Анхан шатны 10-р хичээлийн асуулт; номлол

ЕСҮС АМИЛСАН
(Амилалтын итгэл)

Лук 24:1-53
Гол эшлэл 24:6
1. Ямар эмэгтэйчүүд, яагаад булшин дээр ирсэн бэ (1, 10, 8:2-3)? Тэд юуг олж харсан ба сэтгэл нь ямар байсан бол (2, 3)? Мөн тэд ямар үзэгдлийг харсан ба хоёр тэнгэрэлчийн тэдэнд юуг гэрчлэн санахад тусалсан бэ (4-8, 9:22,18:32, 33)? Есүсийн амилал нь бидэнд ямар ач холбогдол өгч байна вэ?
2. Тэд Есүсийн үгийг санан итгэхэд үүнийг хэнд гэрчилсэн бэ (9, 10б)? Гэвч элч нар болон Петр ямар хандлага гаргасан бэ (11, 12)?
3. Тэр өдөр хоёр шавь нь Еммау тосгон уруу явахад юуны тухай ярьж байсан бэ (13, 14)? Тэгтэл хэн тэдэнтэй хамт алхсан ба тэд яагаад Түүнийг таниагүй вэ (15, 16)? Тэд Есүсийг хэн гэж бодож, Түүнд ямар хүсэл найдвар тавьж байсан бэ (17-21)? Тэд эмэгтэйчүүдийн гэрчлэлийг сонссон ч яагаад нутаг уруу буцаж байсан бэ (22-24)?
4. Есүс тэднийг юу гэж зэмлэсэн бэ (25, 26)? Есүс тэдэнд Бичвэрт Өөрийнх нь тухай хэлснийг хэрхэн тайлбарласан бэ (27, Исаиа 53:4-6, Дуулал 16:8-11)? Хэзээ тэд Түүнийг таньсан бэ (28-32)? Библи ба амиллын итгэл нь хэр чухал холбоотой вэ?
5. Есүсийн амилалд итгэсэн тэд хаашаа явж, хэнд үүнийг гэрчилсэн бэ (33-35)?
6. Есүс шавь нарын дунд Өөрийнхөө амиллыг хэрхэн батлан харуулсан бэ (36-43)? Тэгээд юунд бат итгэхэд тусалсан бэ (44-47)? Есүс тэдэнд ямар үүрэг ба амлалтыг өгсөн бэ (48, 49)? Есүс тэнгэрт хэрхэн өргөгдсөн ба тэд хэрхэн өөрчлөгдсөн бэ (50-53)?

ЕСҮС АМИЛСАН
(Амилалтын итгэл)

Лук 24:1-53
Гол эшлэл 24:6

“Тэр энд байхгүй амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа”

Өнөөдрийн үг бол Христ итгэлийн гол цөм нь буюу Библийн цөм гэж болох Есүсийн амиллын тухай юм. Есүсийн амилал нь бүх эш үзүүллэгийн биелэл бөгөөд Есүсийг Бурханы Хүү буюу Мессиа гэдгийг баталсан үйл явдал юм. Есүс амилсан гэсэн үнэн энэ дэлхийн түүх ба тоолшгүй олны амьдралыг өөрчилсөн. Өнөөдрийн үгэнд Есүсийн амилалд итгэснээр өөрчлөгдсөн хүмүүс гарч байна. Есүсийн булшин дээр ирсэн эмэгтэйчүүд, нутаг руу буцаж байсан 2 шавь, айдсын дунд байсан 11 элч ба тэдэнтэй хамт байгсад юм. Тэд бүгд үл итгэл ба сүнсний мэдлэггүйгээс болж Есүсийн амилалд итгэхгүй байсан. Харин Бичвэрт үндэслэн Есүсийн амилалд итгэхэд тэдний амьдрал нь орвонгоороо эргэж баяр хөөр, хүсэл найдвар ба амийн хүчээр дүүрэн болсон. Тэгээд Эзэн Есүс амилсныг гэрчилдэг гэрч нар болсон. Өнөөдрийн үгээр дамжуулан бид ч түүхийн бодит явдал ба Библид үндэслэн Есүсийн амилалтанд итгэснээр Түүний гэрч болохыг хүсэн ерөөж байна.
