2022 оны Ром 6-р номлол (10.30) Н. Ариунболд хн

Түүний цусанд итгэх итгэлээр

Ром 3:21-31
Гол эшлэл 3:25

“Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.”

Бид өмнөх зарлигаар дамжуулан жинхэнэ итгэгч хүний амьдрал болон итгэмжит агуу Бурханы хайр ивээл ба Бурханы шүүлт доор буй хүн төрлөхтөний тухай суралцсан билээ.
Өнөөдрийн зарлиг дээр Бурхан хүн төрөлхтөний төлөө үзүүлсэн тэр гайхамшигтай ажил нь юу вэ гэдгийг хамтдаа суралцах болно.
Өнөөдрийн зарлигаар дамжуулан Бурхан бидэнд өгсөн авралын зам нь юу болохыг, Есүсийн цусанд итгэх итгэл нь бидэнд хэр үр нөлөөтэй чухал зүйл болохыг сайн сурахыг хүсэн гуйж байна.
1. Бурханы зөв (3:21, 22)
3:20-р эшлэл нь хүн төрөлхтөний гэмт байдлын тухай дүгнэлт үг юм. “Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм”.
Эндээс хуулийн үйлс бол авралыг олохын төлөө үйлддэг хүний бүхий л хичээл зүтгэлийг зааж байна. Иудейчүүд хуулийг сахиснаар зөвтгөгдөхийн төлөө хичээж, ёс суртахууныг баримталдаг. Зарим хүмүүс сайхан сэтгэлтэй, сайн мөс чанарын дагуу амьдарснаар зөвт байдалд хүрэх гэдэг. Мөн бусдад тусалж, буян үйлдээд, гавьяа байгуулснаар авралыг олох гэж хичээдэг. Энэ бүгд бүгдээрээ хүний хичээл зүтгэл юм. Энэ дэлхийн бусад бүх шашнууд нь бүгд хүний хичээл зүтгэлээр авралд хүрэхийг зорьдог.
Харин хүн хичнээн хичээн зүтгэсэн ч, сайн үйлс хийснээрээ хэзээ ч авралд хүрэхгүй юм. Харин ч хичээх тусмаа өөрийнхөө гэмтэй үнэн дүр төрхөө олж харан, улам гүн шантралын намагт шигддэг. Үйлсээрээ Бурханы өмнө зөвтгөгдөх нь нэг ч хүн байхгүй. Бүх хүн гэм нүгэл, уур хилэнгийн, мөхлийн хүүхдүүд болцгоосон.
Бурхан ийм хүн төрлөхтөнийг өрөвдөн хайрлаж, авралын замыг нээж өгсөн. 21-р эшлэлийг үзээрэй. “ Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм.”
Эндээс “харин эдүгээ”(but now) гэдэг үг нь нэгэн том эргэлтийг харуулж байна. Паул 1:18-3:20 эшлэл дээр гэм ба хуулийн дор Бурханы уур хилэн, буруутгал, мөнхийн шийтгэлд орохоос аргагүй хүн төрөлхтөний ямар ч найдваргүй байдлын талаар өгүүлсэн.
Харин одоо Христийн доторх Бурханы өршөөл, авралын тухай хэлэх гэж байна. Энэ үг нь хувь хүн төдийгүй хүн төрөлхтөнд гэмийн буруутгал ба шийтгэлийн ертөнцөөс гэмийн өршөөл ба авралын ерөөлийн ертөнц рүү орж байгаа гэсэн үг. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд хуулиас, ивээлийн ертөнц уруу, харанхуйгаас гэрлийн ертөнц уруу том эргэлт эхэлсэн гэсэн утгатай.
Эндээс Бурханы зөв гэдэг нь Бурхантай зөв харилцаа тогтоох зам буюу аргыг хэлж байна. Анхны хүн Адамын гэмээс болж хүн төрөлхтэн Бүтээгч Бурхантай зөв харилцаа тасарч бүгд Түүний уур хилэн, мөнхийн шийтгэлд орохоос өөр аргагүй, муу хувь тавилантай болсон.
