Өдөр бүрийн хоол /2026.03.17/

Асагийн доройтол

2 Шастир 16:1-14
2 Шастир 16:7

“Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса руу ирж, түүнд
—Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ”

Асагийн хаанчлалын гучин зургаадугаар онд Израилын хаан Бааша Иудаг довтлон ирэв. Бааша Асагийн нутагт хэнийг ч оруулахгүй бас хэнийг ч гаргахгүй байхын тулд Рамаг барьж босгов. (1) Аса ийм асуудлыг тэврэн Бурханы өмнө очин залбирах хэрэгтэй байтал хүний ов мэх хэрэглэн шийдвэрлэх гэв. Тэрээр Эзэний өргөө болох хааны өргөөний эрдэнэсийн сангаас алт, мөнгө авч Арамын хаан Бен-Хададад илгээн, тусламж гуйв. Алт, мөнгө авсан Бен-Хадад Израилын хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан Аса хаанд туслав. Бен-Хадад цэргийн жанждыг Израилын хот руу илгээн бүх нөөц хангамжийн газрыг эзлэн авав. (4) Хэдийгээр Аса хааны стратеги ба холбоотнууд нь түр хугацаанд амжилтад хүрэн хойд Израилыг ялсан боловч эцэст нь Бурханы хүч ба тусламжаас холдуулах үр дагаврыг авчрав. Энэ нь Аса хаан амар тайвныг эдлэх хугацаанд зүрх нь бардам болж Бурханд түшиглэхээс илүү өөрийн мэргэн ухаанд түшиглэх болсон учраас байв.
Энэ үед үзмэрч Ханани Бурхан Эзэнд түшиглэлгүй Арамын хаанд түшиглэснийг зэмлэв. (7) Тэгээд мянга мянган Этиопчууд довтлоход Аса хаан Эзэнд түшиглэсэн учраас их ялалт байгуулж байсныг нь сануулав. (8) Мөн Бурхан бол Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж Түүний мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг гэж зөвлөв. (9) Энд “бүрэн зүрх” нь тогтвортой, хоёрдмол бус үнэнч сэтгэлийг заана. Бурхан нэгэн чигт төвлөрөн Өөрт нь түшиглэдэг хүнийг эрэн хайж, түүнд гайхамшигт хүч чадлаа харуулахдаа баярладаг. Гэтэл Аса мунхаг үйлдлээсээ болж өмнө нь эдэлж байсан амар амгаланг алдаж, ямагт дайн тулаантай байх болно гэв. (9б) Аса үзмэрч Хананийн зэмлэлийг сонсоод гэмших хэрэгтэй боловч зүрхээ улам хатууруулан, үзмэрчийг шоронд хийв. Мөн ийм түүний бодлогыг эсэргүүцсэн ард олныг хавчив. (10) Үүний дараа хаант засгийн гучин есдүгээр онд Аса хөл өвчтэй болж энэ нь хүндрэв. Гэсэн ч тэрээр Эзэнийг хайлгүй зөвхөн эмч нарт түшиглэв. Тэгээд хоёр жил хүндээр өвчилсөөр эцэст нь тэрээр нас эцэслэв.
Аса хааны амьдралын төгсгөл нь Бурханаас илүү хүмүүний мэргэн ухаанд түшиглэн бардам болсноор хөөрхийлөлтэйгээр төгсөж буйг харуулж байна.
Хэрэгжүүлэлт: Хөөрхийлөлтэйгөөр төгсөхгүйн тулд яах вэ?
Нэг үг: Бүрэн зүрхээр Эзэнийг хайн, Түүнд түшиглэн амьдарья.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.16/
Дараагийн нийтлэл2026 оны Лук 51-р номлол (03.15) Иошуа Насаа хн