2025 оны Лук 38-р номлол (10.12) Иошуа Насаа хн

Олтлоо араас нь явдаг хайр

Лук 15:1-9
Гол эшлэл 15:4

“Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарын дунд байна уу?”

Өмнөх 14 дүгээр бүлэгт их зоог болон дагалдагч байхын үнэ цэнийн талаар заасан. Найрын хойморт суух дуртай фарисай болон хуулийн багш нарт даруу байхыг болон бусдад үйлчлэхийг зааж өгсөн. Ингээд тэрбээр 15 бүлгээр дамжуулан алдагдсан хонь болон зоосны талаар заан өгч байна. Алдагдсан хонь, мөнгөн зоосын сургаалт зүйрлэлүүд нь Бурханаас салж явсан хэн нэгний үнэн төрх болон тэдэнд хандсан Бурханы сэтгэл нь ямар байгааг харуулж байна. Энэхүү номлолоор дамжуулан Бурханы хувиршгүй хайрыг хүн бүр эргэн санаж ерөөгдөж чадахыг хүсэн гуйж байна. Ариун сүнс бидэнд туслаж бидний сүнсийг нүдийг дахин нээх болтугай.
Одоо бүгдээрээ нэгдүгээр эшлэлийг хараарай “Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгоов” Тухайн үеийн иудейн нийгэмд албан ёсны гэмтнүүдэд татвар хураагчид болон биеэ үнэлэгчдийг оруулж байв. Тэднийг нийгмээрээ үзэн ядаж гадуурхаж байлаа.
Харин Есүс эдгээр хүмүүсийнд зочлон очиж хооллож, тэдэнтэй нөхөрлөж, хувьчилсан цагуудыг ихээр авч байв. Есүс тэднийг нэрээр нь дуудаж байсан. Учир нь Есүс тэдний гэм нүгэл, алдаа зөрчил, байгаа байдал, хэргэм зэрэг, нийгмийн байр сууриар үнэлж дүгнэж байгаагүй. Есүс тэднийг Бурханы алдагдсан хоньд, хонин сүрэг гэж харсан. Есүсийн нүдээр тэд ямар нэгэн араатанд бариулж шархаа дийлэхгүй, үхлээ хүлээн хэвтэж буй Бурханы хоньд байв. Тэдэнд түших найдах найз нөхөд байгаагүй. Тэдэнд хайж олох амьдралыг зорилго ч байгаагүй. Тэдний шархыг эдгээх, тэднийг тэврэн хайрлах нэгэн тэдэнд байсангүй. Гэвч Есүсийн үгийг сонсох бүрт дотор нь ямар нэгэн эдгэрэл, хайр, амь орж, ирээдүй гэрэлтэй харагдаж эхэлсэн учраас тэд Есүсийг сонсохоо хэзээ ч зогсоогүй. Тиймээс энэ удаад ч тэд түүнийг сонсохоор ирсэн нь энэ байлаа.
Гэтэл ийм хүмүүст хандсан фарисайчууд ба хуулийн багш нарын сэтгэл ямар байгааг одоо бүгдээрээ харцгаая. 2-г үзээрэй “Фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж
—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь” Фарисайчууд болон хуулийн багш нар өөрсдийгөө цэвэр ариун, зөвт нэгэн гэж өргөмжилж байлаа. Тиймээс тэд өөрсдийнхөө нүдэнд зөвт нэгэн болсон байв. Тэд заадаг бүхнийхээ эсрэг амьдардаг байсан. Ариун өдрийг ариунаар сахихыг заадаг хэрнээ амралтын өдрийнхөө хуулийг өөрсдөө зөрчдөг тэд байв. Тэдний хамгийн сайн эзэмшсэн зүйл бол эдгээр зүйлээ хэзээ ч хүний нүдэнд ил үйлдээгүй. Маш чадварлагаар бусдаас нууж “хөшигний ард” үйлдэж байсан. Гэлээ ч Бурхан хэзээ ч элэг доог болдоггүй бас бүх үнэнийг мэдэж байсан учраас Есүсээс дамжуулан хэлж, гэмшилд уриалсан. Иймээс Есүс бүгдэд хандан дараах сургаалт зүйрлэлийг хэлж байна.
