Шийдвэрүүдийг гаргасан ард түмэн
Нехемиа 9,10-р бүлэг
Гол эшлэл 10:39
Өнгөрсөн бүлгүүдээс эхлэн израиль ард түмэн өөрсдийн сүнсний нурсан хэрмийг босгон байгуулж байгаа тухай өгүүлсөн.
Өнөөдрийн хэсэг ч гэсэн түүний үргэлжлэл бөгөөд тэд өөрсдийн болон эцэг өвгөдийнхөө гэм нүглийг хүлээн зөвшөөрч, гэмээ улайн, Бурханы өөрсдөд нь үзүүлсэн ивээлүүдийг санан, өнгөрсөн хугацааны гэмт амьдралыг орхих шийдвэрийг гарган, Бурхантай дахин гэрээ байгуулан тамгалсан. Энэ цагт Эзэний бидэнд ирсэн үгээр дамжуулан Бурханы өмнө өөрийгөө аваачин Түүний амлалт ба хайрыг ухааран гэмшлийг өргөн итгэлийн шийдвэр гаргаж чадахыг гуйж байна.
1-г үзээрэй. “Энэ сарын 24-нд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав”. Майхан баяр дууссаны дараах өдөр Израилийн хөвгүүд хангалттай гэмшиж чадаагүйгээс болж дахин цуглав. Тэд Бурханы хуулийн өмнө олж харсан өөрсдийн гэм ба алдаануудаас болж гэмшлийн сэтгэлээр дүүрсэн. Тиймээс тэд мацаг барин тааран уут углаж толгой дээрээ шороо цацсанаар гэмээс болж шаналсан сэтгэлээ илэрхийлсэн. Тэд өөрсдийн хоол хүнсгүй байгаа нь Бурхангүйгээр амьдарснаас болсон гэж үзсэн. Тэд өөрсдийг нь маш их зовоодог зүйл бол хоол хүнсгүй байх явдал биш харин гэм нүгэл юм гэж ухаарч байна. Тэд тааран шуудайг дээгүүрээ нөмөрсөн нь Бурханы өмнө сүнсний ядуу байдлыг илэрхийлэх зүйл байв. Толгой дээрээ шороо цацаж байгаа нь бас л өөрийгөө Бурханы өмнө даруу байлгаж гэм нүгэл нь өөрсдийг нь зовлонт байдалд хүргэснийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа юм. 2-г үзвэл Бүх харь үндэстнүүдээс өөрсдийгөө тусгаарлав гэжээ. Энэ нь тэдэнтэй холбогдсоноос болж өөрсдийн Бурханаас холдон харин ч тэдний хиймэл шүтээний нөлөөнд орж, итгэлийн цэвэр байдлыг алдаж байснаа ухаарсных юм. Тиймээс тэд өөрсдийн Бурхантай харилцах зөв харилцаанд саад болж буй бүхнээс тусгаарлагдах хэрэгтэй болсон. Мөн тэд өөрсдийн нүгэл төдийгүй эцэг өвгөдийнхөө нүглийг ч улайн гэмшсэн. Энэ бол чухал юм. Тэд Бурханы Израиль ард түмэнд өгсөн тэмдэг алга болсныг ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой байв. Тэд бол тахилч улс ариун ард түмэн байхаар сонгогдон тэмдэг зүүсэн. Тэгвэл гэм нүгэл үйлдсэн нь “тэмдгээс зайлсхийсэн” гэсэн үг болж байна. Нум сум харвах тэмцээнд хэрэв сум зөв газартаа хүрч чадаагүй бол шүүгч тэр харваачийг “нүгэл үйлдсэн” гэж хэлж үзье. Сум нь зөв газраасаа 1 мм, эсвэл 1м алдсан ч гэсэн аль аль нь оноогүй тул “нүгэл үйлдсэн” хэвээрээ л байна. Яг үүнтэй адил бид Бурханы өмнө хийх ёсгүй зүйлийг хийснээр бид нүгэл үйлддэг. Хүмүүс гэм нүгэл бага хийсэн эсвэл их хийсэн гэж ярьж болно. Гэвч бүх гэм нүгэл адилхан биш ч гэсэн, харин бүх гэм нүгэл нь “гэм нүгэл” хэвээрээ л байх юм. Тэд “тэмдэг” алдсан эцэг өвгөдийнхөө хийсэн алдаа зөрчлийн төлөө гомдоллосонгүй. Харин тэд өөрсдийнхөө болон эцэг өвгөдийнхөө гэм нүглийн улайн гэмшив.
