2026 оны Матай тусгай номлол (08.23) Д. Эрдэнэбат хн

Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун
Матай 6:19-34
Гол эшлэл 6:33
“Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг нь хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.”
Өнөөдрийн зарлиг бол зөвийг үйлдэхтэй адил итгэлийн амьдралд маш чухал эд баялагийн тухай юм. Есүсийн шавь бид энэ ертөнцийнх биш боловч энэ дэлхийд амьдарч бусдын адил идэж өмсөж амьдардаг. Тиймээс эд баялагийг үл тоомсорлож чадахгүй. Ялангуяа өнөө үеийн хүмүүс эд баялагийг юунаас ч илүү чухалчилдаг болсон. Ийм нөхцөл байдал дунд бид эд баялагийн тухай зөв үзэл бодолтой болох хэрэгтэй. Энэ цагт Есүсийн зааж буй сургаалаар дамжуулан эд баялагийг хэрхэн ашиглан зарцуулж, эхлээд бид юуны төлөө амьдрах ёстой вэ? гэдгийг сурахыг хүсэн гуйж байна.
1. Өөрсдөдөө эд баялагийг тэнгэрт хураа (19-24)
Одоо 19-р эшлэлийг үзээрэй. “Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг.” Эд баялаг бол мөнгөний үнэ цэнэтэй бүх зүйлсийг зааж байна. Газар дээр хураахад хэвэн хорхой ба зэв идэж, сүйтгэн хулгайлдаг гэдэг нь энэ дэлхийд хураасан эд баялаг нь мөнхөд хадгалагдахгүй заавал хэзээ нэгэн цагт устгагдан үгүй болно гэдгийг харуулж байна. Хүмүүс энэ дэлхийд амьдрах хугцаанд өнөөдөр ба ирээдүйн хэрэгцээ, аюулгүй амьдрал, тав тухтай  амьдралын төлөө хичээж амьдардаг. Үүний төлөө банканд мөнгө хадгалуулж, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хувьцаа болон бонд хөрөнгө оруулалт хийдэг. Хүмүүс итгэн найдах зүйл нь эд баялаг гэж бодон ямар ч аргаар хамаагүй, энэ газарт эд баялагтай болохыг хичээдэг.
Гэвч Есүс өөрсдийн төлөө энэ газар дээр эд баялагийг бүү хураа гэж байна. Яагаад гэвэл энэ дэлхийд бидний хичээнгүй хураасан эд баялагийг булаан авдаг дээрэмчид олон байгаа учраас юм. Байгалийн гай гамшиг, газар хөдлөлт, гал ус, өвчин зовлон гээд хураасан эд баялагийг алдах боломжтой юм.
Тиймээс 20-р эшлэлийг үзвэл өөрсдөдөө зориулж эд баялагийг тэнгэрт хураа гэж байна. Учир нь тэнд хамгийн аюулгүй. Тэнгэрийн хаанчлал үүрд мөнх орших бөгөөд хамгийн аюулгүй мөнх хадгалж болох газар учраас юм. (1Пт 1:4) Тэгвэл эд баялагийг газар дээр хураах болон тэнгэр хураах нь яахыг хэлж байна вэ? Эд баялагийг газарт хураах нь өөрийн болон гэр бүлийнхээ төлөө амьдардаг. Зөвхөн өөрийгөө төвд тавин, өөрийн аз жаргал ба сайн сайхны төлөө итгэлийн амьдралаар амьдардаг. Харин эд баялагийг тэнгэрт хураах нь сайн мэдээний ажилд өөрийгөө зориулахыг хэлдэг. Сайн мэдээний төлөө цаг зав, залуу нас, хувийн хүсэл мөрөөдөл ба мөнгийг зориулдаг. Эд баялагийг газарт хураагч нь энэ ертөнцөд хүсэл найдвараа тавьдаг бол тэнгэрт хураагч нь Бурханы хаанчлалд хүсэл найдвараа тавьдаг. Хүсэл найдвар нь өөр учраас амьдралын хэв маяг, үзэл бодол ч өөр байдаг.
