2026 оны цагаан сарын тусгай номлол(02.22) Б. Баясгалан хн

Шинэ бүтээл

2Коринт 5:17-21
Гол эшлэл 2Коринт 5:17

“Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!”

XVII жарны “ Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бүгдээрээ цагаан сарын талаар бодъе. Олон төрлийн тодорхойлолт байгаа.
Монголын хамгийн том баярын нэг “Цагаан сар” буюу Азийн шинэ жилийг бид “Аз жаргалаар дүүрэн угтаж байгаа билээ” Бидний өвөг дээдэс болох Чингис хааны үеэс улбаалан тэмдэглэж ирсэн баяр юм. Монгол түмэн цагаан сараар ахмад настнаа хүндлэн золгож, аав ээж, ахан дүүс, хамаатан саднаараа, ураг төрлөөрөө учран золгодог баяр. Цагаан сар хайр, хүндлэл, уучлал, эв нэгдлийн баяр юм.
Цагаан сар бол хувь хүмүүсийн гэр бүлийнхний, би яг хэний хэн вэ? Гэдгээ ухаарах баяр. Энэ баяраар бүгд нэг нэгэндээ сайхан хандаж, мэндлэх, хүндлэх ёсоо дээдэлдэг баяр. Хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ, хэрэглэж. Хамгийн сайхан ерөөлөөр, нэгнээ ерөөж. Жил болгон биднийг хэн байхыг сануулдаг баяр. Энэ баяр бол, хэн нэгнийг ялгаварлан гадуурхах баяр биш. Харин хатуурсан, хөшсөн зүрхийг зөөллөх, удаан хадгалсан гомдлоо уучлал болгон хувиргах, холдож хөндийрсөн хүмүүсийг дахин ойртуулах, бид бие биеэ шинээр харж, шинээр үнэлэх боломж олгодог, нандин мөчийг эргүүлэн өгдөг баяр билээ.
Цагаан сарыг Н.Жанцанноров гуай ёс суртахуйны курс нэгж нэрлэсэн. 15 хоног дотор хамгийн сайнаараа амьдраад үлдсэн 350 өдөрт нь түүнийгээ алдалгүй амьдрах гэж хичээх. Мартаад ирэхэд дахиад курстэй хамрагдах зүйл гэж дүгнэсэн байна.
Монголчууд Цагаан сард бэлдэхдээ эртнээс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгдэн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрсөн муухайг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана.
Зарим нь хаврын эхэн сарын шинийн нэгэн бол, бүгдийг шинээр эхлэх бэлгэдэл болгон үздэг. Өнгөрсөн жилийн алдаа оноогоо бодон. Одоо л энэ жил сайнаар амьдарна, гэсэн өөртөө хүсэл мөрөөдөл тээдэг. Бүтэн жилийн турш сайн муу, бохирдсон сэтгэлээ. Дараагийн мөрнөөс шинээр эхлэх, шинэ сэтгэл тээн эхэлдэг амьдрал. Хүн яавал шинээр амьдрах гэдгийг мэдэхгүй учраас. Ихэнх хүн бүтэн жилийн дараа, одоо л шинэ хүнээр амьдарна гэсэн хүсэл тээдэг баяр, гэж харж болохоор байна. Харин Христийнхэд шинээр амьдрах, шинэ хүн болох, шинэ бүтээлээр амьдрах нь. Ямар нэгэн зан заншил, ёс уламжлал, эсвэл бүтэн жил хүлээгээд дараа нь шинэ болдог зүйл биш юм. Шинэ хүнээр амьдарна. Шинэ бүтээл болно гэвэл. Ямар нэгэн хичээл зүтгэлээр хийгддэг зүйл биш. Харин яг одоо хийж болдог зүйл. Зөвхөн итгэхэд л хангалттай. 2Коринт 5:17 “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!”

