Жил бүр оюутан фишиндэж үйчлэх болов ч 3-6-н сар болоод алга болно. Энэ нь намайг урамгүй, хүчгүй болж, хий дэмий хоосон үр дүнгүй мэт санагдуулна. Гаднаас нь харвал Бурханд үйлчилж байгаа боловч, дотроо аливаа үйлчлэлүүдэд ёс төдий, сэтгэлгүй, хүчгүй, баяр хөөргүй хандаж байгаагаа харсан. Харин зарилгаар дамжуулан Есүс үнэхээр амилсан бөгөөд одоо хүртэл надтай хамт байгаа гэдэгт бат итгэсэн. Нүүр нүүрээрээ уулзах шиг л болсон. Тиймээс өнгөрсөнд хоосон үр дүнгүй мэт санагдаж байсан зүйлс бүгд үнэхээр үнэ цэнтэй, утга учиртай байсан гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл амласан Есүс намайг харж, мэдэж байгаа учраас тэр юм. Тэгээд миний хүчээр шийдэж үл чадах аливаа асуудлын өмнө шантран, цөхрөх хэрэгүй бөгөөд, Амилсан Есүст даатгаж, Түүний хүч чадлыг бодитоор амсах хэрэгтэй гэдгийг сурсан. Хойшид Амилсан Есүст итгэж, Бурханы надад өгсөн үүрэгт шантралгүй, цөхрөлгүй, зогсолгүй байх хэрэгтэйг сурлаа. Бурханд бүх алдар нь байх болтугай.
Дүгнэлт: Өнөөдөр бид Есүс үхлээс дахин амилсан тухай сурлаа. Бурхан бидний хүн нэг бүрийг амилсан Есүстэй нүүр нүүрээрээ уулзаасай хэмээн хүсэж байна. Тэгснээр энэ цаг үеийн амилалтын гэрчээр амьдарч, амилсан Есүсийн бидэнд өгсөн агуу захирамжийг биелүүлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. ТЭР АМИЛСАН. АМЕН