2021 оны Христмасын 1-р номлол (12.05) Ц. Эрдэнэбулган хн

Бурханы өмнө зөвт байлаа.

Лук 1:1-25
Гол эшлэл 1:6

“Тэд хоёул Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж Бурханы өмнө зөвт байлаа. “

Бид жил бүр Эзэн Есүс Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхээр жилийн энэ л өдрүүдэд Жаал хүү Есүсийг хүлээн авахаар бүх л оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлдэн Библийн чухал онцгой номлолуудыг үздэг. Баярын эхний номлолоор бүгдээрээ Малахигаас хойш 400-н жилийн турш Бурханаас ямар ч үг өгөгдөөгүй, харанхуй цаг үед Бурханы өмнө амьдарсан зөвт хүн Захариа ба Елизабет нарын тухай бөгөөд Бурхан тэр хоёрыг ерөөж тэд нараар дамжуулан баптист Иоханыг илгээн Христийн замыг бэлдүүлж байгааг сурах болно. Есүсийн мэдэлсэн нь нэг л өдөр гэнэт болсон зүйл бус орчлон ертөнцийг бүтээхээс өмнө Бурханы төлөвлөгөөн дотор бэлтгэгдсэн зүйл юм. (Иса 40:3). Бурхан энэ Есүсийн мэндлэлийн төлөө хүмүүсийг бэлдэж хэрэглэсэн. Өнөөдрийн хэсгээс харвал Бурхан Захариа болон Елизабет, Иохан нарыг бэлдэн хэрэглэснийг мэдэж болно. Тэгвэл Захариа болон Елизабет нар ямар итгэлтэй хүмүүс байсан бэ? Өнөөдрийн үгээр Бурхан ямар хүмүүсийг авралын ажилд нандинаар хэрэглэдгийг суралцахыг хүсэж байна.

1. Бурханы өмнө зөвт байсан Захариа ба Елизабет(1-13)

Лук уг номыг МЭ 59-63 оны үед бичсэн гэж үздэг бөгөөд уг номыг бичих болсон шалтгаан ба зорилго нь анхны итгэгчид Есүсийн тухай болсон үйл явдлуудыг бичиж тэмдэглэсэн нь эмх цэгцгүй байсан учраас хоёр дахь үеийн итгэгч болох тэрээр уламжлагдан ирсэн бүх бичиг баримт, материалд тулгуурлан эхнээс нь нягтлан судалж уг номыг дэс дарааллан бичих болсон.
Есүсийн мэндэлснээс авахуулаад тэнгэрт одсон хүртэлх түүхийг бичиж дараа нь үйлс номонд Эзэн тэнгэрт одсоноос хойш анхны чуулганы төрөлт ба Есүсийн сайн мэдээ дэлхий даяар хэрхэн тархах болсон тухай дэлгэрэнгүй бичсэн. Лук нь эмч мөн түүхч хүний хувьд Есүсийн тухай бүгдийг эхнээс нь сайн нягтлан судалж бичив. Үүний зорилго нь тухайн үед Ромын дээд албан хаагч байсан Теофил төдийгүй тухайн үеийн болон одоогийн итгэгчид буюу Бурханыг хайрлагч бүгдэд Есүсийн тухай сонссон, заалгасан зүйл нь үнэн гэдгийг батлан итгэлийг нь бат бэх болгохын тулд байв.

