Өдөр бүрийн хоол /2026.08.22/

Үйлсийг дагуулсан итгэл

Иаков 2:14-26

“Тиймээс сүнсгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.”(26)

1. Бусдад бодит зүйлээр тусалдаг итгэл (14-20)

Жинхэнэ итгэлтэй хүн бол хэцүү байдлын дунд буй хүнд тусалдаг. Ах эгч дүүс маань өмсөх хувцасгүй, идэх юмаар дутагдаж байхад зүгээр л амаараа “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлэх нь ямар ч ашиггүй юм. Бид мэдлэгийн хувьд Бурханыг мэддэг гэж хэлснээрээ өөрийгөө итгэлтэй хүн гэж андуурч байгаа биш үү? Мэдлэгийн хувьд чөтгөрүүд ч Бурханыг сайн мэддэг. Гэхдээ чөтгөрүүд Түүний хүслийг дуулгавартай дагаж биелүүлдэггүй. Энэ мэтчилэн бидний амьдралд бодит өөрчлөлт болон үйлсийг дагуулаагүй итгэл нь жинхэнэ итгэл биш. Иймээс үйлсгүй итгэл нь өөрөө үхмэл юм.(17)

2. Үйлсийг дагуулсан өвөг дээдсийн итгэл (21-26)

Эхлэл 15:6-р зүйлийг үзвэл Бурхан ганц ч үр хүүхэдгүйгээсээ болж шантарч байсан Абрамд тоолшгүй олон оддыг харуулан “Чиний үр удам ийм олон болно” гэж амлахад “Абрам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулав” гэж бичигдсэн. Бурханд итгэсэн Абрахамын энэ итгэл нь хожим Бурхан түүнээс хүү Исаакийнх нь амийг тахил болгон өргөхийг шаардсан үед дуулгавартай дагаснаар гүйцэд болсон.(22) Рахаб бол Канаан нутгийн янхан эм байсан.(Иошуа 2-р бүлэг) Тэрээр Израилийн Бурхан бол тэнгэр газрын амьд Бурхан бөгөөд энэ Бурхан Канаан газрыг Израильд өгнө гэдэгт итгэсэн. Түүний ийм итгэл нь Израилийн тагнуулчдыг өөрийнхөө амь насаар дэнчин тавин нуусан үйлсээр нь илэрхийлэгдсэн. Энэ мэтчилэн жинхэнэ итгэл нь заавал үйлсээр илэрхий болдог. Амь, амьсгал хоёр салшгүй хамт байдаг шиг итгэл, үйлс хоёр нь ч салшгүй хамт байдаг билээ.
Гуйлт: Эзэн минь! Жинхэнэ итгэлийн чанарын тухай зааж өгсөнд баярлалаа. Байнга үйлсийг дагуулдаг жинхэнэ итгэлтэй болоход туслаач.
Нэг үг: “Амьд итгэл”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.24/