1-р эшлэлийг үзээрэй. Амралтын өдрийн дараах эхний өдөр буюу бүтэн сайн өдрийн эрт үүрээр Магдалын Мариа, Иоанна, Иаковын эх Мариа нар мөн бусад эмэгтэйчүүд Есүсийн цогцост түрхэх анхилуун үнэртнийг авч булшин дээр ирэв. Тэд Есүсээс өршөөлийн ивээлийг авч, эд хөрөнгө, залбирал ба хайраар Есүсийн сайнмэдээний ажилд зориулалт дүүрэн үйлчилж байсан. (Лук 8:23) Тэд Галилаас Йерусалим хүртэл даган ирж Есүсийн зовлон, үхэл ба булшинд хүртэл даган Түүнийг хэрхэн тавигдахыг харав. (Лук 23:49, 55) Есүс баасан гаригийн үдээс хойш нас барсан. Иудейчүүд баасан гаригийн нар хэвийх цагаас амралтын өдрийн бэлтгэл өдөр учир юу ч хийдэггүй байжээ. Тиймд тэд Есүсийн цогцост үнэртнийг түрхэж амжаагүй, шууд маалингын даавуунд ороогоод булшинд тавив. (Лук 23:53, 54) Тэгээд амралтын дараах эхний өдөр эрт үүрээр босон Есүсийн булшин дээр ирэв. Тэд булшинд ирэхдээ булшийг тагласан бул чулууг хэн өнхрүүлж өгөх билээ хэмээн санаа зовсон. (Марк 16:3) Тухайн үед булшийг тагладаг бул чулууг хорин эр хүн арайхийн өнхрүүлдэг байсан гэнэ. Гэтэл тэднийг ирэхэд булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг хараад ихэд гайхав. Тэд шууд дотогш ороход Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Тэд Есүсийн цогцос хулгайлагдсан гэж бодон, яахаа мэдэхгүй санаа зовов. Энэ нь тэд Есүс Өөрийн амиллын тухай хэлснийг огт итгэхгүй байсных юм. Есүсийн амилалд итгэлгүй үхлийг л бодож байсан тэдний сэтгэлд гуниг харуусал, харамсал дүүрэн байлаа.
4-р эшлэлийг үзээрэй. Эмэгтэйчүүд ийн айн сандрахад гэнэт гэрэлтсэн хувцастай 2 хүн тэдний хажууд зогсож байв. Тэд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөв. Тэгэхэд тэнгэрэлч тэдэнд гайхамшигтай мэдээг дамжуулсан. “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ, Тэр энд байхгүй, амилсан” гэв. Тэнгэрэлч амьд Нэгэнийг яагаад үхэгсдийн булшнаас хайж байна вэ хэмээн, Есүс үхлээс амилсан нь тодорхой мэдээжийн хэрэг гэж гэрчлэв. Тэгээд “Тэр энд байхгүй” хэмээн хоосон булшийг чухал гэрч, баримт болгосон. Мөн Галилд байхдаа өөрсдөд нь айлдсаныг санаарай гэв. Есүс амьд байхдаа хэдэн удаа Өөрийн амсах зовлон, үхэл ба амиллын тухай урьдчилан ярьж байсан. (Лук 9:22, 18:32, 33) Есүс айлдсанчлан их зовлон амсаж, загалмайд цовдлогдон нас барсан. Тэгээд гурав дахь өдөртөө үхлээс амилсан. Есүс Бурханы хүч чадлаар амилснаар Бурханы Хүү Христ гэдгийг ийнхүү баталсан.
Есүсийн хоосон булш нь Түүнийг амилсан гэсэн бодит баримтын нэг юм. Тэгвэл Есүс амилсан нь бидэнд ямар ач холбогдол өгч байна вэ?
1-рт, Түүнд итгэгч нь мөнх амьтай болж амиллын биетэй болно гэсэн хүсэл найдварыг өгч байна. Анхны хүн Адам Бурханы үгийг зөрчин гэмд унаснаар түүнээс төрсөн бүх хүн төрөлхтөн үхэх ял шийтгэлийг эдлэх болсон. Адамын үр удам болсон хүн төрөлхтөн хэчнээн зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарч, хэчнээн сайхан үйлийг хийсэн ч үхлээс зайлсхийж чадахгүй болсон. Энэ үхлийн асуудал нь бүх хүний амьдралыг хоосон утгагүй болгож айлгасаар ирсэн. Энэ дэлхийд үхлийг ялан дийлж, одоо ч амьд байгаа нэг ч хүн байхгүй. Харин Есүс Бурханы хүч чадлаар үхлийн хүчийг бут цохин, мөнхөд амьдрах биеийг өмсөн амилсан. Үүгээрээ Түүнд итгэгч бүхэн мөнх амьдарч, амиллын шинэ биеийг өмсөнө гэсэн жинхэнэ хүсэл найдварыг өгсөн. Энэ амиллын хүсэл найдвар нь энэ дэлхийд хавчлага ба зовлон дунд буй итгэгчдэд урам зориг ба булаагдашгүй баяр хөөрийг өгдөг.
