2017 оны Нехемиа 7-р номлол (08.06) Ц. Эрдэнэбулган

Итгэлийн цэвэр байдлыг хадгал

Нехемиа 12:27-13:31

Гол эшлэл 13:30

“Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов”

Өнөөдрийн зарлиг бол Нехемиа номын сүүлчийн хэсэг юм. Нехемиа болон ард түмэн хэрмийн ажлыг дуусгасны дараа нэг дор цугларан Бурханы үгийг сонссоноор их гэмшил ба шийдвэрийг гаргасан. Бодитоор харь хүмүүстэй гэрлэхгүй, амралтын өдрийг ариунаар сахих ба анхны юм болох 1/10-ийг авчирснаар Бурханы өргөөг орхихгүй гэж шийдсэн тэр л сэргэлтийн үерүү хамтдаа очицгооё. Өмнөх 11 бүлгийг товчхон харвал Иерусалим хот руу нүүж ирэн амьдрах болсон хүмүүсийн нэр гарч байна. Нехемиа Израиль ард түмний амьдралд Бурханы өргөөг төвд тавиулахын тулд ард түмний 1/10-ийг хотод амьдруулахаар хуваарилсан. Тухайн үед Иерусалим хотод амьдрах нь сайхан таатай зүйл биш байв. Учир нь Иерусалим хот Бурханы өргөө хэмээгдсэн төв нийслэл газар учир харь үндэстнүүдийн довтолгоо ба дайны талбар болсон аюултай амьдрахад эрсдэлтэй газар байв. Ийм л үед итгэл нь сэргээгдсэн ард түмнээс зарим нь сайн дураараа зовлонгийн газрыг сонгосон. Хүний хувьд тав тухтай биш аюултай зовлон үүрэх газар  байсан ч тэд хувийн хүсэл шунал ба ашгийг боддог сэтгэлийг үгүйсгэн жинхэнэ Бурханы ерөөл байгаа газрыг сонгосон. Учир нь Иерусалим хот Бурхан Өөрийн нэрийг харуулахаар сонгосон Бурханы ариун хот юм. Зарим нь шавга хаяж амьдрахаас аргагүй болсон боловч үүнийг дуулгавартай дагаж амьдарсан. Энэ нь ч бас Бурханы ерөөл авах зам юм. Ер нь хүмүүс өөрийн сонгосон хүссэн аюулгүй, тав тухтай сайхан газрыг сонгохыг хүсдэг. Харин итгэгч нүдэнд харагдах ашигтай байдлаас илүү Бурханд илүү ой байх ерөөлийн газрыг сонгон  амьдрахыг хүсэн гуйж байна.  Ингээд цааш Нехемиа тахилч 12:1-26-д тахилчид ба Левичүүдийн нэрсийг үлдээсэн. Ийнхүү шашны удирдагч нарын нэрсийг нарийн бичсэн нь Нехемиагийн анхаарал нь өргөөний тахилын системийг сэргээснээр Израиль улсын тахилчийн үүргийг дахин сэргээхэд байсан гэдгийг харуулж байна. Ингээд сүйрэн эзгүйрсэн Иерусалим хотод оршин суугчидтай болж Бурханы өргөөнд үйлчлэх хүмүүсээр дүүрлээ. Тэгэхэд Нехемиа хэрмийг зориулах ёслолыг хийн бүгд баяр хөөрөөр дүүрсэн.

