Чөтгөрийг зайлуулсан нь
Лук 8:26-39
Гол эшлэл 8:30
“Есүс түүнээс -Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр -Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ.”
Герасчууд буюу харь үндэстнүүдийн нутагт ирэхийн өмнө нууранд завьтайгаа явж байсан шавь нарт асуудал үүссэнийг бид өмнөх хэсгээс харж болно. Нууранд үүссэн асуудлыг Есүс үгээрээ л шийдсэнийг бид сурсан билээ. Таны амьдралд учирж буй шуургууд юу байна вэ? Тэр болгонд та Есүсийг дуудаж байна уу?Тэгвэл өнөөдрийн номлолын хэсэгт Есүс дахиад л асуудал шийдэж байгаа тухай гарч байна. Тэгвэл ямар асуудлыг шийдэж байна вэ?Герас буюу харь үндэстнүүдийн нутагт шавь нартайгаа Есүсийг ирэх үед тэнд чөтгөрт эзэмдүүлсэн хүн гарч ирээд угтсан байна.Чөтгөрт эзэмдүүлсэн хүний шинж тэмдгийг бид эндээс харж болно.1-рт, нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Тэр энгийн байранд биш харин хад, агуйд амьдарч байна. Түүнийг гинжээр хүлдэг байсан ч гэсэн тас татаад, цөл уруу явдаг байж. Ганцаараа байхыг эрхэмлэж, олон нийттэй харилцахыг хүсдэггүй байсан бололтой.2-рт, жирийн биш авирладаг. Хувцасгүй байна гэдэг жирийн хүний хийх зүйл огт биш. Хувцасгүйгээр энд тэнд явж байгаа түүнийг хараад хэн ч гэсэн чөтгөрт эзэмдүүлсэн нөгөө хүн байна гэж таньдаг байсан байх.Ийм нэгэн хүн Есүсийг шавь нартайгаа нуурийн эрэгт гарч ирэхэд тааралдсан. Тэр хүн Есүстэй уулзаад -Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. Хүмүүс Есүстэй уулзаад гаргадаг хандлага, хэлдэг үг нь ихэвчлэн эдгээлтийн тухай байдаг. Гэтэл энэ хүн өөрийг нь бүү зовоогооч гэж хэлж байна. Үнэн хэрэгтээ чөтгөрүүд уг хүнийг зовоож байсан уу, эсвэл Есүс зовоох гээд байна уу? Чөтгөрт эзэмдүүлэн олон жилийн турш зовж байгаа энэ хүний мөн чанар алдагдсан байгаа нь харагдаж байна. Хэрэв тэр хүн Есүстэй уулзсан бол өөрийг нь эдгээгээч гэж хэлэх ёстой атал харин ч огт эсрэг үг хэрэглэж байна. Яагаад гэвэл Есүс чөтгөрүүдийг уг хүнээс гарахыг тушаасан байжээ. Уг чанартаа Есүс уг хүнийг хайрлаагүйдээ биш, харин ч хайрлаж байгаа учраас тэр хүний доторх чөтгөрүүдийг зайл хэмээн тушаасан. Тийм учраас чөтгөрүүд уг хүний дотроос өөрсдийг нь бүү зовоогооч гэж хэлж байгаа юм.Бид энэ дэлхий ертөнцөөс бүхлээрээ чөтгөрт эзэмдүүлсэн дүр төрхийг харж болно. Хаа сайгүй аллага, дайн байлдаан, янз бүрийн донтолтууд. Мөн ижил хүйстнүүд, худал хуурмагууд, заль мэхүүд, авилга гээд. Ийм ертөнцөд бид яаж итгэлээ сахиж чадах вэ? Бидний итгэлийг гуйвуулахаас гадна биднийг уруу татаж, тиймэрхүү асуудлуудтай биднийг эвлэрүүлэхийг оролддог. Байх л ёстой зүйл, хүний эрх, эрх чөлөө, дэлхий урьдныхаасаа өөрчлөгдсөн, ардчилал гэх мэт гоё сайхан үгсээр халхавч хийсэн гэм нүглүүд бидний эргэн тойронд оршин байж, бидэнд нөлөөлөхийг оролддог.