Надаас өөр бурхадтай байж болохгүй
Гэтлэл 20:1-6
Гол эшлэл: 20:3
“Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.”
Арван тушаалыг дараах байдлаар тодорхойлж болно.1. Есүсийн хэлсэнчлэн Бурханыг хайрлах, хөршөө хайрлах тухай хууль2. Ямар ч улсад үндсэн хууль гэж бий. Үндсэн хуультай бусад бүх хууль нийцэж байх ёстой. Арван тушаал бол итгэгч бидний хувьд итгэлийн амьдралын арван заалт бүхий Үндсэн хууль гэж хэлэхэд болно.Арван тушаалын зорилго нь ямар нэг хуулийн хүлээс дор хүмүүсийг амьдруулах эсвэл боолчлолын дөнгө биш харин ард түмэндээ нигүүлслээрээ тогтоон өгсөн мэргэн удирдамж юм.Израиль ард түмэн Бурхангүйгээр олон зуун жилийг ардаа үдсэн. Ийм тэдэнд Өөрийгөө таниулах, улмаар Өөртэйгөө нэгтгэх, түүнчлэн тэд баяр хөөрийг эдлэн амьдрах үүд хаалгыг Арван тушаалаар дамжуулан нээж өгч байна. Арван тушаал нь амь өгөх, мөнхийн амийг асуудлыг шийдэхгүй боловч дагаж амьдарвал ерөөлийн эх булаг болно. Арван тушаал бол ёс суртахууны өндөр хэм хэмжээг ард түмэндээ тогтоож өгснөөрөө бусад хуулиудаас илүү онцлог ажээ.Өнөөдөр бид арван тушаалаас эхний хоёрыг нь суралцах болно. 1-2-р эшлэлүүдийг үзээрэй. “Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. –Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.”Гэтлэл номыг бичсэнээрээ Мосе арван тушаалыг бичсэн гэж ойлгогдох гээд байж болох юм. Гэвч Бурханы нийт ард түмэнд тэнгэрээс айлдсан. Арван хууль бол Бурханы Өөрийнх нь айлдсан үгс юм. Бурхан энэ арван хуулийг онцгой зорилготойгоор, маш чухалчлан, бүр Өөрийн амаар айлдсан. Ямартаа ч энэ бүх үгсийг Бурхан айлдсан гэдгийг маш тодорхойгоор, хоёрдмол утгагүйгээр хэлж байна.Мөн Бурхан Өөрийгөө танилцуулж байна.1-рт, Египетийн газраас гаргасан Бурхан. Тухайн үедээ Египет нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг байсан. Тэнд хүний хүссэн бүгд байдаг байлаа. Ямар сайндаа израильчууд цөлд Мосегийн эсрэг гомдоллохдоо “махтай тогооны хажууд байсан ч болоосой” гэж хэлж байхав дээ. Египетэд байх нь израильчуудад нэг талаар боолчлогдож байсан боловч нөгөө талаар таатай газар нь байсан бололтой. Арван гамшгийг Мосе буулгахаас өмнө тийм ч зовлонтой байгаагүй гэж харагдахаар байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж үг бий. Ямартаа ч Бурхан Египетээс тэднийг гаргасан.2-рт, боолчлолын гэрээс гаргасан. Боолчлогдоно гэдэг аль ч ард түмний хувьд хүсэшгүй зүйл. Арван гамшиг учруулахаас өмнө тэд амар тайван боолчлуулж байсан боловч арван гамшгийн үеэр тэднийг жинхэнэ утгаар боолчилсон. Ажил хийх нөхцлийг нь шат дараалан бууруулсан. Илүү цагаар дэндүү их ажиллуулсан. Зодож жанчсан. Жинхэнэ боолчлол тэнд явагдаж, улмаар Мосегийн эсрэг ард түмэн олноороо босоход ч хүргэж байв.Тэгвэл Бурхан эхний хоёр тушаалаараа юуг онцгойлон тушааж байна вэ?1-р тушаал.3-р эшлэлийг үзээрэй. “Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.”