5-г үзээрэй. “Иудейн Хаан Херодын өдрүүдэд” хэмээн эхэлж байна. Энэ үг нь Захариагийн амьдарч байсан цаг үе болон Есүсийн мэндлэх цаг үе, нөхцөл байдлыг нэг үгээр харуулж байна. Энэ Херод хаан нь 1-р Херод бөгөөд Есавын үр удам тул Иудей хүн бус харь үндэстэн байсан. Гэвч тэр маш заль мэхтэй, арга заль ихтэй улс төрч тул Ромын Эзэн хаан Цезарь Августын сэтгэлийг татсанаар еврей биш атлаа Иудейн захирагч хаан болон томилогдсон. Херод иуейчүүдийн сэтгэлийг татахын тулд Иерусалим сүмээс авахуулаад олон нийтийн барилгуудыг бариулсан. Тийм боловч тэр эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн эхнэр, хүү, хадам эх гэх мэт олон хүнийг хороосон харгис нэгэн байв. Мөн тэр Иудейн хаан Бетлехемд төрсөн гэдгийг мэдээд тэр хавийн хоёр наснаас доош бүх эрэгтэй хүүдүүдийг алсан харгис нэгэн байсан. Херод улс төрийн арга барилд гарамгай тул Ромын дэмжлэг дор тэргүүн тахилчийг томилон, халах эрх мэдлийг хүртэл авсан. Тиймээс шашны удирдагч болох тахилч нар нь улс төржин амьдарч байлаа. Тэд харгис, заль мэхтэй Херодын захиргаан дор бодит байдалтай тохиролцон эд баялаг ба эрх мэдлийн төлөө хоёр нүүртэй амьдарч байсан. Ийм удирдагчдын дор ард түмний амьдрал ч Бурханаас холдон, гэр бүлийн хагарал, архидалт өвчин, зовлон, ядуурал, чөтгөрт эзэмдүүлэх нь ч элбэг байсан. Нэг үгээр хэлбэл тухайн цаг үе шашны, улс төрийн, эдийн засгийн бүх талаар ямар ч хүсэл найдваргүй цөхөрмөөр байдалд байсан. Лук 1:79-д Захариа нь тухайн үеийн ард түмнийг харанхуй ба үхлийн сүүдэрт суугсад гэж хэлсэн. Ялангуяа тухайн үед эш үзүүлэгч Малахигаас хойш 400-н жилийн турш Бурханы үгийг тунхаглан дамжуулах эш үзүүлэгчдийг ч илгээгээгүй байсан. Сонгогдсон Бурханы ард түмэн боловч тэдэнд Бурханы үг ерөөсөө өгөгдсөнгүй. Бурхан тэднийг зөнд нь орхисон мэт байлаа. Бүх дэлхий харанхуй бөгөөд харанхуйн хүч хүмүүсийг захирч Бурханы дэнлүү нь унтарсан мэт санагджээ. “Херодын үед” гэдэг нь өөрөө Израйлын түүхэн дэх эмгэнэлт үеийг харуулж байв. Гэвч Бурхан энэ л үед Өөрийн авралын ажлыг биелүүлсээр байлаа. Бурхан цаг нь болоход Мессиаг хүлээж байсан цөөхөн хүмүүст Мессиагийн мэндлэлийн тухай илчилсэн. Тэдний нэг нь Захариа болон Елизабет нар юм.
Тэгвэл тэд ямар хүмүүс байсан бэ? 6-г үзээрэй. “Тэд хоёул Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж Бурханы өмнө зөвт байлаа” Энд зөвт байлаа гэдэг үг нь иудей хүнд өгч болох хамгийн өндөр үнэлгээ байлаа. Абрахам, Ноа, Иов нар шиг Бурханд хандсан цэвэр итгэлээр өөрийгөө бүрэн зориулсан хүмүүсийг үнэлэн хэлдэг байсан. Бурхан Захариа, Елизабет хоёрыг ийнхүү үнэлж Бурханы өмнө тухайлбал Бурханы нүдээр харахад зөвт гэж бичүүлсэн. Үнэндээ тэд бидэнтэй адил мөн чанартай хүн байсан. Харин яаж ийм үнэлгээ авсан бол. Тэр бүү хэл хосуудын нэг нь биш хоёулаа зөвт гэж хэлүүлсэн. Библид тэднийг Их Эзэний бүх тушаал, дүрэм журмыг гэм зэмгүй дагаж мөрддөг хүмүүс гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл хамтдаа мэдэж авцгаая.