I.АЛДАГДСАН ХОНЬ (4-7)
4р эшлэлийг үзээрэй “Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарын дунд байна уу? Нэгэн хүн зуун хоньтой байлаа. Гэвч нэг л тэдгээр 100 хоньдоос хундан цагаан өнгийн ганц хонь гэнэт алга болсон байв. Иймд бага балчир наснаас нь эрхлүүлж өсгөсөн тэрхүү хонио хаачсан талаар бөөн бодол болсон тодорхой. Харин хундан цагаан хонь маань ижил дасал болсон анд нөхдөөсөө уйдсан байв.Тэдэнтэй хамт идээшилж явсан нов ногоон бэлчээр, тунгалаг гоёхон горхины ус бүгд амтгүй санагдаж, нэг уйтгартай санагдав. Хаашаа явахыг, хаана идээшлэхийг зааварчилсан хоньчны дуу хоолой чихэнд чийртэй, нэг л ямар нэгэн зүйлд баригдсан, хэт “номын” санагдаж байв. Ингээд тэр давж үзэхийг олон жил мөрөөдсөн цаст мөнх оргил уулыг чиглэн алхсан. Тэр уулын цаана илүү өнгө өнгийн цэцэг алагласан гоё бэлчээр, илүү хөгжилтэй, адал явдал дүүрэн өөр шинэ сүрэг хүлээж байгаа гэж төсөөлсөн. Энэ бүхнийг тархи толгойдоо бодох тусам хөл нь улам илүү хурдаж байлаа. Гэхдээ нөхцөл байдал нэг өдрийн дотор шал өөрөөр эргэж, харанхуй нөмөрч тэр замаа алдсан. Хаа нэгтээ өлөн чонын дуу хадаж, өөр нэг газраас баавгайн архирах дуу сонсогдох шиг болж байв. Тэр айн чичирч үхлийн тухай бодож, өнгөрсөнд өнгөрүүлсэн амьдралын бүх сайн сайхан бүхэн нүдний өмнүүр өнгөрсөн. Буцмаар байвч тэр замаа олохгүй. Түүнийг зааварчилж ижил сүрэгт нь замчлах хоньчин байсангүй. Шаварт хутгалдаж, уул хадаар их алхсан тул хөл нь өвдөж, цус гарч биеийн хүчээ барав. Өлсгөлөн ходоод, ядарсан бие, сульдсан сэтгэл түүнд үлдлээ. Тэр бүх талаараа шантарч байлаа.
Тэгвэл энэ бүх нөхцөл байдлын хамгийн сайн мэдэж байсан нь хоньчин нь юу хийсэн бэ? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
Нэгдүгээрт: Нэг хонийг ч нандинд тооцдог хоньчны хайр. 99 хонь байгаа учраас нэг хонийг тоолгүй орхиж болох бодол хоньчин хүнд төрөх нь тодорхой юм. Учир нь төөрсөн хонио хайж олох маш их хугацаа шаардахаас гадна явж үзээгүй уул хадаар явж гуу жалга нэг бүрийг нягтлах шаардлагатай болдог. Тиймээс 99 хониндоо анхаарч түүнийг орхиж болох байлаа. Харин энэ хоньчин тэгсэнгүй. Тэрбээр 99 хонио бэлчээрт орхиод түүнийг хайхаар явж байна. Тэгвэл нэг хонийг хайрлах, орхиогүй сэтгэл хаанаас гарч байна вэ? Хоньчин тухайн хонины одоогийг нөхцөл байдал, өлсгөлөн, үхлийн аюул, ганцаардал, гуниг харуусал, шарх, махан биеийн зүдрэл, шанатрал, тодорхойгүй байдлыг чин сэтгэлээ ухаарсан. Түүнд гарц байхгүй ухаарсан. Түүнд үхэх зам үлдсэн гэдийг мэдсэн. Тийм учраас хоньчин түүнийг хайхаар шийдсэн.
