Бос, нядлаад ид
Үйлс 10:1-48
Гол эшлэл 10:13
“13 Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд—Петр ээ! Бос, нядлаад ид гэв.”
Үйлс 1:8 үзвэл Есүс нас барахын өмнө бүх дагалдагч нартаа Ариун сүнс та нар дээр ирэх үед та нар газрын хязгаар хүртэл явж миний гэрчлэгч болоорой хэмээн үүрэг өгсөн байдаг. Пэнтекостын өдрийн үеэр ариун сүнсийг авсан шавь нар нь Есүстэй адил эрх мэдэл, хүчийг дүүрэн авсан ч дэлхийн хязгаар хүртэл гэрч болох ажлыг хийлгүйгээр Иудейн нутаг дэвсгэр орчмоор л сайнмэдээг тунхаглаж байсан. Нэг үгээр хэлбэл дотроо холхиж, доороо эргэлдэж байсан гэж хэлж болно. Бурхан Саулыг босгон байгуулж ажлаа хийлгүүлэх гэж байгааг бид 9-р бүлгээс харж болно. Харин өнөөдрийн бидний сурч буй Петрийн хувьд ямар ч төлөвлөгөө болон дэлхийн хязгаар хүртэл явах алсын хараа түүнд байхгүй байсан. Түүний оюун санаанд нь хуулийг сахих ёс болон зөвхөн иудей гэсэн иудейзмд баригдаж сайн мэдээг тэлж чадахгүй байсан юм. Тийм учраас Бурхан үзэгдэл үзүүлж дээрээс нь Корнел гэгч харь үндэстэнд сайн мэдээг дамжуулснаараа түүнийг дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглагч болгохоор сонгон дуудаж байгааг бид өнөөдрийн зарлигаар суралцана. Бурхан Петрээр дамжуулан хууль болон хэт ёсонд баригдсан Иерусалим сүмийг хүртэл дахин шинэчлэхийг хүссэн. Нэг хүн Петрээр дамжуулан Иерусалим сүмээс газрын хязгаар хүртэл гэрчлэх олон гэрч нарыг босгож түүхийг бүтээсэн гэдгийг харж болно. Иерусалимаас эхэлсэн сайн мэдээний ажил нь Иудей үндэстэн гэсэн хил хязгаарыг давж, бүх дэлхий уруу тэлэн урагшлах үүд хаалгыг нээсэн юм. Өнөөдрийн үгээр дамжуулан Петр болон Иудейчүүд шиг хүмүүсийг ялгаварлан үздэг давчуу үзэл бодлоос чөлөөлөгдөн ямар ч үндэстэн, ямар ч шавийг, ямар ч хүнийг хайрлан үйлчилж босгон байгуулдаг Есүсийн хайрын хоньчны сэтгэлээр дүүрэн хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1. Петрт үзэгдлийг харуулсан Бурхан(10:1-10:16)
10:1,2-р эшлэлийг үзээрэй. “Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр Италийнхан хэмээх ангийн зуутын дарга ажээ. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ.”
Корнел гэгч нэгэн байсан бөгөөд Италийнхан хэмээх ангийн зуутын дарга, тухайн үедээ бүх дэлхийг байлдан дагуулж байсан Ромын цэргийн жанжин төдийгүй, колони улс доторх эрх мэдэл нь маш хүчтэй нэгэн байсан. Ромын цэргүүдийн ихэнх нь хайр найргүй байдал, хатуу харгис зан авир, садар самуун амьдрал ба худал гүтгэлгэд шунаж колони ард иргэдийг зовоодог байсан. Харин Корнелийн хувьд өөр нэгэн байсныг 2-р эшлэлээс харж болно. Тэрээр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Энд сүсэг бишрэлтэй гэсэн нь Бурханаас эмээн хүндэлдэг хүнийг хэлж байна. Тэрээр өөрөөрөө зогсохгүй, гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, хуулийг сахин мөрдөж, Бурханд үйлчилдэг байлаа. Түүний Бурханд хандсан хайр нь хөршүүдээ хайрлах хайраар илэрхийлэгдэн колони ядуу хүмүүст туслан их өглөг өгдөг байв, Тэрээ Бурханы өмнө эмээн хүндэтгэх сэтгэлээр Бурханыг хайрлан байнга, залбирдаг нэгэн байв. Түүний амьдралыг нэг үгээр хэлбэл Бурханыг эмээн хүндэлдэг, хүмүүсийг хайрладаг амьдрал байв. Корнел хэдийгээр ийм байсан боловч, Есүс Христийн тухай сайн мэдээг хараахан мэдээгүй байв. Ийм түүнийг Бурхан орхилгүйгээр түүнийг аврахыг хүссэн юм.