3-г үзээрэй. Тэд өдрийн 1/4 буюу өглөө 6-9 цагийн хооронд Бурханы хуулийн номыг уншихад зориулсан. Тэгээд дараагийн 1/4 буюу 9-12 цагийн хооронд улайн нүглээ улайн, Бурханд мөргөсөн. Бүх ард түмэн нэг дор цуглан мацаг барин 3 цаг үгээ уншин, 3 цагийн турш гэмшсэн байдал нь тэд Бурханы үгийн өмнө өөрийгөө тольдон харж нэг бүрчлэн гүнзгий гэмшсэнийг харуулж байна. Хүн Бурханы үгийн өмнө өөрийгөө тольдон харж Бурхантай харилцаа ойртох тусам хичнээн их гэм нүгэлтэй гэдгээ олж чаддаг. Магадгүй хамгийн итгэлтэй, сүнслэг гэж хардаг тэр хоньчин таны гэмшдэгээс ч илүү өөрийн гэм нүгэлтэйг олж хардаг байх. Тиймээс чин сэтгэлийн гэмшил итгэлийн хамгийн сайн бодит өсөлт хөгжилт юм.
4-г үзээрэй. Гэмшсэн Израильчуудаас Левичүүд тавцан дээр зогсон Бурханыг магтан алдаршуулахаар ард түмнийг уриалав. 5б,6-г үзвэл гэмшсэн тэдний зүрх сэтгэл амар тайван, нигүүлслээр дүүрсэн ба бүхий л алдар ба магтаал, өргөмжлөлийг авах зохистой Бүтээгч Бурханыг магтан дуулсан.
7-38-д Левичүүд нь ард түмнийхээ зуучлагчийн хувьд тэдний өмнөөс өргөсөн левичүүдийн гэмшил ба зуучлалын гэмшил гарч байна. Тэд өнгөрсөн түүхийг дурсан санаж, Бурханы өмнө гэмшин, Түүний агуу ивээл нигүүслийг дурдаж байна.
7-15-р эшлэлүүд нь итгэлээр зөвт ба дуулгавартай Абрамыг сонгон дуудсанаар эхлэн Египетэд байсан Израилийг Бурхан гамшиг болон гайхамшгуудаар чөлөөлөн цөлөөр удирдаж 10 хуулийг өгөн, тэнгэрээс талх, хаднаас ус гарган ундаалж байсныг өгүүлж байна. Бурхан ямар ч зохисгүй израильчуудыг сонгон аварч удирдаж, ерөөсөн. Мөн Өөрөө бууж ирээд тушаал ба хуулиудийг өгсөн нь Бурханы хязгааргүй ивээл, нигүүсэл байлаа. Гэвч тэд яасан бэ?
16-22-г үзээрэй. Гэвч тэд давлиун зан гаргаж, тушаалуудыг эс сонсов. Давлиун гэдэг нь эд баялаг, мэдлэг чадвар шалихгүй боловч эрх дархаар далайлган, хэр хэмжээнээсээ хэтэрсэн, ихэмсэг сэхүүн байдал гаргахыг хэлж байна. Тиймээс Израильчууд Бурханд үл итгэн Египетийн боолчлолд буцахын тулд өөрсдийн удирдагчийг дураараа томилсон. Харин өршөөл уучлалын Бурхан өрөвч нигүүлсэнгүй, уурлахдаа удаан учир тэднийг цөлд орхисонгүй. Тэд өөрсдөдөө тугал цутгаад түүнийг египетээс гаргасан бурхан хэмээн Бурханыг аймшигтай доромжилсон боловч Бурхан тэднийг орхилгүй тэвчээртэйгээр удирдсан. Мөн 40 жилийн турш хоол хувцсаар гачигдуулалгүй хангасан. Эцэст нь Бурхан хаанчлалууд ба ард түмнүүдийг тэдэнд тушааж амалсан газартаа тэднийг оруулав. Энэ Бурхан бол үнэхээр хайр энэрэл ба өршөөнгүй тэвчээрээр бялхам бөгөөд амлалтаа заавал биелүүлдэг итгэмжит Бурхан билээ. Одоо ч Бурхан ийнхүү хайр ба нигүүслээр сонгосон хүүхдүүдээ удирддаг. Бид ч ийм Бурханыг санан талархах хэрэгтэй. Харин бидэнд үзүүлсэн, үзүүлсээр байгаа Түүний бялхам ивээлүүдийг мартах мөчид бид ч израилийн хөвгүүд шиг Түүний эсрэг тэрслэхэд амархан болно.
