2022 оны Үйлс 2-р тусгай номлол Ганболд Калеб хн (08.28)

2022 оны Үйлс 2-р тусгай номлол (08.28) Калеб Ганболд хн

 ЯВ, ЗОГСОН АМИЙН БҮХ ҮГИЙГ ЯРИГТУН!

Үйлс 5:12-42

Гол эшлэл 5:20 “Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв”

Өнгөрсөн долоо хоногт бид Есүс үхлээс амилсныхаа дараа шавь нартаа үзэгдэн, 40 хоногийн турш Өөрийн амлилал болоод Бурханы хаанчлалын тухай сурган, Ариун Сүнсний хүчийг хүлээн авах заавар өгч байгаа тухай сурсан. Элч нар Есүсийн үгийг дуулгавартай даган, Иерусалимд үлдэн бусад ах дүүсийн хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулах үед, Пентакостын өдөр тэд Ариун Сүнсээр дүүрч Иудей нутгаар сайн мэдээг тунхаглагдаж, олон гайхамшиг ба тэмдгүүд үйлддэг(Үйлс 3-р бүлэг). Ариун Сүнсээр дүүрсэн Шавь нарын үйлсээр дамжуулан олон хүн Есүст итгэж анхны чуулган Иерусалимд байгуулагдсан. Үйлс 5-р бүлгийн эхний хэсгийг харвал Анхны чуулганд анх дотоод асуудал болох Ананиа Сафир нарын асуудал гарч ирсэн бөгөөд Элч Петрын хатуу шийдвэрээр дамжуулан чуулганд муу хөрөнгө орж ирэхээс хамгаалдаг. Харин өнөөдрийн хэсэгт бол Ариун Сүнсний ажил хүчтэй явагдаж буй чуулганд гадаад сорилттой тулж байгаа тухай гарч байна. Элч нар гадна, дотор ямарч асуудалтай тулгарсан ухарч, няцалгүй, харин Ариун Сүнсний дуу хоолойг дуулгавартай дагаж, амийн бүх үгийг идэвхтэй ярьснаар бүх асуудлуудыг даван гардаг. Энэ цагт бид ч гэсэн анхны чуулганы элч нараас суралцаж сорилт, зовлон, асуудлуудын дунд ч Ариун Сүнсний удирдлага ба үгийг сонсон дуулгавартай дагаснаар анхны чуулган шиг ялалттай, өсөлтөөр дүүрэн болж чадахыг хүсэн гуйж байна. 1. Зогсолтгүй үгийг тунхагласан элч нар (12-26) 12-р эшлэлийг үзээрэй “Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа” гэж байна. Элч нарын гараар олон тэмдэг болоод гайхамшиг үйлдэгдэж байсан. Ялангуяа Петрийг ирэхэд түүний сүүдэр нь хэн нэгэн дэр тусахад өвчтэй хүмүүс эдгэж байсан. Тиймээс гудманд Петрийг явах үед сүүдрийг нь дээр тусгах гэж өвчтэй хүмүүсийг зам дагуу, дамнуурга болон дэвсгэртэй нь эгнүүлэн тавьдаг байсан. Тэгвэл элч нарын ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэж буй нууц нь юу вэ? 12б-г дахин харвал “Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй цугладаг байлаа” гэж байна. Үйлс номыг сайн харвал “санаа нэгтэй” гэдэг үг олон удаа давтагдаж гардаг. Өмнөх номлолын 1:12-р эшлэлийг харвал “Тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа” хэмээн гардаг. Эндээс харвал шавь нарын гараар тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байгаа нууц нь санаа нэгтэй, нэг санаагаар, нэг зүрх сэтгэлээр хамтдаа залбирдаг байсны үр дүн гэдгийг мэдэж болно. Үйлс 4:30-р эшлэлээс үзвэл “Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач” хэмээн залбирдаг байсан. Элч нар хамтдаа нэг санаагаар Есүсийн нэрээр залбирах үед эдгээх гайхамшгийг үйлдээч хэмээн санаа нэгтэй залбирдаг байсан. Тиймээс элч нар нэг санаагаар хамтдаа залбиралд нэгдэх үед өвчтэй нь эдгэж, бузар сүнсэнд баригдсан нь чөлөөлөгдөж байсан. Өнөөдөр бид ч бас өвчтэй ахан дүүсийнхээ төлөө, гэмийн хүсэл, ба шуналд боолчлогдож буй оюутан залуус, хоньдын нэрийг дуудаад нэг санаагаар байнга залбирах үед, өвчтэйг нэгэн нь эдгэж, хүлээстэй нэгэн нь чөлөөлөгдөх болно. Чуулганаараа нэг санаагаар залбиралд өөрсдийгөө зориулснаар Бурханы олон тэмдэг болог гайхамшгийг үйлддэг чуулган болохыг хүсэн гуйж байна.
