АМИЙН УСЫГ ӨГДӨГ ЕСҮС
Иохан 4:1-18
Гол эшлэл 4:14
“Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд”
1-4-р эшлэлд Есүсийн сайнмэдээ баптисч Иоханаас илүү хүчтэй болсонд фарисайчууд Түүнд атаархан буруутгах болсон. Тиймээс Есүс тэдэнтэй үр ашиггүй зөрчилдөөн үүсгэхгүйн тулд Иудаг орхин Галил уруу Самариар дайрч явж байгаа талаар гарч байна.
4-6-р эшлэлүүдийг хараарай. “Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа.”
Есүсийн амьдарч байсан цаг үед Самари аймаг нь Иудей болоод Галил аймгуудын дунд байрлаж байлаа. Иудей нь өмнө хэсэгт Галил хойд зүгт харин энэ хоёрын дунд Самари аймаг байлаа. Тиймээс израилчуудын хувьд Галилд хүрэх хамгийн дөт зам нь Самариар дайрч өнгөрөх байв. Гэвч тэд энэ замаар явахаас үргэлж татгалзан өөр замаар тойрч явдаг байлаа. МЭӨ 1000 онд Соломон хааны хаанчлалын үед Иудей овгуудын хооронд болсон дайнаас болж өмнөд Иуда, хойд Израиль болж хуваагдсан байна. Хэдэн зууны дараа буюу МЭӨ 722 онд Ассири улс хойд Израилийг эзэлж авсан. Үүнээс болж израильчууд ассиричуудтай цус холилдсон байна. Тэдний дундаас төрсөн үр удам нь самаричууд байлаа. Тиймээс өмнөд нутагт амьдарч байсан “цэвэр цусны” израильчууд самаричуудыг үзэн яддаг байв. Энэ үл ойлголцол, бие биенээ үзэн ядах үзэл, өшөө хорсол 1000 жилийн турш үргэлжилсэн байна.
Гэвч Есүс самаричуудыг үзэн ядаагүй. Тэрбээр бүх дэлхийг үнэн ба хайраар хайрлан амьдарсан юм. Есүс хамгийн дөт зам болох Самариар дайрч Иаковын худаг дээр ирсэн нь энэ байлаа.
Одоо 7-8-р эшлэлүүдийг хараарай. “Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс Надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа.”
Иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байснаас гадна тухайн цаг үед олон нийтийн газар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ярьдаггүй ёс заншилтай байв. Самари эмэгтэй усаа худгаас авч өөрийн замаараа л явдаг нь түүний өдөр тутмын хэв маяг байлаа. Түүний замд хэн ч таарсан түүнтэй нэг ч үг сольж үзээгүй. Гэтэл энэ өдөр худагт ойртон ирсэн түүнээс ус өгөөч хэмээн Есүс гуйсан. Есүс цангаж бас ядарч байлаа. Тэрбээр Бурханы Хүү ч гэлээ ч бидэнтэй адил махан биеэр төрсөн юм. Тиймээс түүнд хоол хүнс, уух ус хэрэгтэй байв. Харин ус гуйж байгаа Есүс Самари эмэгтэйгээс ус гуйсан анхны ч хүн байж болох. Энэ үйл явдал түүнийг нилээд цочирдуулсан. Түүнээс ус гуйсан эрэгтэй хэн байх талаарх таамаглал түүнд огт байсангүй. Түүнд Бурханы Хүү зочлон ирсэн гэдгийг тэр ч хараахан мэдээгүй байлаа. Есүс Өөрийгөө хэн болохыг түүнд мэдүүлэхийг хүссэн. Тиймээс анхны алхмыг хийж байна. Есүс түүнээс уух ус гуйсан нь энэ байлаа. Үүгээрээ тэр эмэгтэйн анхаарлыг татсан. Нөгөө талаараа өөрийгөө хэн ч биш гэж бодож явдаг самари эмэгтэйд хүндлэл, итгэл найдварыг өгсөн.