10:3-5 эшлэлийг үзээрэй. ”Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж
Корнел гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж – Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд – Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул”. Нэгэн өдөр Корнел урьдын адил залбиралд өөрийгөө зориулах үед Эзний тэнгэрэлч Корнелийг хайж ирэв. Өнгөрсөн хугацаанд Корнелийн хийсэн өглөг болон түүний залбирал Бурханд дурсгагдан таалагдсаныг түүнд дамжуулан хэлсэн. Үргэлжлүүлэн хүмүүс явуулж Петр хэмээх Симоныг авчруул хэмээн хэлсэн. Тэнгэрэлчийн үгийг сонссон Корнел дуулгавартай даган хоёр хүнийг мөн сүсэг бишрэлтэй цэргийг сонгон Петр руу явуулав. Корнелд үзэгдлээр үгийг өгсөн Бурхан Петрт бас адилхан үзэгдлээр түүний хийх ёстой зүйлийг сануулан хэлж байна.
Одоо 10:9-12 эшлэлийг үзээрэй. “Маргааш нь зургаадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ”.
Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Цаг нь 6-р цагийн орчим буюу өдрийн 12 цаг болж байв. Петр нарны халуунд өөрөө ч мэдэлгүй хэт хөөрөлд автагдав. 11-р зүйл дээр гарсан шиг үзэгдэл үзэв. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг харав. Дотор нь цэвэр амьтдаас гадна Мосегийн хуульд цээрлэсэн, бузар гэх тодотголтой дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд дүүрэн байлаа. Бузар амьтдын тоонд гахай, тэмээ, туулай, махан идэшт шувууд, цахлай, тэмээн хяруул, царцаа, дэвхрэг гээд л олон амьтдыг оруулсныг Леви 11 бүлгээс харж болно. Петр бүтээлэг дотор байгаа зүйлсийг сонирхон харсан. Петр тэдгээрийг харангуут л дургүй нь хүрч, дотор муухай оргисон. Хүн ер нь ямар нэгэн дургүй зүйлээ юмуу сэтгэл сэрдхийм, эсвэл муухай дүр төрхтэй, эсвэл үнэр танар болсон зүйлийг харвал өөрийн эрхгүй дотроосоо жигшин зэвүүцэж, хүлээн авах боломжгүй байдлаар бөөлжих, огих, орилох, чарлах, давчдах, бухимдах зэрэг үйлдэл гаргадаг. Цаашлаад зугтах, холдох үйлдэл хийдэг. Петр мөн л хараад нэг алхам хойшлон өө юу вэ гээд л хойшилсон. Яг тэр үед нэгэн дуу түүнд сонсогдсон.