1-рт.Тэд Бурханы өмнө амьдарсан. Захариа Елизабет хоёулаа Аароны удмаас гаралтай буюу тахилчийн үр удам байсан. Тухайн үед тахилчид ихэнх нь садукай бүлэглэлд хамааран улс төртэй холилдон, эд баялаг ба эрх мэдлийг хайн амьдарч байв. Үйлс 23:8-г үзвэл тэд амилал ч, сүнсний ертөнцийг ч үгүйсгэдэг Реалист үзэлтэй байв. Тэдний гаднах нь сүсэгтэй тахилч боловч жинхэнэ сүнсний хүч чадал байхгүй дэлхийлэг үзэлтэй байсан. Тэд хүмүүсээс хүндэтгэл авдаг, бусдын нүдээр харахад атаархал төрүүлдэг байсан ч Бурханы нүдээр бол хорон муу хүмүүс байсан. Гэвч тийм уур амьсгалтай нийгэм дунд ч Захариа Елизабет хоёр огт өөрөөр амьдарсан. Тэд бодит байдалтай нийцэн эрх мэдэл, бодит ашгийг даган амьдралгүй Бурханы өмнө амьдарсан. Цаг ямагт Бурханы мэлмийг мэдрэн Бурханыг баярлуулахын төлөө хичээж амьдарсан.
Харин тэдний хувьд ийнхүү Бурханы өмнө амьдрах нь амар биш байсан. Цаг ямагт алхам бүр Бурханы өмнө зөв шударгыг үйлддэг амьдрал нь заримдаа ямар ч хүчгүй өчүүхэн мэт харагдаж байсан. Сайхан идэж ууж эд баялагтай, тав тухтай амьдрах гэвэл хүмүүсийн уур амьсгалтай нийцэн амьдармаар санагдсан байх. Гэвч тэд хүмүүний амьдралыг ажиглан хардаг, бодлыг нь хүртэл мэдэж хорон мууг шүүн, зөвт нэгнийг шагнадаг Бурханы нүдийг байнга мэдрэн амьдарсан. Ер нь хүмүүс цаг үеийн уур амьсгал ба үзэл бодлуудыг дагахгүй бол бусдаас хоцрон гадуурхагдана гэж бодон айдаг. Тиймд цаг үеийн уур амьсгал ба хүмүүсийн үнэ цэнэтэй гэж тооцдог зүйлийг даган амьдрах нь ашигтай, Харин Бурханы өмнө зөв шударгыг даган амьдарвал хохирох юм шиг санагддаг, бодитоор ч тийм л байдаг.Тийм учраас Бурханы өмнө амьдардаг амьдрал нь маш ганцаардмал, тэмцэлтэй болдог. Уг үндсээрээ Бурхан амьд мөн шагнагч гэдэгт итгэхгүй бол ийнхүү амьдрах нь боломжгүй (Еврей 11:6). Гэсэн ч жинхэнэ итгэлийн амьдрал нь зөвхөн Бурханы өмнө түүнийг л баярлуулахын төлөө байх хэрэгтэй.
2-рт тэд Бурханы үгийг өөгүй даган амьдарсан. 6-г дахин үзвэл “Эзний бүх тушаал зааврыг өөгүй дагасан” гэв. Тушаал заавар нь Бурханы бүх хуулийг заадаг. Мөн өөгүй дагасан гэдэг нь Бурханы тушаал зааврыг маш итгэмжтэй нямбай сахидаг тул хүмүүсийн нүдээр харахад ч ямар ч шүүмжлэл зэмлэлийг хүртэх зүйлгүй байсан гэсэн утгатай. Үүнийг харвал Тэд Бурханы үгийн дагуу амьдрахын тулд өөрийгөө хичнээн их үгүйсгэн тэмцэн зүтгэснийг мэдэж болно. Бодит байдал хэцүү хүнд үед хүмүүс нөхцөл байдалтай тохиролцон амьдрах нь амархан байдаг. Бурханы үгийн дагуу амьдрах нь цаг үеийн үзэл бодолтой зөрчилддөг. Мөн хүний зүрхэнд дур зоргоороо амьдармаар, махан биеийн хүслүүд ба гэмийн чанарууд байдаг. Ялангуяа хичнээн үг, тушаалыг даган амьдарсан ч ямар ч ашиг хонжоо, хариу буюу нүдэнд харагдах бодит ерөөл харагдахгүй үед ийнхүү амьдрах нь утгагүй хоосон санагддаг. Гэвч Захариа, Елизабет хоёр бодит уур амьсгал ба нөхцөл байдлыг харан итгэл нь найгаж ганхалгүй бодит ашиг тооцолгүй, мунхаг санагдмаар Бурханы үгийн дагуу хичээнгүй амьдарсан. Бурханы үг нь тэр хоёрын амьдралын хөдөлшгүй хэмжүүр болон амьдралын заавар болж байсан. Тэд бүх зүрхээрээ тушаалуудыг дуулгавартай дагав.