Тэгвэл бид яагаад эд баялагийг тэнгэрт хураах хэрэгтэй вэ? 21-р эшлэлийг үзээрэй. “Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.” Бидний эд баялаг хаана байна тэнд бидний зүрх сэтгэл байдаг учраас юм. Эд баялагийг юунд зориулж байгааг харвал зүрх нь хаана байгааг мэдэж болно. Өөрийн болон гэр бүлийн төлөө харамгүй зарцуулдаг боловч Бурханы хаанчлалын ажлын төлөө зориулж чаддаггүй. Тэр хүний зүрх сэтгэл нь Бурханд бус өөрсдийн амьдралд байгаа учраас юм. Харин зарим нь өөрсдөдөө зориулах мөнгийг Бурханы хаанчлалын төлөө хоньдуудад харамгүй сэтгэлээр баяр хөөртэйгээр зориулж чаддаг.  Гэвч заримдаа тэнгэрт хураах нь нүдэнд шууд харагдахгүй ба үр дүнгүй юм шиг санагдах үе байдаг. Гэвч эцсийн өдөр энэ дэлхийд хэр их мөнгө олсон нь тооцогдохгүй бөгөөд харин Бурханы хаанчлалд хэр мөнгө зориулсан нь тооцогдоно.
Энэ дэлхийд гоё сайхан зүйл их байгаа учир бид ертөнцийн юмсыг хайрлахад амархан. Хүн мөнгөтэй болох тусам улам шунхай сэтгэлтэй, бардам болж сүнсээр доройтох аюултай байдаг. Учир нь сатан эд баялагийн шунхайралаар дамжуулан сэтгэлийг эзэмддэг юм. Тиймээс бид цалин орлого нэмэгдэх тусам тэнгэрт хураахын төлөө санаа тавин хичээх хэрэгтэй. Эс тэгвэл эд баялагийн шунхайралд автагдан үргэлж, хэн нэгэнтэй өөрийгөө харицуулан, санаа зовиуртай Бурханыг харж чадахгүй сүнсээр сохор амьдарна. Элч Паул Тимотод захиа бичихэд ийнхүү зөвлөсөн. “Энэ үеийн баячуудад биеэ бүү тоо. Эд хөрөнгөний тогтворгүй байдалд бүү найд. Харин биднийг баясгах бүхнийг арвинаар хангагч Бурханд найд хэмээн чи тушаа. Сайныг үйлдэж сайн үйлсээр баян, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй бай хэмээн тушаа. Ингэснээр тэд ирээдүйнхээ төлөө өөрсдөдөө сайн суурь тавин эрдэнэсийг хурааж жинхэнэ аминаас зуурах юм.” (1Тимот 6:17-19) Эд баялагийг тэнгэрт хураах нь хэзээ ч хохирол амсахгүй хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм.
Есүс одоо нүдний тухай хэлж байна. 22,23-р эшлэлийг үзээрэй. Нүдийг биеийн дэнлүү гэж байна. Эндээс нүд нь бидний зүрх сэтгэлийг зүйрлэж байна. Нүд эрүүл саруул байвал бүх юм гэрэлтэй харагдаж, харин нүд ёр муу байвал бүх юм харанхуй харагддаг. Бидний зүрх сэтгэлийн нүд эрүүл саруул байхад сүнсний нүд нээгдэж, юу нь хамгийн үнэ цэнэтэй нандин бэ? гэдгийг мэддэг учараас эд баялагийг тэнгэрт хураахын төлөө хичээдэг. Харин нүд ёр муу хүн нь сүнслэг зүйлсийг харахгүй учир зөвхөн нүдэнд харагдах газрын юмсын төлөө амьдардаг. Ийм хүмүүсийн сэтгэл сүнс ба амьдрал нь харанхуй учраас төөрөлдөн амьдарна. Тиймээс бид миний сэтгэлийн нүд ямар байгааг нягталж үзэхийг хүсэн гуйж байна.
