ЗАМ, ҮНЭН, АМЬ
Иохан 14:1-7
Гол эшлэл 14:6
“Есүс – Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”
Сайн байцгаана уу? НБК-н мэнд хүргэе. Та бүхэнтэй учран золгож байгаадаа би туйлын их баяртай байна. Эзэн Бурханы ивээл, ерөөл нь танд дүүрэн байх болтугай. Өнөөдөр бид зам, үнэн, амь болсон Есүсийн тухай суралцах болно. Хүн төрөлхтөн тэр дундаа та бидэнд Үнэний, Амийн цор ганц зам болж ирсэн Есүсийг сурч, Түүний дотор алхах тэрхүү нандин ивээлийг эдэлдэг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АменХүмүүс дараах хэд, хэдэн хүчин зүйлсээс болж санаа зовон амьдардаг. Сурч чадахгүй бол, ажилд орж чадахгүй бол, өвчин тусвал, яаж амьдарнаа, баян хүнтэй л суух юмсан, тэгж чадахгүй бол гэх мэт маш олон зүйлс бидний санааг зовоодог. Энэ бүгдээс илүү ихээр бидний санааг зовоодог зүйл бол 1-рт Ирээдүй. Ирээдүй баталгаагүй бүрхэг байдаг учраас үргэлж айж, санаа зовон амьдардаг. 2-рт Үхэл гэдэг маш том айдас байдаг. Хүн санаа зовсноор амьдралд нь ямар үр дагаврууд гардаг билээ? Тиймээс хүмүүс амьдралдаа туйлын зорилго болгож амьдардаг зүйл нь -Мөнгө олох, банканд хадгаламжтай болох, нийгмийн даатгал төлж өндөр настны тэтгэмж авах, газар болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч, залуучууд нь янз бүрийн гадаад хэл эзэмшиж, мэргэжлээ дээшлүүлж, төрөл бүрийн сертификат, дипломтой болж, гадаад дотоод явахыг хүсэж, ингэснээр ирээдүйгээ бат бэх болгохыг хүсдэг. Мэдээж эдгээр зүйлс нь огт хэрэггүй гэсэн үг биш юм. Харин эдгээр зүйлсээр л бидний ирээдүй бүрэн баталгаатай болчихдоггүйд л байгаа юм. Харин эдгээрээс ч илүү баталгаатай арга байдаг юм. Юуны өмнө 1-р эшлэлээс үзвэл Есүс “зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ” гэж хэлж байна. Энд хэлж байгаа “ИТГЭ” гэдэг үгийн утга нь Бурханд Даатгадаг итгэл, Найддаг итгэлийг хэлж байгаа юм. Итгэхгүйгээр энэ нь бүхэн боломжгүй юм.Есүс бидний төлөө мөнх амьдрах орон байр бэлдэж өгөх учраас итгэж, даатгаж чадна. Бүгдээрээ 2, 3-р эшлэлийг хамт уншицгаая. “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж та нарт орон байр бэлдчихвэл дахин ирж та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно”. Энд хэлж буй орон байр гэдэг нь Бурханы хаанчлалд бэлдэх орон байрыг хэлж байна. Шавь нар энэ дэлхийд толгой хоргодох газаргүй амьдарч байсан Есүсийг дагахад үргэлж хаана байрлах, хаана хонох талаар санаа зовдог байлаа. Заримдаа тэд нэг майхан дотор 13-уулаа шахалдан унтдаг байсан. Заримдаа хээр талд шүүдэрт норон унтах ч үе байсан. Байнга орон байрны асуудалтай байсан тэд олон өрөөтэй том байшинд амьдарч үзэхийг хүсдэг байсан байхаа. Харин Есүс тэдэнд Бурханы хаанчлал дахь мөнхийн гэрийн тухай амлаж, Мөнхийн хүсэл найдварыг өгч байна. Тэгээд Есүс байр бэлдэхээр яваад, дахин ирнэ гэж амласан. Мөнхөд хамт байх болно гэж амласан. Тиймээс