Бүгдээрээ 13-р эшлэлийг хамт уншицгаая. “Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд – Петр ээ! Бос, нядлаад ид гэв”. Бүтээлэг доторхыг харан эгдүүцэж байсан түүнд нэмээд бүүр нядлаад ид гэж хэлсэн. Петрийн байр сууринаас энэ нь байж боломгүй үг болон тушаал байлаа. Үргэлжлүүлээд 14-р эшлэлийг харвал “Харин Петр – Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ”. Петр эрс хатуу татгалзав. Петр хичнээн өлсөж байсан ч тэдгээрийг идэж чадахгүй гэж хэллээ. Мосегийн хууль болон өөрийн саяхныг хүртэл хийж гүйцэтгэж ирсэн үзэл бодол, итгэл үнэмшлээ бүгдийг хаян, идэх боломжгүй байлаа. Есүстэй уулзахаас өмнө түүний амьдрал ийм л байсан. Харин одоо тэр бол Есүстэй уулзсан нэгэн юм. Ийм тэр одоо болтол өөрийнхөө хуучин үзэл бодол, мөн чанар, иудейзм, ялгаварлан гадуурхал, хүний санаа бодлоосоо салаагүй байгааг эндээс харж болно. Есүс ирсэн учраас түүний амьдралын хэв маяг, түүний амьдрал тэр аяараа өөрчлөгдөх ёстой юм. Тэрээр хуулийг биш, иудейзмийг дагаж амьдрах биш Есүсийн загалмайн ивээл ба итгэлээр амьдрах хэрэгтэй юм. Ялангуяа Есүсийг хүлээн авсан хүний хувьд загалмайн уучлалын ивээлийг өмссөн Петр нь иудей хүмүүсээс өөр ялгаатай байх ёстой. Петрийн байдал ийм байсан учраас хоёр дахь удаагаа дахин түүнд Бурхан үгээ дамжуулсан.
Бүгдээрээ 15-р эшлэлийг хамт уншицгаая. “Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд – Бурханы цэвэр болгосон юуг ч, бузар гэж бүү нэрлэ гэв”. Бурхан бүтээлэг доторхи бүх зүйлийг цэвэр болгосон хэмээн тунхагласан. Библийн үгийг харвал бузар бохир амьтан гэж байхгүй гэдгийг харж болно. Петрт хонь, үхрийг бид нар бузар гэж хардаггүй иддэг шиг гахай, гүрвэл, сарсан багваахайг ч бас идэж болох юм. Яагаад гэвэл Бурхан цэвэр болгосон учирт юм. Орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан цэвэр болгосон бол өмнө нь ямар ч бузар бохир байсан бүх зүйл цэвэр болох юм. Петрийн хувьд одоо бохир, бузар гэх амьтан байхгүй болсон. Эзний үгийг даган нядлаад идэхэд л болох юм.
Эзний энэ үгийг харвал Есүсийн загалмайн золиослолын цусаар бүх хүмүүс цэвэр болсон гэдгийг тунхаглаж байгаа эзний үг юм. Петрээс болон Иудейчүүд нь зөвхөн Иудей хүн л ариун бусад хүмүүсийг бохир зааван гахай нохой мэтээр бодож байсан. Харин загалмайн золиосоор энэ бүх зүйл өөрчлөгдөн бүх зүйл цэвэр болсон гэдгийг дахин дахин тунхаглан хэлж байна. Есүс Иудей болон харь үндэстнүүд Христ дотор нэг болохын төлөө өөрийгөө загалмайд өргөсөн бөгөөд Есүсийн дагалдагч болох Петрийн хувьд үүнийг заавал мэдэх ёстой байсан.
Тэгвэл энэ үзэгдлийн утга учир нь юу байсан бэ? Том бүтээлгийн дөрвөн өнцөг нь газар дахь дөрвөн зүгийг зааж байгаа бөгөөд Христийн сайн мэдээ нь Иерусалим болон Иудей, Самариар зогсохгүй бөгөөд бүх хүн төрөлхтөнд хүрэх хэрэгтэй ёстой гэдгийг хэлж байгаа юм. Бүтээлэг доторхи бүх төрлийн амьтад нь Иудей төдийгүй бүх хүн төрөлхтнийг ялангуяа хуульд цээрэлсэн бузар амьтад нь харь үндэстнүүдийг билэгдэж байгаа юм. Элч Паул болон Этиопийн амбан захирагч нар ч гэсэн энэ цаг үед эзний үгийг хүлээн авснаараа харь үндэстэн дэхь сайн мэдээний ажил эхэлснийг мэдэж болно. Петрийн хувьд аль аль талаасаа бэлтгэгдээгүй байсан ч Бурхан нөхцөл байдлыг харалгүйгээр зөвхөн итгэлээр тэмцэхийг тушаан энэхүү зарлигийг түүнд өгч байна. Босоод нядлаад ид гэснээр түүнийг идэвхтэйгээр сайн мэдээг тунхаглаж харь үндэстнүүдийг эзэн уруу ирүүлэх ажилд хэрэглэхийг хүсч байна.
