ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ ЕСҮС
Иохан 8:12-20
Гол эшлэл: Иохан 8:12
“Тэгээд Есүс тэдэнд дахин – Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав”
Иоханы сайнмэдээг эхнээс нь харвал Есүс бол Бурхан гэдгийг тунхагласан. Дараа нь тэрээр Христийн мөн чанарыг илүү нарийвчлан ямар утгатай болохыг мөн Есүсийн хэлсэн сургаалуудыг нь бичиж үлдээсэн байдаг. Есүс Өөрийнхөө мөн чанарыг амьдралд ойрхон жишээнүүдээр тайлбарлан хэлдэг.Өмнөх номлолуудаар Зам Үнэн Амь, Амийн Ус, Энэ удаа Ертөнцийн гэрэл гэж, гэрлээр зүйрлүүлэн Өөрийн мөн чанарыг тайлбарлан хэлж байна. Энэ цагт гэрэл болсон Есүсийг шинэ сэтгэлээр дахин сурцгаая!1. Ертөнцийн гэрэл: Гэрэл гэж юу вэ? Физикийн шинжлэх ухааны үүднээс бол: Гэрэл нь энергийн нэгэн хэлбэр юм. Абсолют тэг хэмээс дээш температурд байгаа ямар нэгэн биет гэрэл цацруулдаг, мөн дулаан ялгаруулдаг. Энэ дэлхий дээр маш олон төрлийн гэрэл байдаг. Нарны гэрэл, сарны гэрэл, дэнлүүний гэрэл, хурц гэрэл гэх мэт, гэрлийн туяа болгон өөрийн гэсэн хамрах хүрээ ба тусгалтай юм.Та гэрлийн талаар нэг бодоод үзээрэй! Ихэнх хүмүүсийн тодорхойлолтоор. Гэрлийг сайхан зүйлээр төсөөлдөг. Баяр хөөр, баяр баясгалан, гэрэлтэйд бүх юм сайхан харагддаг. Мөн гэрэл бол амьдралд аз жаргал авчирагч гэж үздэг. Гэрэлгүй бол амьд биет оршин тогтнож чадахгүй. Гэрэл бол энерги. Гэрэл маш онцгой хүчийг үйлдвэрлэдэг. Гэрэл амьдрал өгдөг. Бүх ургамал нарны гэрлийн хүчээр л цэцэглэж ургадаг. Гэрэл өөртөө дулаан, үзэсгэлэнтэй байдлыг агуулдаг. Гэрэл харанхуйг сарниулж үнэнг харуулдаг. Гэрэл бол хүний амьдралын салшгүй нэгэн зүйл. Гэрэлгүй бол энэ дэлхийг харанхуй нөмөрнө.Тэгвэл гэрэл хаанаас ирдэг вэ? Шинжлэх ухаанчид лабораторид нээж илрүүлсэн үү? Эсвэл зүгээр л өөрөө оршин байдаг уу? Үгүй энэ гэрлийн эх үүсвэр бол Бурхан юм. Библид бичсэний дагуу Бурханы хэлсэн анхны үг бол “Гэрэл бий болтугай!” (Эх1:3) гэсэн байдаг. Гэрэл бол Бурханы хүч, гоо үзэсгэлэн, нууцлагдмал байдлыг илэрхийлдэг. Библи дээр Бурханыг Гэрэл хэмээн илэрхийлсэн хэсэг олон байдаг. Есүс яагаад ертөнцийн гэрэл вэ? “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм” гэсэн нь Есүс бүх гэрлийг бий болгосон гэсэн утгатай. Есүс: “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм” гэснээрээ энэ дэлхийг харанхуй гэдгийг хэлж байна. Харанхуйг гэрэлтүүлдэг гэрэл учраас Есүс ертөнцийн гэрэл юм.Манайхны хороололд гэрэлт гудамжнууд олон байдаг. Хүн тэрхүү гэрэлтэй замаар л явж байж хүрэх газартаа аюул осолгүйгээр хүрдэг. Гэрэл нь тас харанхуй шөнийн хувьд чиглүүлэгч болдог. Гэрэл зөв бурууг ялган харуулдаг.Библийн Хуучин гэрээнд Израиль ард түмэн Египетээс гарахад Бурхан шөнө нь галан багана, өдөр нь үүлэн баганаар чиглүүлэн тэднийг удирдан явсан. Яг л тэдний зүг чигийг заагч луужин мэт амьдралд нь өдөр бүр ивээлээ үзүүлсэн. Тэднийг зүг чигээ алдан төөрөхөөс хамгаалж тэдний дээрээс гэрэлтэж байсан. Үүний адил Христ бидний амьдралыг гэрэлтүүлдэг. Зөв замаар явах сонголтыг өгдөг. Учир нь Есүс ертөнцийн Гэрэл юм.