Энэ цаг үед ч Бурханы бүх үгийн дагуу амьдрах нь мунхаг юм шиг санагддаг. Харин үнэндээ бол Бурханы үгийн дагуу амьдрах нь хамгийн ухаалаг, аз жаргалтай амьдрал юм. Хүн бодит ашгийг даган энэ дэлхийн уур амьсгалтай нийцэн амьдарвал жаргалтайгаар амжилтанд хүрнэ гэж боддог. Гэвч Бурханы үгээс холдсон амьдрал түр зуур амжилтыг өгч байгаа юм шиг боловч эргээд олон санаа зовиур айдас болон зөрчилдөөнөөр дүүрэн байдлыг авчирдаг. Харин Бурханы бүх үгийн дагуу амьдрахад Бурханаас ирдэг жинхэнэ амар тайван, ханамж ба амийн хүч ирдэг. Зөвийн үр жимсийг төрүүлэн сүнсний баяр хөөрөөр дүүрэн амьдарна. Мөн Бурхан тэдэнд энэ ширүүн дэлхийг ялан дийлж, амьдрах мэргэн ухаан ба хүч чадлыг өгдөг. Захариа, Елизабет хоёр нь хүмүүсийн нүдэнд эд баялаггүй, амжилтанд хүрээгүй, хүчгүй мэт харагдсан ч Бурханыг харахад харанхуй тэр цаг үеийг гэрэлтүүлдэг дэнлүү шиг мөн үнэний манаач мэт маш нандин хүмүүс байсан.
Мөн энэ хоёроос сурах өөр нэг зүйл нь тус бүр өөр санаа бодол, өөр чиглэлээр амьдраагүй нэг итгэл болон нэг санаа бодлоор амьдарсан явдал юм. Итгэлийн амьдрал нь нэг хүний хүсэл эсвэл итгэлээр явагдаж чадахгүй. Хажууд буй хамтран зүтгэгч хүн нэг итгэл дотор нэг чиглэл зорилгын төлөө амьдрах нь маш чухал юм. Тэгэхэд Бурханы хүслийг идэвхитэй дагаж Бурханд үйлчилж чадна. Нөхөр нь хичнээн итгэлээр Бурханы хүслийн дагуу амьдармаар байсан ч хажууд байгаа хүн нь дэлхийн зүйлсийг олохын төлөө зүтгэвэл Бурханы хүслийг дагаж чадахгүй болдог. Харин Елизабет сайн сүнслэг туслагч байсан. Нөхөр нь сүмд хүндлэгдсэн ч, хүндлэгдэхгүй байсан ч хүмүүс юу гэж байсан ч цалин их, бага авчирсан ч үргэлж Бурханы өмнө, үгийн дагуу амьдардаг Захариаг нандинд тооцон хүндэтгэж хамт залбиран, Бурханы үгийн тухай хуваалцан, магтан дуулж байсан. Захариа, Елизабет хоёр нэг итгэл ба нэг зорилгын төлөө Бурханы хүслийг дагаж байсан учраас Бурханы авралын түүхэнд тэдний гэр бүл нандинаар хэрэглэгдсэн.Тэд итгэлээр гэр бүлийн ноцтой асуудлыг даван дийлж амьдарсан. Уг нь тэд Бурханы өмнө зөвт мөн өөгүйгээр үгийг дагасан бол бодит байдал дээр их ерөөгдөх нь мэдээжийн зүйл юм шиг санагдана. Гэвч тэдэнд ямар асуудал байсан бэ? 7-г үзээрэй. “Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй бас тэд хоёул өтөлсөн байв”.