23-31-д канааны амьдралаас Вавилоны цөллөг хүртэлх дурсамжийг бичсэн байна. Энэ хэсэгт Бурханы нигүүсэл ба ард түмний тэрслэл нь харьцуулагдан харагдана. 23-25-г үзээрэй. Бурхан тэднийг тэнгэрийн од мэт олон болгож Канаанд оруулан тэр газрын ард түмнүүд ба хаадыг өгөв. Бурхан тэдэнд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг мөн алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, зассан нөөцлүүрүүд усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр эзэмшүүлсэнд тэд идэцгээн таргалцгааж агуу сайн сайханд баяссан.
Гэвч 26-г үзвэл агуу бялхам ивээлийн өдрүүдэд Бурханы хуулийг ардаа орхин тэрсэлсээр байв. Бурхан тэднийг Өөр лүүгээ ирүүлэн жинхэнэ аз жаргал өгөхын тулд эш үзүүлэгчдийг илгээн ятгасан ч харин тэднийг алж Бурханыг аймшигтайгаар доромжилжээ. Тиймээс Бурхан тэднийг түр дарлагчдын гарт тушаасан боловч зовлон дунд тэд хашхирахад тэнгэрээс сонсоод агуу энэрлээр аврагчдыг илгээн аварсан.
Харин 28-г үзвэл тэд амсхиймэгцээ дахин Эзэний өмнө мууг үйлдэв. Тэд зөрүүдлэн үгийг үл сонсон шилэн татав. Харин Бурхан тэднийг дахин дахин уучилж, мөн эш үзүүлэгчдийг явуулж Өөрийн сүнсээр тэднийг ятгасан. Гэсэн ч тэд чих тавиагүй тул эцэст нь тэр газрын ард түмнүүдийн гарт тушаагдсан. Гэлээ ч Бурхан агуу энэрлээр тэднийг бүр мөсөн орхиогүй бөгөөд тэд эс мөхөв.
Бид эдгээр Израилийн түүхээр дамжуулан 3 зүйлийг сурч болно.
1-рт, хүн нь мөн чанараар хичнээн доройтон ялзарсан ба гэмт чанараас амархан салдаггүй гэдгийг мэдэж болно. Түүхэн дэх тэдний дүр төрх нь гэмээс болж доройтсон та бидний гэмт мөн чанарын үнэн бодит байдлийг харуулж байна. Мөн Бурханы эсрэг тэрслэх зөрүүд, гөжүүд чанар нь хүний мөн чанарт хичнээн олон давтамжтайгаар гүн гүнзгий суурилагдсан бэ гэдгийг мэдэж болно. Тэгснээр өөрийн дотор гүн үндэслэгдсэн дуулгаваргүй тэрслүү чанараас салахын тулд сүнсний тэмцлээ хичээнгүй хийн байнга дуулгавартай байдлаас суралцсан Есүсээс үлгэр дуурайлал аван амьдрах хэрэгтэй.
2-рт, Бурхан сонгосон ард түмнээ Өөрийнх нь үгийг сонсон дуулгавартай дагалгүй, эсэргүүцэн гэмд унахад амьдралын янз бүрийн зовлонт ташуураар сахилгажуулдаг гэдгийг сурч болно. Бурхан зовлон шаналлаар сахилгажуулдаг боловч энэ нь Бурханы агуу хайрын илэрхийлэл юм. Яг л аав нь хүүдээ хайртай учраас сургадгын адил Бурхан Өөрийн хүмүүсийг мөнх аминд хүргэх үгийн зарчмаар амьдруулахын тулд сахилгажуулдаг. Тиймээс тэр үед нь шантарч, эсэргүүцэл гаргалгүй Бурханы өөрт нь хандсан гүн хайрыг хүлээн авч Түүний заасан замаар эргэн алхах хэрэгтэй.