Библийн түүхээс харвал Есүс гэмтнүүдийг хайж очин тэдэнд Өөрийгөө илэрхийлсэн байдаг. Есүсийн энэхүү хайр, халуун дулаан нөхөрлөл, гэмийн уучлалыг авсан дагалдагчид дэлхийн түүхийг өөрчилсөн. Бидний дунд суугаа олон хүмүүс дээр Есүс Өөрөө хүрэлцсэн ирсэн. Тиймээс тэд ч бас гэмийн амьдралаас татгалзан Есүсийн үгийн дагуу цэвэр ариунаар, золиослолтойгоор, дуулгавартайгаар амьдарч байгаа.
Бидний ихэнхэд маань нэг ижил тал байсан нь Есүсийг хайж сүмд ирсэн хүн нэг ч байгаагүй. Бидэнд “Харийн шашин”, “Бурхан гэж байхгүй” “Энэ бол ядуучууд итгэдэг шашин” Христийн шашнаар дамжуулан Монголыг уусган авах гэсэн гадны бодлого” гэх мэт бодлууд л байсан. Гэвч Есүс хэний ч төлөө хэзээ ч бууж өгөөгүй. Тэрбээр хэн нэгэн дээр Өөрийн дагалдагч нараар дамжуулан очсон. Тэр дагалдагч дээр “Та оюутан уу” гэж хэлж Есүстэй уулзсан хэн нэгэн бас очсон. Тэд бид бүгдээрээ Есүстэй уулзсан хүмүүс. Түүнтэй Библийн үгийг уншиж ярилцсан. Ариун Сүнсний хүчээр гэм нүглээс цэвэрлэгдсэн. Есүстэй залбирлаар дамжуулан ярилцаж олон өөрчлөлтийг амьдралдаа харж талархсан хүмүүс. Бид залбирлаар Есүстэй ярилцдаг. Эрх чөлөөтэйгөөр, амар тайвнаар удирдуулж амьдарсаар байгаа бид хамгийн аз жаргалтай хүмүүс. Есүс эхлээд биднийг хайрласан. Иймээс бид Түүнийг хайрладаг. Есүс ч бас энэ удаа самари эмэгтэйг хайн ирж байна.
Одоо бүгдээрээ Самари эмэгтэйн хариултыг харцгаая? Тэрээр “Та Иудей хүн байж самари эмэгтэй надаас уух юм гуйна вэ гэлээ. Эдгээр зүйлсийг хэлж байгаа самари эмэгтэйн дууны өнгө ямар байсныг мэдэхгүй. Самари эмэгтэй таван нөхөр сольсон учраас Самари даяар тэр ховны бай болж байсан байх. Харсан хүн болгон нүд үзүүрлэн, ойр явахаас цэрвэж байсан. Бид бусдад үл хүндлэгдэхээс эсвэл шүүгдэхээс айдаг. Бас үл таних нэгэнтэйгээ яриа өдөх, ярилцах нь таатай сайхан үйлдэл биш. Надад цаг алга, миний хандлагыг буруу ойлговол юу болох вэ, дараа жил, ирэх 9 сарын 1-нээс сайнмэдээ ярина. Христмас баярын өмнө Есүст бэлэг болгож нэг шинэ оюутанд сайнмэдээ дамжуулж чуулганд урина. Би гадаадад магистрт сурч ирчихээд Бурханд гал цогтойгоор үйлчилнэ гэдэг. Бас тэтгэвэрт гараад хийх юмгүй болоод ирэхээр цуглаандаа өдөр шөнөгүй сүнслэг цаг авч самари эмэгтэйтэй адил хэн нэгэнд үйлчилнэ. Гэлээ ч Есүс ядарсан ч гэсэн тэр нөхцөл байдлаа Бурханы алдрын төлөө ашигласан. Нөхцөл байдал, өөрийн нэр хүнд, амрах цагаараа ч Есүс бусдад сайнмэдээ ярьж байна. Тиймээс Есүсийн харуулсан загварыг бид дагах хэрэгтэй. Хэзээ Бурханы улс руу очихыг мэдэхгүй. Бурханы хаанчлалын төлөө гаргах цаг хугацаанд маргааш эсвэл дараа гэсэн хугацаа байдаггүй. Харин өнөөдөр л гэсэн хугацаа байгаа. Бурхан Самари эмэгтэй мэт шаналсан нэгэнд сайнмэдээ яриасай гэж хүсдэг. Бурхан бүхий л түүхийн туршид одоо ч цаашид ч хайр хэрэгтэй, сэтгэл зүрхээрээ шархдан шаналж буй хэн нэгэн оюутны төлөө ийнхүү ажилласаар байх болно.