Тэд Бурханы өмнө зөвтөөр амьдарсан ч ганц ч үр хүүхэдгүй байсан ба нас нь өтөлж хүүхэдтэй болох хүсэл найдвар ч бүрэн тасарсан байлаа. Энэ нь тэдний хувьд ялангуяа Елизабетийн хувьд зүрхийг шаналуулдаг хүнд асуудал байсан. Иудейчүүд үр хүүхдийг Бурханы ерөөл ба өв хэмээн тооцож хүүсэр байхыг маш том ичгүүр ба гэмийн шийтгэл гэж үздэг байв. Тиймээс тэдний энэхүү асуудал Бурханд үл итгэн эргэлзэж түүнээс холдон амьдрах шалтгаан болоход хангалттай байсан. Мөн энэ асуудлаас болж тэд өөрийгөө буруутган цөхөрч дур зоргоороо амьдарч болох байсан. Гэвч тэд удаан хугацаанд энэ асуудлыг Бурхан шийдэж өгөхгүй байсан ч итгэлээр ганхалгүй мөн Бурханд гоморхолгүй харин ч Бурханы өмнө итгэмжтэй тууштайгаар үүргээ биелүүлэн амьдарч байв. Тэд зөвхөн гаднаасаа Их Эзний бүх зарлиг, дүрэм журмыг гэм зэмгүй сахиад зогсохгүй даруу төлөв байдлаар үүнийг хийсэн. Тэр хоёр энэ асуудлаас болж бие биенээ хайрлан нэгдмэл болж итгэл нь улам цэвэршин зөвхөн Бурханд хүсэл найдвараа тавин амьдарч байв. Энэ хосоос Бидний сурах зүйл бол тэдний сайн сайхан хийгээд хүнд хэцүү үед Бурханд болон бие биедээ үнэнч байх явдал юм. Ийм үнэнч байдал нь сувд шиг үнэ цэнэтэй юм. Сувд нь нялцгай биетэнд удаан хугацаагаар элс цуглуулснаас үүсдэг. Үүний нэгэн адил Есүсийн хайж буй зөвт байдал нь урт хугацааны туршид амьдралд таарах өвчин зовлон, шантрал хийгээд талархалаар шигшигдэн ургадаг итгэл билээ. Бурхан ийм хоёрын итгэлийн амьдралыг таалж цаг нь болоход хамгийн нандин ерөөлийг өгөв.
Ийм харанхуй цаг үед Бурханы өгсөн тахилчийн үүргийг итгэмжтэй биелүүлж байсан Захариад тохиолдсон үйл явдлыг харцгаая. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэх болов. Тухайн үед тахилчдыг 24-н бүлгээр хуваан ээлжлээд жилд 2 удаа, 7 хоногийн турш сүмийн ажилд хуваарьладаг байсан. Мөн бүлгийн ээлж ирэхэд ажлуудыг хуваарьлахын тулд шоддог байв. Тахилчид сонгогдсоноор тус бүр гал бэлдэн цэвэрлэх, утлага уугиулах, тахилын ширээнд өргөл өргөх гэсэн гурван ажлыг авдаг байв. Эдгээр Сүмийн ёслол дундаас хамгийн хүндтэй гэж тооцогддог ажил нь утлага уугиулах байсан. Харин тухайн үед нэг бүлэгт 900-н тахилчидтай тул Бурханы өмнө утлага уугиулах ажилд сонгогдох нь хэцүү байсан гэнэ. Тиймээс энэ үүрэг Захариад оногдсон нь маш онцгой том ерөөл байсан ба Бурханы онцгой удирдлага байлаа. Утлага уугиулах нь бүх ард түмний залбирал, мөн итгэгчдийн залбирлыг бэлэгддэг (Илч8:3, Дуу141:2). Захариа сүмийн ариун газарт ард түмнийг төлөөлөн залбирахад ард түмэн гадаа сөхрөн залбирал нь Бурханд хүрэхийн төлөө залбирцгааж байв(10).