3-рт, Бурхан Өөрийн амлалтыг заавал биелүүлдэг Бурхан гэдгийг сурч болно. Бид сул дорой учир дахин дахин гэмд унадаг. Гэсэн ч Бурханы амлалтанд итгэмжит чанарт түшиглэн дахин дахин Түүн рүү эргэх хэрэгтэй. Дэндүү ноцтой гэмд унан уучлагдашгүй санагдсан тэр үедээ ч Бурханы итгэмжит чанар ба энэрэлд итгэх хэрэгтэй. Бурханы хамгийн том амлалтын биелэл нь Есүсийн загалмай юм. Хичнээн хүнд ноцтой гэмд унасан ч энэ загалмайн амлалтанд итгэхэд Бурхан итгэмжтэйгээр уучилна. Энэ Бурхан бол энэрэнгүй, өрөвч, нигүүслээр дүүрэн бидний Бурхан билээ.
Тиймээс өнгөрсөн, болоод одоо, мөн ирээдүйд сул дорой байсан ч, гэм нүгэлд унан зовж шаналсан ч Өөрийн зөвтийн үгээрээ удирдан дасгалжуулж, тэвчээртэйгээр уучлан нигүүлсэж байдаг Эзэн Бурхандаа талархалыг өргөж байна.
Өнөөдөр Бурхан бидний бардам давлиун зан, үгэнд дуулгаваргүй байдал, гэм үйлддэг сул дорой байдалд минь биднийг аль хэдийн орхиж болох байсан ч Өөрийн энэрэл, нигүүлсэл болон итгэмжит байдал амлалт дотроо тэвчээртэйгээр удирдаж байна. Зохисгүй бидэнд ийнхүү ханддаг Бурханыг санан магтацгаая.
32-38-д өнгөрсөн израилийн түүхэнд хамт байсан Бурханы аврал ба нигүүслийг дурсан санасан левичүүд одоо түүний өгсөн хууль тушаалуудыг орхисноос болж өөрсдөд дээр нь буусан хүнд бэрхшээлтэй, бодит байдлыг илчилж байна. Тэд колони улсуудын боолчлолын дор байгаа өөрсдийгөө харсан. Энэ нь өөрсдийн болон эцэг өвгөдийн гэм буруугаас болсон учир үүнийг үйлдсэн Бурхан бол шударга гэж илчилж байна. Тэд ийнхүү хүнд зовлон амсаж байгаа нь Эзэний хууль тушаалууд ба ятгалгуудад анхаарал хандуулаагүйгээс болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Тэгвэл Бурханы өөрсдөд нь үзүүлсэн бүх ивээл нигүүсэл ба өөрсдийн бүх гэм нүглийг ухаарсан тэд одоо ямар шийдвэрийг гаргаж байна вэ?
38-г үзээрэй. “Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын, манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна”. Улс үндэстэн бүхэлдээ нүглийн асуудлын талаар ямар нэгэн зүйл хийх ёстойг мэдэрч байсан нь гайхалтай байлаа. Тэд одоо Бурханы хууль тушаалуудыг дагаж мөрдөнө гэсэн шийдвэр гаргаж байна. Тэгээд Бурхантай бичгээр гэрээ байгуулан бас тамгалсан. Энэ нь дахин урьдынх шиг гэмээ давталгүй Бурханы тушаалуудыг сахин амьдран гэсэн хатуу шийдвэрийг харуулж байна.. Үүнд хамгийн түрүүнд удирдагчид, левичүүд, тахилчид нэрээ бичүүлэн тамгалснаар ард түмний өмнө үлгэр жишээг харуулсан. 10:1-27 зүйлс дээр гэрээн дээр тамгалсан тахилчид, левичүүд ба удирдагчдын нэрс бичигджээ. Тэд ийнхүү бичгээр нэрийг үлдээснээр хойч үеийнхэнд сануулга болгон үлдээхийг хүссэн.
Тэгвэл тэдний гаргасан шийдвэрүүд нь юу вэ?
