2022 оны Үйлс 1-р тусгай номлол Галаа Петр хн (08.21)

2022 оны Үйлс 1-р тусгай номлол  Галаа Петр хн (08.21)

Дэлхийн хязаар хүртэл Миний гэрч болно

Үйлс 1:1-14

Гол эшлэл 1:8 “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.”

Бид өмнөх номлолоор элч Паулын сүүлийн захиас болон түүний амьдрал нь Бурханд тааламжит тахил, өргөл мэт амьдралаар амьдарсан гэрчлэлийн тухай сурсан билээ. Харин өнөөдөр бид Үйлс 1-р бүлгийн эхний хэсгээс Есүсийн дахин амилсны дараах сүүлийн захиас, үйлчлэлийг сурах болно. Өнөөдрийн номлолоор дамжуулан Есүсийн дуу хоолой, хүсэл тааллыг хүлээн авч Түүний Амилалтын гэрчээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Амилалтын итгэл заасан Есүс (1-5)
“Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв.” Эндээс бид дараах 2 зүйлийг сурч болно. 1-рт Есүсийн өмнө нь зааж, сургасан бүхэн, мөн үйлдэж байсан гайхамшиг бүхэн өөрөөр хэлбэл авралын сайнмэдээ энэ бүгд үнэн болохыг батлан харуулсан юм. 2-рт Есүс 40 өдрийн турш элч нарт маргашгүй олон нотолгоогоор харуулсан гэдэг нь тэдэнд АМИЛАЛТЫН ИТГЭЛийг бат суулган өгсөн юм. Тухай үед Фарисай нар болон Ромын эрх баригчдын хуйвилдан Есүсийг гүтгэн, доромжилж, загалмай дээр цовдолсон. Энэ аймшигт үйл явдал нь шавь нарт маш хүнд туссан, тэдний итгэл найдвар үгүй болсон. Харин ийм тэдэнд амилалтын итгэл хамгаас чухал болохыг Эзэн мэдэж байсан. Мөн амилалтын итгэлгүй элч нар түүний өгөх ҮҮРГИЙГ хүлээн авч биелүүлэх боломжгүй байсан. Тиймээс Есүс нэг, хоёр удаа үзэгдэж амилсан гэдгээ мэдүүлчхээд л яваагүй, харин 40 өдрийн турш маргашгүй олон нотолгоогоор харуулан тэдний зүрх сэтгэлд амилалтын итгэлийг бат суулган өгсөн юм. Амилалтын итгэл бүх элч, бүх итгэгчдэд суугдах нь үнэхээр чухал байсан учраас тэр юм. Тэгвэл амилалтын итгэлгүй хүн нь юу болох бэ? Энэ нь элсэн дээр байшингаа барьсан хүнтэй адил юм. Салхи шуурга, зовлон хавчлага ирэхэд “амь амиа бодоорой” хэмээн үүргийг орхин зугтан алга болох болно. Өчүүхэн сорилтыг ч даван гарч чадахгүй амархан шалтаг тоочин, амархан шантардаг, амархан шүүмжилнэ, амархан гомдолдог, амархан эргэлзээ төрдөг, улмаар айдастай амьдардаг. Тэгээд ямагт хоёрдугаар төлөвлөгөөтэй амьдрахыг хүсдэг. Би төвтэй амьдарч, амин хувиа хичээж амьдрахаас өөр аргагүй юм. Харин амилалтын итгэлтэй хүн нь хадан дээр байшингаа барьсан хүнтэй адил юм. Амилалтын итгэлтэй хүн нь Бурханыг ямар ч үед дуулгавартай даган, авралын баяр хөөрөөр дүүрэн, сайн дураар СМ-ний төлөө амьдрарч чаддаг юм. Мөн Есүс тэдэнд Бурханы хаанчлалыг заасан юм. Бурханы хаанчлал гэдэг нь итгэгчид Бурханы хүсэлд захирагдан, дуулгавартай дагаж амьдарахыг хэлнэ. Мат 6:33 “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.”