Цааш нь үйл явдлыг харвал 11-13-д. Гэнэт Эзэний тэнгэрэлч зогсож байгаа нь харагдаж, Түүнд гайхамшигт мэдээг дамжуулав. “Захариа бүү бай ! Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно” гэв. Энд чиний гуйлт сонсогдсон гэсэн нь өмнө нь ч, одоо ч сонсогдож байна гэсэн утгатай. Эндээс Захариа тасралтгүй залбирдаг байсан гэдгийг мэдэж болно. Тэр хоёр нэг хоёр жилийн турш итгэл найдвар дотор залбирч байгаад 10, 20 жил өнгөрөхөд нь залбирахаа болих амархан байсан. Харин тэд залбирлын амьдралыг зогсоогоогүй. Елизабетын нас нь өтөлж хүүхэдтэй болох найдвар тасарсан ч тэд Бурханы төгс хүч чадал ба амьдралын эрх мэдэлд итгэн залбирлын уяаг таслаагүй. Мөн тэд хувийн асуудалд хүлэгдэн зөвхөн өөрсдийнхөө төлөө л гуйгаагүй. 1:46-79-д Захаригийн магтаал дуунаас үзвэл тэд өөрийн ард түмэн ба Мессиа ирэхийн төлөө ч зуучлан залбирдаг байсныг мэдэж болно. Бодит байдал хав харанхуй байсан ч ямар ч хүсэл найдвар харагдахгүй байсан ч тэд залбирсаар байв. Тэд бол тэр цаг үеийн залбирлын хүмүүс байсан. Бурхан ийм тэдний залбиралд анхаарсан бөгөөд төсөөлснөөс илүүгээр Мессиагийн замыг бэлдэх агуу хүүг өгөх төдийгүй тэдний залбирлын дагуу Мессиаг ч илгээсэн.

2. Баптист Иоханы амьдрал ба үүрэг(14-25)
14-г үзээрэй. Тэнгэр элч Иоханы төрөлт нь Захариа төдийгүй бүх Израилын баяр хөөр болно гэв. Учир нь түүний төрөлт 400-н жилийн харанхуй цаг үеийг өнгөрч Израил ард түмэнд авралыг мэдүүлэх дохио болсон. Тэгвэл Иохан хэрхэн амьдарч ямар үүргийг биелүүлнэ гэж байна вэ? 15-17-г үзээрэй.
1-рт Тэр Эзний өмнө агуу болно гэв(15а). Энэ нь Месиагийн замыг бэлтгэгчийн үүргийг биелүүлнэ гэдэг талаас харахад агуу болно гэсэн утга. Баптист Иохан дэлхийн 1-р Зиндааны сургууль төгссөн, гадаадад сурч өндөр боловсрол эзэмшин ирээд өндөр цалинтай ажилд орон аав ээждээ сайн тусалдаг тийм хүү болно гэсэн үг биш юм. Харин тэр гэмээр дүүрэн цаг үеийнхнийг сэрээж сэнхрүүлж Бурханаас холдсон ард түмнийг Эзэнд нь буцааснаар Мессиаг хүлээн авахад бэлдүүлэх том агуу үүргийг биелүүлэх хүн болно гэсэн утгатай.
2-рт Тэр цэвэр ариунаар амьдрах болно(15б). Иохан дарс ч сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхаас Ариун Сүнсээр дүүрэн амьдарна гэв. Энэ нь тэрээр дэлхийн уур амьсгал тав тухтай амьдрал ба наргиан цэнгээнээс холхон амьдарч Мессиагийн замыг бэлдэхийн тулд Эзэнд бүрэн өөрийгөө зориулж амьдарна гэсэн утгатай. Иохан ийнхүү Бурханд бүрэн зориулан цэвэр ариунаар амьдарсан учраас сүнсний эрх мэдэлтэйгээр Бурханд үйлчилж чадсан.