Одоо бүгдээрээ 10-р эшлэлийг хараарай “Есүс түүнд хариулан – Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух ус өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд”
Есүс ус уух хүсэлтийнхээ хариуд илүү сайн зүйлийг санал болгосон. Есүс одоо “Бурханы бэлэг” “амийн ус” талаар танилцуулж байна. Эдгээрийг хэлэхдээ өөрийгөө хэн болохыг илэрхийлсэн. Есүс Бурхан бэлэг өгсөн гэж хэлж байна. Тэгвэл бэлэг гэж юу? Бид бүгдээрээ бэлэг авах дуртай. Төрсөн өдрөөр, ямар нэгэн тэмдэглэлт баяраар хэн нэгнээс бэлэг авах дуртай. Хэн нэгэн надад бэлэг өгөх бол George Armani, Gucci брэндийн үнэртэй уснууд, эсвэл эдэлгээ даах чанарлаг, брэндлэг Diesel, Calvin Klein, GAP -с сонгоосой гэж боддог. За тэгээд бүүр болохгүй бол H &M, Mango, Говь, Гоёогоос бэлэглээсэй гэж хүсдэг. Бэлэг өгнөө гэдэг нь хийх зүйлээ олж ядсан хүний хийх ажил бишээ. Харин хайрлаж, хүндэтгэх байгаагаа илэрхийлэн өгдөг зүйл. Тэгвэл Бурханы бэлэг гэж юу вэ? Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох билээ”. Есүс бол Бурханы бэлэг юм. Тэрээр Бурханаас ирсэн хамгийн үнэ цэнэтэй бэлэг юм. Энэ бэлэг Самари эмэгтэйд ч өгөгдсөн. Энд сууж байгаа бид бүхэнд өгөгдсөн нандин бэлэг. Бүгдээрээ өөрийн амьдралаараа энэ бэлгийн бусдад дамжуулан амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Есүсийг Бурханы бэлэг болоод амийн усны талаар өгүүлсний дараа Самари эмэгтэй юу гэж хэлсэн бэ? Тэр Түүнд -Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. Самари эмэгтэй Есүсийн үгийг буруу ойлгосон. Тэрээр Есүсийг худгаас авдаг усны талаар ярьж байна гэж бодсон. Тэрхүү худгийг Иаков өөрийн хөвгүүддээ өгсөн. Тэр цагаас хойш энэ худгийг 1800 жилийн турш ашигласан нь энэ байлаа. Самари эмэгтэй энэ түүхийг мэдэж байсан учраас Есүсийг эцэг Иаковоосоо агуу гэж бодохгүй байв. Түүнд цангасан эр ус гуйж байснаа амийн усны талаар яриад эхлэхээр бүүр хачирхалтай санагдаж байлаа. Харин ийм эргэлзээ, гайхширлын дунд зогсож байсан эмэгтэйд Есүс илүү ойлгомжтой тайлбарыг хэлж өгсөн. Есүс—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд Есүс өөрийн тайлбарыг хэлэхдээ бидэнд өдөр бүр тохиолддог үнэн жишээг сануулан тайлбарласан.