1. Иерусалим хэрмийг Эзэнд зориулах ёслол (12:27-47) 12:27-30-г үзээрэй. Уг нь хэрмийн ажил дуусмагч Эзэнд зориулах ёслол хийх байсан. Гэвч оршин суугчид дэндүү бага учир өдий хүртэл хойшлуулжээ. Харин одоо хотод оршин суугчид дүүрэн болж ард түмний сүнсний байдал ч сэргэснээр Нехемиа одоо зориулах ёслол хийхээр шийдсэн. Тэгээд бэлтгэл ажилд орж Левичүүд ба магтаалын дуучдыг цуглуулан тахилчид ба Левичүүдээс гадна ард түмнийг болон гулдан хаалганууд ба хэрмийг ариусгав.  31-43-т ариусгалын дараа Нехемиа хүмүүсийг 2 хэсэг болгон хувааж хэрмийн оройд гарган алхуулснаар ёслолыг эхлүүлж байна. 1-рх нь хэрмийн оройд баруун тийш, 2-рх нь зүүн тийш хөдлөн Бурханы өргөөнд бүгд нийлсэн. Ийм содон аргаар зориулалтын ёслолыг үйлдүүлсэн нь Иерусалимын хэрэм зөвхөн Бурханы хүч ба тусламжаар баригдсан гэсэн талархлыг илэрхийлэхийн зэрэгцээ мөн иудейчүүдийн аюулгүй байдал нь хэрмийн бат бэх чанарт бус Бурханы хамгаалалтаар шийдэгднэ гэдгийг илчлэхийн тулд байлаа.  Тэд Бурханы өргөөнд нийлэхэд Бурханыг магтан дуулж, үлэмж тахилуудыг өргөн ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгчээ. (43) Тиймээс тэдний баяр хөөрийн дуу нь алсаас сонсогдож байв. Тэд эзгүйрэн хоосорсон ариун хотыг дахин сэргээн сонгогдсон ард түмний алдрыг сэргээсэнд нь баярлацгаасан байх. Мөн өөрсдийн болон эцэг өвгөдийн бүх гэмийг өршөөсөн Бурханы хайр дүүрэн байсных юм. Тэр хавиар өнгөрч явсан хүмүүс, аялагчид энэ бүх баяр хөөрийн чимээг сонсон очиж үзсэн байхаа гэж бодож байна. Энэ үед тэдний Бурханыг алдаршуулж байгаа үйл явдал тэдэнд ямар гайхалтай гэрчлэл болж байсан лавтай. 44-47-г үзээрэй. Хэрмийн ёслолын дараа ард түмэн өмнө нь гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж байна. Нехемиа тахилчид ба Левичүүдэд өгөх хувийн ногдлуудыг хариуцах хүмүүсийг томилоход иудейчүүд Бурханд үйлчилж буй тахилчид ба Левичүүдэд талархах сэтгэлээр хандивууд, анхны үр жимс ба 1/10-ийг авчирсан. Ингэснээр Бурханы өргөөнд ажилладаг хүмүүс нь амьдралын хэрэгцээнд санаа зовохгүйгээр өөрсдийн авсан үүрэгт итгэмжит хандах болов. Тэгэхэд ард түмэн ч тэдэнд талархан баярласан. Ард түмний дунд сүнсний сэргэлт болоход тэд бүрэн 1/10-ийг өргөж мөн үүгээр Бурханы өргөөний тахилын ажлууд ч сэргээгдсэнээр Израильчууд итгэлийн нэгдэл сэргэлтийг бий болон байгуулагджээ.  Бид эндээс 2 зүйлийг сурч болно. 1-рт, иудейчүүд өргөлүүд ба бүрэн 1/10-ийг авчирсан учраас тахилчид ба левичүүд нь өөрсдийн ажил үүрэгт бүх анхаарлаа хандуулах болсон шиг чуулганы итгэгчид нь Бурханд үйлчлэх хүмүүсийг залбирал ба үгийн ажилд өөрсдийгөө бүрэн зориулахад хэрэгцээг ханган идэвхтэйгээр дэмжих хэрэгтэй гэдгийг сурч болно. 2-рт, Бурханы хаанчлалын үйлчлэгч нар нь өөрийн үүрэгт анхаарал тавин түүнийг итгэмжтэй гүйцэтгэх хэрэгтэй. Тэгэхэд ард түмэн ч тэднийг хараад баярлан талархах болно. Сэргэлтийг даган ирэх тэр шинэчлэлтүүд юу байсан бэ?