2-рт, Есүсийн амилал нь хүн төрөлхтний гэм нүглийн асуудал бүрэн шийдэгдсэнийг харуулдаг. Энэ дэлхийд үхэл орж ирсэн нь гэмийн үр дагавар юм. Учир нь гэмийн шийтгэл бол үхэл гэж Бурхан тогтоосон (Ром 5:12, 6:23) Гэвч Есүс загалмайд цусаа асгаруулан амийн төлөөсийг төлснөөр гэмийн бүх хараал, шийтгэлийг Өөр дээрээ буулган үүрсэн. Есүс үхлээс амилснаараа хүн төрөлхтний гэмийн асуудал шийдэгдсэнийг баталдаг. Тиймээс Есүсийн загалмайн үхэл ба амилалд итгэхэд бидний бүхий л гэм ба алдаа ч уучлагдан, Есүсийн адил амилж мөнх амьтай болно.
3-рт, Есүсийн амиллаар дамжуулан энэ дэлхийд ноёрхож байсан Сатаны хаанчлал нурж Бурханы хаанчлал байгуулагдаж эхэлсэн. Ийнхүү Бурханы хаанчлал нь итгэгчдийн сайнмэдээний ажлаар дамжуулан улам тэлж, Эзэн дахин ирэх тэр өдөрт бүрэн биелэгдэх болно. Тиймд итгэгч нар нь энэ дэлхийд аянчин шиг түр амьдрах хугацаанд Есүсийн амилсан сайхан мэдээг тунхаглан, Бурханы хаанчлалын төлөө идэвхтэй амьдрах хэрэгтэй.
Эмэгтэйчүүд хоосон булшийг харсан ч Есүс амилсныг ухаарч чадахгүй байсан. Харин тэнгэрэлч Есүсийн хэлсэн үгийг дахин санахад тусалснаар тэд хоосон булшны утга учрыг ойлголоо. Энэ нь хэчнээн түүхэн бодит үнэн байлаа ч Бурханы үг байхгүй бол бат итгэлд хүрч чадахгүй гэдгийг харуулж байна. Тиймээс жинхэнэ итгэл нь нүдэнд харагдах бодит байдлаас илүү Бурханы үгэнд тулгуурлан итгэхээс эхэлдэг юм.
9-р эшлэлийг үзээрэй. Есүсийн үгийг санаж амилалд бат итгэсэн тэд булшнаас шууд буцан ирээд 11 элч болон хамт байсан хүмүүст болсон бүхнийг дамжуулав. Эмэгтэйчүүд нь хамгийн анхны гэрч нар болсон юм. Харин элч нарын хандлага ямар байсан бэ?
11-р эшлэлийг үзээрэй. Тэд гэрчлэлийг сонссон ч итгэлгүй, зүгээр хов жив гэж тооцсон. Учир нь үхсэн хүн амилах нь хүний оюун ухаанаар ойлгоход хамгийн хэцүү зүйл юм. Өнөөдөр ч хүмүүс Есүс амилж, одоо ч амьд гэдэгт итгэдэггүй. Яагаад гэвэл хүний санаа болон шинжлэх ухааны үүднээс ойлгох гэж хичээдэг учраас юм. Харин амнаас гарсан үг бүрээрээ оргүй хоосноос ертөнцийн бүх юмсыг бүтээсэн төгс бүрэн Бурханд итгэх үед энэ Бурханы хүч чадлаар Есүс амилсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадна.