Яагаад гэвэл гэмээс болоод энэ дэлхий харанхуйгаар дүүрсэн. Бурхан харанхуйгаар дүүрсэн энэ дэлхийд авралын гэрлээ тусгасан юм. Есүс миний таны бид бүгдийн гэм нүглийг, бүгдийг нь загалмай дээр үүрч. Орхигдсон энэ дэлхийд авралын гэрлийг тусган, харанхуй дэлхийд гэрэл гэгээг авчирснаар Есүс ертөнцийн гэрэл болсон юм. Үхлийн сүүдэрт суугч хүн төрөлхтөн дээр гэрлээ тусгаснаар Ертөнцийн гэрэл болсон.12а үзээрэй. “Тэгээд Есүс тэдэнд дахин – Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм” гэж хэлсэн. “Би” гэдэг нь Бурхан хэн нэгнээс хамаарахгүйгээр оршин байгааг хэлж байна. Харин Есүсийн дүрслэн хэлж буйгаар. “Би бол амийн талх”, “Амийн Ус” “Би бол сайн хоньчин”, “Би бол зам”, “Би бол амь”. Нэг үгээр хэлэхэд тэр бүх хүнд бүх зүйл нь болохоор ирсэн. Амен. Одоо тэр харанхуйд алхагчидаа “Би бол ертөнцийн гэрэл” хэмээн хэлж байна. Тиймээс гэрэл дотор зөв замыг сонгон алхацгаая! Энэ цагт хүн бүр Есүсийн дотор буй гэмийн өршөөлийг амсаж амийн гэрэл дотор амьдарч чадахыг гуйж байна.2. Гэрлийн үүрэг: Гэрлийн үүрэг бол харанхуйг гэрэлтүүлэх юм. Гэрлийн эсрэг тал бол харанхуй. Библид харанхуйг гэм нүглээр төлөөлүүлж. Харин мөнх амийг гэрлээр төлөөлүүлсэн байдаг. Харанхуйд хүн зүг чигээ амархан алддаг, ямар ч юм харагддаггүй. Харанхуйд бүдрэн унах амархан байдаг. Харанхуйд бүх зүйл нуугдмал байдаг. Харанхуйд тухайн зүйлийн бодит өнгө төрх нь бүрэн харагдахгүй. Үүний адил гэмийн харанхуйд бузар муу нуугдан байдаг. Харанхуйд гэм үйлдэгддэг. Анхны хүний дуулгаваргүй байдлаас болж гэм нүгэл дэлхийд орж ирсэн. Үүний улмаас тэртээ 2000 жилийн өмнө нэгэн самари эмэгтэй амьдралдаа сэтгэл ханамжаа олж чадахгүйгээс болоод хэд хэдэн нөхрийг солин амьдарсан. Түүний амьдралд гэрэл болчихоор сайхан зүйл байсангүй. Тэрээр гэрэлд гаран амьдархаас ч ичдэг байсан. Түүний гэмийн мэдрэмж нь өөрийг нь нийгмээс тусгаарлах болсон. “Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” бусдаас нуугддаг эмэгтэй хэнээс ч ичихгүйгээр хот руу яаран гүйж миний үйлдсэн бүхнийг хэлсэн хүнийг хараач. Тэр Христ биш үү хэмээн тунхагласан. Есүсийг дагадаг хүн хэзээ ч харанхуй дотор явахгүй. Харин ч амийн гэрэлтэй болж гэрэлтэх болно. – Леви гэгч нэгэн татвар хураагч, энэ эшлэлийн өмнөх хэсгийг харвал завхайрч байгаад баригдан шүүгдэж байгаа эмэгтэй гээд сэтгэл, сүнсний ганцаардалд шаналан харанхуй дотор байсан хүмүүс Есүсийн гэрлийг олсон.Олон хүмүүс гэмд унахаараа эсвэл унахынхаа өмнө гурван зүйл боддог. Эхнийх нь: Зөвхөн ганцхан удаа, Хоёр дахь нь: Бусад хүмүүс надтай адилхан байгаа юм чинь, Гурав дахь нь: Би бусдад мэдэгдэхгүйгээр бүгдийг нууж чадна.Эдгээр нь бүгд Сатаны тактик юм. Сатан энэ тэр гэсэн шалтаг шалтгааныг бодогдуулан биднийг гэмрүү уруу татдаг. Хүмүүс ганц нэг удаа далдуур гэмийн таашаалыг авсны дараа болино гэж боддог. Харин сатан энэ завшааныг алдалгүй хүмүүсийг гэмийн боол болгодог. Махан биеийн хүсэл тачаалын асуудал нь сатаны хүчтэй зэвсэг учраас хүний хичээл зүтгэл ба шийдвэрээр хэзээ ч шийдэж чадахгүй асуудал юм. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй нууцаар гэм үйлдсэн ч эцэст нь түүний бүх гэм, бүх хүний өмнө илрэн аймшигтай ичгүүр ба шившигтэй байдалд орсон. Энэ эмэгтэй гэрэл болсон Есүстэй уулзаагүй болохоор харанхуй болсон гэм нүгэл дотор амьдарч байгаад баригдсан байна. Гэмийн төлөөс бол үхэл гэдгийг хуулиараа сайн мэддэг мөртлөө махан биенийн хүсэл тачаалаа хангахын тулд завхайрсан ч байж мэднэ. Харанхуй дотор үйлдэж байгаа болхоор хэн ч харахгүй гэж бодон үйлдсэн ч байж мэднэ. Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан нэг ч зүйл Бурханы өмнө байхгүй билээ. Эцсийн өдөр шүүлт дээр бүх зүйл ил болно. Есүс эмэгтэйг шийтгэсэнгүй харин дахин нүгэл бүү үйлд! Гэмшин гэрэл дотор алхаарай гэсэн хүсэл найдварыг өгсөн.Харанхуй өрөөнд гэрэл асаахад хархнууд зугтан алга болдог шиг Есүсийн гэрэл гэрэлтэхэд эмэгтэйг авчирсан хүмүүс гэрэлд өөрийгөө харан дайжин зугтсан. Зарим хүмүүс Есүсийн өмнө өөрийгөө харахдаа гэм нүгэлтэйгээ олж хараад зугтдаг. Тэд харанхуйд амьдрахыг хүссэн учраас Түүний гэрэлд гарахаас татгалздаг. Би өнгөрсөн хүн гээд яваад л өгдөг. Харин Есүс биднээс ийм байдлыг хүсээгүй Түүний дотор өөрийгөө олж харсан бол үргэлжлүүлэн амьдарч амийг өвлөн авах хэрэгтэй. Есүсийг дагадаг хүн харанхуй дотор амьдардаггүй!Энэ дэлхийд Есүс харанхуйн хүч болох Үхлийг ялж гэмт бидний төлөө амилж амийн гэрлээ тусгасан. Түүний дотор хоргодохгүй л бол аврал энэ дэлхийд өөр байхгүй. Гэсэн ч хүмүүс өнөөдрийг хүртэл Христ Есүсийг хүлээн авахаас татгалзсаар байна. Тэд бузар булай, хувиа бодсон замаа орхихыг хүсдэггүй учраас итгэдэггүй. Харанхуйд тэдний бузар муу нуугдмал байдаг учир тэд харанхуйд дуртай байдаг. Гэвч тэдний энэ байдал Бурханд ил байдаг. Учир тэр бол Бүтээгч шүү дээ! Хүн амьдралын гэрлээ хэрхэн олох вэ? Есүс амласан 12б үзээрэй: “Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав”Энэ маш энгийн, түүнд итгэж түүнийг дуулгавартай дагаж, түүний дотор түүнтэй холбогдон амьдрах юм. (1Иох 1:7-9) Хэрвээ бид гэм нүглээ гэмшээд түүн дээр очвол итгэмжит тэрээр бидний гэм нүглийг уучилж, бүхий л зөвт бусаас маань биднийг цэвэрлэх юм. Тэгээд бид түүнтэй холбогдож чадна. Энэ бол түүнийг дагаж байна гэсэн үг.Бид Түүнийг дагавал тэр биднийг харанхуйгаас хамгаалж Бурханы гэрэл дотор баяр хөөртөй, амар тайван, итгэл найдвар алсын хараагаар дүүрэн амьдрах боломжийг өгнө. Бидний амьдрал утга учиртай үр жимстэй болох юм.Ертөнцийн гэрэл Есүсийг идэвхтэйгээр даган амьдрахад гэмийн хүсэл биднийг захирч чадахгүй. Бид идэвхтэйгээр Есүсийг даган амьдарвал гэмийн уруу татлагаас чөлөөлөгдөж чадна. Есүсийн үгэн дотор амьдрах л хэрэгтэй. Зарим хүмүүс нь Есүст итгэж цуглаанд оролцоод явбал л болно. Харин яагаад заавал ӨБХ идэж, өглөөний гуйлтанд оролцож, библийн хичээл хийж сэтгэгдэл хүртэл долоо хоног бүр бичих ёстой юм бэ гэж боддог.
