ЗАГАЛМАЙД ЦОВДЛОГДСОН ЕСҮС
(Гэмийн төлөөх золиос)
Лук 23:26-56
Гол эшлэл 23:34
1. Цэргүүд яагаад Курений Симонд загалмайг үүрүүлэх болсон бэ (26)? Ямар хүмүүс Есүсийн хойноос дагасан бэ (27)? Есүс эмэгтэйчүүдэд яагаад өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл гэсэн бэ (28-31)?
2. Есүс ямар хүмүүстэй хамт загалмайд цовдлогдсон бэ (32, 33, Исаиа 53:12)? Загалмайд цовдлогдсон Есүсийн махбод болон сэтгэл санааны зовлон хэр байсан бол (Дуулал 22:14,15) Есүс яагаад загалмайд цовдлогдох ёстой байсан бэ (Исаиа 53:4-6)?
3. Загалмай дээр Есүст юуны төлөө залбирсан бэ (34а)? Гэмтнүүдийн төлөө зуучлан залбирлыг өргөж буй Есүсийн хайрын тухай ярина уу? Энэ үед цэргүүд юу хийсэн бэ (34б)?
4. Ард олон захирагчид Есүсийг хэрхэн дооглосон бэ (35-37)? Есүсийн дээр ямар бичээс байсан бэ (38)?
5. Есүсийн хоёр талд өлгөгдсөн хоёр гэмт хэрэгтний хандлага нь хэр ялгаатай байсан бэ (39-42)? Гэмшсэн дээрэмчний итгэлээс бид юу сурах вэ? Есүс түүнд ямар нигүүлслийг өгсөн бэ (43)?
6. Зургаадугаар цаг болоход тэнгэр газар ба сүмд юу тохиолдсон бэ (44, 45, Еврей 10:19, 20)? Есүсийн үхлийг харсан зуутын дарга юуг илчилсэн бэ (46-49)? Зөвлөлийн гишүүн Иосеф Есүст зориулан юу хийсэн бэ (50-54)? Мөн эмэгтэйчүүд юуг бэлдсэн бэ (55, 56)?
ЗАГАЛМАЙД ЦОВДЛОГДСОН ЕСҮС
(Гэмийн төлөөх золиос)
Лук 23:26-56
Гол эшлэл 23:34
“Есүс – Ааваа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ”
Өнөөдрийн үг бол Есүс загалмайд цовдлогдон нас барж оршуулагдсан тухай юм. Үхэл бол тухайн хүний амьдралын дүгнэлт гэж хэлж болно. Мөн үхэл хүний үнэн төрхийг харуулдаг. Бид үхлээр дамжуулан тухайн хүн хэрхэн амьдарсныг мэдэж болно. Есүс загалмайн аймшигтай зовлонгийн дунд ч гэм нүгэлтнүүдийн төлөө залбирсан. Өөрийгөө үхэх хүртэл золиосолсноор хүн төрөлхтнийг аврах ажил гүйцэтгэсэн. Есүс үүгээр Өөрийгөө Бурханы Хүү буюу Аврагч мөн гэдгийг харуулсан. Энэ цагт Есүсийн загалмайн зовлон ба үхлийн утга учрыг ухаарч, Түүний уучлалын хайрыг хүлээн авахыг хүсэн гуйж байна.