3-рт Тэр олныг Бурханд эргүүлэх үүргийг биелүүлнэ гэв. 16-г үзээрэй “Тэр Израилын хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно”. Тухайн үед Израил ард түмэн гэмшилгүй Бурханаас холдсон амьдралаар амьдарч байсан. Ийм тэднийг гэмшүүлэн Бурханд эргүүлснээр Мессиаг хүлээж авах зүрхийг бэлдэх нь түүний гол үүрэг байлаа. Юуны түрүүнд Иохан энэ үүргийг Елиагийн сүнс ба хүч чадлаар гүйцэтгэнэ гэв. 17-г үзээрэй. “Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь дуулгаваргүйчүүдийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн Эзний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм” гэв. Елиагийн сүнс ба хүч дор явна гэдэг нь эш үзүүлэгч Елиа шиг халуун зүрх сэтгэл, урам зориг ба итгэлээр мөн түүн шиг ард түмэнд хүчтэй нөлөөлж, Бурханаас авсан сүнсний хүч чадлаар үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Иохан Елиа шиг шулуун шударга, цөлд амьдарсан ба дээд, доод гэлгүй бүх хүнд гэмшил ба шийтгэлийг хатуухан сануулсан.
Ялангуяа Тэр гэмшлийг тунхагласнаар Израилын гэр бүлийн итгэлийг сэргээнэ гэв. “Эцгүүдийн зүрхийг хүүхдүүд руу нь” гэжээ. Нэг гэр бүлд эцэг бол Бурханыг орлогч, библийн багш хоньчин гэсэн үүрэгтэй. Эцгүүдэд хүүхдүүдийг Бурханы үгээр хичээнгүй сурган хүмүүжүүлэх үүрэг байдаг. Хүүхдүүдийн сүнс болон махбодын байдалд үргэлж анхаарал тавин үгийг заан Бурханаас эмээн хүндэлж, дуулгавартай дагахыг сургах хэрэгтэй. Гэвч тухайн үеийн иудей гэр бүлүүд Ромын колончлолын хэцүү хүнд амьдралаас болж хагархай байсан. Эцгүүдийн зүрх хүүхдүүдээс холдсон гэдэг нь эцгүүд Бурханаас холдсоноор хүүхдүүд ч Бурханы тухай мэдэхгүй болсон гэсэн утгатай. Тухайн үед эцгүүд хүүхдүүдийн авралд үл анхааран хариуцлагатай сэтгэлийг алдсан. Өнөөдөр ч эцгүүд нь амьдралын төлөө хичээн зүтгэж завгүй ажил ихтэй байна гээд гэр бүлдээ Бурханы орлогчийн үүргээс мултран хариуцлагагүй байвал энэ нь тэр эцэг нь өөрөө Бурханаас холдсон гэсэн шинж тэмдэг болно. Хүүхдүүдийн махан биеийн хэрэгцээг л хангах нь үл итгэгч хүн ч хийдэг зүйл юм. Итгэлийн эцгүүд хүүхдүүдийг Бурханы үгээр хүмүүжүүлснээр гэмээр дүүрэн энэ дэлхийд Бурханы ариун ард түмнээр амьдрахад нь анхааран туслах хэрэгтэй. Иохан гэмшлийг тунхагласнаар эцгүүдийн сэтгэлийг Бурханд эргүүлэн гэр бүлийн итгэлийг сэргээх үүргийг биелүүлнэ гэжээ.
Мөн тэр дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлнэ гэв. Энэ нь тухайн үеийнхэн Бурханд итгэх итгэлээс татгалзан, дуулгаваргүй амьдарч байсныг харуулж байна. Зөвтийн мэргэн ухаанд эргүүлнэ гэдэг нь дуулгаваргүй ард түмнийг гэмшүүлэн Бурханы үгэнд, мэргэн ухаанд буюу библийн заавар уруу эргүүлнэ гэсэн үг. Өнөө үед ч хүмүүс Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Түүний үг зааврыг үл тоомсорлон дуулгаваргүй байдаг. Бурханы үгнээс сурч, дагахыг цагийн гарз, мунхаг үйл гэж боддог. Тэгээд манай цуглаанд олон оюутан ирээд Бурханы үгийг сонсож байгаад ямар ч ашиггүй хэмээн яваад өгнө. Ийм дуулгаваргүй хүмүүсийн сэтгэлийг эргүүлэн зөвтийн мэргэн ухаан буюу Бурханы үгэнд буцаах нь бидний үүрэг боловч тийм ч амархан биш юм. Харин бид баптист Иохан Елиагийн халуун зүрх хичээл зүтгэл ба Бурханы сүнсний хүч чадлаар ийнхүү үүргийг биелүүлсэн шиг бид ч энэ цаг үеийн Иохан шиг Мессиагийн замыг бэлтгэгчээр амьдрах хэрэгтэй. Бурханы үгийг үл тоомсорлон татгалздаг энэ цаг үеийн оюутан залуусыг Бурханы үгийн мэргэн ухаанд эргүүлэхийн тулд хичээнгүйлэн залбирч сүнсний хүчийг аван гэмшлийн үгийг тунхагладаг хүмүүсээр хэрэглэгдэхийг хүсэн гуйж байна.