Иудей хүн болох Петрт багаасаа сурсан Иудейзм нь түүнийг харь үндэстэнд сайн мэдээг тунхаглахад саад болж байлаа. Бусдыг ариун Бурханы хүн биш Бурханаар сонгогдоогүй, Бурханы тухай ямар ч мэдлэггүй, хууль тогтоол ч байхгүй, ёс суртахууны хувьд ч ялзарсан, хэмээн бодож харь үндэстнийг хуульд цээрлэсэн гахай, нохой шиг бузар амьтан хэмээн тооцдог байлаа. Харин Бурхан ийм түүнд гурвын гурван удаа Бос, Нядлаад ид. Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэж тушааснаар түүний иудейзмийг, түүний давчуу бодол зүрх сэтгэлийг хагалахыг хүссэн юм. Түүний байгаа иерусалим сүмд харь үндэстэн хүртэл хамрагдан хайрын нэгдэл болоосой гэж хүссэн юм. Яагаад гэвэл Христийн загалмайн үхлээр энэ газарт Христийн хайр, христийн нэгдэл, христийн гэр бүл бүрэлдэн тогтсон билээ. Христ төвтэй түүний түүний цусаар ариун болсон итгэгчид христийн биеий бүрдүүлж хамтдаа амь ба эрх чөлөө мөнх амь ба авралыг авсан мөнхийн улсыг энэ дэлхийд байгуулан амьдрах юм. Энэ дэлхийн бузар бохир гэгдэх хүн бүр Христийн цусаар гэмээ угааж гэмшин ариун итгэгч , Христийн биеийг бүрдүүлэхийн төлөө тэднийг бид нядлаад идэх хэрэгтэй юм. Жаахан хэрцгий сонсогдож байгаа ч цаад утга нь тэдэнд Христийн хайрыг, Христийн үнэнийг сайн мэдээг дамжуулна гэсэн утгатай юм.
Өнөөдөр зүгээр нэг харь үндэстэн гэдгээр зогсохгүй тэд гэмтэй уучлал аврал авах хэрэгтэй гэдгийг мэдэн тэднийг барьж авах хэрэгтэй юм. Бүх хүмүүс зөвхөн Христийн загалмайн золиослолоор дамжигдан ариусгалыг авах болсон. Хар, цагаан, шар, улаан бүхий л хүмүүс энэ загалмайгаар дамжигдан ариун болсон билээ. Монгол, Орос, Хятад, Солонгос, Америк, Англи хүн хэн ч бай Есүсийн загалмайгаар дамжигдан цэвэр болсон билээ. Иерусалим сүмийн Петр өөрчлөгдөж байж сайн мэдээ тэлэх учраас Бурхан Петрийг өөрчлөхийг хүссэн юм. Энэ цагт Бурхан бидэн уруу бас хандан хэлж байна. Бос нядлаад ид хэмээн бидэнд тушааж байна. Бурхан өөрийн агуу хүсэл найдвар, төлөвлөгөө ба таалал дотор биднийг хэрэглэхийг хүсдэг. Эрдэнэбат хоньчоон, Сарнай хоньчоон, Эрдэнэбулган хоньчоон танд яг одоо ямар иудейзм байна вэ? гаргаж ирээд гэмшиж их дээд сургуулийн оюутнуудад бардам их зантай шинэ үеийнхэнд Бурханы үгийг дамжуулаарай хэмээн хэлж байна. Одоо энд байгаа хүн бүр бодож үзээрэй. Надад иудейзм мэт намайг боож багласан хаашаа ч хөдөлгөхгүй хорьж буй ямар асуудал байгааг олж илрүүлэхийг