Итгэгчдийн хувьд итгэлээ сахихаас гадна, яаж чөтгөрүүдэд эзэмдүүлсэн тэдгээр хүмүүсийг зөв хоньчилж, тэдэнд нөлөөлөх вэ гэдэг асуулт ч бас тавигдаж байна. Бид сүнслэг дайнд оролцож байгаа дайчид гэж өөрсдийгөө тооцох хэрэгтэй. Үлгэн салган яваа итгэгчид биш, эсвэл яаж ялах вэ гэж өөрсдөдөө итгэлгүй яваа хүмүүс ч биш. Ялах ёстой үгүйгээ ч мэдэхгүй яваа хийх юмаа олж ядсан нөхөд ч биш, харин бид сүнслэг тулаанд оролцож буй дайчид юм. Бидний жанжин Есүс биднийг удирдаж, чөтгөрүүдийг зайлуулж, ялалт байгуулж байна. Есүс загалмай дээр үхсэнээрээ Сатаныг бүрэн ялсан.Чөтгөрүүдийг зөвхөн Есүс л зайлуулж чадна гэдгийг өнөөдөр бид сурч байна. Тэд зөвхөн Есүсээс эмээж байна гэдгийг бид сурч байна. Мэдээж Герас нутгийнхан тэднийг зайлуулахыг оролдож үзсэн нь лавтай. Гэвч уг нутгийнхныг элэг барьж, тэнд бүр байр сууриа олцгоосон нь илт харагдаж байна. Тэр хүний дотор легион буюу 6000 цэрэг бүхий отряд шиг олон чөтгөр шүглэсэн байсан нь илт болсон. Тэр хүний дотор чөтгөрүүд бүр байр сууриа олж, түүнийг асар ихээр зовоодог байсан нь илт болсон. Тэгээд Есүстэй уулзангуутаа Түүнээс нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйсан байна. Өөрсдийг нь оёоргүйн гүн буюу ямар ч ёроолгүй гүн уруу битгий оруулаач гэж гуйсан. Харин тэнд идээшилж буй 2000 гахайн сүрэгт орохыг хүсжээ. Өнөөгийн ханшаар бол 3.0 тэрбум төгрөгөөс ч илүү үнэ бүхий гахайн сүрэгт тэр орохыг хүсэж, Есүс ч тэдний хүслийг биелүүлжээ. Гахайн сүрэг эгц эргээс нуур уруу унаж үхэцгээв. Гахайчид энэ үйл явдлыг хараад хөдөө хотгүй зар тарааж, ярьцгаалаа. Ийм их үнэ цэнээр Есүс уг хүний дотор шүглэсэн бүлэг чөтгөрийг зайлуулж, эрүүл саруул болгоод, хувцас өмсгөв. Мөн хажуудаа аваад сууж байтал юу болсныг сонссон хүмүүс ирцгээлээ. Уг хүнийг эрүүл саруул болсныг хараад тэд ямар хандлага гаргасан бэ? Бүгдээрээ 37-р эшлэлийг үзээрэй. “Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн айдаст автсан байлаа. Есүс завин дээр гарч буцаад явжээ.” Логикоор бол Есүсийг үлдээгээд, чөтгөрт эзэмдүүлсэн өөр олон хүн болон эдгээгдэшгүй өвчтэй хүмүүсийг Түүн дээр авчирмаар юм. Логикоор бол Есүсийг үлдээгээд сургаал номлол заалгаж, хүмүүст тустай олон зүйлс хийлгэмээр юм. Гэтэл тэд тэгсэнгүй. 2000 гахайнаас болж тэдний зүрх сэтгэлд Есүсийг оруулах зай байсангүй. Тэд Түүнийг хөөн явуулж байгаа нь үнэндээ 2000 гахайнаас болсон явдал байлаа. Цаашид олон зүйл болох вий, хохирол амсах вий гэдгээс айсан.