Тэнгэр элчийн үгийг сонссон Захариа ямар хандлага гаргасан бэ? Захариа нь өөрсдийн бодит байдлыг хараад итгэлгүй хандлага гаргаснаас болж 10 сарын турш хэлгүй байх дасгалыг авчээ. Харин энэ нь нөгөө талаас тэнгэрэлч Габриелаар дамжуулсан Бурханы амлалтыг батлах тэмдэг болсон. Бурхан Захариад 10 сар хэлгүй байх тэмдэг харуулснаар Бурханы амлалт заавал биелнэ гэсэн бат итгэлийг суулгасан. Хэд хоногийн дараа Елизабет тэнгэрэлчийн хэлсэнчлэн жирэмслэв. Елизабет Бурханы энэхүү нигүүлсэлд талархан “Хүмүүсийн дунд шившгийг минь Эзэн зайлуулсан” гэж гэрчлэв.
Тиймээ Бид зүгээр л Есүст итгэх үед бидний залбиралд хариулах болно. Бид зүгээр л Есүс Христэд итгэвэл Бурханаас сайн мэдээ хүлээн авах болно. Елизабет шиг Бурханы тааллыг хүлээн зөвшөөрч гэрчлэлээрээ дамжуулан Бурханы нигүүслийг олж харахад туслахыг хүсэн гуйж байна.

Дүгнэлт:
Христ мэндэлсний баяр удахгүй болно. Цаг зав гаргаж Өөрийн Хүү Есүс Христийг илгээснээр Бурханы бидэнд өгсөн бүх нигүүлслийг санацгаая. Мөн Зехариа, Элизабет хоёрын амьдарч байсан харанхуй цаг үед юу хийснийг санацгаая. Тэд Бурханд үнэнч байхын тулд Түүний зарлигуудыг дагаж Түүнд залбирахдаа амьдралаа зориулжээ. Ийм итгэлтэй хүмүүс бол энх тайвны хунтайж жаал хүү Есүс Христийг Бурханыг өмнөө тавьсан хүмүүс байсан. Тэдний итгэлийн амьдралыг дуурайцгаая. Бид гуйвж дайвахаас татгалзаж бүх л боломжоороо хувиршгүй зөвт байхын тулд хичээнгүйлэн зүтгэвэл Бурхан бидний зүрх сэтгэлийг харж залбирлуудыг минь сонсож бидэнд хариулах болно. Харанхуй хүнд энэ цаг үед ч бид Захариа Елизабет хоёр шиг Бурханы өмнө Түүний үг тушаалын дагуу өөгүй амьдарснаар энэ цаг үеийг гэрэлтүүлдэг дэнлүү болохыг хүсэн ерөөж байна. Мөн баптист Иохан шиг Бурханаас холдон дуулгаваргүй амьдардаг олон сүнснүүдэд гэмшлийн үгийг зоригтой тунхагласнаар тэднийг Бурханд эргүүлэх үүргийг гүйцэтгэн амьдрахыг хүсэн гуйж байна. Энэ Христмасаар олон олон оюутан залуус Бурхан уруу эргэснээр энэ цаг үеийн Захариа Елизабет нараар өсөж чадахыг хүсэн гуйж байна.

Ганц үг: Бурханы өмнө зөвт байя.

өмнөх нийтлэл2021 оны Христмасын 2-р хичээл (12.12)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2022.01.01/