2. Нехемиагийн шинэчлэл (13:1-31) 13:1-ийг үзээрэй. Тэр өдөр ард түмнийг Мосегийн номноос сонсоход “Нэг ч Аммон эсвэл Моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй” гэж бичигдсэнийг олов. Аммон Моабчууд нь Абрахамын үеэл дүү Лот өөрийн охидтой цус холилдон төрүүлсэн үр удам нь юм. (Эх 19:30-38) Тэд израилийг Египетээс гарч едом нутгаар өнгөрөхөд хүнс ба усаар угтан аваагүй ба Мосе амар тайван өнгөрөөхийг гуйсан боловч тэд сэлэм илд барин ирсэн. (Тоол 20:14-21) Мөн моабын хаан Балак эш үзүүлэгч Баламаар дамжуулан Израилийг хараасан. (Тоол 22-24-р бүлэг) Тэд ийнхүү цаг ямагт Бурханы ард түмэн ба ажлыг эсэргүүцэн тэрсэлдэг дайснууд байв. Өөрийн ард түмнийг хараасан тэднийг хэзээ ч Бурханы чуулганд оруулахгүй гэж Бурхан тушаасан. Гэтэл тэд иудейчүүдийн дунд орж ирэн холилдон амьдарч байв. Учир нь иудейчүүд тэдэнтэй харилцаа холбоотой байснаар олдог ашиг хонжоо байсан. Гэвч аммон моабчууд нь Израилийн ард түмний цэвэр итгэлд саад тотгор бөгөөд итгэлийн чуулганд хор нөлөө үзүүлэх хүмүүс юм. Тиймээс Бурхан тэднийг өөрийн чуулган буюу ард түмнээс мөнхөд хөөн зайлуулахыг тушаасан. Бурханы ард түмнээр зохистой амьдрах гэвэл амьдрал дотор холилдсон гэм ба зөвт бус нөлөөнүүдийг ялган салгаж зайлуулах хатуу шийдвэр гаргах хэрэгтэй.  Израиль ард түмэн сүнсээр сэргээгдэн Бурхан үг тушаалын дагуу амьдрахаар шийдсэн. Гэвч Нехемиа 12 жилийн томилолтын хугацаа дуусахад Персийн хаанд бараалхахаар явсан. Харин түүнийг явсан хойгуур ард түмний итгэл даруй доройтон сульдаж Бурханы үг тушаалуудыг орхих болсон. Нехемиа нь Бурханы ард түмэн гэмээс болж дахин харь үндэстнүүдэд гишгэгдэх ичгүүрийг амсахгүй байхыг хүссэн. Тэгээд дахин шинэчлэлийг үйлдсэнээр гэрээний ард түмний дунд нэвтэрсэн хор хөнөөлүүдийг зайлуулсан. Тэгвэл Нехемиа үүнийг хэрхэн үйлдсэн бэ?  1-рт, хүмүүс хоорондын  харилцааг далимдуулан орж ирсэн хорыг зайлуулсан. (4-9)  4-г үзээрэй. Нехемиаг байхгүй хооронд Бурханы өргөөнд байж боломгүй хэрэг болж байв. Аммон хүн Тобиа Бурханы өргөөний том өрөөнд сууж байв. Энэ өрөө нь ард түмний өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулга, 1/10, дарс ба тосыг хадгалдаг ариун газар байсан. ийм чухал өрөөнд аммон хүн Тобиа амьдарч байсан. Ийм байж боломгүй хэрэг болсон нь тэргүүн тахилч Елиашиб Тобиагийн садан израильд байсных юм. Елиашиб Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцсан тахилч боловч израилийн дайсан Санбаллаттай ураг барилдсан. (13:28) Тобиа нь аммон хүн төдийгүй урьд нь Санбаллаттай хамт хэрмийн ажилд саад тотгор хийн доромжилж, Нехемиаг хөнөөх гэж байсан. (6:12) Харин иудейн сурвалжтанууд нь ийм түүнтэй ойр дотно харилцаатай байв. (6:17-19) Тахилч Елиашиб хүртэл ийм Тобиатай маш ойр дотно болсноор өргөөнд том өрөө хүртэл гаргаж өгсөн. Тобиа нь ийм аргаар Бурханы ард түмний дунд нэвтрэн орж хор нөлөө үзүүлэхийг төлөвлөж байлаа. Тобиа нөлөө бүхий эрх мэдэл ба мөнгөтэй хүн учир түүнд сайнаар хандвал израильд ашигтай болноо гэж Елиашиб бодсон юм шиг байна. Харин Тобиа израилийг Бурханы ард түмний хувьд нэг итгэл дотор нэгдэн хүчтэй болохыг хүсдэггүй байсан. Эцэст нь тэрээр израилийн итгэлийг бусниулан сүйрүүлэхээр орж ирсэн хор юм. Ийм Тобиатай сайн харилцаа тогтон ашиг олохын тулд тахилч Елиашиб Бурханы өргөөг бузарлажээ. Елиашиб Бурханы нэр алдраас илүү ашиг хонжоо хайдаг хүн харилцааг чухалчилсан. Итгэгч нар янз бүрийн ашгийг тооцоолон буруу нөлөөтэй хүмүүстэй ойр дотно харилцааг үргэлжлүүлвэл эцэст нь тахилч Елиашиб шиг Бурханы ажлын эсрэг дайсан болох болно.  