Үнэгүй юм гэж байдаггүй. Бүх зүйл үнэтэй, өөрийн гэсэн өртөгтэй. Тэр үнэ өртгийг төлж байж бид аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Тэгвэл тэр чөтгөрүүдийг зайлуулахын тулд бас төлбөр төлсөн. Тэр төлбөр нь 2000 гахай байлаа. Цаашид уг хотынхны дотор эдгэрэл, явуулах бол эсвэл чөтгөрүүдийг нь зайлуулах бол тодорхой хэмжээний зарлага, зардал ч гарах нь тодорхой. Харин уг хотынхон дахиад зардал гаргахыг хүссэнгүй. Дахиад золиос гаргахыг хүссэнгүй. Гэхдээ уг хотод эдгэрсэн нэг хүн бий. Тэр Есүсийг гэрчлэх гэрчлэгч болсон. Хэдийгээр Есүс явсан ч гэсэн тэр хүн Есүсийн уг хүнд хийсэн ажлыг гэрчлэх нэгэн болж үлдсэн. Ямартаа ч олон хүн Есүсийг өөрийн хотдоо байлгахыг хүсээгүй. Бид хоёр зүйлийг харж болно.1-рт, эдгэрэл өөрийн гэсэн үнээр явагддаг. Бидний сүнсний эдгэрэл, гэмшил, бидний зүрх сэтгэлийн асуудлууд, гэм нүглийн асуудлууд бүгд өөрийн гэсэн төлөөстэй. Яагаад гэвэл тэд бүгдээрээ чөтгөртэй холбоотой учраас юм. Есүс тэр төлөөсийг загалмай дээр төлсөн. Загалмайд үхсэнээр бидний гэм уучлагдсан. Харин Есүст итгэсэн хэрнээ тэр уучлалыг авч чадахгүй явдаг хүмүүс байдаг. Есүст итгэсэн хэрнээ хувийн амьдрал нь үр жимсгүй, өөрчлөлтгүй яваа хүмүүс байдаг. Хүмүүс яагаад Есүст итгэсэн ч өөрчлөгддөггүй вэ? Яагаад муу ёрын сүнсийг өөрийн дотор ажиллуулахыг зөвшөөрөөд байдаг вэ? Хэд хэдэн шалтгаан байгаа боловч тоймтой хэдийг нь доор дурдъя.- Асуудалтайгаа, гэмтэйгээ зоригтой нүүр тулж чаддаггүй. Хүн өөрт байгаа асуудлаа сайн мэдэхээс гадна түүнтэйгээ зоригтой нүүр тулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл энэ гэмийг зайлуулах гэдэг хүсэлтэй, түүнийгээ бусадтай хуваалцах зоригтой байх шаардлага зайлшгүй тулгардаг. Энэ тулгарлыг хийгээгүйгээс болж гэм нь таныг улам л эзэлж, түүнээсээ ангижран гарах аргагүй болгодог. Тиймээс гэм нүгэл таны дотор байгаа бол зоригтойгоор ил гарган гэмшээрэй.- Бусдад буруу чихэж байгаа бол тэр бас асуудал мөн. Хүн өөрөө л хохирогчийн дүрд гарамгай тоглох төрөлхийн авьяастай. Уснаас хэн ч хуурай гардаггүй байтал хүн гэмтэй атлаа гэмгүй юм шиг амьдардаг. Өөрт байгаа асуудал нь заавал хэн нэгнээс болж үүссэн юм шиг, тэр хүн л буруутай юм шиг санадаг. Тэгж бусдад ярьдаг. Гэтэл тийм байдаггүй. Та өөрөө өөрийгөө хохироогоод, гэмтээгээд явдаг гэдгээ мэдэх ёстой.- Та өөрөө эдгэрмээр байна уу үгүй юу, та өөрөө гэмшмээр байгаа юм уу эсвэл гэмтэйгээ эвлэрэд байгаад баймаар байна уу гэдгээ бодож үзээрэй. Сайхан гэм гэж байдаггүй, гэхдээ сайхан санагдуулдаг гэмийн асуудлууд гэж бий. Тэглээ гээд тэр нь зөв, сайн гэсэн үг огтхон ч биш. Гэм л бол гэм. Заримдаа гэмийн “сайхан амтанд” бялуураад түүнээсээ салж хагацахгүй болсон тохиолдол бий. Тийм хүн эдгэрмээр байна гэж хэлж чадна гэж үү? Бид өөрсдөө хүсэхгүй бол гэмийн бузар хүчнээс чөлөөлөгдөх боломжгүй байдаг.- Бусдыг уучилж чаддаггүй байдал. Бүх хүн гэмтэй, тийм учир уучлагдах ёстой байдаг. Насан туршдаа хэн нэгнийг уучлаагүйгээс болж шаналж зовж явдаг хүмүүс бий.