хүсч байна. Би завгүй, би мөнгөгүй, би ухаан муутай, би энэнтэй харьцахгүй, би цуглаан дотроо л сайн хийхэд болно, би гэр бүлдээ л дамжуулахад болно, би биш өөр нэгэн хийх байх гээд өөрийн бий болгосон олон онол, бодлууд бидний дотор байраа эзлэн биднийг удирддаг. Залуучуудыг гаднаас нь харан жаахан даруу хүмүүсийг нь сонгож уулзаж пийшэн хийдэг. Хаана ч гэсэн тунхаглан амьдрах ёстойгоо мартан дэлхийн хүн мэт гэм үйлдэн амьдардаг. Ямар ч үед нядлаад идэх ёстой байтал өөрөө нядлуулан гэмийн нөлөөнд орон амьдардаг. Энэ цагт Бурхан дахин дахин бидэнд хэлж байна. Өөрийхөө нэрийг оруулаад хэлцгээе. ,,,,,,,,,,Бос нядлаад идэгтүн. Бид бүх дэлхийн хүмүүс сайн мэдээг сонсоосой хэмээн залбирч мишионы ажилд хэрэглэгдэх хэрэгтэй. Ислам, Лал, Будда, Хиндүчүүдэд очоод тэдэнд сайн мэдээг тунхаглах хэрэгтэй. Дотооддоо даалгаж өгсөн их дээд сургууль дээр очин янз бүрийн хоньдод үйлчлэх гэвэл, өөрийн гэсэн иудейзмыг хагалж, зүрхээ уужим болгох хэрэгтэй юм. 2 долоо хоногийн өмнөөс эрэгтэй ахлах хоньчид пийшин хийж байгаа. Тэдний зүрх сэтгэлд ажил, гэр бүл, мөнгө олох, хүүхдүүдээ хооллох, бизнесээ хийх, залуу хоньчдод туслах нэг үгээр хэлбэл завгүй байх асар том иудейзм байгаа. Харин хоньчид маань 12 цагт энэ тэндээс үлтэс бултас гээд л гараад ирнэ. Энэ тэнд хоньдуудтай уулзан сайн мэдээг баяртайгаар тунхаглаж байгаа. Энэ цагт завгүй гэх Иудейзм, үе маань өнгөрсөн гэсэн Иудейзмийг хагалан нэг ч гэсэн хүнд сайн мэдээг тунхаглан авралыг тунхаглаж байгаа хоньчиддоо баярлалаа гэж хэлмээр байна. Хоньчдын маань хичээл зүтгэлийг Бурхан ерөөж энэ сэнтагаар дүүрэн Христийг хайрладаг залуучууд түүний төлөө өөрсдийгөө өргөдөг Христийн дагалдагч, пасторууд, мишионорууд дүүрээсэй хэмээн ерөөн залбирч байна.
Ер нь хүмүүс өөрийн дуртай хоолыг л идэж, дуртай таарсан стилийн хоньдод л үйлчилж, дуртай улс үндэстэн уруу явахыг хүсдэг. Хөгжиж, боловсрол эзэмшихэд ашигтай улс уруу явах дуртай ч хэцүү ядуу буурай, улс уруу явахыг хүсдэггүй. Бурхан минь ээ би лав явахгүй гэдэг. Харин Бурхан хэнийг ч, ямар ч үндэстнийг нядлаад иддэг, тэднийг хүлээн зөвшөөрөн Христийн дагалдагч болгогтун хэмээн тушааж байна. Энэ цагт манай сэнтагийн хонь хоньчид хэнийг ч бай, ямар ч үндэстнийг бай хайрладаг уужим сэтгэл болон итгэлтэй байж Бурханы баярын мэдээний ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг гуйж байна.