Бусад элч итгэхгүй байхад Петр босож булш руу гүйв. Дотогш харахад Есүсийн цогцсыг ороож байсан маалингын даавуу л олов. Ийм гэрчлэлүүдийг харсан боловч Петр хараахан бат итгэлд хүрээгүй гайхсаар буцлаа. (Иохан 20:8-9)
13-р эшлэлийг үзээрэй. Тэр өдөр шавь нарын хоёр нь Йерусалимаас арван хоёр км зайтай Еммау тосгон руу явж байжээ. Тэд Есүсийг Бурханы өмнө, ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч гэж бодож байсан. Мөн тэд Есүсийг Израилыг Ромоос чөлөөлнө гэж найдаж байсан. Тэд ийм найдвартайгаар ар гэрийнхэн ба бүхий л амьдралыг хойш нь тавин, Есүсийг дагаж байсан. Гэвч ямар ч гэмгүй Есүст шашны удирдагчид үхлийн ял тулган, загалмайд цовдолсон. Тэд ямар ч хүчгүй загалмайд цовдлогдон нас барсан Есүсийг хараад цочролд орж, Түүнд тавьсан найдвар нь хоосон зүйл мэт болж цөхөрсөн. Есүс үхсэнээр тэдний дагалдагчдын амьдрал ч дууссан. Тэд урам хугаран, гунигтай сэтгэлээр нутаг руу буцан явж байлаа. Тэд болсон бүхний талаар хоорондоо ярилцаж явав.
Тэднийг ийнхүү ярилцан явж байтал амилсан Есүс тэдний дэргэд цугтаа алхав. Есүс тэдний ярианд чих тавин хамт явж байв. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Тэгвэл тэдэнтэй цуг алхаж буй Есүс хэн бэ?
Энэ Есүс бол үхлийг ялан дийлж амилснаар үргэлж амьд байж бидний амьдралд хамт байдаг Эзэн юм. Энэ Есүс намайг шантрах үед, ганцаардан гуниглах үед, шийдэгдэшгүй олон асуудал дунд, санаа зовон байх үед ч, амьдралын бүх цаг мөч алхам бүрд хамт байн цуг алхдаг Эзэн юм. Амилсан Есүс би юу ярьж байгааг, юу залбирч байгааг чих тавин сонсдог. Гэвч ихэнх итгэгчид энэ хоёр шавийн адил нүд нь халхлагдан үргэлж хамт байдаг Есүсийг ухаардаггүй. Тэгээд Есүс өөртэй нь цуг байгаа боловч ганцаардан, өөрийг нь сонсох хэн нэгнийг эрэн хайсаар байдаг. Харин энэ дэлхийд миний ярианд анхааран, үнэн үгээр зөвлөх хүн нь ховор байдаг. Хүмүүс бусад хүмүүс өөрийг нь сонсоосой л хүсэж байдаг. Гэвч орчин үеийн хүмүүс маш завгүй болсон. Тэгээд хэн нэгнийг хайж байгаад тэдний урам хугардаг. Харин амилсан Есүс хаана ч хэзээ ч миний үнэнч найз болж үргэлж надтай хамт байдаг. Миний асуудалд гүн анхаарал тавин, миний шивнээг сонсож, мэргэн ухааны үнэн үгээрээ зөвлөгөө өгөн амийн замаар хөтөлдөг. Бид залбирлаар, Библийг тунгаан бодсоноор Түүнтэй хэзээд нөхөрлөж чадна.
17-р эшлэлийг үзээрэй. Есүс тэднээс юун тухай ярилцаж байгааг асуув. Энэ үед тэд Есүсийн үхлээс болж гунигтай байлаа. Тэд Есүсийн тухай болсон бүгдийг мэдэж, эмэгтэйчүүдийн гэрчлэлийг хүртэл сонссон ч үл итгэснээс болж гунигтай хэвээрээ байв. Есүс ийм тэдэнд хэрхэн тусалсан бэ? 25, 26-р эшлэлийг үзээрэй. “Мунхаг хүмүүсээ, эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү гэв” Есүс үгийг тунгаан бодож ухааралгүй, итгэхдээ удаан тэдний сүнсний мэдлэггүй ба үл итгэлийг зэмлэсэн. Тэгээд Тэр Мосегийн 5 номоос эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд нэг бүрчлэн тайлбарласан. (27) Библийн бүх агуулга нь Есүс Христийн тухай юм. Есүс гэмтнүүдийн төлөө зовлон амсаж, үхээд, амилснаар Өөрийнхөө алдарт орно гэдгийг зөгнөсөн байдаг. Тиймээс Есүс зовлон амсан, нас барсан нь гайхах зүйл биш юм. Мөн Түүний дараа амилах нь заавал болох ёстой зүйл юм.