Тэд гэм асар их хүчтэй, салдаггүй зууралддаг гэдгийг мэддэггүй учраас ингэж боддог. Гэм нь тийм ч амархан шийдэгдэх асуудал биш юм. Бид үгэн дотор амьдрахын төлөө маш их тэмцэл гаргахгүй бол боломжгүй юм.Үүнчлэн аймшигтай гэмийн хүчийг бид хэрхэн даван дийлж чадах вэ? бидний хүч чадлаар хэзээ ч боломжгүй. Тиймээс биднээс салдаггүй гэмийн асуудалд унахгүйн тулд өдөр бүр Есүсийн үгэн дотор амьдрахыг сурах хэрэгтэй. Үгэнд өөрийгөө сөхрүүлдэг сүнсний тэмцлийг хийх ёстой. Дуулал 119:9-д “Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар”“Гэрэл гэгээ” дууны үгэн дээр гардаг шиг, Есүс миний амьдралд гэрэл гэгээг авчирсан. UBF-цуглаанд Түүний гэрэлд дуудагдсан би ҮНЭН болсон Түүнийг даган амьдарснаар харанхуйгаас чөлөөлөгдсөн.Далайд гарсан хөлөг онгоцнууд зогсоолдоо ирэхдээ эрэг дээр асаж байгаа гэрлийг харан ирдэг. Гэвч хуурамч гэрэл их асааж дээрэмчид хөлөг онгоцыг дээрэмддэг байсан. Үүний адил энэ дэлхий дээр олон төрлийн жижиг гэрлүүд байсан. Тэдгээр нь будда, кунз, бөө, бясалгал гэх мэт олон байна. Тэд бол бүгд хуурамч юм. Хуурамч жижиг гэрлүүд нь бидний сэтгэл сүнсийг минь дээрэмддэг.Бид гэрэлд алхаж байна гээд бусдын нөлөөнд автан алхдаг. Үүнийгээ өөрөө ч мэддэггүй. Би машин аваад анх шөнөөр унаж байгаад цагдаатай таарсан. Замаас машинаа гарган зогсоолд тавиад бичиг баримтаа аваачин шалгуулав. Тэгээд машинаа аван хөдөлгөөнөө үргэлжлүүллээ. Би хэсэгтээ л бусдын машины гэрлийн тусгалд явсан. Мөн замын гэрэлд ч хэсэг явлаа. Сүүлдээ явж чадахаа байгаад буугаад машинаа нэг харлаа. Гэтэл яасан гээч гэрлээ асаахаа мартсан байлаа. Үүнийг адил гэрэл дотор явж байна гээд. Бусдын тусгалд яваад байгаагаа хүн олж хардаггүй юм байна. тиймээс Есүсийн үгээр өөрийгөө шалган жинхэнэ гэрэл дотор амьдарч буйгаа харах хэрэгтэй юм. . Би гэрэлд алхаж байна гэж 4-6 ангид байхдаа боддог байсан. Энэ буддын сургаалд нэвт орж зөвхөн лам болох хүсэлд автаж байсан. Гэвч энэ бол жинхэнэ гэрэл биш байсан юм. Миний амьдрал завхайрч байгаад баригдсан эмэгтэй адил байлаа. Би гэрэл болсон Есүстэй уулзаагүй болохоор харанхуй дотор амьдарч, өөрийн гэмт байдлаа харахдаа бусдыг бодвол арай л гайгүй юм байна даа гэж мөс чанараараа өөрийгөө зөвтгөн амьдарч байсан. Миний бодит байдал худалч, архичин, тамхичин, дээрэмчин, танхай, завхайрагч гэх мэт зүйлээр дүүрэн байсан. Үүний улмаас Есүсийн гэрэлд гарахаас татгалзаж байсан. Гэвч намайг Есүс хайрлан миний амьдралд гэрлээ тусгасан. Түүний гэрэл миний амьдралд туссан учраас гэмээс ичих биш Бурханы өмнө бүгдийг өчих болсон. Гэрэлд гарах үед Бурхантай харилцах үүд хаалга нээгдсэн юм. Муу хувь тавилантайгаа эвлэрэн амьдрах биш гэрлийг дамжуулагчаар Бурхан намайг хэрэглэж байгаад баярлалаа. Нарны тусгалын улмаас сар гэрэлтдэг шиг, миний амьдрал Ертөнцийн гэрэл болсон Есүс дотор байснаар жижиг гэрлээр энэ дэлхийд гэрэлтэх болсон. Би оюутнуудад Гэрэл болсон Есүсийг зааснаар тэднийг гэрэлд гарахад тусалдаг хүнээр насан туршдаа амьдарч чадахад туслаач! Дүгнэлт: Энэ ертөнцөд ямар гэрэл хэрэгтэй вэ? Энэ дэлхийд Есүсийн гэрэл хэрэгтэй. Та энэ цагт Та ямар гэрлээр удирдуулан амьдармаар байна вэ? Мэдээж гэрэл болсон Есүсийн дотор ил гарч Зөвхөн Түүний өмнө амьдармаар байгаа гэдэгт итгэж байна. Христийн гэрэл тусахад хүний дотрох байдал харанхуйгаас ил болон илчлэгддэг. Жинхэнэ гэрэлд өөрийгөө харан Есүсийг даган амьдарцгаая! Амен!