Одоо 24-р эшлэлийг үзээрэй. “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.” Хүмүүс Бурхан эд баялаг хоёуланд зэрэг үйлчилж чадна гэж боддог. Харин хүний зүрх нь ганцхан учраас зэрэг хоёр эзэнд үйлчилж боломжгүй. Энэ нь Бурханд үйлчлэхэд эд баялагийг олж чадахгүй гэсэн утгатай бус, Бурханд үйлчлэхийн зэрэг эд баялагийг шүтээн болгож чадахгүй гэсэн утгатай. Эд баялаг зөвхөн Бурханд үйлчлэхэд хэрэгтэй багаж бөгөөд бидний зорилго болж болохгүй юм.
Бид эд баялагийг хэрхэн хэрэглэх талаар Бурханы үгэнд үндэслэсэн зөв үзэл бодлыг зааж байна. Эд баялаг өөрөө бол ёрын муу зүйл биш юм. Библид эд баялагийг муу эсвэл сайн гэж хэлээгүй. Бид эд баялагийг өөрсдийн амьдралын нэгдүгээрт тавьж болохгүй юм. Харин Бурхан миний амьдралын нэгдүгээрт байх хэрэгтэй. Харин эд баялагийг хамгийн утга учиртай, үнэ цэнтэй зүйлд хэрэглэхийг зааж өгдөг. Эд баялагийг жинхэнэ үнэ цэнэтэй ажилд хэрэглэвэл олон сүнсийг аврах боловч, буруу зүйлд хэрэглэвэл гэр бүлийн амьдрал хүртэл сүйрэн дампуурдаг. Эзэн биднийг эд баялагийн даамал гэсэн юм. Надад буюу эд баялаг нь Эзэн бидэнд даатгасан Эзэнийх билээ. Итгэгч бид нар эд баялагийн даамалын хувьд Эзэний хүслийг даган зөв зарцуулах үүрэгтэй. Тэгэхэд тэр үр ашиг нь бүгд өөрлүү нь ирэх болно.
2. Санаа бүү зов (25-34)
Есүс шавь нарыг энэ дэлхийд амьдрахад амархан автагдаж болох санаа зовиурын тухай сургаж байна. Есүс шавь нарын санаа бодолыг сайн ойлгож байсан. Тэд эд баялагийн хүслийг орхин зөвхөн Бурханд үйлчилбэл бодит хэрэгцээг яаж хангах вэ?  гэр бүл хүүхдүүийгээ яаж тэжээх үү? мөн хөгшрөөд ажил хийж чадахгүй үед яах вэ? Зөвхөн Бурханыг Эзэн болгож байгаад амьдрал маань хоосрох биш үү гэсэн санаа зовиур төрсөн байхаа.
Харин өнөө үеийн бидний хувьд ч ийм санаа зовиур байнга төрдөг. Бид онолын хувьд эд баялагийг яаж хэрэглэхийг маш сайн мэднэ. Гэвч бодит байдлыг харвал мөнгө санхүүгийн асуудал тасралгүй гарч ирдэг. Орлого хязгаартай байхад зарцуулж төлөх мөнгө ар араас гарч ирдэг. Янз бүрийн татвар төлбөр, хэрэглээний зардал, хувцас, хоол хүнс, утас, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөрөөс авхуулаад гэнэтийн зарцуулах зүйл их гардаг. Үүнээс болж бид санаа зовиурт автагдахаас өөр аргагүй болдог. Есүс бидний энэ бүх санаа зовиурийг сайн мэдэж байгаа. Харин Есүс бүү санаа зов гэж байна.