Есүстэй Библийн хичээл хийн, бүх эш үзүүллэгийг ухаарсан тэд одоо Есүсийг харах сүнслэг хараатай болж Эзэн амилсныг хүлээн зөвшөөрсөн. Эндээс бид Библийг зөвөөр тайлбарлуулан сурч, утга учрыг нь ухаарахад, сүнсний нүд нээгдэн, бат итгэлд хүрч чадна гэдгийг сурч болно. Хоёр шавь Есүс амилсан гэсэн гэрчлэлийг сонсож, хоёр нүдээрээ хамт байгаа Есүсийг харж байгаа ч Есүсийн амилалд итгэж чадахгүй байсан. Библийг зөв ухааран ойлгохгүй байхад Есүсийн үхлийг жирийн хүний өрөвдөлтэй үхэл төдий мэтээр бодсон. Есүсийг дэлхийн эрх мэдэлтнүүдийн өмнө хүчгүй алуулсан нэгэн гэж л бодож байсан. Гэвч тэд үгийг зөв тайлбарлуулан сурахад Есүсийн зовлон ба утга учрыг ухааран, Түүний амилалд ч итгэх болсон. Тиймээс бид нүдэнд харагдах олон баталгааг шаардахын оронд Бурханы үгийг зөв сурч ухааран Түүний үгэнд үндэслэн бат итгэлтэй болох хэрэгтэй.
33-35-р эшлэлийг үзээрэй. Библийн хичээлээр дамжуулан зүрх нь шатаж Есүсийн амилалд итгэсэн тэр үедээ тэр хоёр даруй босож замаа өөрчлөн, Йерусалим руу эргэн буцав. Тэр хоёр арван нэгэн элч ба хамт байгсдад очиход тэд ч Эзэн үнэхээр амилсан байна, Симонд харагдсан тухай ярьж байв. Тэгээд тэр хоёр ч өөрсөдтэй нь уулзсан Есүсийг гэрчлэв. Саяхныг хүртэл тэд Есүсийн үхлээс болж гуниг цөхрөл дунд байсан. Гэвч Есүсийн амилалд бат итгэсэн тэд амиллын хүсэл найдвар ба баяр хөөрөөр дүүрэн болж даруй Есүсийн амиллын гэрч нар болов. Бид ч амилсан Есүсийг бодитоор хараагүй ч Бурханы үгэнд үндэслэн Түүний амилалд бат итгэхэд тэдэн шиг амиллын гэрчээр амьдарч чадна.
Тэд ийнхүү ярьж байтал Есүс Өөрөө дунд нь зогсов. Есүс айдсын дунд буй тэдэнд амар тайвныг бэлэглэв. Гэвч тэд дөнгөж сая хүртэл Эзэн үнэхээр амилсан гэж ярилцсан ч Есүсийг хараад сүнс гэж бодоод цочирдон айсан. Есүс эргэлзэж буй тэдэнд шинэ биетэй амилсныг батлахын тулд гар хөлөө харуулж, тэдний өмнө загас идэхээ харуулжээ. Есүс үүгээр зогсолгүй дахиад Бичвэрийг ухааруулахын тулд тэдэнд нэг нэгэнгүй тайлбарласан. (44-47)
Есүс Бичвэрийн дагуу үхэгсдээс амилсан гэдгийг сануулж бүх үндэстэнд нүгэл уучлагдах гэмшлийн сайнмэдээг тунхаглах үүргийг тэдэнд өгөв. (48)
Тэгээд үүргийг биелүүлэх хүч болох Ариун сүнсийг асгана гэж амлан тэдний өмнө тэнгэр өөд өргөгдөв.
Амиллын бат итгэлтэй болсон тэд үлэмж баяр хөөртэйгөөр Йерусалимд буцан ирж сүмд байнга байж Бурханыг магтсаар Ариун Сүнсийг хүлээсэн. Ялагдал, айдас, гуниг цөхрөлөөр дүүрэн байсан тэд Есүсийн амилалд бат итгэхэд амьдрал нь шинэчлэгдэв. Бид ч Библийн хичээлээр дамжуулан Есүсийн амилалд бат итгэн, тэнгэрийн хаанчлалын хүсэл найдвар дотор Есүсийн амлалын гэрчээр идэвхтэй амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.

өмнөх нийтлэлАнхан шатны 9-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэл2019 оны Ефес 1-р хичээл (11.24)