2. Корнелд сайн мэдээг дамжуулсан Петр(10:17-48)
Петр өөрийн үзсэн үзэгдэлийн талаар ямар утгатай болохыг ойлгож ядан бодож байх үед Корнелийн илгээсэн эрчүүд Симоний гэрийн дааман хаалганы өмнө ирэн түүнийг сураглав. Тэр үед Бурхан ариун сүнсээр дамжуулан Петрт эргэлзэлгүй тэдэн дээр оч гэв. Тэгээд тэдэнтэй хамт Корнелийн гэр уруу явав. Петр очоод Корнелд хэрхэн Бурхан өөрийг нь энд ирүүлсэн талаар хэлэв.
Одоо хамтдаа 10:28,29-ийг үзээрэй.”Тэр тэдэнд -Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв”. Петрийг орж ирэхэд Корнел баярлан түүнийг угтан, хөлд нь унан мөргөв. Харин Петр түүнд “Бос, би ч гэсэн хүн шүү дээ” хэмээн түүнийг босгов. Тэгээд Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх нь ёс бус хэрэг боловч Бурханы түүнд үзүүлсэн үзэгдлээр дамжуулан ямар ч хүн бузар биш болохыг Бурхан надад харуулсан учир ирсэн хэмээн тодорхой тайлбарлан хэлэв.
Петрийн хувьд Корнелтой уулзан Бурхан хэрхэн ажлаа хийснийг ухаарсан. Мөн Петрийн хувьд хамгийн том ухаарал нь өөрийнх нь бодлоос Бурханы бодол өөр бөгөөд харь үндэстнүүдэд хандсан, тэдэнд Бурханы ивээлийг хүртээх гэж байгаа байдал болон тэдэнтэй Бурхан хамт байгааг олж харсан явдал юм.
10:34:35-г үзээрэй. “Петр ам нээж, – Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов”. Сайн мэдээний түүх нь агуулгаар нь харвал Иудей ба харь үндэстэн гэсэн ялгаа байхгүй бөгөөд бүх үндэстнийг аврах авралын түүх юм. Петрийн явахыг үл хүссэн харь газарт Бурхан Корнел мэт харь үндэстнийг бэлдэн сайн мэдээг тараахыг хүлээж байсан юм. Энэ үйл явдлаар дамжуулан Петр Бурхан ба сайнмэдээний шинэ үнэнийг ухаарсан. Өөрийн бодол санаа болон туршлагаас үл хамааран урьд гарч түүхийг бүтээдэг Бурхантай уулзсан бөгөөд ямар ч эргэлзээгүй болсон. Петр Бурхан бол хүний зүрхийг хардаг нэгэн бөгөөд Иудей төдийгүй харь үндэстний Бурхан болдог гэдгийг ч ухаарсан. Энэ нь энгийн ухамсар юм шиг боловч иудейзмд гүн автагдсан Петрийн хувьд үнэхээр шинэ ертөнц нээгдэх мэт эргэлт байлаа. Тэрээр шууд Корнел болон түүний гэр бүлийнхэнд Христийн сайн мэдээг гэрчилсэн.
36-43-р эшлэлийг харвал Петр Корнелд сайн мэдээг дамжуулж эхэлсэн. Бурхан Есүсийг Ариун Сүнсээр тослосон тухай, Агуу их ажлуудыг хийх болон сайн мэдээг хэрхэн тараасан талаар, мөн диавол болон өвчинд ялагдсан олныг хэрхэн эдгээн сайныг үйлдэж байсан ба гэмтний төлөө эцэстээ загалмайд цовдлогдож, үхлээс дахин амилсан тухай гэрчлэн тунхагласан. Мөн Бурхан Түүнийг амьд хийгээд үхэгсдийн Шүүгч болгосон ба Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг авдаг гэдгийг гэрчлэв. Хуучин гэрээг иш татан бүх хүмүүс гэрчилж байсан шиг Есүсийн амьдрал, үхэл, амилалт, шүүлт гэмийн өршөөлийг нэгд нэгэнгүй дамжуулан тунхагласан.Хүн бүр эцсийн өдөр шүүгдэх бөгөөд Иудей болон харь үндэстэн гэсэн ойголт байхгүй юм. Есүсийн нэрээ хүч авч гэмийн өршөөлийг авсан хэн боловч авралыг авах боломжтой юм. Петрийг ийнхүү тунхаглах үед юу болсон бэ?
