Өдөр бүрийн хоол /2016.04.16/

Иерусалимд асар их баяр хөөр болсон нь

2 Шастир 30:1-27

2 Шастир 30:26

Давидын хүү Израилын хаан Соломоны өдрүүдээс хойш Йерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Йерусалимд асар их баяр хөөр болж байлаа”

Хезекиа хаан ноёд болон Иерусалим дахь бүх чуулгантай зөвлөлдөн нэгдүгээр сард тэмдэглэдэг Алгасал баярыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдэв. (1,2) Учир нь Алгасалд бэлдэх ариусгасан тахилч нар хүрэлцэхгүй мөн Иерусалимд хүмүүс цугларч амжаагүй байв. (3) Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд тааламжтай байв. Иймээс тэд Израил даяар уриалгын захидлыг тараав. (5,6) Хааны захидлын агуулга нь Израилын Бурхан Эзэн өөд эргэвэл тэднийг Ассирийн хаадын хүчирхийллээс аварч, сэргээх болно гэсэн утгатай байв. (6-9)

Ассирт сөнөөгдсөн хойд Израилыг өрөвдөн ийнхүү дамжуулсан Хезекиагийн үгэнд харин тэд зэвүүцэн, инээлдэж, доромжилж байв. (10) Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон Иерусалимд ирцгээв. (11) Тэгэхэд Алгасал баяр хоёрдугаар сарын арван дөрвөнд эхэлж Бурханы Мосед өгсөн хуулийн дагуу тахилч нар левичүүдийн гараас цусыг аван бузар байсан хүн нэг бүрийн төлөө цус цацаж тэднийг ариусгав. (12-17)

Гэвч Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө ариусгаж цэвэр болгоогүй хэрнээ Алгасалын зоогийг идсэнээр зааврыг зөрчив. (18) Энэ үед Хезекиа хаан тэдний төлөө залбирав “Сайн ЭЗЭН хүн бүрийг уучлаг. 19 Хэдийгээр ариун газрын цэвэршүүлгийн журмын дагуу биш ч гэлээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох ЭЗЭНийг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг” гэв. (19) Иймээс Эзэн Хезекиаг сонсоод ард түмнийг эдгээв. (20)

Ийнхүү Иерусалимд байсан Израилын хөвгүүд Исгээгүй талхны баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар хөгжмөөр тоглон, Эзэнийг өдрөөс өдөрт магтав. (21) Тэдний баяр хөөр нь үлэмж их байсан тул дахин долоо хоног тэмдэглэхээр шийдэв. (23) Өөрсдийн Эзэн Бурхан руу эргэн авралын баяр хөөрийг сэргээсэн тэдний баяр хөөрийг ийнхүү дурджээ. “Давидын хүү Израилын хаан Соломоны өдрүүдээс хойш Йерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Йерусалимд асар их баяр хөөр болж байлаа” (26)

Хэрэгжүүлэлт: Алдагдсан баяр хөөрийг хэзээ сэргээж чадах вэ?

Нэг үг: Өөрийн Эзэн рүү эргэн авралын баяр хөөр сэргэх үед.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2016.04.15/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2016.04.17/