Есүс шавь нараа огтхон ч санаа зовох хэрэггүй гэж тайвшруулж байна. Тиймээс Есүс шавь нарын зүрхэнд хэзээ ч устаж үгүй болохгүй, мөнхийн хүсэл найдварыг суулгаж өгөхийг хүссэн. Бурханд итгэ, мөн Есүст итгэ улмаар бид ертөнцөөс ирдэг санаа зовуурыг даван дийлж чадна. АменЕсүс ба Түүний хаанчлалын төлөө зоригтойгоор амь насаа зориулан, золиос гарган амьдарч чадна. Солонгосын Сун Ян Вон гэдэг пастор нь дахин ирэх Есүст бүрэн дүүрэн итгэж найдснаар зөвхөн Бурханы хаанчлалын хүсэл найдвар дотор амьдарсан. Тэрээр ялимгүй сэтгэлийн шарх ба амь үхлийн асуудалд ч хүлэгдэлгүй амьдарсан. Халдварлах аюултай уяман өвчин байсан ч, уяман өвчтөний шархны идээг амаараа сорон авдаг байсан. Мөн хүүг нь алсан алуурчныг хүртэл үрчлэн авч хүүхдээ болгосон. Мөн хүчтэй, аймшигтайгаар хавчиж байсан коммунист намын цэргүүдэд ч сайнмэдээг гэрчлэн амьдарсан. Бид ч гэсэн түүн шиг итгэлтэй болж ирээдүйн бүх айдас санаа зовуурыг Эзэнд даатган итгэлээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. 6, 7-р эшлэлийг үзээрэй. Хамт уншъя “Есүс –Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно. Одооноос эхлэн та нар Түүнийг мэддэг болов. Мөн Түүнийг харсан гэв”.Зам болсон Есүс: Есүс Өөрийгөө зам гэж байна. Мөн очих ёстой газар нь Эцэг гэсэн. Бид Есүст итгэн Түүнд амьдралаа даатгаж чадах үндэс нь Есүс Бурхан руу хүрэх цорын ганц зам болох учраас юм. Бид замын тухай бодож үзье. Ер нь замыг зөв сонгох хэрэгтэй. Хэрэв буруу замыг сонговол буруу тийшээ явна. Хөдөө явахад зөв зам сонгохгүй бол очих ёстой газартаа хүрч чадалгүй төөрөн зовлон амсах болно. Бидний сүнс болон сэтгэл зүрхний зам бол Есүс юм. Есүс л зөвхөн цорын ганц зөв зам билээ. Есүс бол хуурамч буруу зам биш, жинхэнэ үнэний зам юм. Биднийг мөнхийн амьтай болгож мөнхийн амь руу хүргэх цорын ганц Зам билээ. Тийм учраас Есүс Өөрийгөө зам үнэн амь бол Би байгаа юм гэж баттай хэлж байна. Мөн хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй гэж байна. Есүсийн загалмайн цус ба үхлээр дамжуулан Бурхан ба хүмүүсийн хоорондох ёроолгүй гүн хавцал дээр Есүс шинэ замыг нээж өгсөн. Энэ дэлхийд авралд хүргэх өөр нэр гэж байхгүй. Тиймээс бид зам үнэн амь болсон Есүст бат итгэн амьдралаа даатгаж Түүний араас дагах хэрэгтэй. Ирээдүйдээ бэлдэн мөнгө цуглуулж түүнд итгэж дагаж байвал гэнэт тэр нь ямар нэгэн зүйлээс болж алга болно. Хүмүүсийн хэлдэг янз бүрийн үзэл бодлыг даган явбал буруу зам руу орох магдлалтай. Хайртай хүнээ зам гэж бодон дагаж байгаад гэмийн намганд унах нь амархан байдаг. Тиймээс бид зам үнэн амь болсон Есүст итгэн Түүнээс суралцан даган амьдрахын төлөө хичээх хэрэгтэй. Энэ зам л хамгийн ухаалаг, арвин үр жимстэй ялалт ба мөнхийн амь руу хүргэх зам учраас юм. Хүмүүсийн түүхийг харвал энэ Есүсийн замыг дагасан хувь хүн ба улс орон Бурханы ерөөлийг дүүрэн авч хөгжиж байсан. Харин энэ замаас хадууран өөрийн замаар явсан хувь хүн болон улс орон нь бага хөвгүүнтэй адил замаа алдан төөрөн явж байгаад сүйрэл рүү хүрдэг. Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй төөрч байгаад зөв замд орж ирсэн бид Бурханы хаанчлалын гэрт очих хүртлээ дахиж замаа алдан төөрөлгүй тууштайгаар зам болсон Есүсийг даган явахыг гуйж байна.Үнэн болсон Есүс: Үнэн гэж юу бэ? Бидний сайн мэдэх үгнүүд “Нүд үнэн, чих худал”, Үнэн худал хоёрын хооронд ямар зайтай гэдэг билээ? туйлын үнэн гэж байдаггүй. Учир нь “Бүх зүйлс түр зуурынх, бүгд хувьсан өөрчлөгдөж байдаг” гэлцдэг. Юуг үнэн юуг, худал гэх вэ? “Төрсөн нь үнэн, Үхэх нь үнэн.” Р.Чойном гуай “Үнэн гэж юу байдаг юм бэ. Алган дээр минь тавиач үзчихээд буцаагаад өгье” гэж хэлсэн байдаг. Худал зүйлийг мянга хэлбэл үнэн болдог гэж ч үг бий. Тэгэхээр үнэн гэж яг юуг хэлдэг юм бол оо? Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, мөнхөд хэвээрээ байх тэр зүйл бол үнэн юм. Есүс “Би бол үнэн” гэж байна. Тэр мөнхийн Эзэн Бурхан мөн үү? Амен, Тэр хэзээ ч хувиршгүй мөн үү?, Тэр хэзээ ч алга болохгүй юм аа. Түүний үг мөнхөд хэвээрээ байна. Амен. Тиймээс Тэр бол Өөрөө үнэн юм. Бид Түүнд үнэхээр бүрэн дүүрэн найдаж болно. Түүний Авралын Сайнмэдээ нь үнэн юм. Бид Есүс Христийн үнэнд итгэж, Түүний сургаалыг хүлээн авахдаа авралыг хүлээж авдаг. Бид үл мэдэх байдал ба гэм нүглээс чөлөөлдөг Эзэн Бурханд бүх алдар магтаал нь байг. АменАмь болсон Есүс: Амь гэж юу бэ? Хүн бүр нэг л амьтай. Тоглоом дээр байдаг шиг олон амь, амь нөхнө гэж байхгүй юм. Хүн амьгүй болно гэж яахыг хэлдэг бэ?Нүүрномонд маань нэгэн пост /Баярмагнай Мянган гэдэг хүн/ явж байсан. Тэр жилийн зун уурхайд ажиллах эмч ирж бид хоёр танилцаж билээ. Хотоос 500 км зайтай гэр орноосоо хол ажиллаж байгаа уурхайчдад эмч шиг хэрэгтэй хүн байхгүй. Тэдэндээ сэтгэл санааны дэм өгч, эрүүл мэндэд нь анхаарч ажиллах үүрэг хүлээнэ. Энд ирсэн эмчийн бас нэг ажил бол уурхайн ойр амьдардаг нутгийн иргэдийн эрүүл мэндийг харж хандах давхар үүрэгтэй билээ. Нэг өдөр анги дээр морьтой хүн давхиад ирлээ. Эмч, эмч байна уу? Ихэд айж, сандарсан хүн байлаа. Яасан гэсэн хүүхэд моринд өшиглүүсэн яаралтай очоорой гэсээр буцаад давхидаг юм байна. Баагий эмчид хэлээд хоёулаа шууд л араас нь давхилаа. Очсон чинь боожгойгоо гаргасан жоохон амьтан 2 ойтой гэнэ. Адууны туурай тэр бяцхан амьтны духыг өшиглөж дух нь цаашаа цөмөрч орсон байлаа. Би айгаад харж чаддаггүй. Манай хүн хүүг шууд даавуунд ороогоод тэврээд авсан. Бид бушуухан эргээд бааз руугаа давхилаа. Тэр үед хотоос СХД-н эрүүл мэндийн 14-р төвийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Батжаргал, шүд дотор гээд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийхээр ирсэн байж билээ. Эмч нар ярилцаж байгаад мэс засал хийх боллоо. Уурхайн жижигхэн эмчийн өрөөнд эмч нар маань мэс засал хийж нэг айлын гал голомт залгах хүүгийн алтан амийг аварсан гайхамшигтай үйл явдал болсон доо. Дараа нь сонсож байхад нөгөө айл хүүгээ аваад хот орж Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хаана хэн ингэж хийсэн юм ямар ч асуудал алга гээд буцаасан гэдэг. Бид хүний амийн үнэ цэнийг юугаар ч үнэлж чадахгүй юм.