1. Загалмай дээр залбирсан Есүс (26-38)
Есүс Гетсеман ууланд залбирсны дараа баривчлагдаж зөвлөлийн өмнө шөнөжин байцаагдсан (22:47-71) Түүний дараа Пилатад хүргэгдэн шүүгдэж, загалмайн ял сонссон. 26-р эшлэлийг үзээрэй. Ромын цэргүүд Есүсийг Голгота хэмээх газар уруу авч явав. Тухайн үед гэмт хэрэгтэнд өөрийг нь цовдлох загалмайг үүрүүлэн ялыг гүйцэтгэх газар хүртэл явуулдаг байв. Есүс 70 кг хүнд загалмайг үүрэн Голгота өөд өгсөв. Есүс загалмайг үүрэн, гуйвж дайван явж байгаад дахин, дахин унана. Есүс шөнөжин байцаагдан доромжлуулан ташуурдуулсан. Тухайн үед Ромын хуулиар бол Иудей хүнийг 120 удаа ташуурддаг байсан гэнэ. Биеийг нь нүцгэлэн модонд хүлж, ухаан алдтал ташуурддаг байсан гэнэ. Модон дээр буруу харуулан хэвтүүлж, хүлж, ухаан алдтал ташуурддаг байв. Мөн үзүүрээрээ зэс эсвэл ясны хэлтэрхийтэй суран ташуураар ташуурдах үед арьс мах нь хууларч, цус гардаг байв. Есүс ийнхүү аймшигтай ташуураар 120-н удаа зодуулсан. Үүний дараа цэргүүд Түүний толгойд нь өргөст титэм өмсгөн дооглов. Энэ бүхнээс болж Есүсийн бие маш ядран цуцаж, хүнд загалмайг үүрэн явах ямар ч хүч тэнхээгүй болов. Үүнийг харсан цэргүүд хөдөөгөөс ирсэн Курений Симоныг барьж, Түүнд загалмайг үүрүүлэн Есүсийн араас явуулав. Симон албадлагаар загалмайг үүрсэн боловч үүгээрээ тэр болон түүний гэрийнхэн бүгд Есүст итгэх болсон ажээ. Ром 16:13-д гардаг Руф нь түүний хүү бөгөөд алдартай итгэгч байв.
27-р эшлэлийг үзээрэй. Есүс загалмайг үүрэн явахад араас нь үй олон хүмүүс эмэгтэйчүүд дагав. Ялангуяа эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж цээжээ дэлсэж байв. Ямар ч гэмгүй Есүс ийнхүү зовж байгааг хараад сэтгэл нь маш өвдөв. Харин Есүс тэдэнд юу гэж байна вэ? “Йерусалимын охидоо Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл” гэв (28) Есүс өөрийнх нь төлөө уйлж буй эмэгтэйчүүдээр тайвшрал авахаас илүү харин ч тэднийг өрөвдсөн. Учир нь Аврагч Есүсийг хүлээн авахаас татгалзсан Иудейчүүдэд ирэх аймшигтай шийтгэлийг харсан юм. 29-р эшлэлийг үзээрэй. “Үзэгтүн “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна” Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэн хөхүүлэх нь ерөөлийн тэмдэг юм. Гэтэл шийтгэлийн өдөр болоход хүүхэд зовж байгааг харах ээж нарын сэтгэл маш хэцүү болно гэв. Тиймд тэр өдөр хүүхэдгүй эмэгтэй нь илүү ерөөлтэй санагдах болно гэсэн үг. Тэр өдөр тэдний амсах гай зовлон тэвчишгүй хүнд учир хүмүүс уулст дарагдан хурдан үхэхийг л хүсэх болно гэв(30)
31-р эшлэлийг үзээрэй. “Хэрэв тэд мод ногоон байхад ийнхүү үйлддэг бол хуурай, хувхай болоход нь юу болох бол” Энд ногоон мод нь гэмгүй зөвт Есүсийг, хуурай хувхай мод нь гэмээс болж хувхайран шатаагдах болсон иудейчүүдийг зааж байна. Энэ нь гэмгүй Есүс ч ийнхүү загалмайн зовлон амсаж байгаа бол хорон муу тэдний амсах зовлон нь хэр их болох бол гэсэн утгатай. Есүсийн энэ зөгнөлийн дагуу Манай Эриний буюу Нийтийн тооллын 70 онд Йерусалим юу ч үгүй сүйрсэн. Тэд Ромын цэргүүдээр удаан хугацааны турш бүслэгдсэнээс болж өлсгөлөнд автагдаж хүүхдүүдээ хүртэл чанаж идсэн гэнэ. Есүс өөрийн авах зовлонгоос илүү тэдний амсах шийтгэлийг бодон өрөвдсөн. Мөн ийнхүү сануулснаар иудейчүүдэд гэмших боломжийг дахин өгөв. Ийнхүү иудейчүүдэд ирэх шийтгэл нь хожим Есүсээс татгалзсан хүмүүсийн авах шийтгэлийн сануулга юм.