25-р эшлэлийг үзээрэй. “Ийтд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу?” Есүс юу өмсөх, юу идэх талаар санаа зовдог шавь нарт хоол хувцас нь хүний амь ба биеийн төлөө байдаг болохоос эд зүйлсийн төлөө байдаггүй гэж байна. Тухайлбал хэрэгцээнээс илүү хүний амь ба бие чухал гэсэн үг. Гэвч хүмүүс амь биенээс илүү бодит хэрэгцээ ба эд баялагийг чухал болгодог. Тэгээд биеийг  бодолгүй хоол, хувцасны төлөө амьдардаг. Амь ба бие нь Бурхан бидэнд өгсөн бэлэг юм.
26-р эшлэлийг үзээрэй. “Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?” Есүс амийнхаа төлөө санаа зовох нь ямар ч ашиггүй гэдгийг хэлж өгч байна. 27-р эшлэлийг үзвэл. “Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах бэ?” Бид санаа зовсноороо амийг ганц цаг мөчөөр нэмж чадахгүй юм. Санаа зовсоноор хийж чаддаг зүйлээ ч хийж чадахгүйд хүрнэ. Хэтэрхий их санаа зовиурт автвал Бурханаас авсан бүх ивээл, ерөөл ба баяр хөөрөө ч алдна.
28,29-р эшлэлийг үзээрэй. “Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм.”  Есүс яагаад Соломон хааныг жишээ болгосон бэ? Соломон бол Израилийн хаадын нэг бөгөөд библид түүнийг их баялаг, сүр жавхалантай байсан ч талын цэцэгсийн нэгэн адил үзэсгэлэнтэй хувцаслаж байгаагүй гэж хэлж байна. Би юу өмсөх вэ? гэж санаа зовох хэрэггүй.  Бурхан маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг хүртэл гоёдог бол Өөрийн сонгосон хайртай хүүхдүүдээ хамгийн сайнаар өмсөхгүй гэж үү? Бурхан бүтээсэн бүтээлүүдээ нандигна халамжилдаг. Бурхан сонгосон биднийг үнэхээр нандигнан хайрладаг учраас хэрэгцээг нь бүгдийг мэдэн ханган халамжилдаг. Тиймээс зөвхөн эд хөрөнгө, хувцас, материаллаг зүйлд найдвар тавих хэрэггүй, зөвхөн Бурханд итгэх хэрэгтэйг зааж өгч байна.  Гэтэл санаа зовох нь юун ч хэрэггүй гэдгийг мэддэг хэрнээ хүмүүс санаа зовсоор амьдардаг вэ?
1-рт. Шунаг сэтгэл байгаа учраас юм. Одоогийн хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцастай, амьдрах байртай байдаг. Гэсэн ч санаа зовсоор байгаа нь бусадтай үргэлж харьцуулан өөртөө байхгүй зүйлсийг боддог учраас юм. Илүүг хүсэмжилдэг шунахайрлаас болж хүн сэтгэл ханамжийг мэдрэлгүй санаа зовж эхэлдэг. Бусадтай өөрийгөө байнга харицуулаж тэрнээс дээшээ амьдрахыг хүсдэг.