Хэрэв та Христ дотор байгаа бол та аль хэдийн шинэ бүтээл болсон. Хуучин нь өнгөрч, шинэ нь ирсэн. Энэ нь хэтэрхий сайхан сонсогдож магадгүй. Гэвч Христ дотор байх гэж юу болохыг бодвол, бид энэ үнэнийг амархан ойлгож чадна. Тэгвэл Христ дотор байх гэж юу вэ? Ариун Сүнс Есүсийн шавь нар дээр буусан эхний өдөр элч Петрийн хэлсэн анхны мэдээ, энэ асуултад хариулдаг. Үйлс 2:36–38-ыг уншъя: “36Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн бас Христ болгосныг Израилын айл бүхэн баттай мэдэгтүн гэв. 37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт -Ах дүү нар аа, бид одоо яах вэ? Гэв. 38 Петр тэдэнд -Гэмшигтүн, гэм нүглээ уучлуулахын төлөө та нар цөм Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээрээ та нар Ариун Сүнсний бэлэг болгон авах болно.

Тэгвэл энэ хэсэгт Христ дотор байх нь дараах гурван зүйлээс хамаарах юм байна. а. Гэмшигтүн, б. Есүс Христийн нэрээр баптисм хүртэх в. Ариун Сүнсний бэлгийг авах. нь Есүс Христ доторх амьдрал юм байна. Гэмшигтүн: Гэмших гэдэг нь нүглээ улайж, түүнээс эргэх гэсэн утгатай. Ихэнх хүмүүс нүглийнхээ төлөө харамсдаг боловч үргэлжлүүлэн нүгэл үйлдсээр байдаг. Ийнхүү харамсах нь гэмших биш бөгөөд гэмшинэ гэдэг нь нүглээ орхих гэсэн утгатай юм. Нүглээ олж харан хүлээн зөвшөөрөөд түүнээс эргэхийг хэлж байна. Есүс Христийн нэрээр баптисм хүртэх: гэхдээ баптисм нь зөвхөн усанд шумбах, эсвэл хэн нэгний толгой дээр ус цацах гэсэн утгатай биш юм. Жинхэнэ баптисм хүртэхийн тулд Есүс Христэд Итгэлээ өгөх ёстой. Бид баптисм хүртэхдээ ертөнцөд хандаж. Би одоо Есүстэй хамт байж, Түүнийг дагах болно, би Түүний төлөө загалмайн зовлонг үүрэх болно гэж хэлж чаддаг байдлыг хэлж байна.

Баптисм бол бидний дотоод итгэлийн гадаад илрэл юм. Баптисм бол гэм нүгэл угаагдаж, бид Бурханы мэлмийн өмнө цэвэр, ариун болсны бэлэг тэмдэг гэж харж болно. Хэдийгээр бид үүнийг хийхэд бэлэн биш байгаа бол баптисм хүртэхэд бэлэн биш байна гэсэн үг. Бидний зүрх сэтгэлд итгэл байхгүй бол баптисм ямар ч утга учиргүй зүйл болно. Учир нь бид Есүсийг дагаж, загалмайгаа үүрэхэд бэлэн биш байгаа бол, Түүнд итгэлээ бүрэн өгч чадахгүй юм. Ариун Сүнсний бэлгийг авах: Хүн Христэд итгэх үедээ Ариун Сүнсийг хүлээн авдаг. Ариун Сүнсгүйгээр хүн жинхэнэ итгэгч байж чадахгүй. Ариун Сүнсийг авсан бол Түүгээр дүүрч, удирдуулан амьдрах хэрэгтэй. Ингэснээрээ хүн жинхэнэ утгаараа шинэ бүтээл шинэ амьдралаар амьдарч чадна.