- Бусдыг уучилдаг ч өөрийгөө уучилж чаддаггүй. Үнэндээ бусдыг уучилж чаддаг ч зарим хүн өөрийгөө уучилж чаддаггүй. Христ намайг уучилсан гэж хэлдэг хэрнээ өөрийгөө уучлаагүй хүмүүс байж л байдаг. Энэ нь Христийн загалмай дээрх ажлыг үгүйсгэж байгаа гэсэн утгатай юм.Дээрх хэдэн зүйл Есүсийн таны төлөө хийсэн ажлыг та үгүйсгэж байгаа, эсвэл хүлээн авахгүй байгаатай яг адил юм. Мэдээж үгүйсгэж байгаа гэж хэлэхэд хэцүү байж боловч Христийн нигүүлслийг хүлээж авахгүй байгаа гэж хэлэхэд болох байх.2-рт, Герасчуудынхан шиг та ч бас Есүсийг зүрх сэтгэлээсээ явуулахыг хүсэж байсан тохиолдол байна уу? Есүст итгэснээр таны амьдралыг төвөгтэй болгож байхад, Есүст итгэснээр та хавчигдаж байгаа үед, та хэцүү байдалд орж, бусдад үгүйсгэгдэж байгаа тохиолдол байна уу? Үнэхээр Есүсээс болж итгэгчид дандаа төвөгтэй байдалтай учирдаг. Еврей 11-р бүлэг бол итгэлийн бүлэг гэдгээрээ алдаршсан. Уг бүлгийн 35-40-р эшлэлүүдэд тамлагдан зовсон, ташуурдуулсан, хөрөөдөгдсөн, арсланд идүүлсэн гээд хавчлагад өртөж үхсэн олон хүний тухай гэрчлэлийг харуулсан байдаг. Тэд ийм үедээ ч Есүсээс урваагүй юм. Тэд Есүсийг зүрх сэтгэлдээ үргэлж байлгасаар байсан. Үхэж, тамлагдаж зүрх сэтгэл болоод биемахбодын хохирол амсаж байсан ч тэд дотроосоо Есүсийг хөөгөөгүй, тэд дотроо Есүст итгэсэн хэвээр л байсан.Заримдаа итгэгчид нь итгэгч нэгэндээ ч ойлгогдохгүй үе гардаг. Хятадад илгээлтийн эзэн байсан Хадсон Тэйлор нутгийн хүмүүст хүрэхийн тулд хятад хувцас өмсөж, хятад ахуйгаар амьдарч эхэлсэн. Тэр үедээ бусад илгээлтийн эздэд муу хэлэгдэж, тэдний дургүйцлийг хүргэж байж. Гэсэн ч сайнмэдээний төлөө, хаанчлалын төлөөх түүний үйлс нутгийн хүмүүст илүү их хүрч байлаа. Итгэл нэгт найзууд нь хүртэл түүнийг ойлгохгүй үед ч Хадсон Тэйлор Есүсээс төдийгүй үйлчлэлээсээ урваагүй. Дуудлагаасаа урваагүй. Тэр дуудагдсан тэр дуудлагадаа үнэнч байж, үр жимсийг арвинаар гаргаж байлаа.
Дүгнэлт: Бид чөтгөрийн асуудлыг зөвхөн дэлхий ертөнцийнх, тэнд асуудал тариад, үүсгээд хүмүүсийг хөдөлгөөд байна гэж бодож болохгүй. Муу ёрын сүнс бидний дотор ч оршихыг үнэхээр их хүсэж, биднээр гэм нүгэл үйлдүүлэхийг хүсдэг. Есүс та бидний дунд ч бас оршин байж, бидний дотор байгаа чөтгөрийг зайлуулахыг хүсэж байдаг. Гэхдээ чөтгөр их ухаантай. Тэр хэзээ ч өөрийгөө ил гаргадаггүй бөгөөд харин бидний үг ба үйлдлээр дамжин илэрхийлэгдэж байдаг. Мэдээж чөтгөрийн хийлгэдэг гол зүйл нь гэм юм.Есүс таны төлөө загалмайд үхсэн нь гэмийн бүх асуудлыг шийдсэн маш гайхамшигтай ажил. Та Түүнд итгэснээр хэмжээлшгүй их баялаг, хайр нигүүлслийг авах эрхтэй болсон. Өчүүхэн учрах бэрхшээлээс болж агуу их ивээлийг бүү хаяарай. Харин ч Христийг байгаа хотдоо, байгаа газраа гэрчлэгч нар болоорой гэж ерөөж байна!