32, 33-р эшлэлийг үзээрэй. Өөр хоёр гэмт хэрэгтэн ч Түүнтэй хамт цовдлогдохоор явав. Тэд “Гавал” хэмээх газар хүрч ирээд тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Энд “Гавал” гэсэн нэр нь арам хэлээр Голгота, латинаар Галбури уул гэдэг. Тухайн үед загалмайн ялыг алуурчин, бослого дэгдээгч, дээрэмчин гэх мэтийн хүнд ялтай гэмтнүүдэд оноодог байсан. Есүс ийнхүү хүнд гэмтнүүдийн нэгээр тооцогджээ. (Исаиа 53:12)
Тэгвэл загалмайд цовдлогдсон Есүс юу хийсэн бэ? 34-р эшлэлийг үзээрэй. “Есүс – Ааваа тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв” Тэд шавга хаяцгаан Түүний хувцсыг хуваан авчээ” Загалмайн аймшигтай зовлон дунд ийн гуйж буй Есүсээс бид юу сурах ба Есүсийн загалмайд цовдлогдсон нь бидэнд ямар ач холбогдолтой явдал вэ?
1-рт, Есүс бидний гэм алдаа зөрчлийг бүгдийг нь үүрсэн. Загалмайн ял шийтгэл нь хүн төрөлхтний сэтгэсэн ялын дундаас хамгийн аймшигтай шийтгэл юм. Буудуулах эсвэл хутгаар дүрж алуулах нь богино хугацаанд зовж үхдэг. Гэвч загалмайд цовдлогдвол 2-3 хоногийн турш аймшигтай үхлийн айдсын дунд зовлон амсаж байгаад биеийнхээ бүх шингэнийг алдан хатаж үхдэг. Үхэх хүртэл өвдөлтөөс нь болж 1000-с илүү удаа ухаан алддаг гэнэ. Ийм тэдэнд үзүүлэх ганц нигүүлсэл нь алхаар хөлийг нь цохин үхлийг хурдлуулах явдал байв. Мөн биеийн жинг даахын тулд гар болон хөлийн бугуйнд бүдүүн хадаасаар хаддаг байв. Бугуйнд мэдрэлийн судаснууд бөөгнөрсөн байдаг тул өвдөлтийг бүр их мэдэрдэг гэнэ. Хадаасар хадуулахад Есүсийн бүх бие мушгин татвалзав. Есүсийн энэхүү зовлонгийн тухай Дуулал номд зөгнөсөн. “Намайг ус шиг асгасан бөгөөд бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, хэл минь түүшиндээ наалдав. Та намайг үхлийн шороонд оруулав” (Дуулал 22:14, 15)
Ямар ч гэм зэмгүй Есүс яагаад ингэтэл аймшигтай зовох ёстой байсан бэ? Бидний болон хүмүүний гэмээс болсон юм. Түүний амсаж буй зовлонгийн хирээр бидний гэм нь тийм хүнд ноцтой гэдгийг харуулж байна. Эш үзүүлэгч Исаиа Есүсийн загалмайн зовлон бидэнтэй ямар хамаатай зүйл болохыг илчилсэн. Исаиа 53:4-6-р эшлэлийг үзээрэй. “Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл Түүнийг Бурханд зодуулж, цохиулсан тэгээд зовж зүдэрсэн гэж бид тооцжээ. Гэвч гэмт үйлдлийг маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарчээ. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүн дээр Эзэн тохов”
Есүс бид бүхний гэмээс болж ийнхүү аймшигтай зовлон амссан. Өнөө үеийн хүмүүс гэмийг гэм гэж үзэхгүй болсон. Гэмийг гоё сайхан үгээр гэм биш хэмээн зөвтгөх болсон. Харин Ром 1:18-32-р эшлэлийг үзвэл хүмүүний гэмийг тодоос тод заасан байдаг. Хүн ийнхүү гэмүүдийг гэм гэхгүй ч гэсэн гэмийн хариу нь тодорхой юм. Хүний гэм нь том ч бай жижиг ч бай заавал үхлийн шийтгэлтэй байдаг. Мөн махан биеийн үхлээр зогсохгүй түүний дараа шүүгдэхээр товлогдсон ба галтай тамд мөнх шийтгэлийг амсана. Хожмын шийтгэлээс гадна амьдралын туршид ч гэмийн өгдөг буруутгал, айдас, шантрал, ганцаардал болон өөрийгөө голох сэтгэлтэй болж, зовлон амсдаг. Мөн жинхэнэ амар тайвныг амсаж чадахгүй, үргэлж уур бухимдалтай эмзэг давчуу сэтгэлтэй болдог. Бүүр хүндэрвэл сэтгэл санааны хямралд автаж, нойргүйдэл болон янз бүрийн сэтгэцийн өвчтэй болдог. Хүмүүс гэмийн өгдөг таашаалыг авахын тулд гэмийг үйлддэг ч дараа нь олон үр дагаврыг амсах болдог. Өвчин, гай зовлон, хагарал гэх мэтчилэн. Эцэст нь гэм хүний амьдралыг сүйрүүлдэг. Гэмийн асуудал нь мартлаа гээд шийдэгдэхгүй, харин олон үр дагавар ба шийтгэлийг авчирдаг.