Ийм хүмүүсийг өрөвдөн хайрласан Бурхан Өөртэй зөв харилцаа тогтоох боломж нээж өгсөн. Үүнийг Бурханы зөв гэж нэрлэх бөгөөд чухамдаа Аврагч Есүс Христийг хэлнэ. Энэ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдсэн. Хуулиас ангид гэдэг нь хуультай огт хамааралгүйгээр гэсэн үг юм. Бурханы зөв нь хуультай огт хамааралгүй Бурхан Мосед хуулийг өгөхөөс өмнө төлөвлөн амласан байсан.
Бурхан хүн гэмд унасан даруй Эхлэл 3:15-д эмэгтэйн Хүү өөрөөр хэлбэл Есүсээр дамжуулан биелүүлэх Өөрийнхөө зөвийн тухай илчилсэн юм. Тэгээд Абрахамаар дамжуулан итгэлээр дамжин ирдэг Бурханы зөвийн тухай харуулсан.Хуучин гэрээний хуулиуд болон эш үзүүлэгч нараар ч гэсэн Мессиагаар биелүүлэх Өөрийнхөө зөвийн тухай илчлэн гэрчилсэн юм. Эцэст нь Есүс Христ махан биеэр энэ дэлхийд ирэн загалмайд зовлонг үүрэн, дахин амилснаар Бурханы зөв нь тод илчлэгдэж, бүрэн гүйцэтгэгдсэн юм.
Бурханы зөв нь хуультай үл хамааран илчлэгдсэн боловч хууль ба эш үзүүлэгчид буюу хуучин гэрээгээр дамжуулан гэрчлэгдэн батлагдсан юм. Үүнийг Бурхан өөрөө урьдаас төлөвлөн бэлдэж, гүйцээсэн тул Бурханы зөв гэж хэлдэг. Энэ Бурханы зөв нь хуулиар хүнийг аварч чадаагүй учраас шинээрсэтгэн гаргасан зүйл бус,харин үүрд мөнхөөс өмнө Бурхан төлөвлөн хуучин гэрээний үед нууцлагдмал байж байгаад шинэ гэрээний үед Есүс ирснээр тод илчлэгдсэн юм. (Ром16:25,26)
Тэгвэл Бурханы зөвд хэрхэн хүртэх вэ? 22-р эшлэлийг үзээрэй. “ Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй.”
Бурханы зөв бол бүх хүн төрөлхтөнд өгөгдсөн боловч Есүс Христэд итгэдэг хүнд л хүчин төгөлдөр болно. Бурханы бэлэг бүх хүнд, өгөгдсөн боловч үүнийг эсэргүүцэн хүлээн зөвшөөрөхгүй бол ямар ч хүчингүй. Гагцхүү үүнийг баяртайгаар хүлээн зөвшөөрдөг хүнд л ивээл нь ивээл болж чадна. Үүнд ямар ч ялгаварлал байхгүй. Үндэстэн ястан, ядуу баян, нийгмийн байр суурь, нас хүйс, гэмийг их бага үйлдсэн, шашны удирдагч, энгийн хүн, иудей эсвэл харь үндэстэн гэсэн ялгаварлал байхгүй.
Есүс Христэд итгэсэнээр л, хэзээ ч өөрийн сайн үйлс, миний гавъяа, хуулийг хэр сайн сахьсан бэ, баптисм хүртсэн үү үгүй гэдгийг огт асуудал болгохгүй. Учир нь Есүс загалмайд цусаа урсган нас барснаар авралыг бүрэн гүйцэтгэсэн. Бид энэ Есүсийг л хүлээн зөвшөөрөн итгэх хэрэгтэй ба зөвхөн тэр итгэлээс болж зөвтгөгдөж чадна. Энэ нь үнэхээр гайхамшигтай Бурханы ивээл билээ.
2. Христ Есүс доторх золилт (23-26)
Тэгвэл Бурханы зөв нь хэрхэн Есүс Христэд итгэдэг хүн хүртдэг вэ? Паул үүнийг тайлбарлахын төлөө, хүн ямар байдалд орсон ба хэрхэн золигдсон тухай тайлбарлаж байна. 23-р эшлэлийг үзээрэй. “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдарт хүрдэггүй авч.”