1-рт, Бурханы хуулиар явж харь хүмүүстэй ураг барилдахгүй гэдгийг тангарагласан. (28-30) Тухайн үед израилийн охид хөвгүүд нь нүүр царай эд баялаг гэх мэтчилэн гадна нөхцөл байдлыг хараад харь үндэстнүүдтэй гэрлэж байсан. Харин одоо гаднах болзол нөхцлийг харалгүй, өөрийн ард түмэн дотроосоо гэрлэх болно гэж шийдсэн. Энэ нь тэд цорын ганц Бурхан Эзэнд үйлчилдэг цэвэр итгэлийг дахин сэргээхийн тулд байсан.
Гэрлэлт бол Бурхан орчлон ертөнцийг бүтээхэд тогтоосон бүтээлийн тогтоол юм. Мосед хууль өгөхөөс ч өмнө Бурхан тогтоосон хууль юм. Гэр бүл болох нь Бурханд илүү сайн үйлчилж, хүндэтгэн мөргөж, Түүний хүсэл тааллыг илүү сайн биелүүлэхийн төлөөх шийдвэр юм. Иймээс гэр бүл нь Бурханд үйлчилдэг жижиг чуулган гэж хэлж болно. Бурханы байгуулсан гэр бүлээр дамжуулан Бурханы нэрийг дууддаг Түүнээс эмээн хүндэтгэдэг хүүхдүүд ч төрдөг. Гэр бүлийг байгуулах нь Бурханаас үүдэлтэй, Бурханлаг ариун чанартай учир хүний хүсэл шунал гэмээр бузартуулж болохгүй. Гэр бүлийн амийн хүч чадлын үндэс нь адил Бурханд итгэн үйлчилдэг цэвэр итгэлд оршдог. Тиймээс Бурхан харь үндэстнүүдтэй гэрлэхийг хатуу хориглосон. Учир нь харь хүмүүстэй гэрлэхэд Бурханд хандсан цэвэр итгэлийг хадгалж чадахгүй болдог. Учир нь харь үндэстний хиймэл шүтээнүүд израйлчуудын дунд гэрлэлтээр дамжуулан сэмхэн нэвтрэн орж цэвэр итгэлийг бохирдуулж гэмийн амьдралд автагдахад хүргэсэн. Давид хааны хүү Соломоны хаанчлалын үед Израиль хамгийн хүчирхэг улс байсан боловч Соломон хаан олон харь эхнэрүүдтэй болоход тэдний хиймэл шүтээнийг ч зөвшөөрснөөс болж эцэст нь Израиль хаанчлал хуваагдан сүйрсэн.
Энэ цаг үед харь үндэстэн иудей гэсэн ойлголт нь үл итгэгч, итгэгч гэсэн ойлголтоор өөрчлөгдсөн. Тиймээс өнөө үед итгэгч хүн үл итгэгчтэй хүнтэй гэрлэх нь Бурханы хүслийг зөрчих бөгөөд өөртөө аз жаргалгүй амьдралыг авчрах шалтгаан болдог. Тулгын гурван чулууны нэг нь л холдвол дээр нь байгаа савтай зүйл асгарахад хүрнэ. Харин хоорондын зай нь жигд зөв байвал дээрх сав нь тогтвортой байж амттай хоолыг хийж чадна. Энэ мэт итгэгч хүн нэг Бурхан Эзэнд итгэн адил үүрэг ба амьдралын зорилготой хүнтэй гэрлэхэд тогтвортой, нэгдмэл байдал дотор гэр бүлийн аз жаргалыг амсаж чадна. Мөн үүгээр зогсохгүй Бурханыг хүндэтгэн үйлчилдэг үр удмыг төрүүлж чадна.
2-рт, амралтын өдрийг ариунаар сахихыг шийдсэн. (31) 31-г үзээрэй. Амралтын өдөр нь хууль өгөгдөхөөс өмнө бүтээлийн цаг үед тогтоосон бүтээлийн хууль юм. Бурхан ариусгаж ерөөсөн амралтын өдрийг бүрэн сахихад Бурханы ард түмэн Түүнд хандсан цэвэр итгэлийг хадгалж чадна. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан ба бүх хүч чадлаараа Бурханд ариун өдрийг өргөхөд сүнслэг зөв харилцаа тогтон, гэмийн өршөөл ба сүнслэг ерөөлүүдийг амсах болно. Тиймээс Амралтын өдөр бол Бурханы ард түмний амьдралд хамгийн том чухал өдөр билээ. Энэ цагт Бурханаа хүндэтгэн ирсэн та бүхэнд ерөөл нь дүүрэн байх болтугай.