Харин Есүс ийнхүү бидний авах ёстой гэмийн шийтгэлийг бидний өмнөөс үүрсэн. Үүний улмаас Тэр зовж, өвдөж, бяцарч, доромжлуулан, ташуурдуулж, цовдлогдсон. Хэн нэгэн миний өмнөөс миний буруугаас болсон шийтгэлийг үүрнэ гэвэл бид маш их талархах байх. Есүс яг миний амсах ёстой байсан гэмийн зовлон ба шийтгэлийг Өөрийн биеэрээ амссан юм. Есүс миний оронд үхлийн зовлонг амссанаар миний бүх гэм, алдаа зөрчил уучлагдаж, мөнхийн шийтгэлээс аварсан билээ.
2-рт, Есүс загалмай дээр бидний гэмийг уучилсан. Есүс гэмийг минь үүрэхээс гадна идэвхтэйгээр уучилсан. Есүс Өөрийн амсаж буй зовлонгоос илүү бидний гэмээс болж шаналсан. Хүмүүс Аврагч Бурханы Хүүг цовдолж байгаа хэр нь өөрсдөө юу үйлдэж байгааг мэддэггүй. Есүс гэмийг гэм гэдгийг ч мэдэхгүй Сатаны боолчлолд буй хүмүүсийг хараад үзэн ядалгүй харин өрөвдсөн. Тиймээс Есүс ийм хүмүүний төлөө “Ааваа тэднийг уучлаач” гэж чин сэтгэлээсээ залбирсан. Есүсийн энэ гуйлтад Бурханы уучлалын хайр сайн харагдана. Бурхан Өөрийн Ариун шударга мөн чанараас болж гэмтэй хүмүүнийг шийтгэх нь зохистой юм. Гэвч Бурхан гэмээр дүүрэн биднийг үнэхээр хайрлан цорын ганц хүү Есүсийг бидний нүглийн төлөөх тахилын өргөл болгосон. (Ром 3:25)
Есүс Өөрийн сонголтоор загалмайн зовлонг амсан, үхсэн гол зорилго нь биднийг уучлахын төлөө юм. Есүс загалмайд цовдлогдсоноор бидэнд үзүүлэх гэсэн хамгийн том хайр нь уучлалын хайр юм. Ер нь хүнийг хамгийн их зовоодог асуудлыг гүнзгий бодож үзвэл уучлалын асуудал байдаг. Хүн уучлагдахгүй, уучилж чадахгүйгээс болж өөрөө ч мэдэлгүй асар их шаналдаг. Аз жаргал, амар тайван, баяр хөөрийг гүнзгий мэдрэн амьдарч чадахгүй болдог. Бидэнд хэн нэгний уучлал хэрэгтэй ч үнэндээ бүх хүнийг хамгийн их зовоодог гол асуудал нь Бурханы уучлалыг аваагүйтэй нь холбоотой байдаг. Гэмээс болж бид Бурхантай зөвт харилцаагаа алдан, хүн бүхэн жинхэнэ аз жаргалыг алдсан. Гэм нь Бурхантай харилцаагүй тэрслэгч болгодог хамгийн том ноцтой асуудал юм. Гэмийн асуудал шийдэгдэхгүй бол амийн үндэс болсон Бурхантай харилцаагүйгээс болж хүн хэзээ ч амар тайвныг амсаж чадахгүй болно. Тиймээс Есүс бидний гэмийг үүрэн Бурханы уучлалд хүргэхийн тулд загалмайд цовдлогдсон. Бидний бүх гэмийн шийтгэлийг Есүс үүрснээр Бурхан биднийг уучлах замыг нээж өгсөн. Гэмээс болж Бурхан ба хүн хооронд үүссэн хагарал арилж, хүн Бурхантай эвлэрэх боломжтой болсон. Есүсийн загалмайгаар л дамжуулан хэн ч Бурхантай эвлэрч чадна. (Ефес 2:14-17) Есүсийн өршөөлийн загалмайд итгэх хүн бүр гэмийн өршөөлийг авч чадна. Мөн үүгээр зогсохгүй Бурханы өршөөлийг амссан нэгэн нь бусдыг ч өршөөн эвлэрч чадна. Учир нь ямар ч болзолгүй Есүсийн уучлалыг авсан тул тэр хүнийг болзолгүй уучилж чадна. Есүсийн загалмайн өршөөл нь бидний дунд буй бүх хагарал ба ан цавыг сэргээн эвлэрлийн түүхийг бүтээдэг.