2-рт. Есүс 30/б Өчүүхэн итгэлээс нь болж байгаа гэж тодорхой хэлсэн. Хүн санаа зовдог нь Бурханд итгэх итгэл нь бага байгаа учраас юм. Бид Бурханд итгэдэг боловч санаа зовнил чинь тэр итгэлээс чинь илүү том болоод байна. Тиймээс Бид Бурхан надад тусална гэдгийг мэддэг, итгэдэг мөртлөө, хэрэв миний хүсэж байгаа зүйл болохгүй бол яах вэ?  шалгалтаа амжилттай өгч хүссэн дүнгээ авч чадахгүй бол яах бэ? хүссэн ажилдаа орж чадах болов уу? энэ ажлыг би хийж чадах уу? маргааш яах бол гэж байнга санаа зовж амьдардаг. Тиймээс энэ бүх асуудалаа Бурханд бүрэн даатгаж чадахгүй өөрийн хүч чадлаар бүх асуудлыг шийдэх гэж санаа зовдог учраас юм. Санаа зовинолоос чөлөөлөгдөх цор ганц зам нь итгэл юм. Бид Бурханд бүх санаа зовинолоо даатгавал чөлөөлөгдөж чадна. Элч Петр болон Паул нар санаа зовохын оронд хэрэгтэй бүх зүйлийн төлөө талархалтайгаар Түүнээс гуйн залбираарай хэмээн ятгасан байна. (1Петр 5:7, Филлиппой 4:6,7)
Одоо 31,32-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс юу идэх билээ? Юу уух билээ? Эсвэл юу өмсөх билээ? гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Харин Тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.” Харийнхан буюу Бурханд итгэдэггүй хүмүүс өөрсдийн хэрэгцээний төлөө үргэлж санаа зовон түүний төлөө чармайн амьдардаг. Тэд байгаа юмандаа сэтгэл ханаж чадалгүй үргэлж бусадтай өөрсдийгөө харьцуулан эд баялагыг олохын тулд юу ч хийхээс буцахгүй Сатаны боол болж амьдардаг. Ийм хүмүүс нь насан турш энэ амьдралдаа хүлэгдэн, санаа зовиур дунд амьдардаг. Итгэгч бидний хувьд мөн ялгаагүй Бурханд бүх итгэл найдвараа тавьж амьдарч чадахгүй бол энэ амьдралд хүлэгдэн санаа зовиураар дүүрэн амьдрах болно. Тиймээс юу идэх билээ? юу уух билээ? эсвэл юу өмсөх билээ гэж санаа бүү зов. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гэтлэл номонд Израилчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж 40 жилийн турш цөлд хоёр сая хүнийг уух ус, идэх хоолоор хангасан Бурханыг суралцсан. Бид ийм гайхамшигтай Бурханаар өөрийн өчүүхэн амьдралыг удирдуулвал биднийг бүх хэрэгцээтэй зүйлээр хангаж өгөх болно.
Тэгвэл санаа зовохын оронд бидний хичээнгүй хайх ёстой зүйл нь юу вэ? Одоо бүгдээрэй 33-р эшлэлийг хамт уншья. “Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг нь хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Энэ тушаал нь бидний амьдралын зорилго ба чиглэлийг заан өгч байна. Эхлээд бидний хайх зүйл нь Бурханы хаанчлал ба зөвт байдал юм. Бид Бурханы хаанчлалын ард түмний хувьд Бурханы хаанчлал, энэ газарт бууж ирэхийг тухайлбал Бурханы хаанчлал улам тэлж өргөгтөхийн төлөө хичээнгүйлэн амьдрах хэрэгтэй. Мөн Бурхантай зөвт харилцаатай амьдрахыг хичээж зөвт бус энэ дэлхийд Бурханы зөвт байдлыг биелүүлэхийн төлөө чармайн амьдрах хэрэгтэй. Энд эхлээд хайна гэдэг үг нь Бурханы хаанчлалын төлөө хоньдод болон чуулганд үйлчилэн өдөр бүр сүнслэг цагуудыг авч, залбиралаар дүүрэн амьдарна гэсэн утгатай. Хоол хүнс, хувцас, мөнгө, ирээдүй гэх мэт хэрэгцээ байх нь буруу биш юм. Харин эдгээр зүйлс Бурханаас дээгүүр байр суурь эзлэхгүй байхыг бидэнд сануулж байна. Эхлээд Бурханы хаанчлал. Дараа нь бусад зүйлс гэсэн дараалалтай амьдрахыг Есүс бидэнд зааж өгч байна. Бурханы хаанчлалын төлөө сайн мэдээ дамжуулаж, хоньдод үйлчилж амьдравал амьдралын янз бүрийн санаа зовиураас чөлөөлөгдөж амьдарч чадна. Эхлээд Бурханы хаанчлалыг ба зөвт байдлыг хайвал Бурхан бидэнд бүх ивээл, ерөөлүүдээ өгөх болно. Манай цуглаан эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайдаг болж чадахыг хүсэн гуйж байна.