Энэ цагт энэ сууж байгаа хүн нэг бүрийг онцгойлон хайрлаж, уучилсан, аварсан Эзэнд алдрыг өргөж байна. Амилалтын бат итгэлтэй байж Бурханы хаанчлалыг цаг ямагт эрэн хайдаг, дуулгавартай, итгэмжтэй байж, итгэлийн замаар эцэс хүртлээ амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Тарж бутарсан тэднийг Есүс цуглуулаад Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаасан. Шавь нар Иерусалимыг орхин явахын түүс болсон байсан байх аа. Учир нь энд Есүсийг барьж цовдолсон учраас, мөн шавь нарийг шашны удирдагчид мөшиж байсан учраас ийм хавчлагатай, айдас түгшүүртэй хотоос хурдхан явж Галил руугаа буцмаар байсан байх. Тэгтэл Есүс тэднийг Иерусалимыг бүү орхи гэсэн. Яагаад заавал Иерусалимд цуглах ёстой гэсэн бэ? Исаиа 2:3б-д “.. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” гэжээ. Бурхан өнө эртнээс Сайнмэдээ нь Иерусалимаас эхлэх болно гэж тунхагласан байна. Тэхээр Дэлхийн сайнмэдээний төв цэг нь Иерусалим юм. Тиймээс хавчлагатай, сайнмэдээ тунхаглахад хэцүү, амьдрахад зовлонтой байсан ч Бурханы бай гэсэн газарт байж, ҮҮРГийг биелүүлж амьдрах хэрэгтэй. Тэгснээр шавь нар итгэл өснө, мөн Бурханы бэлдсэн ивээлийг эдэлж амьдрах болно. Энэ цаг үед та биднийг бүү орхи гэсэн газар нь юу бэ? Тунгаан бодож үзэхийг хүсэж байна. Есүс тэнгэр өөд одохоос өмнө шавь нартаа Бурханы амласан Ариун сүнсний Баптисмыг хүлээ хэмээн тушаасан. Мэдээж Есүсийг өөрийн аврагчаар хүлээн авч, зүрхэндээ итгэн, амаараа хүлээн зөвшөөрсөн хүн бүр Ариун Сүнсийг хүлээн авсан юм /Ром10:10/. Харин Есүсийн явах цаг нь болсон Түүний үүргийг биелүүлэн амьдар гэвэл Ариун Сүнсний хүч, эрх мэдэл, тосолгоо, дүүргэлт өгөгдөх хэрэгтэй байсан. Лук 24:49 “Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.” Иох14:16-д “Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.” Есүс “та нар надтай холбогдохгүй л бол юу ч хийж чадахгүй” гэж хэлж байсан. Харин одоо АС хүч, эрх мэдлийг хүлээн авснаар Фил4:13-т хэлдэг “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” хэмээн ҮҮРГийг биелүүлдэг амьдралаар амьдарч чадах юм.
1. Дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно. (6-14) 6-р эшлэлийг үзээрэй “Тэгээд, цуглагсад Түүнээс -Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд” Шавь нар хэдийгээр дуулгавартай ҮҮРГийн төлөө амьдрахыг хүссэн боловч тэдэнд хоолойнд тулсан мэт том асуудал байсан нь Израилийн сэргэлтийн тухай байсан. Ямар ч цаг үед, ямар ч нийгэмд хүн бүрт асуудал үргэлж байдаг. Тэгээд тэдгээр асуудлаа дотроо эрэмбэлж байгаад хамгийн томоос нь эхлэн шийдээд явахыг хичээдэг. Тэгэхгүй бол бүх зүйл дампуурчих гээд байгаа мэт санаа зовнил нь биднийг үргэлж зовоосоор л байдаг. Энэ асуудлыг л шийдчихвэл дараа нь яг оюутнуудтай 1:1 хичээл хийж өгнө дөө гэж боддог. Тэгтэл нэг том асуудал шийдэгдсэн ч дараагийн том асуудал гараад л ирдэг. За энийг л зохицуулчихвал болчих юм шиг боддог. Шавь нарын асуудал нь яг үүн шиг тухайн том асуудалд хүлэгдсэн байгааг харж болно. Бидний асуудал хэзээ ч дуусахгүй, хийх ажил маш их байгаа. Харин Одоо 7-р эшлэлийг үзээрэй “Тэр тэдэнд -Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.” Энэ нь Есүс тэднийг Израилийн сэргэлтийн тухай битгий бод, битгий санаа тавь гэсэн үг огт биш. Аливаа зүйлд Бурханы цаг гэж байдаг, ямар том асуудал байсан Бурханд хурдан шийдэж өгөөч гээд залбирахад Бурхан огт хариулахгүй байгаа мэт үе олон байдаг. Тэр нь Бурханы цаг хараахан болоогүй байгаа учраас юм. Бурханы цагийг тэвчээртэйгээр хүлээж, найддаг итгэлтэй байх хэрэгтэйг заан өгч байна. Хэчнээн олон чухал асуудалууд байсан ч Бурханд даатгаад хажуу тийш нь тавиад, Харин Бурханы хүсэлт тааллыг эрэлхийлдэг, Агуу захирамжийн дагуу, үгийг тунхагладаг амьдралаар амьдраарай хэмээн зааж өгч байна. Амен Харин одоо 8-р эшлэлийг хамт үзье. “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Тухайн үеийн Шавь нарын нөхцөл байдлыг гадна талаас нь харвал сул дорой, дутагдлаар дүүрэн хүмүүс юм. Тэд мэдлэг боловсрол байхгүй, хэл ус байхгүй, аймхай, тосгоны загасчид байсан. Ийм тэд дэлхийн хязгаар хүртэл явж Есүсийг гэрчилнэ гэвэл аль ч талаараа тохирохгүй харагдаж байна. Гэвч энэ бол хүний өөрийн хүч чадлаар хийж чадах зүйл огтхон ч биш юм. Гагцхүү Ариун Сүнсний хүчээр, АС-р удирдуулснаар дахин амилсан Есүсийн гэрч, гэрчлэгч болон амьдрах боломжтой. Улмаар аймхай нь зоригтой болж, зорилгогүй нь алсын хараа зорилготой болж, давчуу мунхаг нь Бурханы мэргэн ухаанаар дүүрэх болно. Элч нарт Ариун Сүнс бууж ирэхэд тэд ийнхүү шинэчлэгдэн дэлхийн хязгаар хүртэл Есүсийн үхэл ба амилалтын гэрчээр амьдарсан билээ. Үүний адил бид ч мөн Ариун Сүнсний хүч чадлаар удирдуулан амьдарвал өөрийн төсөөлж ч байгаагүйгээр Есүсийн гэрч болон энэ дэлхийн хаана ч амьдарч чадах юм. Амен Иерусалим Иудей төдийгүй Самари цаашлаад дэлхийн хязгаар хүртэл Есүсийг гэрчлэгчид болно гэсэн. СМ бол зөвхөн шавь нарт өөрсдөд нь л хэрэгтэй зүйл биш, харин бүх Иудей, Самари хүнд ч хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх үндэстэн ястнуудад сайнмэдээ хэрэгтэй. Учир нь сайнмэдээ байхгүй үндэстэн ястан бүр гэм ба үхлийн эрхшээлд зовж амьдарч байна. Элч нарын явах газруудын дунд Самари, Ром гэх мэт хүлээн зөвшөөрхөд