Бүгд нүгэл үйлдсэн гэдэг нь анхны хүн адамын гэм ба Түүний үр удам болж төрсөн хүмүүний үйлддэг, бүх гэмийг хэлж байна. Гэм гэдэг нь сум байнаас хазайсантай адил хүн Бурханы шаардсан зорилгоос хазайн зөрчсөнийг хэлж байна. Тэгсэнээр бүх хүн Бурханы алдарт хүрэхгүй болсон. Эндээс “алдар” гэдэг нь Грекээр “жин” гэсэн утгатай. Тиймээс “алдарт хүрдэггүй” гэсэн нь Бурханы жинлүүрээр хэмжихэд, хэмжээнд хүрээгүй гэсэн утгатай (Даниел 5:27). Хүн гэмд унасанаас болж Бурханы алдартай дүр төрхийг алдаж, Бурханы жинлүүрийн хэмжээнд хүрдэггүй болсон. Уг нь хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас Бурхан таалсан(Эх 1:31). Бурхан хүнийг амьтнаас ялган ёс суртахуун болон сүнслэг чанарын хувьд өндөр түвшинтэй амьдрахаар бүтээсэн. Ингэж бүтээгдсэн хүн Бурханы өмнө үнэ цэнэтэй, бүх бүтээлийн өмнө агуу оршин байгч байсан.
Бурхан хүнийг нандин төрхөөр бүтээсэн учраас бүх бүтээлүүдээс илүү өргөмжилсөн. Гэвч хүн Бурханы үгэнд дуулгаваргүйгээс болж доройтсон. Алдартай Бурханы дүр төрхийг алдаж, доройтон ялзраад, адгуус амьтнаас ялгарах юмгүй болсон. Махбодь болсон хүнийг хараад Бурхан маш их харамсаж гуниглах болсон. \Эх 6:3\ Ийнхүү Бурханы алдарт хүрдэггүй болсон хүн Бурханы тавьсан үндсэн зорилгийг зөрчин, Бурханы хэмжүүрт нь хүрэхгүй болсон. Ийм хүн Бурханы шийтгэлийг авахаас аргагүй болсон. Энэ нь яг шаварчин сэтгэлд хүрэхгүй шавар ваарыг хагалж орхиж байгаатай адил юм.
Харин Бурхан ийм хүнийг өрөвдөн авралын мутраа сунгасан. 24-р эшлэлийг үзээрэй. “Христ Есүсийн золилтоор дамжин, Бурханы нигүүлсэлээр үнэгүй зөвтгөгджээ.” Эндээс бид “золилт”, “зөвтгөгджээ” гэдэг үгийн талаар гүнзгий бодож үзэх хэрэгтэй.
1-рт “Золилт”(redemption) гэдэг нь төлөөсийг төлж, боолчлолын хүлээснээс чөлөөлж өгнө гэсэн утгатай. Энэ нь тухайн үеийн боолчлолын системд хэрэглэж байсан үг юм. Тухайн үед боол хэзээ ч өөрийн хүч чадлаар боолчлолоос чөлөөлөгдөж чадахгүй байсан бөгөөд хэн нэгэн хүн боолын биеийнх нь төлөөсийг төлөх нөхцөлд л эрх чөлөөтэй болдог байсан. “Золилт” гэдэг үгэнд хүн боолчлолд байгаа байдлыг харуулж байна. Есүс Иох 8:34-т “Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн” гэсэн. Жишээлбэл: Ихэнхи хүн хүсэл тачаалын, эд мөнгөний шунахайрлын, үзэн ядалтын, аминч сэтгэл, залхуурлын гэм мэт янз бүрийн боолоор амьдардаг. Махан биеийн хүсэл тачаалыг үгүйсгэж, захирах хэрэгтэй гэдгийг мэдсээр байж өөрөө ч мэдэлгүй хүсэл тачаалын гэмд унадаг. Залхуурахыг хүсдэггүй боловч залхууран, хийх ёстой зүйлийг ч хийж чаддаггүй. Атаархан үзэн ядмааргүй байсан ч атаархаж үзэн ядах сэтгэлд амархан автагддаг. Энэ нь бидний дотор буй гэмээр дамжуулан сатан биднийг хүчтэй хүлж байгаа учраас юм. Хүчтэй гэм ба сатаны хүлээснээс гарах гэвэл, түүнээс илүү хүчтэй Аврагч хэрэгтэй болдог.