Бенхур гэдэг кинон дээр гол дүр Бенхур өөрийг нь боол болгон худалдаж, ээж болон эмэгтэй дүүг хүртэл шоронд хийсэн багын найзыг уучилж чадахгүй, өс хонзон авах өдрийг л хүлээж байсан Бенхур эцэст нь морины уралдаанд найзыгаа ялснаар өс хонзон авсан мэт болсон. Гэтэл түүний зүрхэнд нь үзэн ядалт, хорсол нь арилаагүй байв. Харин тэрээр Есүсийн загалмай ба урсаж буй цусыг харахад зүрхнээс нь гарахааргүй байсан өс хонзонгоос бүрэн чөлөөлөгдөхийг мэдэрсэн. Есүсийн загалмайн хайранд ийнхүү бүх дайсагнал ба үзэн ядалтыг зайлуулдаг бодит хүч чадал байдаг. Бид яаж өөрийгөө шархлуулсан, доромжилсон, хохироосон нэгнийг уучилж чадах вэ? Өөрсдийн хүч чадлаар боломжгүй юм. Есүсийн өршөөлийн загалмайн хайрыг хүлээн авахад л боломжтой. Өөрийн хайртай хоёр хүүгээ алсан хүнийг өөрийн хүүхэд болгон өргөж авсан Сүн Яа Вон пасторын агуу үйлдэл ч Есүсийн загалмайн хайрын хүчээр л боломжтой байсан. Загалмайн өршөөл бидний хатуурсан зүрхийг зөөлөн болгож чадна. Загалмайн өршөөл нь хүн төрөлхтний бүх гэмийг уучилдаг. Бид өөрөө ч мэдэлгүй гэм үйлдсэнээр Есүсийг загалмайд дахин дахин цовдолдог. Бусдад атаархаж, бардамнаж, үзэн ядсанаар, Бурханд гомдоллон Түүний эсрэг зүйл үйлдсэнээр Есүсийг загалмайд цовдолдог. Харин Есүс ийм бидний төлөө одоо ч гэсэн залбирдаг. “Ааваа тэднийг уучлаач”
Харин хүмүүсийн хандлага ямар байна вэ? 35-р эшлэлийг үзээрэй. “Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан – Тэр бусдыг аварсан. Хэрэв Бурханы Христ, Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв” Цэргүүд хүртэл шавга хаяцгаан Түүний хувцсыг хуваан авч, мөн “Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол Өөрийгөө авраач” хэмээн дооглов. Энэ тохуурхал нь Өөрийгөө аврах чадалтай Мессиагийн хувьд тэвчихэд маш хэцүү байсан. Сатан энэхүү аргаар загалмайгаар биелэгдэх авралын ажлыг нураахыг оролдов. Харин Есүс энэ бүх сорилтыг тэвчив. Есүс хүмүүсийг аврахын төлөө өөрийгөө авраагүй.