2Коринт 5:17 дахин уншъя “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” Хэрвээ хэн нэгэн Христ дотор байгаа бол, үнэхээр шинэ бүтээл болдог. Бидний хуучин хүн үхэж, шинэ хүн төрдөг. Хуучин хүн үхнэ гэдэг нь: бидний, хүн нэг бүр нүгэлт мөн чанартайгаар төрсөн бөгөөд, Христийг хүлээж авах хүртлээ тэрхүү нүгэлт мөн чанартаа захирагдаж байсан. Бидний хуучин хүн гэдэг нь бидний нүгэлт мөн чанарт захирагдаж байсан үеийн хүн юм. Тиймээс шинэ хүнийг өөртөө өмсөхөөс өмнө бид эхлээд хуучин хүнээ хойш тавих буюу үхүүлэх ёстой. Бидний хуучин хүн Есүс Христтэй загалмай дээр аль хэдийн хамт цовдлогдон үхсэн. Үүнд итгэх хэрэгтэй. Миний хуучин гэмт чанартай хүний төлөө Есүс Христ загалмай дээр авралын ажлыг хийсэн юм. Амен!

Элч Петр шинэ хүнээр амьдарсан. Элч Паул ч тэгж амьдарсан. Та ч тэгж чадна, би ч тэгж чадна. “Та итгэж чадвал, Есүс танд тусална” Зөвхөн Түүнд итгэх түн. Христитгэл дотор шинэ хүн болсноор бидний харах хараа өөрчлөгддөг. Бурханы өнцгөөс сайнаар харж, ханалдагч дагаад өөрчлөгддөг. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй бөгөөд Өршөөл нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ юм. Тийм ээ Эзэний бидэнд хандсан хайр энэрэл дуусашгүй гайхалтай юм. Ийм адгийн гэмтнийг Түүнд итгэсэн мөчөөс эхлэн шинэ бүтээл болгож байгаа нь аугаа гайхамшигтай зүйл билээ. Аливаа хүн өөрийн зан чанараа засаад шинэ бүтээл болчихдоггүй. Шинээр бүгдийг эхлэхийн тулд цагаан сарыг хүлээдэг шиг, бүтэн жил хүлээх шаардлагагүй. Харин Христ дотор амьд холбоотой байснаар, Зөвхөн христээр дамжин шинэ бүтээл болдог. Зөвхөн Христээр дамжин Бурхантай эвлэрч, харилцах үүд хаалга нээгддэг.

18-20 эшлэлийг хараарай: “18 Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлсэн. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. 19 Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж,a тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. 20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.”
“Эвлэрэл” гэдэг үг нь хоёр хүний найрамдлыг сэргээхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, итгэгч ба Бурханы хоорондын нөхөрлөлийг сэргээхийг илэрхийлнэ. Энэ нь эвлэрэл бий болохын тулд дайсагналыг үүсгэж буй шалтгаан арилсан байх ёстойг харуулна. Тэр шалтгаан нь нүгэл юм. Хэрэв нүгэл арилахгүй бол хоёрын хооронд дайсагнал үргэлжилнэ.
Хүн төрөлхтөн Адмын гэмээс болоод Бурхантай дайсагналтай байсан. Харин Христийн ачаар энэ харилцаа сэргэсэн. Энэхүү харилцааг сэргээхэд хүн өөрөө алхам хийгээгүй. Бурхан өөрөө хайн ирж эвлэрлийн гүүрийг Есүс Христийн золилтоор дамжуулан сэргээсэн. Бид Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрээд зогсохгүй. Итгэгчид болсон бид бусдыг Бурхантай эвлэрэл руу дуудах үйлчлэлийг бидэнд өгсөн. Хүний хамгийн чухал хэрэгцээ юу вэ? Бурхантай эвлэрэх юм. Христэд итгэх итгэлээр бид Бурхантай эвлэрдэг. Есүс биднийг Бурхантай эвлэрүүлээд зогсохгүй, бусдыг эвлэрэл руу дуудах үйлчлэлийг өгсөнд талархаж байна. Эвлэрлээр дамжин элчин сайд болгосон:. Энэ нь дуугүй байгаад бай гэсэн үг биш. Энэ ертөнц дээр Бурханы үгийг дамжуулагчид, элчин сайдын үүргийн гүйцэтгэн амьдрах хэрэгтэйг заана өгч байна. Христийн элчин сайдын хувьд хийх ёстой ажил бол хүмүүсийг, Бурхантай эвлэрлийг гуйх явдал юм. Өөрөөр хэлбэл Христ загалмай дээрх үхлээрээ дамжуулан, хүн төрөлхтөн төлөө аль хэдийн хийсэн тэрхүү эвлэрүүллийг итгэлээр хүлээн авахыг уриалах явдал юм. Энэ нь сайн мэдээг дамжуул гэсэн үг.