Тэрээр хэлэхдээ энэ уснаас уух хэн ч дахин цангана гэж хэлсэн. Бид 2-3 цагийн давтамжтайгаар байнга ус уухгүй бол амархан цангадаг. Ус ууснаар бидний эд эсүүд сэргэн хүч чадалтай болдог. Харин ус уухгүй удаан явбал ядарч туйлдана. Ус бол бидний цангааслыг түр хугацаанд тайлдаг. Бид ус уусан ч дахиад цангадаг. Үүнийг ойлгоход маш энгийн. Энгийн усны жишээгээр дамжуулан амийн усны талаар Самари эмэгтэйд ойлгуулсан. Тэр өөрийгөө амийн усыг өгөгч нэгэн гэдгээ хэлж байна. Есүстэй хамт байгч бүхэн сэтгэл сүнсээрээ хэзээ ч цангахгүй, хэзээ ч ганцаарддаггүй. Ямар ч асуудал тохиолдсон амар тайван байдаг. Амьдралын хэцүү асуудалд Тэр хамгийн сайнаар тусалдаг. Жинхэнэ нөхөрлөлийг Есүс өгч чаддаг. Есүсээс өөр хэн ч энэ амийн усыг өгч чадахгүй. Гэлээ ч та Есүсээс өөр зүйлээс дээрх зүйлийг хайж байгаа бол тэр хайлт 100,000% бүтэлгүйтэх болно. Учир нь үүнийг Библийн түүх хэдэн зуун мянган жил байтугай дэлхийн эхлэлээс л бүтэлгүйтсэнийг баталсан. Есүсийн амийн усыг хараахан уугаагүй байсан миний амьдралын цаг хугацаа минь батална. Иймээс Есүс “Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус хэмээн хэлсэн. Есүс цор ганцаараа амийн усыг өгч чадна. Түүгээр дамжуулан энэ усыг уудаг. Өдөр бүр энэхүү амийн усыг уудаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Уухыг хүссэн хэн бүхэн одоо Есүсээс гуйхад болно. Иймээс Самари эмэгтэй ч Есүсээс гуйсан.
15-р эшлэлийг хараарай. “Эмэгтэй Түүнд -Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв.” Самари эмэгтэйн хэлсэн үг нь хэний ч хийж чадах хамгийн амархан зүйл билээ. Тэгвэл энэ үгийг сонссон Есүс юу гэж хэлсэн бэ?
Одоо бүгдээрээ 16-р эшлэлийг хамт уншицгаая. Есүс- “Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав” Есүс Самари эмэгтэйтэй ярилцсан яриагаа өөр зүгт хандуулсан. Аядуу зөөлөн харилцан яриа шал өөр өнгө аяс, агуулга руу шилжиж байна. Самари эмэгтэй баян эртэй гэрлэсэн. Тэдний харилцаа 3 сар үргэлжилсэн. Тэрээр модел залуутай гэрлэсэн. Гэвч 1 сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан. Эмч залуутай гэрлэсэн. Харин 7 хоногийн дараа л салцгаасан. Самари эмэгтэй төгс залууг хайхаас илүү зөв залууг хайсан. Гэвч түүнд хэн ч тохироогүй. Тэр дээрх залуустай романтик үдшийг өнгөрөөж, гэрэлт сарны доор ирээдүйн амьдралыг хамгийн сайхнаар төлөвлөж ярилцаж байсан. Харин аль нь ч биелээгүй. Тиймээс тэрээр Есүст дараах хариултыг өгсөн. Иймээс Эмэгтэй -Би нөхөргүй гэсэнд Есүс—“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. 18 Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. Есүс түүнийг хэлэхээс өмнө бүхий л амьдралын нууц асуудлыг мэдэж байлаа. Бидэнд хэн нэгнээс магадгүй хайртай хүмүүстээ ч хэлмээргүй гэмийн амьдрал байдаг. Самари эмэгтэй олон нөхөр сольсон. Яагаад гэвэл тэрбээр бие сэтгэл, санаа бодол, зүрх сэтгэлээрээ жинхэнэ ханамжийг авч чадахгүй байсан. Самари эмэгтэй гэмийн асуудлаа Есүсээс нуусан бол асуудал хаашаа эргэхийг мэдэхгүй. Гэвч сэтгэлийг зовоосон ичгүүр, гэмээ ил болгосон. Ингэснээр тэр амийн усыг ууж жинхэнэ амар тайван, мөнхийн улсад орсон.