Гэтлэл ном золилтын тухай сайн харуулдаг. Хүний байдал нь Египетд байсан Израиль ард түмэнтэй адил юм. Израиль ард түмэн египетийн Фараон хаанд боолчлогдож байсан. Тэд Фараонд өмчлөгдөн Түүний эрхшээлд амьдрахаас өөр аргагүй байсан. Ийм тэдэнд жинхэнэ эрх чөлөө байхгүй, хүсэл мөрөөдөл ч байхгүй байсан. Тэд хоол л байвал ажил хийгээд өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан. Энэ амьдрал нь үе дамжин үргэлжилсээр байсан. Харин Бурхан тэднийг өрөвдөн хайрлаж, чөлөөлөхийн тулд аврагчаар Мосег илгээсэн. Тэгээд хурганы золиослолын цусаар дамжуулан, Фараоны боолчлолын гинжийг таслан, чөлөөлж өгсөн.
Боолчлолоос чөлөөлөгдөх гэвэл заавал биеийнхээ төлөөсийг төлөх ёстой. Гэмээр дамжуулан биднийг ноёрхдог сатан ч биднээс төлөөсийг шаарддаг. Сатаны шаарддаг төлөөс нь бидний хичээл зүтгэл, буян үйлс, эд мөнгө бус амийг шаарддаг. Үний төлөө Бурхан миний амийн төлөөс болгож Есүсийг загалмайд тушаасан. Есүс сатаны боолчолын эрхшээлээс Намайг чөлөөлөхийн төлөө цусаа асгаруулсан.
Бид гэмийн боолчлолоос золигдсон нь алт мөнгө мэт устах зүйлсээр бус харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Есүсийн үнэт цусаар золигдсон юм(1Птр 1:18,19). Би эрх чөлөөтэй Бурханы хүүхэд болсон нь Бурхан энэхүү төлөөсийг маш үнэтэй төлсөн учраас юм. Бидний зүгээс бол ямар ч үнэ төлбөргүй боловч, Бурханы зүгээс бол маш их төлөөсийг төлж, биднийг аварсан юм. Үүнд бидэн рүү хандсан Бурханы гүн хайр агуулагдсан. Хэн нэгэн нь намайг хичнээн өрөвдөж хайрласан ч гэсэн өөрийн амийг миний оронд золиослож чадахгүй. Харин Эзэн Есүс үүнийг биелүүлсэн юм. Ром 5:8-д “ Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.” гэв. Бурхан үнэхээр биднийг хайрлан Өөрийн цорын ганц Хүүг загалмайд золиосолсноор биднийг гэм ба сатаны боолчлолоос чөлөөлөн зольсон билээ. Энэ үнэхээр бидний ухаанаар ойлгож, хэмжиж чадахгүй гайхамшигтай агуу хайр юм.
2-рт “Зөвтгөгдөнө”(being justified) гэдэг үг нь Ромын шүүхэд хэрэглэдэг нэр томьёо бөгөөд гэмгүй гэж хүлээн зөвшөөрөгдөх, ял шийтгэлээс өршөөгдөнө гэсэн утгатай. Тиймээс зөвтгөгдөнө гэдэг нь Бурхан гэмтэнийг гэмгүй хэмээн шүүхийн шийдвэрийг тунхагласнаар Бурхантай зөвт харилцаагаа тогтоохыг хэлдэг. Энэ нь зөвхөн гэмийн өршөөлөөр зогсохгүй, цаашлаад Бурханы хүүхдээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.Энэ нь Бурхан Израилийн ард түмнийг Египетээс чөлөөлөн Өөрийн эзэмшил буюу ариун ард түмэн болгосонтой адил юм. (Гэтлэл 19:5,6)
“Золилт” “Зөвтгөл” нь зөвхөн Бурханы нигүүсэлээр үнэ төлбөргүй өгөгддөг. Үүнд хүний хичээл зүтгэл оролцоо нэг ч байхгүй. Бурхан хүнээс 1%-ч төлөөс шаардалгүй 100% ивээлээр биелүүлсэн. Хэрвээ Бурхан хүнээс 1% ч гэсэн үнэ төлбөрийг шаардсан бол зөвтгөгдөн аврагдах хүн нэг ч байхгүй байх байсан. Яагаад гэвэл хүн Бурханы өмнө бүрэн ялзран доройтсон учраас ямар ч сайн үйлс, хичээл зүтгэлээр ч Бурханы шаардсан зөвд хүрэх чадваргүй болсон учраас юм. Бид гэм ба Сатаны захиргаанаас аврагдан Бурханы хүүхдүүд болсон нь үгээр хэлшгүй Бурханы нигүүлсэл юм.
