БИДНИЙ ГЭМИЙГ ҮҮРСЭН МЕССИА
Исаиа 53:1-12
“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (6)
1.Үзэн ядагдаж, орхигдсон Есүс (1-3)
Есүс уг нь Бүтээгч Бурхан учраас бүх бүтээлээс магтаал хүндэтгэлийг авах зохистой билээ. Гэвч Тэрээр энэ дэлхийд нялх хүүхдийн дүрээр ирж, насан турш гэмтэй хүмүүст үйлчилж амьдарсан. Есүс хуурай газраас гарсан нахиа мэт хүмүүсийн сэтгэлийг татахуйц хэлбэр дүрс, цог жавхлангүй байсан. Ийм Есүсийг хүмүүс үзэн ядаж, голж хаясан. Тиймээс Есүс янз бүрийн гашуун зовлон эдэлж байгаа болон гологдож хаягдсан хүмүүсийн зовлонг маш сайн ойлгодог билээ.
2.Бидний гэм нүглийг үүрсэн Есүс (4-12)
Есүс үл тоомсорлогдон орхигдсоны эцэст загалмайд цовдлогдон маш их тарчилж үхсэн. Гэм үйлдээгүй Есүс яагаад ийм зовлонг амсаж байна вэ? “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.”(5, 6) Уг нь бид өөрсдийн гэм нүглээсээ болж ийм их зовлонг эдлэх ёстой байсан. Бүр амиа алдаж (Ром 6:23а ), үүрд мөнхийн шийтгэл авах ёстой байв. Харин Есүс Өөрийн амийг золиослон бидний гэм ба алдааг үүрснээр, бидний гэм өршөөгдөж, мөнхийн амийг олох болсон. Мөн Бурхантай эвлэрэн амар тайвныг эдэлж, бүх гуниг ба шарх маань эдгэрсэн.
Залбирал: Эзэн минь, Миний гэм ба алдаа зөрчлийг үүрч, шинэ амийг өгсөнд үнэхээр их талархаж байна. Би ч бусдын алдаа зөрчил ба гэм нүглийг үүрч, Таны загалмайн өмнө очин уучилдаг амьдралаар амьдрахыг гуйж байна.
Нэг үг: Миний төлөө загалмайд үхсэн Есүс