Өдөр бүрийн хоол /2025.01.22/

МАЙХНЫХАА ТАЛБАЙГ ӨРГӨТГӨ

Исаиа 54:1-17

“Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун.” (2а)

1.Майхныхаа талбайг өргөтгөн (1-3)
Вавилонд олзлогдож байгаад ирсэн Израилийн байдал нь хүүхэд төрүүлж төрөхийн зовлон үзээгүй хүүсэр эмэгтэй шиг байв. Гэвч Бурхан тэднийг ерөөх учраас Өөрийг нь хараад хашгиран дуулаарай гэв.(1а) Мөн “Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун” гэж байна. Тэд эзгүй хоосон газарт амьдарч байгаа учир бусдад анхаарал тавих сэтгэлийн зайгүй байв. Гэвч тэдний хүүхдүүд нь хожим нь үндэстнүүдийг эзлэхийг Бурхан хараад одоо майхныхаа талбайг өргөтгөж, хөшгөө харамгүйгээр дэлгээрэй гэв. Хэдийгээр тэдний бодит байдал хэцүү байгаа ч майхныхаа талбайг өргөтгөн, бусдыг зүрхэндээ тээн үйлчилдэг хүмүүс болох хэрэгтэй. Бурхан биднээр дамжуулан дэлхийн үндэстнүүдийг аврах агуу тааллыг тавьж байна. Ер нь бид өөрийнхөө бодит байдлыг харан сэтгэл давчдаж, зөвхөн өөрийгөө л бодон амьдрах нь амархан байдаг. Гэвч бид Бурханы агуу төлөвлөгөөг харж, зүрхнийхээ майхны талбайг өргөтгөх хэрэгтэй.

2.Чиний нөхөр бол чамайг Бүтээгч (4-17)
Израиль нь залуудаа нөхөртөө гологдон сэтгэлээр унасан эхнэр шиг байв. Гэвч бүх дэлхийн Бурхан тэдний нөхөр нь болж, бүх ичгүүр доромжлолыг нь арилган, өршөөл энэрлийг үзүүлнэ гэж байна.(4, 5) Иймээс тэд одооны нөхцөл байдал хэцүү байна гээд Бурханы хайранд эргэлзэж, харанхуй бодолд автагдалгүй Бурханы өгсөн хүсэл найдварыг чанга атгах хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь, Энэ ширүүн бартаатай амьдралаас айж, сэтгэл минь дачдаж байсандаа гэмшиж байна. Энэ дэлхийг аврахыг хүсэж буй Таны хүсэл найдварыг харан одооноос дэлхийн миссионы төлөө гуйх болно.

Нэг үг: Майхныхаа талбайг өргөтгө

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.23/