10:44-г үзээрэй. “Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун сүнс буув”. Сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс бууж ирсэн. Петртэй хамт байсан, хозлуулсан Иудей итгэгчид бүгд гайхацгаав. Учир нь тэд харь хэлээр ярин Бурханыг магтацгааж байлаа. Үнэхээр гайхалтай Бурханы ажил болж байлаа. Ивээл өгөгдөх боломжтой ч адилаар хүлээн авч ариун сүнсээр дүүрэн байгааг харан шоконд орж Бурханыг магтаж байгаагааг хараад Бурханы авралын түүхийг хүлээн авсан. Үргэлжлүүлэн Петр “Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ” хэмээн тэдэнд Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйхад Петр үлдэн сайнмэдээг илүү дэлгэрэнгүй ярьж дамжуулан өгөв. Бурхан ажлаа хийж ариун сүнсний хүчээр Иудейзмийг нураан өгөв. Мөн бүх үндэстэнд хандсан хайраа Корнелд сайн мэдээг дамжуулснаараа батлан харуулж байна. Бурхан энэ цагт Корнел мэт бэлтгэгдсэн их дээд сургуулийн оюутнуудыг бидэнд зөвшөөрч өгөхийг хүсэн гуйж байна. Би хийх биш миний өмнөөс хийж байгаа ариун сүнсний ажлыг харан дуулгавартай даган Петр мэт хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бурхан Есүсээр дамжуулан бүх дэлхийн сайнмэдээний ажлыг эхлүүлсэн. Иерусалим, Иудей, Самари хүртэл сайн мэдээг дэлгэрүүлсэн. Дахин сайн мэдээг дэлгэрүүлэхийг хүссэн Петр мэт Иудейзмээр дүүрэн хүмүүс саад болж байсан. Бурхан энэ мэт хүмүүст Бос нядлаад ид гэсэн зарлигаар явах зам чиглэлийг нь тодорхой болгон тэдний Иудейзмийг нураан унагааж байна. Энэ цагт Бурхан бидэнд хэлж байна. Улам олон хүн, улам олон үндэстэн ястанд Христийн сайнмэдээг хүргэхийн тулд бид нэг хүн өөрийн давчуу үзэл бодлуудыг хагалаарай хэмээн захиж байна. Ялангуяа 13-р зүйлээр дамжуулан бидний Иудезм болон давчуу зүрх сэтгэлийг хагалахыг хүсч байна. Энэ цагт Петрт тушаасанчлан Бурхан бидэнд “Бос, Нядлаад ид” хэмээн тушааж байна. Христийн хайраар дүүрэн цуглаан, христийн хайраар дүүрэн гэр бүл, христийн хайраар дүүрэн Монгол улс цаашлаад бүх үндэстэнд сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөө биднийг Бос нядлаад ид хэмээн дуудаж буй Бурханы дуу хоолойг өдөр бүр сонсон хүлээн авч дуулгавартай дагахыг хүсч байна. Ер нь хүн зүгээр суугаад байвал дорхноо давчуу болж өөрийгөө л төвд тавин амьдрахаас өөр аргагүй болдог. Өдөр бүр давчууран хатуурдаг зүрхийг Бурханы үгээр хагалж “Бос нядлаад ид” гэсэн Эзэний дуу хооолойг дуулгавартай даган Корнел мэт нэг оюутанд сайн мэдээг авралын мэдээг дамжуулж амьдрахыг хүсэн гуйж байна. Амен