Хятадын Жин Ши хаан нь өөрийн хаанчлал ба амийг мөнх хадгалахын тулд цагаан хэрмийг барьж хөгширдөггүй өвс хаа, сайгүй хайлган зарц нараа явуулдаг байсан гэнэ. Гэсэн ч тэр 40 нас ч хүрэлгүй үхсэн. Хөгшрүүлдэггүй өвсний хайгуул хий гэж зарц нараа хэтэрхий их дарамталдаг байсан учир зарц нар нь мөнгөн усыг тан гэж өгснөөр хордож үхжээ. Ийм алдартай, хүчтэй хаан ч өөрийн хүчээр дөчхөн ч насалж чадаагүй. Түүний хаанчлал ч гэсэн хөвгүүдийнх нь эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж удаан үргэлжлэлгүй, нуран унаж сүйрсэн гэдэг. Энэ дэлхийн хэн ч юугаар ч ирээдүйгээ төгс бүрэн бэлдэж чадахгүй юм. Хүн өөрийн амийг хичнээн хайрлаж, мөнх амьдрах гэж хүсэвч, начир дээрээ баталгаа гэж байхгүй юм.Хүн амийг өөрийн, минийх гэж бодож хайрлаж, зарим нь үл хайрладаг. Эхлэл номонд Бурхан амин амьсгалыг хамраар нь үлээхэд хүн амьтай болжээ гэж байдаг. Амь нь Бурханаас ирдэг, энэ амийг хэн ч үйлдвэрлэж чадахгүй, нөхөж чадахгүй юм. Тоглоомон дээр л олон амьд байдаг болохоос биш, амьдрал дээр тийм юм байхгүй. Энэ амь нь дуусна, гэвч Бурханд итгэгч нь Мөнх амьтай юм. Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” АменАмьдралын товч намтар хуваалцъя.1. Замаа олохгүй төөрсөн амьдрал:Намайг Батцогтын Гал-Эрдэнэ гэдэг. Би 1984 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 6 хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлсэн. Бага нас маань бусдын л адил цэцэрлэг сургуулиар хүмүүжиж өссөн. Би бага байхын л ажилсаг, дуулгавартай, төлөв даруу хүүхэд байв. Ах дүү нартайгаа хэрэлдэж муудалцах үед аав маань бүгдийг нь зоддог байв. Тийм болохоор ааваасаа их айдаг, харин ээжийгээ элэг барьж их зовоодог байсан. Би анги ахих тусам гаднаа гяланцаг, дотроо паланцаг болох нь улам бүр гаарах болов. Хэдийгээр хүн харахад ажилсаг, дуулгавартай сайн хүүхэд мэт боловч миний дотор бусдыг ялгаварлаж, өөрт ашигтай, хэрэгтэй бол тал засах, бусдад таалагдах гэж хичээх зэрэг нь намайг ямар их ядрааж байгааг ч ухаарах сөхөө байсангүй. Мөн өөрийгөө гэмгүй, цайлган гэж бодсон ч хачир дээрээ атаа хорсол, үзэн ядалт, зүрх сэтгэлдээ хүсэл тачаал, завхайрлаар дүүрэн гэмтэй нэгэн байв. Амьдралын олон асуудлын дунд өөрийгөө голж, сэтгэлээр гутарч, яагаад, юуны төлөө амьдарч байгаа ч ойлгохгүй, яагаад ийм тарчиг айлд, царай муутай, туниа муутай хүүхэд болж төрөв өө гэж үе үе бодогдож, заримдаа болдогсон бол амиа хоролчих юмсан гэж хүртэл боддог байв. Ийм миний дотор ирээдүйн