Харин тэд яасан бэ? Гэвч тухайн үед иудейчүүд амралтын өдрийг сахилгүй өөрсдийн хэрэгцээ ба ашгийн төлөө бизнес хийдэг байжээ. Тэд Бурхан бол бүтээгч Эзэн учраас ажил хийхгүй ч гэсэн бүх хэрэгцээг нь хангана гэсэн итгэлийг алдан, амралтын өдөр ч мөнгөний төлөө ажиллах болов. Харин одоо тэд ашиг олохгүй хохирол амссан ч, бизнес нь дампуурсан ч ариун өдрийг сахихаар шийдсэн. Тэд эд баялаг, мөнгөнөөс илүү Бурханыг төвд тавин бүх зүрх сэтгэлээ зориулан хүндэтгэл мөргөл өргөх шийдвэр гаргасан. Хэрэв бид Бурханд итгэвэл Тэр бидэнд анхаарал тавих болно. Харин ч бид Бурханд итгэснээр тэнгэрт илүү их бизнес хийж эд баялагийг хураах болно.
3-рт, Бурханы өргөөний үйлчлэлд зориулан 1/3 шекелийн татварыг өргөх үүрэг ба бусад хэрэгцээг хангана гэж шийдсэн. (32-39) Тэд Бурханы өргөөний ажлын бүх хэрэгцээг хангаснаар Бурханд өргөх тахилуудыг үргэлжлүүлнэ гэж байна. Тэгээд тэд бүх зүйлсийн анхных нь дээжийг ба 1/10-ийг өргөл болгон авчирна гэв. Бүх юмсын анхных нь хамгийн чухал дээжийг бэлгэддэг. Гэвч тэд анхны үр жимс төдийгүү 1/10 болон авчрах ёстой өргөлүүдийг өргөдөггүй байв.
Энэ хэсэг нь өргөлүүд нь зүрхний шалгуур болдог ба Библи бидэнд өгөөмөр байх хэрэгтэйг хэлж байна. Бурханыг өөрийн зүрх сэтгэл болон амьдралын төвд байлгаж байна уу? үгүй юу? гэдгийг шалгах шалгуур юм. Бид өгч буй зүйлсийнхээ төлөө бус, харин бидний зүрх сэтгэлийн зөвт байдлын төлөө өгөх учиртай. Учир нь Бурхан Өөрөө хамгийн агуу өгөгч нь юм. Эдгээр нь тэдний гаргасан шийдвэрүүд юм.
39б-г үзээрэй. “Иймээс бид Бурханыхаа өргөөр орхихгүй” гэв. Бүх ард түмэн одоо Бурханы өргөөг орхихгүй гэж хатуу шийдэж байна. Энэ нь Бурханы өргөөг амьдралын төв болгон өөрсдийн бүхнээ зориулах болно гэсэн утгатай. Мөн энэ нь Бурханд тахил өргөн Түүнтэй харилцдаг амьдралыг төв болгон гэсэн утгатай. Өмнө нь тэд Бурханы өргөөг төв болгон амьдраагүйгээс эцэг өвгөдийн болон өөрсдийн гэм нүглээс болж Бурханаас орхигдсон билээ. Бидний итгэлийн амьдралын үндсэн зарчим, мөн чанар нь зөвхөн Эзэн Бурхан юм. Тэрээр бидний амьдралын төвд байснаар бидний амьдрал үр жимстэй, сэтгэл ханамжтай, ивээл нигүүслээр дүүрэн амьдрах болно. Хамгийн чухал нь Бурханы үгээр дамжуулан Түүнээс ирсэн өршөөл хайр, хамгаалалт, амлалтыг санан цаг үргэлж зүрх сэтгэлдээ гэмшлийн шийдвэрүүдийг бодитоор гаргаж амьдрах нь чухал юм.
Энэ цагт бүгдээрээ гэмшил ба талархлын тахилыг өргөдөг, итгэлийн шийдвэр гаргаснаар Бурханыг баярлуулдаг, Түүний ерөөл ба нигүүлслийг насан туршдаа эдэлж амьдардаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бурхан та бидний гэмшил ба шийдвэртэй байдлыг ивээлээр дүүрэн ерөөх болтугай.