Өдөр бүрийн хоол /2026.08.24/

Хэлээ номхруулагтун

Иаков 3:1-12

“Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн аваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.”(2)

1. Хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн бол төгс хүн (1-6)

Тухайн үед цуглаан дотор хэлийг буруу хэрэглэснээс болж чуулганыг нурааж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудал гарч байв. Тиймээс Иаков хэлийг буруу хэрэглэх нь хичнээн ноцтой асуудал болохыг итгэгчдэд сануулж байна. 1-р зүйлд гарч байгаа багш гэдэг нь бусдыг Бурханы үгээр сургадаг, эсвэл өөрийгөө багш болгож бусдыг шүүмжилдэг хүмүүсийг зааж байна. Ялангуяа бусдад заадаг хүний хувьд хэлэх үгэн дээрээ бүдрэх тохиолдол зайлшгүй гардаг. Иймээс хэлийг хазаарлаж, захирч сурах хэрэгтэй. Том усан онгоцны зүг чигийг жижигхэн залуур л шийддэг шиг өчүүхэн жижигхэн хэл хүний амьдралын бүхий л асуудлыг шийдэж чадна. Хэл нь хэдийгээр жижигхэн эрхтэн боловч буруу хэрэглэвэл бидний бүх биеийг бузарлах төдийгүй амьдралыг ч галдан шатаана. Есүс ч гэсэн хэлээрээ ах дүүсээ хараан доромжилсон хүн галтай тамд орно гэж хэлсэн.(Матай 5:22) Тиймээс хэлээ зөв хэрэглэж чаддаг хүн нь төгс хүн юм. Мөн бидний яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байхын төлөө байнга хичээх хэрэгтэй.(Колоссай 4:6)

2. Хэлэх үгэндээ төгс байх гэвэл дотоод сэтгэл нь төгс байх хэрэгтэй. (7-12)

Хүн төрөл бүрийн шувууд, араатан амьтдыг номхруулж чаддаг ч өөрийнхөө хэлийг номхруулж чаддаггүй. Хэдхэн сантиметр хэлээ номхруулж чадаагүйгээс болж өөрийгөө болон бусдыг сүйрүүлдэг хүмүүс олон байдаг. Уг нь хэл бол Бурханыг магтаж, зөв, үнэн, хайраар дүүрэн үгийг ярьж, зөвийн зэвсэг болгон хэрэглэгдэхийн төлөө бүтээгдсэн. Харин хүн гэмээсээ болж доройтон гажуудсанаар хэлээ хамаагүй хэрэглэх болсон. Булгийн эх нь цэвэр байвал цэвэр цэнгэг ус гардаг шиг, мөн усан үзмийн модноос усан үзэм гардаг шиг хэл нь бидний ялзарсан дотоод сэтгэлийг цэвэрлэн, цаг ямагт Есүсийн дүр төрхийг өмсөхөд зөвөөр хэрэглэгдэх учиртай.
Гуйлт: Эзэн минь! Хэлээ буруу хэрэглэх нь ноцтой асуудал гэдгийг ухааруулж өгсөнд баярлалаа. Миний зүрх сэтгэлийг цэвэр болгосноор хэлэх үгэн дээрээ ч төгс болоход туслаач.
Нэг үг: “Хэлээ номхруулагтун!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.22/
Дараагийн нийтлэл2026 оны Матай тусгай номлол (08.23) Д. Эрдэнэбат хн