Ариун Сүнсний ажил ийнхүү элч нарыг гараар дамжуулан хүчтэй өрнөх үед, сатан атаархалд автсан шашны удирдагч нараар дамжуулан, чуулганыг хавчиж эхэлсэн. Атаархалд авсан тэргүүн тахилч ба садукайн бүлэглэлийнхэн хамтдаа элч нарыг эсэргүүцэн босож, тэднийг баривчлан нийтийн шоронд хорьсон(17,18). Тэгээд тэд маргааш нь зөвлөлийн өмнө элч нарыг зосгоон шийтгэхийг хүссэн. Бүх элч нар баригдсанаар Анхны чуулган хүнд сорилтод орсон. Гэвч энэ үед Эзэний тэнгэр элч нар тэдэнд хэрхэн тусалсан бэ? 19-р эшлэлийг үзээрэй “Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь” гэж байна. Бурхан өөрийн элч нартай хамт байсан. Бурханы хувьд шоронгийн хаалгыг онгойлгож, өөрийн хүмүүсээ чөлөөлөх нь амархан байсан байх. Тэнгэр элч нар шоронгийн хаалгыг хэрхэн онгойлгосныг нарийн мэдэхгүй. Ямар ч байсан шоронгийн хаалгыг төвөггүйхэн онгойлгон, элч нарыг сулалсан. Эндээс бид Эзэний тэнгэр элч нар Бурханы хүслийг биелүүлж буй хүмүүстэй хамт байж, хамтран зүтгэж, тэдэнд тусалдаг гэдгийг сурч болно. Энэ цагт Эзэний ариун тэнгэр элч нар Монголын оюутнуудын авралын төлөө бидэнтэй хамтран зүтгэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл элч нарыг шоронгоос чөлөөлсний дараа тэдэнд юу гэж хэлсэн бэ? 20-р эшлэлийг үзээрэй. Хамтдаа уншъя “Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв.” Тэнгэр элч шавь нарт “Одоо та нар чөлөөтэй, Хурдан зугт, нуугдаарай” хэмээн хэлээгүй. Мөн хавчлагыг багасгах юм уу дайснуудыг нь устгах ажил хийж өгөөгүй. Бас үгийг ярих таатай сайхан нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөгүй. Харин ч өөрсдийг нь хавчдаг, эсэргүүцдэг шашны удирдагч нар байдаг сүмд уруу явж очоод, дотор нь зогсон амийн бүх үгийг яригтун гэж хэлсэн. Энэ л үгнээс бид Бурханы зүрх сэтгэлийг сурч болно. Бурхан амийн үгийг дамжуулах гэвэл ямар ч золиос гаргахад бэлэн байдаг билээ. Бурхан анх өөрийн цор ганц Хүү Есүсийг гэмтэй биднийг аврахын тулд энэ дэлхий уруу илгээсэн. Мөн Есүсийн загалмайн аймшигтай зовлон ба үхэл, Түүний золиосоор дамжуулан гэмтэй биднийг аврагдах боломж өгсөн. Одоо ч Бурхан элч нарын амь насыг эрсдэлд оруулан байж, сүм уруу илгээж байна. Бурхан Есүсээс золиосыг шаардсан шиг, одоо элч нараас шаардаж байна. Бурханы үйлчлэгчид энэ л сэтгэлийг маш сайн мэдэх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн бид нэг сүнсийг аврах гэвэл заавал золиос, зориулалт шаарддаг. Фишин хийх цаг зав, хоол авч өгөх санхүү мөнгө, анхаарал халамж, зүрх сэтгэл, хичээнгүй залбирал гэх мэт. Хэрэв бид нэг хүнд ийнхүү золиос гарган үйлчилж байна гэдэг нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу үйлдэж байна гэсэн үг. Бурхан ийнхүү үйлдэж буй нэгнийг харахдаа маш их баярладаг. Манай чуулганд энэ мэт зүрх сэтгэлтэй олон хоньчдыг зөвшөөрч өгсөнд талархаж байна. Нэг сүнсний авралын төлөө Бурханы надаас хүсэж буй золиосыг гарган амьдарцгаая.