Бидний гэмийн төлөө Есүс загалмайд цусаа асгаруулан үхсэн гэдгийг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрөн итгэх хэрэгтэй. Хүн өөрийгөө гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрөн чин зүрх сэтгэлээр Есүсийн өмнө очвол болно. Тэгэхэд намайг хүлж байсан гэмийн гинж нь гайхалтайгаар таслагдаж, жинхэнэ амар тайван, эрх чөлөө ба баяр хөөрийг амсаж чадна. Та завхайрлын гэмийг үйлдсэн үү? Худлаа хэлж хулгай хийсэн ү? Архидан танхайрсан уу? Ивээлээс урвасан уу? Хүнийг харааж доромжилсон уу? Хэдий тийм боловч одоо байгаараа Есүсийн өмнө ирээрэй. Есүс таны бүхий л бохир бузар хувцасыг тайлан Өөрийн зөвийн хувцасыг өмсгөх болно.
Бурхан бидэнд яагаад ийм нигүүсэлийг үзүүлж байна вэ? Бид зохистой зөвт байсанд уу? Үгүй юм. Биднийг гэмтэй байсан ч хайрладаг агуу хайрын учирт юм. Иохан 3:16-д ”Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс Хүүд итгэдэг хэн ч, мөхөхгүй мөнх амьтай болно. Бурханы агуу хайрыг магтацгаая. Түүний хайрыг зүрх сэтгэлдээ сийлэн насан турш итгэлээр тууштай амьдарцгаая.
“Золилт ба Зөвтгөгдөх” энэ ивээл нь нэг л удаа өгөгдөөд дуусдаг зүйл биш юм. Зөвтгөгдсөн ивээл нь үргэлж, одоо цаг дээр хэрэгжиж байдаг. Тиймээс энэ ивээл нь үргэлж байнга бидэнд өгөгддөг. Энэ үнэн бидэнд маш их урам зориг өгдөг.
Бид гэмээс чөлөөлөгдөн Бурханы хүүхэд болсон хэдий ч үргэлж ариунаар амьдарч чадахгүй байдаг. Бидний махан бие сул дорой, гэм ба сатаны сорилтоор дүүрэн энэ дэлхийд амьдарч байгаа учраас заримдаа гэмийн сорилтонд унадаг. Нөгөө үйлддэг гэмээ дахиж үйлдэхгүй гэж хатуу шийдсэн ч гэсэн дахин дахин унадаг. Ийм өөрийгөө харан шантарч буруутгадаг. Ямар нүүрээр Бурханы өмнө очих вэ? гэж санаа зовох болдог. Ингэж гэмийг дахин дахин үйлдэж байгаа намайг хараад Бурхан уучлахгүй байх гэсэн эргэлзээ, үл итгэлд автагдана.
Гэсэн ч Бурханы биднийг зөвтгөсөн зөв нь үүрд мөнх хүчинтэй байдаг. Бид гэмийг давтан үйлдсэн ч Есүсийн загалмайн цусанд түшиглэн итгэж үнэн шударгаар гэмээ гэмшвэл Бурхан итгэмжит учраас гэмийг цэвэрлэн бүх гэм буруугаас ангижруулна(1Иох 1:9). Загалмайгаар дамжуулан биднийг зольж зөвтгөсөн Түүний ивээл нь үнэхээр хязгааргүй, гүн, уужим байдаг.
Тэгвэл Бурхан биднийг зольж зөвтгөхийн тулд бодитоор юуг үйлдсэн бэ? 25-р эшлэлийг үзээрэй. “Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас, Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл болгож нийтэд харуулсан.”