Тэгвэл Нехемиа энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Елиашибийг тахилч гээд нүд анин өнгөрүүлсэн үү? Нехемиа израилийн төв болох Бурханы өргөөнд харь үндэстэн нэвтрэн орсныг сүнсний аюул хэмээн үзэж маш их уурласан. Тэгээд өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаясан. Дараа нь тэр өрөөнүүдийг ариусган Бурханы өргөөний юмсыг буцаан тавиулсан. Нехемиа Бурханы чуулганыг сүйрүүлэх гэсэн харь хүний нөлөөг шийдэмгий зайлуулжээ. Ингэх нь Бурханы ард түмний итгэлийн ариун байдлыг хамгаалж Бурханы сүнслэг ерөөлийг алдахгүй зам гэдгийг тод мэдсэн.  Энэ цаг үед Бурханы ард түмэн буюу чуулганд нэвтрэн ордог Тобиа нь мөнгөний болон зугаа цэнгэлийн хиймэл шүтээнүүд юм. Эдгээр нь хүмүүстэй дотно харилцаагаар дамжуулан бидний сэтгэл ба амьдрал дотор аажмаар орж ирэн өрөөгөө засдаг. Эхэндээ нэг их нөлөө аваагүй юм шиг санагдах ч сүнсээр ялгаварлаж гарган хаяхгүй бол хүчийг олж бидний сэтгэл ба амьдралыг эзэмдэх болно. Эцэст нь Бурханы үгийг орхин тэрслэх болно. Бидний бие ба сэтгэл нь Бурханы сүнс оршдог ариун өргөө билээ. Тиймээс Тобиа шиг ашиг хонжоо мөнгө зугаа цэнгэлийг чухал болгодог үзэл бодлыг шийдэмгий зайлуулах ёстой. Тэгснээр Бурханд хандсан цэвэр ариун итгэлийг хамгаалах хэрэгтэй.  2-рт, Бурханы өргөөний үйлчлэлийг дахин сэргээсэн. (10-14)  10-г үзээрэй. “Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөрөө өөрсдийн тариан талбай руу явцгаасныг би олж мэдэв”. Нехемиа жилийн дараа буцан ирэхэд левичүүд нь өргөөний үйлчлэлийг орхин өөрөө өөрсдийнхөө амьдралыг бодон тарцгаасан. Нехемиа ийм байдалд хүрсэн шалтгааныг олон үндсээр нь шийдэх аргыг хайсан. Уг нь левичүүд бол израилийн нэг овог боловч 11 овгийн ууганыг төлөөлөн Бурханд өргөгдсөн хүмүүс байв. (Тоол 3:12) Израильчууд өөрсдийн ууганыг өргөөний ажилд зориулах ёстой боловч левичүүд тэдний оронд өргөгдсөн. Тиймд тэдэнд бусад овгийн адил газрын хувь оногдоогүй. Тиймээс бусад овгийнхон өөрсдийн ургацын1/10-ийг Бурханд авчран өргөснөөр түүгээр левичүүдийн амьдралын хэрэгцээг хангах ёстой байлаа. (Тоол 18:21) Гэвч Нехемиаг явсны хойгуур ард түмний итгэл хурдан доройтон 1/10-ийг өргөхөө больсон. Тэд Бурханыхыг хулгайлж Бурхантай байгуулсан гэрээгээ дахин зөрчсөн. Тэгээд левичүүдийн ихэнх нь өргөөний үйлчлэлийг орхин өөр өөр ажилд орсон. Бурханы өргөөнд үйлчлэх хүмүүс байхгүй болсон учир өдөр бүрийн тахилууд ба утлага өргөлүүдийн ажил ч зогсоход хүрсэн. Бурхантай харилцаа тогтоолгох зуучлан үйлчлэлүүд орхигдсон. Бурханы өргөө ч хоосон болж эзгүйрэн цэвэр биш болсон.  11-г үзээрэй. Учрыг олсон Нехемиа түшмэдийг дуудан “Бурханы өргөө яагаад орхигдов” хэмээн зэмлэв. Тэдний орхисон нь левичүүд гэхээс илүүү Бурханы өргөө байсан. Өмнө нь Мосе левичүүд нь өв ч үгүй хувь ч үгүй тул тэднийг орхиж болохгүй гэж тушаасан. (ДХ 14:27) Харин ард түмэн яагаад левичүүдийг орхин 1/10-ийг авчраагүй вэ? Тэр нь эд мөнгөний шуналаас болсон. тэд Вавилоноос ирснээс хойш амьдрал нь хараахан хөл дээрээ босоогүй байсан. мөнгийг хурдан цуглуулж орон байртай машинтай гэх мэт янз бүрийн хэрэгцээг ханган тогтвортой амьдармаар байсан. Бусад үндэстэн шиг өөрсдийн төлөө мөнгө зарцуулан гэр бүлээрээ ийшээ тийшээ аялан зугаатай амьдармаар санагдсан. Янз бүрийн хүсэл шуналд автсан тэд удирдагч Нехемиа Езра байхгүй үед Бурханы үгнээс хурдан холдож итгэл нь доройтов. Энэ нь 1/10-ийг өргөхөө больсноор илэрхийлэгдсэн. Нехемиа түшмэдийг зэмлэхэд ард түмэн 1/10-г авчирцгаав. Тэгээд Нехемиа левичүүдийг дахин цуглуула албанд нь буцаан томилов.  