20-р эшлэлийг дахин үзээрэй “яв, сүм дотор зогсон, амийн бүх үгийг яригтун” гэсэн нь бодитоор бидний хувьд яахыг хэлж байна вэ? 1-рт Монголын их дээд сургуулиуд уруу явж, кампус дээр зогс гэсэн үг. 2-рт амийн бүх үгийг ярих буюу сайн мэдээг яриарай гэсэн үг. Амийн үг буюу сайн мэдээг тараах үед үхмэл сүнснүүд амь орж, гэм ба шийтгэлээс аврагдан мөнх амийг өгдөг чухал ажил. Учир нь гэвэл сайн мэдээг дамжуулахад үхмэл сүнснүүди амь аврагдаж, гэмийн хүлээснээс чөлөөлөгдөж, мөнхийн амийг авдаг. Гэвч сатан энэ л амийн үгийг тунхаглахыг зогсоохын тулд янз бүрийн аргаар ажилдаг. Тиймээс Сатан атаархалд автсан шашины удирдагч нараар дамжуулан амийн үгийг тунхаглаж буй элч нарыг яриулахгүйн тулд шоронд хорьсон. Сатан өнөөдөр ч гэсэн амийн үгийг тунхаглаж буй хүмүүс ба чуулганыг зогсоох, амийн үгийг тунхаглуулахгүй байх, амийн үгийг таслах ажлыг янз бүрийн аргаар дамжуулан ажилдаг. Тиймээс бид амийн үгийг тунхаглахад, сурахад саад болж байгаа Сатаны заль мэх, арга зэргийг ялгаж салгах хэрэгтэй. 1:1-ны библийн хичэээл хийхэд, бүтэнсайн өдрийн цуглаанд ирэхэд, Өглөөний гуйлт авахад, библи унших, сэтгэгдэл бичих зэрэг цагт юу саад болж байгааг бодож үзээрэй. Бурхан манай чуулганыг амийн үг буюу сайн мэдээг үргэлж тунхагладаг, энэ газар амь аврагдаж, үхмэл сүнснүүд гэм ба шийтгэлээс чөлөөлөгддөг чуулганаар үргэлжлүүлэн хэрэглэж өгөхийг хүсэн гуйж байна. Тиймээс бид ямар ч сорилт, зовлон ба нөхцөл байдлын дунд амийн үгийг тунхагладаг 1:1-н библийн хичээл хийх, фишин хийх, оюутнуудыг цуглаанд урихаа зогсоож болохгүй. Энэ үеийн нөхцөл байдлыг хараад, янз бүрийн шалтаг хэлээд суулгүй, их дээд сургууль уруу явж, элч нартай адил оюутан залууст амийн үг буюу Есүсийг тухай ярьцгаая хэмээн уриалж байна. Тэнгэр элчийн үгэнд, шавь нар хэрхэн хандсан бэ? 21а-г үзээрэй “Үүнийг сонсоод тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв” гэж байна. Элч нар тэнгэр элчийн үгийг сонсоод хойшлуулаагүй, дариу дуулгавартай дагасан. Тэд өглөө эрт сүмийн хаалга нээгдэх үед, амийн үгийг ард олонд ярьж эхэлсэн. Элч нараар дамжуулан амийн үг тунхаглагдаж, үхэж буй олон сүнснүүд шинэ амийг олсон байхаа. Өнөөдөр бид ч гэсэн Ариун Сүнсний надад сануулж буй үг ба дуу хоолойг сонсох үедээ хойшуулалгүй, шавь нартай адил дариу дуулгавартай дагах хэрэгтэй. Тэгвэл бид Бурханы ивээлийг амсах болно. Манай гэр бүл эрэгтэй хоньчид 1 дэхь өдөр библийн хичээлээр дамжуулан, их сургууль уруу явж, амийн үгийг яригтун гэсэн Ариун Сүнсний үгийг сонсон. Тэгээд дариу энэ 5 дахь өдрөөс эхлэн хэсэг хугацаанд их сургууль уруу явж, залбирлын цаг болоод 1:1-ны библийн хичээлд оюутнуудыг урих шийдвэр гаргасан. Бүгд