Шүүгчид ном нь Иошуа нас барснаас хаант улс болох хүртэлх ойролцоогоор 325 жилийн (МЭӨ 1375-1055) түүхэн үеийг хамарч 6 үеийн дарангуйлал, чөлөөлөлтийн тухай өгүүлдэг. Канаанчуудын Израильчуудад үзүүлсэн хамгийн том аюул нь цэргийн хүч бус тэдний соёл байсан. Тэдний бурханлаг бус сэтгэл татам амьдралын хэв маяг цэргийн хүчнээс илүү аюултай байсан. Израильчууд тэдний хиймэл шүтээн, соёлын нөлөөнд автан, тохиролцож амьдрах болсон. Энэ байдал түүхэн хугацаанд дахин дахин давтагдсаар байсан. Тухай бүрт нь Бурхан Өөрийн хамгаалалтыг холдуулж, тэднийг дайсангасан улс орнуудаар дарлуулан зовохыг зөвшөөрдөг байсан. Энэ нь тэднийг Өөртөө эргүүлэн, Бурхан ЭЗЭНд мөргүүлэх, хиймэл шүтээнээс цэвэрлэх Бурханы хайр байсан. Израильчууд тусламж гуйн хашхирч, гэмшлээр Бурханд хандах үед Тэр шүүгчдийг босгон тэднийг аварч өгдөг байв. Тиймээс шүүгчид ном нь гэм нүгэл, түүний үр дагавар, хэцүү нөхцөл байдал дунд буй ард түмнийг урирдагчдыг босгон аварсан Бурханы тухай гэж хэлж болно. Бурхан эрэгтэй, эмэгтэй 12 шүүгчдийг босгосон. Тэд бүгд төгс төгөлдөр хүмүүс байгаагүй ч ЭЗЭНд хандсан итгэлтэй байж, хэцүү нөхцөл байдал дунд ч ЭЗЭНий төлөө зогсдог байсан учир Бурхан тэднийг хэрэглэсэн.
Шүүгчид номыг судлахдаа Библийн баатруудын амьдрал, Бурханд хэрхэн найдаж байсан байдалд нь анхаарал хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн Өөрийн хүмүүсийг дахин дахин аварсаар байдаг Бурханы хязгааргүй өршөөл энэрлийг сурч болно.