1/10 бол Бурханд хандсан итгэлийн хэмжүүрийн нэг юм. Бид өөрсдийн хүч чадал хичээл зүтгэлээр мөнгө олж байгаа юм шиг боловч бүх юмс Бурханаас зөвшөөрөгддөг энэ үнэнийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэх нь 1/10 билээ. 1/10-ийг Эзэн Бурханд талархах сэтгэл ба Тэр амьдралыг маань хариуцан хангана гэсэн итгэлээр өргөх хэрэгтэй. Бид Бурхантай зөвт харилцаан дотор итгэлээр өсөх гэвэл Бурханыг амьдралын Эзэн гэсэн эрх мэдлийг зөвшөөрөн Түүнд 1/10-ийг өргөн амьдрах хэрэгтэй. Мөн үүгээр дамжуулан Бурханы өргөөний ажил буюу авралын ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

3-рт, Амралтын өдрийг ариунаар сахихыг сэргээсэн. (15-22)  15, 16-г үзээрэй. Нехемиа ирээд харахад зарим нь амралтын өдрөөр усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэнд дарс болон олон бараа авчран Иерусалимд зарж байв. Мөн худалдаа наймаагаар алдаршсан Тирчүүд Иерусалимд суурьшин загас ба бүх төрлийн барааг гаднаас импортолж иудейчүүдэд амралтын өдрөөр зарж байв. Уг нь ард түмэн амралтын өдрийг ариунаар сахина, Бурханд мөргөнө гэж шийдэж байсан. Харин одоо тэд ийм болсон нь нэг өдөр ч болов ажил хийн өшөө мөнгөтэй болно гэсэн мөнгөний шуналд автагдсаных байв. Мөн эргэн тойрны харь үндэстэн хүмүүсийн амьдралын хэв маягийг дуурайснаас болсон. Тэд Бурханы зааварласнаар амралтын өдрийг бүрэн сахиж 1/10-ийг өргөвөл хохирон гэж бодсон. Ялангуяа 17-д Нехемиа иудагийн язгууртнуудыг зэмлэснийг харвал жирийн ард түмнээс баян язгууртнууд нь амралтын өдрийг илүү сахиагүй гэдгийг мэдэж болно.  Ямар ч гэсэн энэ нь Бурханы гай гамшгийг өөрсдөд дээр нь авчрах хэрэг байлаа. (18) Нехемиа “Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг эс ариусгаснаар израиль дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу?” гэв. Нехемиа өөрийн ард түмнийг дахин Бурханаар ерөөгдөн сүнс ба махбодиор хүчирхэг болохыг хүссэн. Хэрэв тэд дахин Бурханы ариусгасан амралтын өдрийг сахихгүй бол гай гамшиг ичгүүр зовлон амсана гэдгийг сайн мэдсэн. Тэгээд Нехемиа амралтын өдрийг сахиулахын төлөө, амралтын өдрийн өмнө гулдан хаалгуудыг хааж амралтын өдрөөр ямар ч ачаа оруулахгүйн тулд зарц нарынхаа заримаар хаалгануудыг сахиулав. Гэсэн ч наймаачид иерусалимын дотор орох зай завшаан хайхын тулд хотын гадна шөнийг өнгөрүүлж байв. Нехемиа тэдэнд хүч хэрэглэнэ шүү гэж анхааруулан сануулсанд тэд ирэхээ болив. (19-21) Мөн левичүүдэд тушаан биеийг ариусган хаалгуудыг сахиулснаар ард түмэн амралтын өдрийг сахих болов.  Нехемиа ард түмнийг ийнхүү амралтын өдрийг бүрэн сахиулсан нь энэ нь Бурханаар ерөөгдөх зам гэдгийг сайн мэддэгийнх юм. Амралтын өдрийг ариунаар сахих нь хүн зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр бус Бурханы тусламж ба ивээлээр амьдарна гэдэгт итгэж байна гэсэн утгатай. Бид амралтын өдөр ч амрахгүй ажил хийнэ гээд илүү баян дүүрэн болохгүй. Мэдээж бид 6 өдрийн турш залхууралгүй хичээнгүй ажиллах хэрэгтэй. Харин амралтын өдрийг ч амрахгүйгээр ажиллана гээд ажилласан ч гэсэн Бурханы ерөөл байхгүй бол бид өөрсдийн хүчээр юуг ч хийж чадахгүй юм. Харин ажил хийхгүй амралтын өдрийг сахихад Бурхан хангаж халамжилна гэсэн итгэл байвал ажилдаа санаа зовохгүй амралтын өдрийг бүх зүрх сэтгэлээ зориулан өргөж чадна. Мөн зарим нь ажлаа алдахаас айж амралтын өдрийг сахиж чадахгүй болдог. Харин ч энэ нь Бурханы эрх мэдэлд даатгавал бид зоригтой шийдвэр гарган амралтын өдрийг сахих болно.  