2. Итгэлээр аврагдсан нэг дээрэмчин (39-43)
39-р эшлэлийг үзээрэй. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь бас Есүсийг доромжлов. “Та чинь Христ биш бил үү Өөрийгөө бас биднийг авраач” гэв. Тэрээр гэмийн шийтгэлийн өмнө өөрийн бурууг ухааралгүй, зүрхийг улам хатууруулсан. Харин нөгөө хүн нь яасан бэ? Харин нөгөө нь түүнийг зэмлэн “Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг авч байна. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү” гэв. (40, 41) Энэ хүн гэмийн шийтгэлээр дамжуулан Бурханаас эмээх сэтгэлтэй болсон. Мөн өөрийн гэм нүглийг гүнзгий ухааран, хүлээн зөвшөөрсөн. Тэр өөрийн үйлдсэн бүх хүнд гэмийг бодоход хэзээ ч уучлагдах зохисгүй гэдгийг ухаарсан. Тэгэхэд тэр цорын ганц аврал нь хажууд нь цовдлогдсон Есүст л байгаа гэдгийг ухаарсан. Есүсийг л өөрийгөө аврах цорын ганц Аврагч гэдгийг ухааран зөвхөн Түүнд найдвар тавьж эхэлсэн.
Үүгээр зогсохгүй тэрээр Есүсээс ийнхүү гуйв. “Есүсээ Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” гэв. (42) Түүний хувьд үхэхийн өмнөхөн ийнхүү гуйх нь зохисгүй мэт санагдана. Гэвч энэ нь маш агуу итгэл юм. Түүний хувьд тоолшгүй олон гэм нь уучлагдаж, Бурханы хаанчлалд орно гэдэгт найдах нь боломжгүй зүйл байсан. Итгэхэд үнэхээр хэцүү зүйл байсан. Гэвч тэрээр найдах боломжгүй байдалд Есүст итгэн найдсан. Тэрээр үхлээр дуусахгүй үхлийн дараах Бурханы хаанчлал бодитоор оршин байдаг гэдэгт ч итгэн найдсан. Есүсийг үхлээс амилаад Бурханы хаанчлалд орно гэдэгт ч итгэсэн. Тиймээс тэр Бурханы хаанчлалд орохыг гуйсан. Чухам үүнийг итгэл гэдэг. Өөрийгөө харвал ямар ч зохистой юм байхгүй боловч Есүст л найдах нь итгэл юм. Тэр яаж үхэхийн өмнө ийм итгэлд хүрснийг бодоход гайхмаар л байна. Энэ нь тэрээр загалмай дээр залбирдаг Есүсийн дуу хоолойг сонссон учраас юм. “Ааваа тэднийг уучлаач” гэсэн Есүсийн залбирал түүний хатуу чулуу шиг сэтгэлийг цохисон. Өөрийн гэмээс болж Есүс загалмайд цовдлогдсоныг ухаарсан. Есүсийн уучлалын гуйлт ба золиослолын хайрыг ухаарахад өөртэй нь адилхан адгийн гэмтнийг ч Есүс аль хэдийн уучилсан гэдэгт бат итгэсэн.
Есүс ийм түүний агуу итгэлийг хэрхэн ерөөсөн бэ? 43-р эшлэлийг үзээрэй. “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт диваажинд байх болно” Өнөөдөр гэсэн үг нь гэмшин итгэх тэр мөчийг зааж байна. Мөн Есүс гэмшин итгэдэг хүнийг диваажинд аваачна гэдгийг мэдэж болно. Өнөөх хүн амьдралын турш гэмийг л үйлдэн авралын төлөө юу ч хийгээгүй боловч гагцхүү итгэснээр л аврагдсан. Аврал бол зөвхөн итгэлээр дамжин ирдэг бэлэг юм. Эзэн бидний үйлсийг бус зүрхэнд буй итгэлийг л хардаг (Ром 10:10) Бид заримдаа гэмээр дүүрэн өөрийгөө харахад, гэмийг давтан үйлддэг сул дорой өөрийгөө харахад уучлагдаж, аврагдах болов уу гэсэн эргэлзээ ба үл итгэлд автдаг. Харин найдах боломжгүй байхад ч найдах нь итгэлийн мөн чанар юм. Есүс хэчнээн хүнд гэмд олон давтан унасан ч чинь сэтгэлээсээ гэмийг ухааран, гэмшихэд бидний бүх гэм ба сул доройг уучилдаг (1 Иохан 1:9) Уучлагдах зохисгүй нэгний итгэлийг нь хараад авардаг Есүсийн агуу хайр ивээлийг магтацгаая.