Үүний адилаар Бурхан биднийг бас хайж ирсэн. Тэр бидэнд мөнхөд үхэх цорын ганц зам байгааг харахдаа тэр өөрийн ганц хүүгээ золиослон байж хайж ирсэн. Тиймээс Есүс миний хамгийн сайн хоньчин юм.
Хоёрдугаарт: Олтлоо араас нь явдаг хоньчны сэтгэл. Хонио хайхаар явж байгаа хоньчинд зөвхөн түүнийг хайх л ганцхан ажил байгаагүй нь мэдээж. Тэр гэр бүлээ асрах, хамгаалах, тэдэнд санаа тавих, үйлчлэх, ажил хийх, мөнгө олох, сайн мэдээ тарааж оюутан залуустай уулзах гээд өөр олон үйлчлэл ажил байсан. Гэхдээ төөрсөн ганц хонио олохын төлөө энэ бүхнийг золиослохоос гадна өөрт байгаа цаг хугацаа, аялалд зориулах санхүү, түүнийг олох эсэхэд эргэлзэх итгэлээ ч ялан дийлэх хэрэгтэй байсан. Хэзээ ч очиж үзээгүй газраар явж, ой шугуй, дов сондуулын булан тохой бүрийг нэг бүрчлэн шалгах шаардалагтай болдог. Харин энэхүү хоньчин тууштай байж маш их зориулалт гаргасан учраас төөрсөн хонио олж чадсан юм.
Гуравдугаарт: Төөрсөн хонио олсон хоньчины баяр хөөр. 5,6-г үзээрэй. “Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун” гэнэ” Хоньчин хундан цагаан хонио эрэн хайсаар эцэст нь шаварт хутгагдаж, ядарч туйлдсан түүнийг нэгэн бутны ёроолоос олов. Ийнхүү төөрсөн түүнийг харахдаа өөрийн ядаргаа болоод өнгөрсөнд тохиолдсон бүгдийг мартлаа. Ингээд ч зогссонгүй. Гэртээ хариад анд нөхдөө дуудаж баяр наадам болж байна. Ийнхүү баярлан хөөрч байгаа нь түүний алдагдсан төөрсөн хонь түүний хувьд хичнээн нандин, үнэ цэнэтэй, эрхэм болохыг хэлж өгч байна.
Энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан бидэнд Бурхан юуг дахин сануулж, ямар зүйлийг хэлж сануулж байна вэ? Энэ сууж байгаа бүхэн Бурханы хонин сүргийн нэгээхэн хэсэг юм. Та бид нэгэн цагт Бурханы төөрсөн хоньд байсан. Бид үхэхээс өөр сонголтгүй тэр л замаар алхаж байв. Бидний ирээдүй бүрхэг, ямар ч найдваргүй, гэрэл гэгээ харагдахгүй тийм л байсан. Бидний туулж өнгөрүүлсэн амьдрал бүхэн гэгээлэг байгаагүй. Тэнд гуниг харуусал, салалт, хүчирхийлэл,худал хуурмаг, садар самуун, утга учиргүй зугаа цэнгэл байсан. Энэ бүхэн эцэстээ үхэл руу хөтлөх зам гэдгийг бид бүгдээрээ мэдэж байсан. Харин ийм төөрсөн бидэнд Есүс өөрөө ирж, шархыг маань боож, амьгүй үгүй бие, сэтгэлд минь жинхэнэ амралтыг өгч, амар тайвнаар дүүргэсэн. Одоо бид Бурханы хүүхдүүд болсон билээ.
Харин ийм байсан ч гэсэн та дахин төөрч явахыг хүсэж байна уу? Олон жил Бурханы үгсийг сонссож учраас эдгээр нь одоо үнэ цэнэгүй санагдаж байна уу? Бүтэн сайнд хүндэтгэлийн цуглаан өргөх нь хүртэл хуурамч болж уйтгартай санагдаж байна уу? Библиэ уншаарай, оюутан залуустай нөхөрлөн Бурханы үгийг хуваалцаарай гэсэн хоньчны үг нэг л хууль болон сонсогдож эхэлсэн үү?