Амралтын өдрийг бүрэн сахих нь удаан юм шиг боловч амьдралын уралдаанд эцсийн ялалт байгуулах дөт зам юм. амралтын өдрийг сахигч нь Бурхантай үргэлж зөвт харилцаа тогтоон жинхэнэ сэтгэл сүнсний амралтыг амсаж чадна. Мөн Бурханыг амьдралын төвд тавьдаг хүнээр өсөж чадна. Мөн хувь хүн, гэр бүл, чуулган ба нийгэм Бурханы ерөөлөөр улам хөгжих болно. Харьцангуй бодлоор дүүрэн өөрийн дураар амьдардаг энэ үеийнхний дунд бид ямар ч хэцүү байдлын дунд Бурханы зааврын дагуу амралтын өдрийг сахиж амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.  4-рт, гэр бүлийн итгэлийн ариун байдлыг сэргээсэн. (23-31)  23-г үзээрэй. Нехемиа нь иудейчүүд нь ашдод, аммон ба моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг харав. Тэдний хүүхдүүд нь харь үндэстнүүдийн хэлээр ярьдаг ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. Тиймээс харь үндэстэн ээжтэй иудей хүүхдүүд нь Бурханы үгийг сонсоод ч ойлгохгүй байсан. Ер нь хүүхдүүд олон цаг хамт байдаг ээжээсээ хэл сурч, ээжийнхээ итгэл бишрэл, үзэл бодлоос хүмүүждэг. Тиймээс тэдний хүүхдүүд нь Бурхан ба хиймэл шүтээнүүдэд ч зэрэг үйлчилж байсан байх. Гаднах нь Бурханд итгэж байгаа юм шиг боловч доторх нь хиймэл шүтээний нөлөөн дор амьдарч байсан.  Тэгэхэд Нехемиа энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? 25-г үзээрэй. Нехемиа тэдэнтэй тэрсэлдэн хараахыг нь харааж, цохихыг нь цохиж үсийг нь зулгаав. Тэгээд одооноос охидоо харь үндэстнүүдэд өгөхгүй гэж Бурханаар тангараглуулсан. Хичнээн сайхан сэтгэлтэй, сэтгэлд нийцсэн охид хөвгүүд байсан ч тэднийг авах ёсгүй гэж хэлсэн байх. Тэгээд Соломон хааны эмгэнэлт түүхээр нь тэдэнд сануулга өгсөн. (26) Нехемиа энэ аймшигт түүхийг сайн мэддэг учир харь хүмүүстэй гэрлэх талаар маш их уурлан хатуу хандсан. 28-г үзвэл тэргүүн тахилч Елиашийн хүү хүртэл Сонбаллатын хүргэн болсон байв. Харь үндэстэнтэй гэрлэх асуудал нь израилийг үндсээр нь өвчлүүлж байлаа. Нехемиа нь түүнийг тэргүүн тахилч гээд өмөөрөөгүй. Тахилчийн үүргийг бузарласан түүнийг ажил үүргээс нь зайлуулсан.  Хүний амьдралын ихэнх асуудал гэр бүлээс нь эхэлдэг. Гэр бүл нь Бурханыг төвд тавин цэвэр итгэлээр Бурханд зөв үйлчлэхэд хүүхдүүд нь Бурханаас эмээн хүндэлж ерөөлийн амьдралаар амьдарч чадна. Харин гэр бүл дотор эцэг эх нь дэлхийн эд зүйлсд үйлчлэн амьдарвал хүүхдүүд ч тэр зам мөрөөр явах болно. Мөн гэр бүл дотор Бурханы тогтоосон эмх цэгцийг үл ойшоон эхнэр нөхрийг үл тоомсорлоход хүүхдүүд ч эцэг эхээ хүндлэхээ больдог. Энэ нийгэдм хамгийн хэрэгтэй зүйл нь Бурханыг хүндлэн мөргөдөг ариун гэр бүл, Бурханы хайр ба Түүний тогтоосон эмх цэгцийн дагуу амьдардаг гэр бүл юм. Энэ цаг үед ийм ариун итгэлийн гэр бүлийг босгох нь маш чухал юм. Манай чуулган Бурханыг хүндэлдэг, зөвхөн Түүнд үйлчилдэг итгэлтэй гэр бүлүүдийг босгохын төлөө хамтдаа залбирцгаая.  