Энэ зарлиг миний амьдралын чухал зүйл юм. Уг нь тусгай номлол гээд өөр зарлиг заах  байсан байхаа. Гэвч  Бурхан надад миний чухал зүйлийг сануулахын тулд энэ зарлигийг заах боломжийг өгсөн байна. Өнөөдөр зарлигаар дамжуулан энэ амьдралд хичнээн их санаа зовж амьдарч байгаагаа харж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч ажил хийсэнгүй. Зөвхөн өөрийн хүүхдүүд болон гэр бүлийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарсан байна. Ажилгүй учраас өөрийн гэсэн санхүүгүй байдалд байнга орж байгаа. Тийм байдлаасаа болоод  Бурханы хаанчлалыг хайж чадахгүй юу идэх билээ, юу уух билээ, юу өмсөх билээ, зээлээ яаж төлөх билээ, хэрэгцээгээ яаж хангаж амьдрах билээ гэсэн маш их санаа зовиураар дүүрэн амьдарч байна. Ийм өчүүхэн итгэлтэй байгаа учраас бүх зүйлд санаа зовж амьдарч байгаадаа гэмшиж байна. Өглөө бүр Бурхан өмнө очин залбирахдаа Бурхан минь би ямар ажил хийх үү? юу хийж амьдрах ёстойг мэдүүлж өгөөч, миний амьдралыг удирдаж өгөөч, тийм ч ийм ч юмаар хангаж өгөөч, ингэж, тэгэж туслаач гэж залбирдаг байсан. Миний залбиралын хандлага зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовиурынхаа төлөө байсаныг олж харлаа. Энэ зарлигаар дамжуулан Бурханы өмнө очин залбирах хандлагаа өөрчлөхыг сурж авлаа. Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлын төлөө хичээнгүйлэн залбирах ёстойг ухаарч авлаа. Эзэн минь юуны төлөө залбирах арга замыг зааж өгсөнд талархаж байна. Өнгөрсөн бүхий л хугацаанд өчүүхэн итгэлтэй, санаа зовиураар дүүрэн амьдарч байсандаа гэмшиж байна. Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайж амьдардаг хоньчины амьдралаар удирдаж өгөөч. Энэ газар дээр эд баялагийг хураахаас илүү тэнгэрт эд баялагийг хураадаг байхад тусалж өгөхийг хүсэн гуйж байна.
Дүгнэлт:
Эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг чамд нэмж өгөх болно.  Бид юу идэх вэ? юу уух вэ? юу өмсөх вэ? гэж санаа зовж амьдрахаас аргагүй энэ дэлхийд амьдарч байгаа. Тиймээс эхлээд юуны төлөө амьдрахыг тодорхой шийдэн амьдрах хэрэгтэй. Бид энэ бүх зүйл дээр санаа зовсоноор энэ амьдралаа уртасгаж чадахгүй юм. Тиймээс эхлээд Бурханы хаанчлалыг хайж амьдрах хэрэгтэй. Эзэний заасан гуйлтанд ч эхлээд Бурханы алдрын төлөө гуйж дараа нь өөрийнхөө төлөө гуй гэж заасан. Эхлээд Бурханы хаанчлалын төлөө амьдрахад бидний амьдрал хэзээ ч дампуурахгүй. Харин ч биднийг халамжилдаг, хангадаг Бурхантай хамт энэ амьдралыг аз жаргал баяр хөөртэй амьдарч чадна. Харин эхлээд Бурханы хаанчал ба зөвт байдлыг нь хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.24/
Дараагийн нийтлэл2026 оны Гэтлэл 13-р хичээлийн асуулт (08.30)