Таныг ямар нэгэн гэмийн асуудал зовоож байгаа. Энэ ичгүүрээс болж зүрх сэтгэл чинь одоо ч хэцүү байгаа. Таны сэтгэл зүрх гэм нүглийг жигшин зэвүүцэж байгаа. Энэ бүхнийг Ариун Сүнс анхааруулж хэлсээр байгаа. Нөгөө талаас Бурханаас илүүтэйгээр хайрлаж байгаа таны хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маяг, гэрлэлт, ажил, мэдлэг боловсрол байж болно. Бид өөрсдөө ч ухаарахгүйгээр эдгээрийг Бурханы байх ёстой байр сууринд тавьсан байдаг. Энэ бүхнийг Бурханыг хайрлахаас илүүтэйгээр хайрлах нь хиймэл шүтээн шүтэж байгаа хэлбэр. Танд эдгээрээс аль нь байгааг Есүс мэддэг. Тэр таныг өөрөө Түүнд хэлэхийг хүлээж байна. Та амаа нээж чин зүрхнээсээ тэрхүү гэмээ хүлээн зөвшөөрч, чөлөөлөгдөхийг гуйгаарай. Тэр заавал чөлөөлж өгнө. Самари эмэгтэй өөрийн гэмийг ил болгож илчилснийхээ дараа жинхэнэ эрх чөлөөнд хүрсэн. Ингэснээр тэрээр сайнмэдээний гэрч болон өөрчлөгдсөн. Энэ талаарх түүхийг одоо уншиж байгаа Иохан 4:29, 30-р эшлэлүүдээс харж болно. Амен.
Миний амьдралын намтар энэ Самари эмэгтэйтэй адилхан. Самари эмэгтэй гоо үзэсгэлэнтэй байсан тул таван нөхөр сольсон. Харин Христ дээр ирэхээс өмнө би бүх нүүрээрээ дүүрэн батгатай, маш туранхай. Зан байдал, сэтгэл санаа туйлын тогтворгүй нэгэн байлаа. Христ дээр ирэхээс өмнөх миний амьдрал яг л хар дарсан зүүд адил өнгөрсөн. Гадна төрхөөрөө санаа бодол, амьдралын хэв маяг, байгаа байдлаараа ч хэнд тоогдохгүй нэгэн байлаа. Би төрсөн ааваа хэзээ ч хараагүй. Түүний хайр халамжийг хэзээ ч амсаагүй. Ахдаа өдөр, шөнөгүй зодуулж сэтгэл санаа болоод бие махбодын асар их хүнд дарамт, хүчирхийлэл доор өссөн. Ядуу, өлсгөлөн амьдрал дунд хэр олон өдөр зовж байснаа одоо ч би төсөөлж бодох дургүй. Сайн нөхөрлөлийг харж амсаж өсөөгүй. Надад хэн ч зүрх сэтгэлээ нээж, ярилцаж байгаагүй. Харин ч хүүхдүүд намайг шоолж, надаас зугтаж, элдэв муугаар хараан зүхдэг байлаа. Энэ бүхэнд сэтгэл алдарч гутарч явахдаа будда хэмээх хиймэл шүтээнд мөргөж байлаа. Түүнд би мянгантаа залбирч, түмэн маани мэгзэм хэлж байлаа. Гэвч будда хэзээ ч намайг тайвшруулж тусалж байгаагүй. Энэ бүх амьдралын зовлон зүдгүүр намайг харгис нэгэн болгож хувиргасан. Би бүрэг, зожиг, ганцаардмал нэгэн болсон. Би амьдралд цөхөрсөн. Иймээс архийг ханатлаа ууж хэдэн мянган удаа тасарч үзсэн. Би худлаа хэлж, хулгай хийж үзсэн. Завхайрлын гэмийг хүслээрээ үйлдэн бие сэтгэлээрээ бүрэн бузарлагдсан нэгэн байлаа.