Нехемиа энэ бүх шинэчлэлийг хийх болгонд хамгийн сүүлд залбирлыг өргөж байсан. “Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаач”. (14) “Үүний төлөө надад мөн сайныг санаач. Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч”. (22б) “Бурхан минь, надад сайныг санаач”. (31б) Ялангуяа энэ бүхнийг Бурханыхаа өргөө ба Түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн гэв. Тэр энэ ажлуудаас болж нөлөө бүхий ард түмний эсэргүүцэл ба дургүйцлийг амсаж, заналхийлэл ч ирсэн байх. Харин тэрээр энэ бүхнийг Бурханы алдрын төлөө хийсэн гэв. Нэг хүний гэмтэй тэмцэлдэхэд хэцүү байхад ард түмний бүхий л гэмтэй тэмцэлдэхэд түүний хувьд маш хэцүү айдастай байсан нь тодорхой. Тэр ийм байдал дунд өөрийгөө санаач, өршөөгөөч, хамгаалаач хэмээн залбирлан Бурханыг түшиглэсэн. Мөн Түүний шагналыг хүсэмжилсэн. Өөрийн сайн үйлсийн дагуу үр жимс гарахын төлөө ч гуйсан. Бурхан ийм түүнийг санаж ерөөсөн. Түүнийг иерусалимын хэрмийн ажилд болон үндэстний их гэмшил ба шинэчлэлийн ажилд нандинаар хэрэглэсэн. Бурханы түүхэнд түүний нэр нь сайнаар одоо ч дурсагдах болсон.  Нехемиа ард түмэн, тахилчид, левичүүд ба гэр бүлүүдийг ариусган цэвэрлэсэн. Тэдний дунд газар авсан харь үндэстний муу нөлөө ба хараал авах хортой зүйлсийг зайлуулж ард түмнийхээ итгэлийг цэвэрлэн шинэчилсэн. Нехемиа нь ард түмний итгэл ба амьдралыг цэвэршүүлэх нь Бурханы алдрын төлөө бөгөөд өөрийнх нь  үндэстэн Бурханаар ерөөгдөх зам гэдгийг мэдсэн. Манай ЮБФ чуулган өнгөрсөн үеүүдэд Бурханы үгийн дагуу амьдрахын төлөө хичээнгүйлэн тэмцэлдсээр ирсэн билээ. Цаашид улам сэрэмжтэй байж хоньдуудын бат итгэлийн төлөө гэр бүл, чуулганаараа үйлчилж чадахыг хүсэн гуйж байна. Ингэж чадахгүй бол Түүний үгийг үл ойшоовол энэ дэлхийн санаа зовиур, зугаатай амьдрал, ашиг харан тохиролцох тэр л сүнсний хүчийг алдсан, аварлын ажилд хэрэглэгдэж чадахгүй нэгэн болно. Бид энэ цаг үед дэлхийн оюутнуудыг аврахын төлөө дуудагдсан хаанчлалын ажилчдын хувьд одоо янз бүрийн хорон зүйлстэй тохиролцон амьдарч байгаа бол тэдгээрийг өөрсдөөсөө зайлуулан Бурханд хандсан цэвэр итгэлийг дахин сэргээж Есүсийн явсан загалмайн амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Залбирсанаар, үйлдсэнээр Есүсийн загалмайн үнэний дагуу амьдрахыг сурах хэрэгтэй болно. Өөрийн амийг хайрлалгүй, Өөрийгөө хоослон золиосолсон Есүсийн загалмайн замыг дуурайн дагах хэрэгтэй. Харин бид энэ цаг үеийнхнийг дуурайн дагавал цэвэр итгэлийг алдаж эцэст нь Бурханы авралын ажлыг болон үүргийг гүйцэтгэж чадахгүй юм. Мөн Бурханы үгэнд хандсан халуун сэтгэлийг өнөөдрөөс бүгдээрээ сэргээцгээе! Манай цуглаан бол библийг сурч, судалж зааж дуулгавартай дагахад тусалснаар нэг хүнийг авран Есүсийн дагалдагч болгодог цуглаан учир бид үгэнд хандсан халуун сэтгэл ба төлөв даруу сүнсийг сэргээн нэг үгийг ч тунгаан бодож хэрэгжүүлэх дасгалуудыг авах хэрэгтэй. Мэдлэг төдий сурч сэтгэгдэл ч бичих цагийг авахгүй хэрэгжүүлэхгүй амьдрахад бидэнд нэг сүнсэнд үйлчлэх сүнсний хүч нь гарахгүй болно. Бурхан бидэнд үгэнд хандсан халуун сэтгэл ба дуулгавартай дагаж чадах цэвэр итгэлийг дахин сэргээж өгөхийг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Бурхан Өөрөөс нь эмээн хүндэлж, ард түмнээ хайрласан Нехемиаг цөхрөлийн цаг үед