Тэгвэл сайн мэдээг дамжуулахын тулд өөрөө сайн мэдээнээсээ суралцах хэрэгтэй. Суралцах олон аргууд байна. Библи унших энэ нь өөрийн сэтгэл зүрхээр Бурханыг үгийг уншин ойлгох үед Ариун Сүнсний тусламжтайгаар сүнсний хараа нээгдэж, унших бүртээ шинэ зүйлийг суралцсаар байх болно. Мөн Бурхан руу хандан залбирах өөрийн хүсэл, бусдын төлөө залбирах гэх мэт зүйлүүдээр дамжуулан Бурхан хүслээ мэдүүлээд зогсохгүй Бурханы дуу хоолойг сонсох цаг. Энэ л залбирлын цагаар дамжуулан бид Бурханы таалал юу болхийг ухаардаг. Залбирлаар дамжуулан зүрх сэтгэл уужим болж, өөрийн өнцгөөс харах биш Бурханы хараагаар харах нүд нээгддэг. Дараагийнх нь библийн хичээл хийх энэ цагаар дамжуулан Бурханы үгийг хамтдаа суралцаж, итгэл дотор хамтаа олон талаас нь харах хараа нэгддэг. 1:1 хичээлээр дамжуулан хамтдаа суралцах ивээлтэй цаг юм.

Хүндэтгэлийн цуглаан өргөх, энэ үзэгчийн байр сууринаас биш оролцогчийн байр сууринаас зөвхөн Бурхан руу хандсан сэтгэлээс бидний доторх Бурханы үг Ариун Сүнсний тусламжтайгаар ажилссанаар бид хамтдаа мөн л итгэлийн нүд нээгдэн хамтдаа өсдөг. Мөн өдөр бүрийн хоол, хувийн сүнслэг цаг гэх зүйлүүдээр дамжуулан бид Бурхантай эвлэрсэн гэдгээ мэдэх үедээ, Түүний элчин сайн байна гэсэн байр сууриа олж харж итгэн хүлээн авахдаа, сайн мэдээний төлөө идэвхтэй амьдарч чадна. Тиймээс биднийг итгэл өөд өсөгдөн бүхий л өөрт сайн бүхнээс суралцъя. Бид Итгэлээр дамжуулан Бурханы зөвт байдлыг бид олж авч чадна.

Дүгнэлт: шинэ болохыг хүн бүхэн хүсдэг, даанч арга барил нь өөр өөр байна. Цагаан сарын шинийн нэгнийг хүлээгээд шинэ болчихгүй, дотроо хүсэл мөрөөдөл тэгээд би шинэ болсон гээд шинэ болчихгүй. Харин Есүс Христийг аврагчаар хүлээн авснаар, Түүний дотор, Түүнийг өөрийнхөө дотор амьдруулснаар бид бүхэн гэмшлээр дамжин яг одоо шинэ бүтээлээр амьдарч чадна. Амен! 2026 онд манай чуулганы хүн бүхэн өдөр бүр шинэ бүтээ болсноо ухааран амьдарч, с/мэдээний элчин сайдаар өдөр бүр амьдарч чадахын төлөө гуйж байна. Та христ дотор шинэ бүтээл. Амен

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.24/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.25/