ажилтай, гэр бүлтэй, завгүй ч хойшлуулалгүй үйлдэж эхэлсэн. Бурхан хоньчдын энэ л шийдвэрийг ерөөж, нэг оюутан, нэг сүнснийг аврах ажилд хэрэглэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Амен. Би баянхонгор СМ-н аялалаар Есүст итгээд 3-н жил болж байгаа Ганбаатар гээд ахлагчтай шавийн 10-н хичээл хийсэн. Тэрээр 4-н хүүхэдтэй, Баянхонгортоо нэр хүндтэй, фитнесээр чамгүй ажил гаргасан багшийн нэг бөгөөд бие хаа сайтай нэгэн. Тэрээр Есүс дээр ирэхээс өмнө нэгэн өдөр 3-н хүнийг зодож, хүнд бэртэл учруулсан хэргээр өндөр торгуул, мөн хэцүү нэртэй газар уруу явах шүүхийн шийдвэр сонссон. Түүнийг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байх үед өөрийг нь хүрээлж байсан бүх хүн түүнээс нүүрээ буруулсан гэсэн. Гэвч нэг л хүн өөр уруу нь харсан бөгөөд тэр нь Есүс байсан хэмээн гэрчилсэн. Түүнийг хэргээсээ болж яахаа мэдэхгүй шаналж, хэцүү байдалтай гэрийнхээ хашаанд зогсож байх үед нэгэн эмээ, өвөө хоёр өөрийг нь холоос ширтээд машиндаа суугаад өөрийг нь хараад юм яриад байсан гэнэ. Тэгээд гайхаад учирыг нь асуухаар очиход, “Бурхан танд хайртай шүү” гэж хэлээд анх удаа Есүсийн сайн мэдээг сонссон гэсэн. Түүний зүрхэнд “Бурхан танд хайртай ” гэх үг хүрч, цуглаанд явах хүсэл төрсөн бөгөөд, Тэр үеэс хойш Есүсийн тухай сурч, Бурханы хайрыг гүн гүнзгий мэдэрсэн. Бурханы онцгой ивээлээр хэрэг нь ч хамгийн сайнаар шийдвэрлэгдсэн. Тэрээр надад ийнхүү хэлсэн “Төмөр өргөхөөс илүү, Бурханыг даган амьдрах нь илүү үнэ цэнтэй, амар тайван, баяр хөөртэй амьдрал байна хэмээн гэрчилсэн. Бүгдээрээ эмээ өвөө хоёр шиг сэтгэл сүнсээр зовж шаналж буюу оюутан залуу дээр олж очоод амийн үгийг гэрчилцгээе, хэмээн уриалж байна. 1. Хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой(21б-24). 21б-26-р эшлэлийг үзээрэй. Элч нар сүмд очоод амийн үгийг тунхагласнаас хойш хэдэн цагийн дараа, тэргүүн тахилч хамт байгсадтайгаа ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүсийг илгээсэн(21). Тэд аль болох олон эрх мэдэлтэй, өндөр байр сууртай хүмүүсийн өмнө элч нарыг буруутгахыг хүссэн. Гэвч элч нарыг дуудуулах үед тэд шоронд байгаагүй. Энэ нь сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар ичмээр зүйл байсан байх. Гэтэл энэ үед хэн нэгэн ирж, элч нарыг сүмийн хашаанд зогсоод ард олонд сургаал зааж байна хэмээн хэлсэн(25). Энэ л зүйлээс шашны удирдагч нар сэргийлээхийг хүсэж байсан. Энэ л үйл явдлаар дамжуулан шашны удирдагч нарт Бурхан аливаа зүйлсийг удирдаж, элч нарын дээр амьд Бурхан байна гэдгийг харуулахыг хүссэн. Үүнээс болж сүмийн харуулын дарга бараа бологсдынхоо хамт сүмийн хашаанд орж, тэднийг Зөвлөлийн өмнө хүчлэхгүйгээр авчирсан. Ард түмэн Есүсийг сайн