Өөрийн ард түмний хоньчин удирдагчаар нандинаар хэрэглэсэн. Бурхан одоо ч Нехемиа шиг Бурханы нэр алдрын төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулах хүмүүсийг авралын ажилд нандинаар хэрэглэн түүний амьдралыг хамгийн үнэ цэнэтэй болгодог. Биднийг энэ цаг үеийн Нехемиа шиг босгон хэрэглэж өгөхийг Бурханаас гуйж байна. Тэгхээр бид ийнхүү Нехемиа номоор аялж түүний Бурханд дуулгавартайгаар зоригтой бас тууштай, туйлбартайгаар үйлчилж байгааг харж сурлаа. Түүний Израйлын ард түмний төлөө хийсэн болгоныг Бурхан ийнхүү тэмдэглэн үлдээсэн байна. Харь улсад ажилж амьдарч байсан тэрээр өөрийн ард түмнийхээ байдлыг сонсоод зүгээр нэг санаа зовоод суугаагүй. Харин төрсөн нутгаа зорин очиж байна. Тэгээд сэргээн босгосон төдийгүй ард түмнийхээ сүнслэг сайн сайхны төлөө дорвитой өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан агуу нэгэн болж төлөвшсөн. Түүний зоримог, шийдэмгий, тууштай, нугарашгүй зан чанарууд дээр нь ухаалаг хэрсүү, сайн төлөөлөгч, сайн төлөвлөгч байж чадсан нь жинхэн удирдагч хүний зан чанар дээр нэмэгдээд Бурханы ажлыг хийж ийнхүү дуусгалаа. Нехемиа бол орчин үед бүх салбарт үлгэр дуурайлал болох удирдагчын жишээ гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүнээс сурах зүйл маш их байна. Христэд итгэгч бид энэхүү гайхамшигтай үйлд явдалаар бахархаад зогсолгүйгээр Нехемиагаас өдөр болгон суралцахыг би уриалж байна. Энэхүү гайхамшигтай Бурханы бидэнд өгөх шинэчлэлт сэргэлтийн түүхээр аялсан та бид Бурханд итгэмжтэй байж өөрийн амьдралдаа эдгээр зүйлсийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бид олон зүйлсийг ойлгож зүрхэндээ хүлээж авсан. Одоо харин үйлдэл болгох цаг ирж байна. Хамтдаа Эзэний ариун сүнсээс тусламж гуйн залбирцгаая. Эзэн Бурхан минь та үгэндээ бидэнд үлгэр дуурайлал болгох энэхүү агуу хүний тухай тэмдэглэн үлдээж бидэнд түүнээс суралцах боломжийг олгосонд баярлалаа Ааваа. Бид зарим нэгэн зүйл дээр шийдвэр гаргасан байна. Эзэн минь бид таны өмнө шийдвэрээ бариад хүрч ирж байна. Таны алдрын төлөө бид өөрсдөө зөв сайны зам руу эргэж буцахын тулд бас өөрсдийн амьдралаараа гэрчлэн алдаршуулахын тулд бид эдгээр шийдвэрүүдээ үйлдэл, зан чанар болгож, мөн гэрчлэл болгон үлдээхийг хүсэж байна. Бидний шийдвэрээр дамжуулан, үйлсээр дамжуулан Ертөнцийн эзэн таны нэр алдарших болтугай. Нехемиад байсан шиг туйлбартай, даруу дуулгавартай зүрх сэтгэлийг хэзээ ч юунаас ч ухарч няцдаггүй тэр байдлыг та бидний амь амьдралд шигтгэж өгөөч. Эзэн минь бид олон зүйлээс эргэж буцаж шантардаг, урам хугарч, бид дайсны ятгалга, эргэн тойрныхоо тэмцэл мөргөлдөөнд ялагдаж гутрахдаа бид таны дуудлагаас, бид таны үгнээс, таны хүсэл дотор хийгдэх ажилуудаас эргэж буцдаг. Өнгөрсөн өдрүүдэд бидний шантрамтгай байдлыг уучлан өршөөж өгөөч. Та энэ цаг мөчид бидэнд өөрийнхөө ажлыг хийх тэр урам зориг, хүч чадал, нигүүслээр дүүргэж өгөөч. Тандаа би талархаж байна. Ирэх өдрүүдэд хэлэгдэх таны гайхамшигт үг, номлолын төлөө мөн гэрчлэлүүдийн төлөө танд талархаж байна. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр талархан гуйж байна. Амен

өмнөх нийтлэл2017 оны Нехемиа 6-р номлол (07.30) Г. Хаш-Эрдэнэ
Дараагийн нийтлэл2017 оны Арван тушаалын эхний номлол (08.13) Б.Баярмагнай