Эндээс “эвлэрүүлэл” гэдэг нь хуучин гэрээний үед тахилын ёслол дээр хэрэглэдэг байсан үг юм. Гэмтэй хүн Ариунаас ариун Бурханы өмнө очиход гэмийн асуудал шийдэгдэн зөв харилцаа тогтоохын төлөө заавал эвийн тахил хэрэгтэй. Эвийн тахилын төлөө золиослолын өргөл хэрэгтэй байсан. Тиймээс тэргүүн тахилч нь амьтаныг гарган түүний цусыг ариунаас ариун газарт цацсанаар өөрийн болон ард түмний гэмийг ариусгадаг байв. Хүн гэмийг ариусган Бурхантай эвлэрэхэд заавал золиослолын цус шаардагдана. Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг.(Леви 17:11,14) Мөн гэмийн төлөөс нь үхэл учраас цусыг асгаруулан амийн золиослолгүйгээр уучлагдахгүй.(Еврей 9:22) Харин энэхүү гэмийн төлөө өргөж байсан амьтаны цусны хүчин төгөлдөр нь нь түр зуур, хязгаартай байсан учраас үндсээрээ гэмийн асуудлыг шийдэж өгч чадахгүй байсан. (Еврей 7:27,28) Гагцхүү энэ нь ирэх Есүсийн төгс бүрэн тахилын загварын сүүдэр л байв(Еврей 8:5).
Бурхан хүмүүсийн гэмийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэн, эвлэрэхийн тулд Өөрийн цорын ганц Хүү Есүсийг эвлэрүүлэл болгосон. Есүс Бурханы Хурга нь болж, загалмайд Өөрийгөө золиослолын өргөл болгосон(Иохан 1:29). Үүний төлөө Есүс Өөрийгөө үгүйсгэн, Бурханы тааллалыг бүрэн дуулгавартай дагасан. Есүс загалмайд цовдлогдон нандин цусаа асгаруулснаар нэг мөсөн бүгдийн төлөө мөнхийн тахилыг өргөсөн. (Еврей 9:12) Бид амьтны цусаар дахин дахин тахил өргөх хэрэггүй болсон. Хаана, хэзээ ч Есүсийн загалмайн цусанд түшиглэн зоригтой Бурханы ариунаас ариун газарт очин, Түүнтэй зөв харилцаа тогтоон амьдрах боломжтой болсон.(Еврей 10:19)
Энд хамгийн чухал нь Есүсийн цус юм. Есүсийн цус нь Бурхан болон хүн хоёуланд нь заавал байх ёстой. Тэгвэл Есүсийн цус ямар үүрэг биелүүлдэг вэ?
1-рт Бурханы зөвийг гүйцэтгэсэн.
Бурхан ариунаас ариун бөгөөд зөв шударга учраас өчүүхэн ч гэмийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Харин Бурхан Есүст хүн төрөлхтөний бүхий л гэмийн уур хилэн ба хараал шийтгэлийг буулгаснаар бидний гэмийг уучилсан юм. Өөрөөр хэлбэл Бурхан Есүсийн загалмайд урсгасан цусыг хараад бидэн рүү хандсан уур хилэнг намдааж, Өөрийн шударга зөвийг гүйцэтгэсэн.
2-рт Есүсийн цус нь бидний гэмийг цагаатгасан.
Еврей 9:13,14 –д “Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ.” гэв. Есүсийн цус нь бидний жижиг том бүх гэмийг ариусгадаг хүчтэй. Ичгүүртэй өнгөрсөн гэмийн үйлсийг арилгаж, гэмээс болсон айдас санаа зовиурыг ч арилгадаг. Үүгээр зогсохгүй миний дотор буй бүхий гэмт чанарыг үндсээр нь өөрчлөн шинэ бүтээл болгох хүчтэй. Ялангуяа Есүсийн цус бидний мөс чанарыг цэвэрлэдэг.
Гэмээс болж бидний мөс чанар нь доройтон ялзарсан. Зарим хүний мөс чанар нь галаар тамгалагдсан мэт мэдрэмжгүй болсон байдаг.