Харин энэ бүхнээс илүүтэйгээр хүүхдийн 100 орчмоор эргэлдэх нь, хаа нэг баар орж “танц” эргэх нь сонирхолтой санагдаж байвал та төөрөхөд зам руугаа алхаж байгааг илтгэж байна. Бурханы үгийг нандигнаж судлан заахаас илүүтэйгээр дэлхийн мэргэн ухааны хайх нь мөн л төөрөлтийн эхлэл. Бид өнгөрсөнд төөрч байсан шигээ дахин төөрөх хэрэггүй. Тиймээс Эзэн Есүсээ хайрлан амьдарцгаая. Түүнийг хайрлахын тулд бид библиэ шимтэн уншихад болно. Түүнийг хайрлахын тулд тогтмол залбирч сайн мэдээг бусадтай хуваалцахад болно. Түүнийг хайрлахын тулд Бурханы доторх босгосон нөхөрлөлөө хайрлаж үнэ цэнэтэй тооцоорой. Түүний өгсөн ажил, хичээлд 100% төвлөрч гүйцэтгэлийг өөрийн чадлаараа хамгийн сайнаараа хийхэд болно. Энэ бүхэн биднийг тоо томшгүй гэм нүглээс хамгаалж Эзэн Есүсийг энгэрт хоргодоход тусалдаг. Эс бөгөөс бид төөрч муу нэгний заль мэхэнд унах болдог. “Би та нар хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно” Бид чин сэтгэлээсээ гэмшиж чадвал тэнгэрийн улсад жинхэнэ баяр хөөр болох болно.

Дүгнэлт: Хундан цагаан хонь өөрт байгаа бүхэндээ талархаж нандигнаагүй учраас төөрсөн. Тэр өөрт нь байсан Бурханы хайртай гэр бүл, сүм цуглаан, ажил, бизнес, ахан дүүсээ хамт байгаагын төлөө талархаж хараагүй. Харин тэднийг үл тоосон, уйтгартай гэж муулсан тэгж харсаар байсан. Өөрт нь зориулсан Бурханы дуу хоолойг олж сонсохын төлөө тэр библиэ нээгээгүй. Тэр хайртай хамтран зүтгэгчийн нандин зөвлөгөө, библийн хичээлээр дамжуулан нөхөрлөх нөхөрлөлдөө үнэ цэнээ өгөхөө больсон. Эцэст нь тэр өөрийн чин сэтгэлийн үгсээ залбиралдаа шингээн хэлэхээ байсан учраас төөрсөн. Харин энэ бүхэн ганцаардал, гуниглал, харуусал, шарх, гэмийн ачаа, утга учиргүй наргиан цэнгээн рүү хөтөлж сүнсний үхэлд хүргэж болзошгүй. Ингэж хэлсэн төөрөх замыг сонгож байгаа нэгнийг Эзэн Есүсийн ариун мутар хамгаалан сахих болтугай
Бидний нөхцөл байдал, амьдралын орчин ямар ч байж болно. Харин хийх ёстой нэг зүйл бол Бурханы төөрсөн хоньдыг олж Бурхантай уулзахад зуучлах юм. Тэр үед бид өөрсдөө бузар муугаас хамгаалагдаж, илүү сүнслэг байдалд өсдөг. Тиймээс Бурханы хаанчлалын хайж түүний төөрсөн хоньд руу очицгооё. Удахгүй НБК болох гэж байна. Энэ нь төөрсөн хоньдыг олж сүнсний найранд урих гайхалтай боломж юм. Бид хоньдыг урьж библийн хичээл хийснээр тэдний дотор Бурхан ажиллаж эхлэх болно. Тиймээс алдагдсан хоньдыг олдог хоньчны загалмайгаа итгэмжтэй үүрцгээе. Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр
—Тийм ээ, Эзэн! Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд
—Хургануудыг минь тэжээ гэлээ.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.14/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.15/