хүсэл найдвар, хүсэл мөрөөдөл гэж огт байсангүй. Би ямар замаар, хаа хүрэх гэж яваагаа ч огт мэдэхгүй, азгүй төрсөн миний хувь тавилан л ийм юм байх гэж бодон сохор мэт үлгэн салган амьдарсаар л байв.2. Үнэний, амийн замыг олсон нь: 2002 онд хотод оюутан болж очсон тэр жилийн намар 11 сард анх Оюутны Библийн цуглаанд уригдаж очив. 1:1-ийн библийн хичээл хийж, Тэнгэр газрыг бүтээсэн Бурханы талаар сурахдаа маш олон үйлсийн талаар ярилцаж, урьд нь миний бодож ч байгаагүй олон сайхан сэдвийг хөндөж ярилцлаа. Тэр цагаас хойш би цуглаанд сууж Библи сурч эхлэв. Цуглааны орчин, хүмүүсийн уур амьсгал нэг л ер бусын мэт сайхан санагдаж байв. Энэ бол зохисгүй энэ хорвоо дээр хэнд ч хэрэггүй өчүүхэн мэт надад Үнэнийг зааж ойлгуулсан, бүх гэм нүглийг уучилсан Мөнх амийг бэлэг болгон өгсөн Бурханы зөвтийн зам руу дуудсан хайрын дуудлага байлаа. Миний дотор өөрийн эрхгүй баяр хөөр бий болж байлаа. Амьдрал утга учиртай болж, би амьдралыг хайрлаж эхэлсэн. Миний дотор байсан маш олон муу зуршил, үзэн ядалт, сэтгэл гутрал гээд бүгд аажим аажмаар Эзэнийг магтах магтаал болон өөрчлөгдөж байв. Гэм нүглээсээ болж үхэх ёстой надад Мөнх амийг өгсөн Эзэн Бурханыг дагаж энэ л үнэн, амь болсон цорын ганц замаар явах болсон. Энэ дэлхийн эд баялаг, нэр алдар, эрдэм мэдлэг нь надад амьдралын жинхэнэ баяр хөөр амар тайвныг өгөхгүй болохыг ухаарсан. Энэ бүхэн нь түр зуурын хэрэглээ төдий бөгөөд Бурханы хайрыг сурч мэдэн, тэр хайр дотор амьдрах нь хичнээн үнэ цэнэтэй болохыг Бурхан ухааруулан өгсөн юм. Энэ бүхэн бол би сайндаа биш, харин Бурханы агуу хайр, төлөвлөгөө, ивээл ерөөл байсан учраас юм. Намайг хайрласан, дуудсан, зөвтийн замыг зааж өгсөн Эзэн Бурхандаа талархал магтаалыг өргөж байна.Дүгнэлт. Бид Зам, Үнэн, Амь болсон Есүсийг сурлаа. Манай ардын зүйр үгэнд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэдэг үг бий. Та бидны өнөөдөр явж байгаа зам ирээдүйн тэр Мөнх амь, Үнэн болсон аврал руу хөтөлсөн зам мөн үү? Энэ замаар яваад би эцэст нь хаана хүрэх бол гэж бодож үзээрэй.Бидний амьдарч буй өнөө цаг бол бүх юм хурдан өөрчлөгдөн хувирдаг, баталгаагүй цаг үе билээ. Тиймээс бидний амьдрал ч гэсэн тодорхой бус, ирээдүй ч баталгаатай биш юм. Хүмүүс нүдэнд харагдах ямар нэгэн баталгаатай зүйлтэй болохыг хүсдэг. Ирээдүйг хамгийн баталгаатай болгодог зүйл нь мөнгө, эд хөрөнгө гэж бодон түүний төлөө амь биеэ хайрлахгүй амьдардаг. Харин мөнгө, эд баялаг, өмч хөрөнгө ч гэсэн биднийг амийн зам руу хүргэдэггүй. Хамгийн баттай мөнх амийн цор ганц зам бол Есүс юм. Есүс бол Бурхан руу хүрэх зам үнэн амь юм. Есүс бидний цорын ганц түшиг тулгуур жинхэнэ найдвар, ирээдүйн баталгаа юм. Санаа зовиураар дүүрэн энэ дэлхийд бид Есүсийн замыг дагаснаар жинхэнэ баталгаатай ирээдүйг эдэлж амьдардаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Амен