Харин Есүсийн цус үхсэн мөс чанарыг амьтай, мэдрэмжтэй болгодог. Өөрийн үйлдэж байгаа гэм нь хичнээн аймшигтай, бузар вэ? гэдгийг ухааруулж өгдөг. Гэмээр өвчилж, шархалсан мөс чанараа ариусган цэвэрлэснээр шинэ зүрх сэтгэлтэй хүн болгодог. Доройтон, ялзарсан мөс чанар нь ариун мөс чанар болон шинэчлэгддэг. Тиймээс Есүсийн цусаар зөвтгөгдсөн нь дахиж урьдын гэмийн асуудалд оролцмооргүй болдог. Урьд нь сайхан, гайгүй, байдаг л зүйл гэж үйлдэж байсан гэмийн үйлс нь жигшүүртэй эвгүй санагддаг. Гэмийн хүсэл орж ирвэл удаан зүрхэнд байлгаж чадахгүй бушуухан Есүсийн өмнө үнэнээ хэлэн гэмшинэ. Ариун сүнслэг зүйлсийг улам хайрлах болдог. Бурханы үгийг үргэлж уншмаар, Түүний үггүйгээр амьдарч чадахгүй юм шиг болдог. Хүндэтгэлийн цуглаанд ч гэсэн бүх л зүрх сэтгэл хайраар оролцон Түүнд магтаал, хүндэтгэл, залбирлыг өргөнө. Есүсийн загалмайг харах болгон нүднээс нулимс цийлэгнэнэ. Есүсийг улам хайрлан, Түүнийг мэдэхгүй байгаа хүмүүст таниулахгүй байж чадахгүй болдог. Есүст л үйлчлэн, Түүний төлөө л амьдармаар болдог.
Ийм бүх өөрчлөлт нь Есүсийн цус миний дотор ажилласнаар миний үхсэн мөн чанарыг цэвэршүүлэн шинэчилсэн учраас юм. Түүний цусанд итгэхэд амьдралын гайхамшигтай шинэ түүх бий болдог. Гэмтэй хүн хичнээн бясалгал үйлдэж, маани уншиж буян үйлдээд, мөнгө төлж суварга барисан ч гэмтэй мөн чанараас салж чадахгүй.
Харин эвлэрүүлэл болсон Түүний цусанд итгэвэл бидний доторхи хүн маань шинэ бүтээл болдог. “Тиймээс хэн нэгэн Христийн дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.”(2Кор 5:17)
3. Тэгвэл сайрхал хаана байна? (27-31)
27-р эшлэлийг хамт уншицгаая. “Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм.”
Бидэнд ямар ч сайрхал байхгүй юм. Яагаад гэвэл бид ямар нэг үйлс, гавьяагаар зөвтгөгдсөн бус, харин зөвхөн итгэлээр зөвтгөгдсөн учраас юм. Бидний бахархал нь зөвхөн Есүс ба Түүний загалмайн цус билээ.
31-г үзээрэй Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй. Харин ч бид хуулийг бататгадаг. Учир нь итгэлээр дамжин хуулийн бүх шаардлагыг биелүүлсэн. Есүс ч Матай 5:17-д хуулийг хэрэгсэхгүй болгохоор ирсэн бус харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн гэв. Есүс загалмайн цус ба үхлээр дамжуулан хуулийн бүх шаадлагыг гүйцэтгэсэн. Тиймэээс итгэлээр зөвгөгдсөн хүн ч Есүсийн дотор хуулийн хэрэгжүүлснээр илүү амьдарч чадна.
Дүгнэлт: Бурхан Ааваа гэмийн боолоор амьдарч байсан биднийг Есүсийн цусаар төлөөс төлж цагаатгасанд талархаж байна. Сул дорой бид бүхэн хуулийн үйлсээр аврагдахгүй тул Есүс Христийн загалмайн цусаар дамжуулан төлөөс төлж аварсанд талархаж байна.
Бурханы зөвд түшиглэн Бурхантай зөв харилцаа тогтоож, итгэлийн амьдралаар тууштай алхдаг хүмүүсээр удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.
Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхантай зөв харилцаа тогтоож амьдарцгаая. Амен.

өмнөх нийтлэл2022 оны Ром 7-р хичээл (11.06)
Дараагийн нийтлэл2022 оны Ром 8-р хичээл (11.13)