хоньчин байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн шиг, элч нарыг ч бас Бурханы жинхэнэ үйлчлэгч нар байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас хүч хэрэглэж чадаагүй. Тэгээд тэргүүн тахилч элч нарт ийнхүү хэлсэн. “Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.” (28) Тэргүүн тахилчийн үгнээс харвал элч нар Иерусалим даяр сайн мэдээг тараахын тулд хичээнгүй, зоригтой ажилсан гэдгийг харж болно. Магадгүй тэргүүн тахилчийн үг элч нарыг амь насанд аюул, заналхийллээр дүүрэн үг байсан. Харин элч нар түүнд хэрхэн хариулсан бэ? 29-р эшлэлийг үзээрэй бүгдээрээ хамтдаа уншъя “Харин Петр болон элч нар тэдэнд—Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой.” гэв. Элч нар шоронгоос суллагдах үед, Эзэний тэнгэр элч тэднийг явж, сүм дотор зогсон амийн үгийг ярь хэмээн хэлсэн. Петр болон элч нар Бурханы үгийг зүгээр л дуулгавартай дагасан. Петр болон элч нар хүнээс илүүгээр Бурханд дуулгавартай байх ёстой гэдгээ зоригтой гэрчилсэн. Уг нь Петр шашны удирдагч нар үзэн ядалт хорслоор дүүрэн бөгөөд юу ч хийхээс буцахгүй байдалтай байгааг маш сайн мэдэж байсан. Гэвч тэр тэднээс айгаагүй. Тэрээр өөрийн амийг эрсдэлд оруулан байж, Бурханыг дуулгавартай дагахад бэлэн байгаагаа хэлсэн. Зөвхөн Петр ч төдийгүй бүх элч нар амь насаа эрсдэлд оруулан байж, Бурханыг дуулгавартай дагахад бэлэн байсан. Тэгвэл яагаад тэд ийм зоригтой байна вэ? Тэд яаж ийнхүү хэлж чадсан бэ? 30-32-р эшлэлийг үзээрэй “Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ. Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. Эдгээрийн гэрч нь бид төдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы өгсөн Ариун Сүнс юм” гэв. Шашны удирдагч нарын хийж чадах хамгийн муу зүйл нь элч нарын амийг хөнөөх байсан. Гэвч Бурхан үхэгсдийг амилуулж чадна гэдэгт Есүсийн үхэл ба амилалтаар дамжуулан Элч нар бат итгэлтэй болсон. Элч нарын зүрхэнд ийм л баталгаа байсан учраас тэд айдасгүй байсан. Тэнгэр элч шавь нарыг шоронгоос гаргасан үйл явдлаар дамжуулан, тэдний зүрх сэтгэл улам илүү шатах болсон. Тиймээс тэдний зүрх сэтгэлд байлдан дагуулах, ялалтын мэдрэмжээр дүүрэн байсан. Өнөөдөр бид ч гэсэн Амийн үг болсон библийн үг ба зарлигд үндэслэсэн амилалтын бат итгэлтэй болох хэрэгтэй. Тэгвэл бид шавь нар шиг айдасгүйгээр хүнээс илүүгээр Бурханд дуулгавартай байж чадна. Өдөр бүр Ариун Сүнсний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаснаар бат итгэлийг сурч, ямар ч үед Бурханд дуулгавартай элч нар шиг хүмүүсээр өсөж чадна. 