Эртний Египет бол үй түмэн бурхдын өлгий нутаг байжээ. Ойролцоогоор 2000 бурхадтай байсан Египетэд амьдарч байсан израильчуудын хувьд энэ хамгийн чухал тушаал байлаа. Нарны, газар тариалангийн, сарны, усны гээд тухайн улсын онцлог, нөхцөл байдалд тааруулж тус бүрдээ төлөөлөх зүйлстэй, бас эртний гоё дүрс зурагтай, тэрийг нь байшингийн хананд зурдаг байж. Бурхад нь хоорондоо гэр бүлийн холбоотой. Жишээ нь: Нут гэгч нь Осирис, Исис, Сет, Нефитис нарын ээж бөгөөд Шу нь Тефнут гэгчийн нөхөр бөгөөд Нут ба Гебийн эцэг юм. Египетээс израильчууд чөлөөлөгдөх үед арван гамшгийг Мосе фараон болон ард түмэнд нь, газар нутагт нь буулгасан байдаг. Гэхдээ зүгээр ч арван гамшиг биш. Харин тухайн бурхдыг нь шийтгэж байгаа, тэд бол хэн ч биш гэдгийг илэрхийлэх арван гамшиг байсан. Жишээ нь: нар халхлуулсан нь нарны бурхан чинь юу ч хийж чадахгүй гэдгийг харуулсан. Египетчүүдийн асуудал тэндээ юм байгаа биз гэж бид бодож болно. Гэхдээ тэнд амьдарч байсан израильчуудын хувьд “Надаас өөр бурхадтай байж болохгүй” гэдэг тушаал нь туйлын чухал байсан. 400 жил амьдарч байсан учраас тодорхой хэдэн үе нь жинхэнэ Бурханыг мэдэхгүй, мэдэхгүйгээсээ болоод Түүнээс өөр бурхдыг шүтдэг байсан байхыг үгүйсгэхгүй. Эхний тушаалын хувьд сэтгэл зүрхэндээ ямар нэг зүйлийг байлгаж болохгүй гэдэг тушаал юм. Хүний сэтгэл бол асар том агуулах л гэсэн үг. Юу л бол юуг ч багтааж чадна. Дэлхийн бүх зүйлсийг таны сэтгэл зүрх багтаах багтаамжтай. Тиймээс Бүтээгч Бурханаас өөр юуг ч та шүтээн болгох боломжтой гэсэн үг юм. Энэ нь асар их аюултай. Тийм ч учраас Шинэ Гэрээнд Есүс дараах хоёр байдлаар анхааруулсан байдаг.Бидний сайн мэдэх Иохан 21-р бүлэг дээр Есүс Петрээс “Иоханы хүү Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэж бүр гурвантаа асуудаг. Бурхан бидний сэтгэлийн тэргүүнд, бүр бүх зүйлсээс тэргүүнд байхыг хүсэж байна. Гэвч орчин үед эртний Египетийн бурхад нэр ба зүсээ өөрчлөн бидний зүрх сэтгэлийг татаж, орон зайгаа эзлэхийг хүсэж байна. Орчин үеийн технологи, үсрэнгүй хөгжлийг ашиглаж үй түмэн бурхад бидний зүрх сэтгэлд байраа эзлэхийг оролдож байна. Мөн ямар ч үед үнэ цэнээ алддаггүй, байнга хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж байдаг нэг зүйл бол мөнгө хэмээх шүтээн.Тийм учраас Лук 16:13-т “Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв.” гэж Есүс хэлсэн байдаг. Хэдийгээр бидний зүрх сэтгэлд олон зүйл багтааж чадах орон зай байгаа ч гэсэн зөвхөн нэгийг л бусдаас нь илүү хайрлаж чадна. Тиймээс Бурхан ба эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэж Есүс онцгойлон анхааруулж байна. Одоо та өөрийн зүрх сэтгэл уруу нэг өнгийгөөд үзээрэй. Бурхан таны сэтгэл зүрх, сүнсний тэргүүн эгнээнд байна уу? Амьдралд юу ч болдог, юу ч болно. Тэр болгонд Бурханыг тэргүүн эгнээндээ байлгах нь чухал. Таны амьдралд хэн ч орж ирнэ, юу ч орж ирнэ. Таныг уруу татах, танд өгөөш өгөх, таны амьдралыг нураан үгүй хийх, эсвэл дээшлүүлэн дэвжүүлэх, сайхан болгох ямар ч зүйл орж ирнэ. Ямар ч сайхан боломжууд гарна. Тэр болгонд таны сэтгэл зүрхний тэргүүн эгнээнд хэн байна вэ гэдэг нь чухал. Түүнээс хамаарч та зөв шийдвэр гаргах уу, буруу шийдвэр гаргах уу гэдэг нь харагддаг. Таны сэтгэлийн орон зайг эзлэх гэж үй түмэн бурхад өрсөлдөж байгаа. Мэдээж түүний цаана Сатан гэгч эрхэм чимээгүйхэн ажиллаж байгаа нь тодорхой. Амьдралын чинь хором бүр дээр Бурханыг сэтгэлийнхээ тэргүүнд байлгах ёстой. Хэрэв тэр дараалал алдагдах юм бол таны итгэлийн амьдрал асуудалд өртөж, та Сатаны утсан хүүхэлдэй болоход хэдэн алхам ойртож байна гэсэн үг. Тиймээс та ямар шийдвэр гаргах, ямар алхам хийх чинь чухал боловч хамгийн чухал нь таны сэтгэл зүрхний тэргүүн эгнээнд Бүтээгч Бурхан байна уу үгүй юу гэдэг явдал юм. Тийм хүн нь мянган үеэрээ ерөөгдөж, харин тиймгүй хүн нь гурав, дөрвөн үеэрээ хараагдана гэж маш хатуугаар хэлж байна. Энэ бол эрт үед хэлэгдсэн зүгээр нэг үг биш, эсвэл бидний хооронд яригддаг тоглоомын үг ч биш харин Бурханы хатуу бөгөөд хувиршгүй үг юм. Та мянган үеэрээ ерөөгдмөөр байна гэж хүсэж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь Надаас өөр бурхадтай байж болохгүй гэсэн тушаалыг хэр дагаж байна вэ гэдэг л байна.