Ийм намайг Самари эмэгтэйд зочлон очсон шигээ Есүс хайн ирсэн. Нэгэн найзаар маань дамжуулан намайг UBF цуглаанд дуудсан. Чуулганд орж ирсэн анхны өдрөө бие сэтгэлээр бүрэн бузартчихлаа гэж бодоод бушуухан гарч явсан. Учир нь би буддагийн улаан фен байсан.
Харин тэр цагаас 5 сарын дараа энэхүү конференц шиг нэгэн конференцэд оролцож нэгэн хоньчны намтар болоод Бурханы үгээр дамжуулан амьд Бурхантай уулзсан. Есүсийг библийн хичээлээр дамжуулан улам илүү таньж, залбирлаараа дамжуулан Бурханы гайхамшгуудыг олонтой харсан. Есүсийн амийн ус миний дотор библи судлал, залбирал, түүнийг хайрлах хайр, гэмийн чөлөөлөлтөөр дамжуулан улам илүү ундарсаар байгаа. Түүнээс би салж чадахгүй. Надад өөр явах зам байхгүй. Тэр надад гайхалтай үзэсгэлэнтэй гэргий, хоёр хөөрхөн хүүг бэлэг болгон өгсөн. Аавын хайр амсаж үзээгүй би хөвгүүдээрээ дамжуулан Бурханы хайрыг улам илүү сурдаг. Ядуу өлсгөлөн байсан намайг эд баялаг, элбэг хангалуун амьдралаар шагнасан. Надад дутах зүйл нэг ч байхгүй. Харин би шинэ өглөө бүр сэрэхдээ Бурханыг өнөөдөр баярлуулах юмсан гэж боддог. Энэ л өдөр нэг хүнд амийн усыг уулгахсан гэж боддог. Харин энэхүү амийн усыг дамжуулж чадаагүй бол гунигладаг. Энэ бол амийн усыг уусан, Есүстэй уулзсан миний гэрчлэл.
Дүгнэлт: Та бид амийн усыг уусан хүмүүс. Есүс хэлэхдээ амийн ус оргилох булаг болох хэрэгтэй гэсэн. Булаг бүхэн оргилдоггүй. Зарим нь хатаж ширгэдэг. Харин зарим ойр хавьд байгаа бүхнээ усалж ундаалдаг. Булгийн ундарга судлыг чулуу таглаж оргилох явцыг зогсоодог гэж та бид сайн мэдэж байгаа. Үүний адилаар бидний ундрах булаг адил итгэлийн амьдралыг зогсоох олон чулуу ирж байгаа. Тэд бол муу нэгний илгээсэн сорилт, зовлон, өвчин, залхуурал, тууштай биш байдал, нөхцөл байдлыг хараад амархан шантрах энэ бүхэн. Үүнээс олон чулуу таны амийн булаг руу шидэгдэх болно. Тиймээс Есүстэй хамтран тэрхүү чулуунуудыг цэвэрлэн өдөр бүр сэрэмжтэйгээр амьдарцгаая. Өдөр бүр залхууралгүйгээр залбирч библи уншицгаая. Амийн усыг оргилуулан булаг болгон, бусдыг ч бас энэ замаар удирдахыг хүсэн гуйж байна. Самари эмэгтэй шиг гэмээ ил гарган гэмшицгээе. Есүс яг одоо ч миний хажууд зогсож байгаа. Тэр бол тэнгэр газрыг Өөрийн үгээрээ бүтээсэн цор ганц Бүтээгч. Түүнд үеийн үед алдар магтаал байх болтугай. Амен.