хэцүү газар ч байсан. Бид ч гэсэн Есүсийн өгсөн тэрхүү үүргийн дагуу явна гэвэл өөрсдийн үндсэрхэг, хувийн бодлуудыг үхүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр сайнмэдээ сонсоогүй, Есүсийн нэр байхгүй газар бүр нь дэлхийн хязгаар юм. Африк, Хятад, Хойд Солонгос мөн Исламын улсууд гэх мэт. .. бид ч гэсэн элч нар шиг Есүсийг дэлхийн хязгаар хүртэл гэрчилдэг сайнмэдээний ажилчдаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Есүс шавь нартаа ийнхүү агуу хүсэл найдварыг тавьсан. Тэднээр дамжуулан дэлхийн хязгаарт очиж бүх үндэстнийг аврахыг хүссэн. Есүс одоо ч ийнхүү агуу хүсэл найдварыг та бидэнд ч тавин сонгон дуудсан билээ. Энэ цаг үе нь Бодит асуудалд хүлэгдэн, ертөнцийн зүйлст уруу татагдан амьдрахад амархан. Ийм байх тусам бид ЭЗЭН Бурханы агуу үүргийн дагуу даруу, дуулгавартай даган амьдарч, Бурханы авралын түүхэнд нандинаар хэрэглэгдсэн хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. 13-г үзээрэй. Шавь нар нь Есүсийн үгийг дагаад Чидун уулнаас Иерусалимд буцан ирсэн. Тэгээд буудаллаж байсан Маркийн гэрийн дээд давхрын өрөөнд орцгоов. Тэнд Петр, Иохан гэх мэтийн 11шавь ба хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон дүү нар гэх мэтээр 120 гаруй хүн цугласан байв. Тэд цуглаад юу хийсэн бэ? Тэд нэг санаагаар өөрсдийгөө залбиралд зориулсан. Тэд Есүсийн үгийг хүлээн авч Иерусалимд буцаж ирээд янз бүрийн төлөвлөгөө ярилцаагүй. 14-г үзвэл тэд хамгийн түрүүнд нэг санаагаар өөрсдийгөө залбиралд бүрэн зориулсан. Энэ нь тэд нэг санаа сэтгэлээр бүх хүчээрээ залбирсан гэсэн утгатай. Тэд Есүсийн агуу захирамжийг дагахын төлөө Ариун Сүнсний хүчийг хичээнгүйлэн гуйсан. Ариун Сүнс Есүс нас барсны дараа алгаслын баяраас хойш 50 дахь өдөр бууж ирснээс үзвэл тэд Есүстэй хамт 40 хоног байсан, Чидун уулнаас Иерусалимд ирэх хугацааг тооцвол 8-9 хоног хичээнгүй залбирсан гэдгийг мэдэж болно. Тэд Есүсийн гэрчээр амьдрахын төлөө төлөв даруугаар залбирч, Ариун Сүнсний хүчийг түшиглэсэн. Есүсийн гэрчийн амьдрал нь залбирлаас эхэлдэг. Ялангуяа тэд Есүсийг дээш одсоны дараа өөр өөрсдийн санаагаар тарж явалгүй нэг сэтгэлээр залбиралд өөрсдийгөө зориулж байсан. Тэд бүгд Есүсийн агуу захирамжийг дагах гэсэн нэг л сэтгэлтэй, зорилготой болсон. Энэ нэг санааны залбирлаар дамжуулан тэд Ариун Сүнсээр баптисм хүртэж, анхны чуулганыг босгох үндэс суурийг тавьсан. Бурханы авралын ажилд нэг санаагаар хичээнгүй залбирах нь маш чухал юм. Бид ч Есүсийн агуу захирамж буюу нэг үүрэг дор, сэтгэл нэгдэн залбирдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Үйлс 1:8 бол бүх итгэгчдэд өгсөн Есүсийн агуу захирамж юм. Энэ тушаал нь итгэгчдийн амьдралын гол үүрэг нь юм. Түүний өмнө нэгдмэл, нэг бодол, нэг дуудлага, нэг зорилготой байж, даруугаар, хүсэмжлэн залбиралд өөрсдийгөө зориулбал Бурхан та бидний зүрхэнд, та бидний амьдралд агуу ажлаа хийх болно. Бурханы таалал тэнгэрт шигээ энэ газар дээр биелэлээ олох болтугай. Амен Бурхан та бүгдийг ивээг.

өмнөх нийтлэл2022 оны 2Тимот 5-р номлол (08.14) Нямаа Абрахам хн
Дараагийн нийтлэл2022 оны Үйлс 2-р тусгай номлол Ганболд Калеб хн (08.28)