33-40-р эшлэлийг үзээрэй Шашны удирдагчид элч нарын зоригтой, айхгүй байгааг хараад ихэд уурлан хилэгнэж, тэднийг алахыг завдсан. Элч нарын амь насанд бодитоор аюул учирсан. Гэвч энэ үед Бурхан зөвлөлийн гишүүн Гамалелий мэргэн зөвлөгөөний үгээр дамжуулан элч нарын амийг хамгаалсан(34-39). Гамалелийн зөвлөгөөг хүлээн авсан шашны удирдагчид элч нарыг шүүхээ зогсоосон. Тэгээд элч нарыг дуудан авчирч, ташуурдсан. Энд гарч буй ташуур нь Есүсийн ташуурддаг хүний биеийн арьсыг урдаг, аймшигтай ташуураар 39-н удаа ташуурдуулсан. Үүний дараа элч нарыг Есүсийн нэрээр дахиж ярихгүй байхыг хатуу сануулаад сулласан. Ташуурдуулан, сануулга авсан элч нарын хандлага ямар байсан бэ? 41-р эшлэлийг үзээрэй “Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.” Элч нар ташуурдуулан, зовлон амссандаа огтхон ч гуниглан шантарсангүй. Харин ч зөвийн төлөө хавчигдаж, Христийн төлөө зовлонд оролцож байгаадаа баярласан. Матай 5:11,12-д ийнхүү хэлсэн “Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.” магадгүй энэ л үгийг санасан байхаа. 42-р эшлэлийг үзээрэй “Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.” гэв. Энэ л үгнээс харвал элч нар өдөр бүрийг Есүсийн сайн мэдээг дамжуулах үнэ цэнтэй боломж болгон ашигласан. Тэд өдөр бүр сүм зоригтойгоор очоод, үргэлжлүүлэн амийн үгийг ярьсан. Мөн тэд айлаас айлд очоод ярьсан. Эндээс бид элч нарт тулгарсан хавчлага ба сорилт нь амийн үгийг ярихад саад болж чадаагүй гэдгийг мэдэж болно. Харин ч хавчлага ба зовлон нь улам бүр асаж буй галыг дүрэлзүүлсэн. Христийн сайн мэдээ Иерусалим болон ойр орчмын хотуудад хурдацтай тархах болсон. Өнөөдөр бид ч бас өдөр бүрийг сайн мэдээ дамжуулах боломж хэмээн харж чадах бүхнээ хийх ёстой гэдгийг сурч болно. Бидний ихэнх нь ажилчин хоньчид. Мэдээж бид ажлаа шаргуу, хичээнгүй хийх нь чухал. Гэсэн ч бид өдөр бүр нэг хүнийг Есүсийг таньж мэдүүлэхийн төлөө, Эзэн Христийн төлөө ямар нэгэн зүйл хийх нь бүр ч илүү чухал. Хэрэв хүн өдөр бүр нэг хүнд Есүсийн сайн мэдээг ярина гэвэл амьдралынхаа турш 20,000 гаруй хүнд сайн мэдээг тарааж чадна гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид өдөр бүр сайн мэдээг бусдад тараах, 1:1-ны библийн хичээлд оюутнуудыг урих зэргийг хэзээ ч зогсоож болохгүй. Бүгдээрээ их дээд сургууль дээр очоод, амийн үгийг ярьцгаая хэмээн уриалж байна. Удахгүй 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Бурханы өнөөдөр хэлж буй “ЯВ, ЗОГСОН АМИЙН ҮГИЙГ ЯРИГТУН” гэсэн Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хадгалан, өдөр бүр дуулгавартай дагаснаар нэг ч гэсэн сүнсийг аврах ажилд бидний хүн нэг бүр хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. АМЕН.

өмнөх нийтлэл2022 оны Үйлс 1-р тусгай номлол Галаа Петр хн (08.21)
Дараагийн нийтлэл2022 оны Үйлс 3-р тусгай номлол (09.04) Эбэ Матай хн