Хоёр дахь тушаал нь юу вэ? Бүгдээрээ 4-р эшлэлийг үзээрэй. “Өөртөө зориулан шүтээн, бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.”Энэ бол маш тодорхой тушаал. Бүтээгч Бурханыг ямар нэгэн зүйлээр орлуулан бүтээж болохгүй гэсэн тодорхой тушаал. Хүнд авьяас, чадвар, ур ухаан бий. Тэглээ гээд ямар нэг шүтээн хийх нь гэм юм. Эхний тушаал нь сэтгэл, сүнс, зүрхэндээ ямар нэг шүтээнтэй байхыг хориглож байгаа бол хоёр дахь тушаал нь ямар нэг дүрсээр шүтээн хийж, улмаар түүгээрээ Бурханыг орлуулж болохгүй гэж байна. цаг хугацааны эрхээр хүмүүс Бурханыг эрэн хайж эхэлсэн нь тодорхой. Яагаад гэвэл хүн сүнстэй оршин байгч бөгөөд тэр сүнсээрээ Эзэн Бурханыг магтан алдаршуулах байдлаар бүтээгдсэн. Амьтад, жигүүртэн шувууд, мөлхөгчид, бас далайн ямар ч бүтээл сүнсгүй учир тэдэнд Бурхан ЭЗЭНийг эрэн хайх хэрэгцээ байхгүй. Харин хүн сүнстэй учир заавал Бурханыг эрэн хайдаг бөгөөд олохгүй болохоороо ямар нэг шүтээнээр орлуулж, хэрэгцээгээ бага ч болов хангадаг. Таны эргэн тойронд шүтээн гэртээ байлгадаг, чухалчлан үздэг хүмүүс байгаа л байх. Тэд Бүтээгч Бурханыг эрэн хайх эрэлд явсан, гэхдээ хараахан олоогүй байна л гэсэн үг. Тэд дүрснүүдээр Бурханыг орлуулж байна л гэсэн үг. Тиймээс бид үнэн учрыг, жинхэнэ Бурханыг тэдэнд танилцуулах хэрэгтэй болж байна. Та нарын эцэг, эхчүүд заримдаа чиний Бурхан бол Есүс, миний бурхан бол жанрайсаг гэх мэтчилэн хэлдэг. Анх сонсоход үнэмшилтэй боловч үнэн хэрэгтээ тэд Бурханыг ямар нэг дүрсээр орлуулж байна гэсэн үг. Бурханыг ямар нэгэн зүйлээр орлуулна гэдэг бол үнэндээ асар том доромжлол юм. Жишээ нь: таныг, хувь хүнийг чинь ярьдаггүй, хөдөлдөггүй, үхмэл, сонсдоггүй, амьсгалдаггүй ямар нэг дүрсээр орлуулаад түүнтэй яриад, түүнтэй ярьсныгаа бодит юм шиг болговол ямар вэ? Тантай тааралдахаараа эртээд тэнд уулзсан шүү дээ гээд нөгөө дүрстэйгээ ярилцсан ярилцлагаа хэлж байвал танд ямар санагдах бол?Орчлон ертөнцийг Бүтээгч Тэр Нэгнийг ярьдаггүй, сонсдоггүй, хөдөлдөггүй, амьгүй ямар нэг дүрсээр орлуулна гэдэг бол доромжлол ажээ.Гэхдээ дүрсээр орлуулна гэдэг зөвхөн үл итгэгчдийн дунд байдаг асуудал биш аж. Итгэгчдийн дунд ч гэсэн загалмайг шүтэх, хэн нэг хүнийг дөвийлгөн шүтэн бишрэх зэрэг зүйлс байхыг үгүйсгэхгүй.Бидний Бурхан бол бидэнд хайртай бас хартай. Тэр хайрлаад л хайрлаад л байдаг юм биш. Бас биднийг өөр ямар нэг шүтээнд мөргөх, эсвэл бурхдыг шүтэж байгаа эсэхтэй шууд харддаг. Хардах нь муухай зүйл биш. Хардах нь өөрөөс нь өөр хэн нэгэнд анхаарал хандуулж байгаа эсэхтэй шууд холбоотой.Та мянган үеэрээ ерөөгдмөөр байгаа бол Бурханы тушаалыг дагаж, Түүнийг сэтгэлдээ 100% байлгах ёстой гэж бодож болох л юм. Гэхдээ ерөөгдөх нь хоёр дахь асуудал. Таны хамгийн чухал асуудал бол Бурханы тушаалыг дагаж, Түүнийг сэтгэлийнхээ тэргүүн эгнээнд байлгах явдал. Ерөөгдмөөр байгаа учраас Бурханы тушаалыг дагавал учир дутагдалтай. Ерөөгдмөөр байгаа учраас дагах биш харин тушаал учраас дагавал ерөөгдөнө.