Бурхан бол хайр
1Иохан 4:7-21
“Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ.”(8)
1. Цорын ганц Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн хайр (7-12)
Хайр бол Бурханых бөгөөд Бурханаас ирдэг. Бурханы хайр нь Өөрийн цорын ганц Хүүгээ дэлхийд эвлэрүүлэл болгон илгээж, биднийг амьдруулснаар илэрхийлэгдэж байна. Хайр нь үүнээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид Бурханыг хайрласан бус, харин Бурхан биднийг хайрласан юм. Эвлэрүүлэл болсон Есүс бол бидэнд хандсан Бурханы хайрын бодит гэрчлэл билээ. Тиймээс бид Бурханы цорын ганц Хүү Есүс Христ дотор Бурханы хайрыг таньж чадна. Христ бол хайрын булаг юм. Хайраар цангасан хүн бүхэн энэхүү хайрын булгаас ууж, Түүний хайраар амьдарна. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй боловч бид бие биеэ хайрлавал Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.
2. Айдсыг хөөн зайлуулдаг хайр (13-21)
Бид Ариун Сүнсээр дамжуулан Бурхан биднийг хайрладаг гэдгийг мэддэг, бас итгэдэг. Энэ хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан ч түүний дотор байна. Бурханы хайраар Түүнийг болон ах дүүсээ хайрлавал хайр нь бидний дунд төгс болж, бид шүүлтийн өдөр айдасгүй зоригтой байж чадна. Хайрын амьдралд айдас байдаггүй. Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг. Хэрэв бид “Бурханыг хайрладаг” гэж хэлдэг боловч ах дүүгээ үзэн яддаг бол тэр хүн худалч хүн мөн. Яагаад гэвэл харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй. Бид идэвхтэйгээр өөрийгөө золиослон Бурханы хайраар ах дүүгээ хайрлан амьдрах тусам айдасгүй болж, амь ба амар тайвнаар бялхах болно.
Гуйлт: Эзэн минь! Хайр нь Танаас ирсэн ба ирдэг гэдгийг сурлаа. Таныг болон ах дүүгээ хайрлаж амьдарснаар шүүлтийн өдөр зоригтой байхад минь туслаач.
Нэг үг: “Бурханыг болон ах дүүгээ хайрлавал…”