3. Үхээд оршуулагдсан Есүс (44-56)
44-р эшлэлийг үзээрэй. Энэ үед 6-р цагаас 9-р цаг хүртэл бүх газарт харанхуй нөмрөв. Есүс цовдлогдоход тэнгэр ч газар ч гашуудсан. Харанхуйн хүч ч бүх газрыг нөмрөн ялсан мэт, сайн нь мууд дийлэгдэн Сатан ялсан мэт харагдсан. Есүс 6-р цагт (өглөө 9 цаг) цовдлогдон 9-р цаг (үдээс хойш 3 цаг) хүртэл зургаан цаг тамлагдсан. Түүний дараа “Ааваа Таны гарт Би Сүнсээ даатгая” гэж чанга дуугаар хашхирсны дараа амьсгал хураав. Есүс Бурханы эрх мэдэлд Өөрийгөө бүрэн даатгасан.
Энэ үед юу болсон бэ? 45-р эшлэлийг үзээрэй. “Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа” Сүмийн хөшиг нь Ариунаас ариун газар ба ариун газрыг заагладаг. Энэ хөшиг нь Бурхан ба хүн хоорондох гэмийн ханыг төлөөлдөг. Хүн гэмээс болж ариун Бурханы өмнө очих боломжгүй болсон гэдгийг харуулдаг. Харин Есүс Бурханы Хурга болж загалмайд цусаа урсган гэмийн төлөөсийг төлснөөр энэхүү гэмийн хана нуран унасан. Есүс загалмайд нэгмөсөн бүрэн тахилыг Бурханд өргөснөөр гэмтэй бидэнд Бурханы өмнө очих шинэ бөгөөд амийн замыг нээж өгсөн. Бид одоо хаана хэзээ ч Есүсийн цусанд итгэх итгэл дотор Ариунаас ариун Бурханы сэнтийн өмнө зоригтой очих боломжтой болсон (Еврей 10:19, 20) Есүсийн цус Бурханы зөв ба шударгыг хангаж, бидний бүх гэмийг уучилдаг хүч чадалтай бөгөөд биднийг шинэ хүн болгодог.
Есүсийг нас барахад үүнийг харж байсан хүмүүсийн дунд бас гайхамшигтай өөрчлөлт гарсан. Загалмайн ялыг гүйцэтгэж бүх үйл явдлыг харсан зуутын дарга нь Бурханыг магтан “Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ” хэмээн илчилсэн. Харь үндэстэн цэрэг хүний амаар ийнхүү илчлэгдсэн нь үнэхээр гайхамшигтай юм. Мөн юу болохыг харахаар тэнд хамтдаа цугласан ард олон ч өөрсдийн гэмийг ухааран цээжээ дэлссээр буцан явав. 50-53-р эшлэлийг үзвэл зөвлөлийн гишүүн Иосеф ч энэ бүхнийг хараад нуугдмал, зориггүй гэмээ гэмшин зоригтой бат итгэлтэй болж, Пилатаас Есүсийн цогцсыг гуйсан. Тэгээд өөрийнхөө төлөө бэлдсэн байсан булшинд Есүсийг оршуулав. Ингээд Есүс үхээд оршуулагджээ. Есүс үхээд оршуулагдсанаар гэмтэй бидний хуучин хүн ч хамт үхээд оршуулагдсан юм. (Ром 6:4)
Дүгнэлт: Есүсийн загалмай миний бүх гэмийг уучилдаг өршөөлийн загалмай юм. Загалмай нь итгэдэг хүн бүрд диваажин ба мөнх амийг баталдаг авралын загалмай юм. Есүсийн загалмайд өршөөл ба авралын хүч чадал байгаа. Ямар ч хатуу чулуу шиг гэмтний сэтгэлийг ч хайлуулдаг хайрын загалмай юм. Дайснаа хүртэл хайрлаж, уучилж чадах, гэмийн эсрэг тэмцэлд ялж чадах хүч нь загалмайнаас гардаг. Бид бүхэн Есүсийн загалмайн хайр ба хүч чадалд итгэснээр бүх гэмийн ачааг тайлж, амар тайвныг эдлэн, бусдыг уучлан, хайрладаг амьдралаар амьдрахыг хүсэн ерөөж байна. Мөн Есүсийн энэхүү загалмайн хүчийг хичээнгүй бусдад дамжуулдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.