Өдөр бүрийн хоол /2026.03.23/

Иехошафатын залбирал

2 Шастир 20:1-13
2 Шастир 20:12

“Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ”

Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничуудын хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирснийг сонсоод Иехошафат айдаст автав. Гэсэн ч тэрээр хүний санаагаар арга барил хайхын оронд юуны өмнө Эзэнийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулсан. Мөн бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав. (3) Ингээд иудачууд Эзэнээс тусламж хүсэхээр Иудагийн бүх хотоос ирэн Эзэнийг эрэлхийлэн залбирав. (4)
13-р эшлэлийг үзвэл Иехошафат иуда болон Иерусалимын чуулганы дунд залбирахад Бурхан бол тэнгэр дэх Бурхан бөгөөд үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч гэдгийг өчив. (5,6) Мөн Түүний мутарт хүч чадал ба эрх мэдэл нь байгаа тул хэн ч Түүний эсрэг зогсож чадахгүй гэв. Мөн Иехошафат залбирахад Бурханы амлалтад үндэслэн гуйж байна. 7-р эшлэлийг үзвэл Бурхан Өөрийн ард түмний төлөө энэ нутгийнхнийг хөөн зайлуулж Абрахамын үр удамд үүрд мөнхөд өгнө гэсэн амлалтыг дурдав. 8,9-р эшлэлийг үзвэл Өөрийн ард түмэн дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшиг буух үед Эзэний өргөөний өмнө зогсоод хашхирах аваас Та аварна гэсэн амлалтад үндэслэн залбирав. Иехошафат хүнд, аюултай үед айж сандраагүй, шантраагүй. Түүхийн явцад хамт байгаа Бурханыг санан хараагаа Бурхан уруу хандуулан залбирсан. Тэрээр залбирахдаа өөрсдийн сул дорой ба хэрхэхээ мэдэхгүй гэдгийг даруугаар ярин зөвхөн Эзэнд хараа тавин найдсан. Бурхан улс орны болон хамт олны хямралын үед удирдагч болон ард түмнийг зөвхөн Өөр рүү нь хараагаа чиглүүлэн сэтгэл нэгдэн залбирахыг хүсдэг.
Хэрэгжүүлэлт: Хүнд үед эхлээд юу хийх хэрэгтэй вэ?
Нэг үг: Бидний хараа зөвхөн Тан дээр байна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.21/
Дараагийн нийтлэл2026 оны Лук 53-р хичээл (03.29)