Өдөр бүрийн хоол /2026.02.25/

Хоёргүй сэтгэлийг хүү Соломонд өгөөч

1Шастир 29:10-30
1Шастир 29:19

“Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв”

Ард олон Эзэний өргөөнд зориулан хандивыг баяртайгаар өргөсний дараа Давид бүх чуулганы нүдэн дээр Эзэнд талархан магтаж байна. (10) Тэнгэр болоод газар дээрх бүх юмс Эзэнийх учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Эзэнийх гэдгийг өчиж байна. Бурхан бол дэлхийн бүх юмсыг бүрэн эрхтэйгээр захиран удирддаг эрхэм дээд тэргүүн юм. (11) Эд баялаг, алдар хүндлэл нь Эзэнээс ирдэг ба эрх мэдэл, хүч чадал, агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Бурханы мутарт байдаг юм. Тиймээс Давид энэ Бурхан Эзэнд талархан Түүний яруу алдарт нэрийг магтаж байна. Мөн өөрөө болон ард түмэн баяртайгаар өргөл авчран зориулалт гаргах болсон нь бүх юмс Эзэний мутраас ирсэн учраас гэв. (16) Давид “бүх юмс Эзэнийх” гэсэн даамлын сэтгэлтэй байв.
Мөн 15-р эшлэл дээр Давид өөрөө болон бүх хүн Эзэний өмнө “цагаач”, “түр суугчид” бөгөөд дэлхий дээрх өдрүүд нь сүүдэр адил ямар ч найдвар алга гэв. Энэ үг нь хүн энэ дэлхийн эд юмсыг мөнх эдэлж чадахгүй ба амьд байх хугацаандаа түр зуур хариуцаж буй даамал төдий гэсэн үзэл бодлыг илэрхийлж байна. Эцэст нь Давид Эзэний ард түмний зүрхэнд буй Эзэнд дуртайяа өргөж байгаа сэтгэлийг үүрд хадгалж, тэдний зүрхийг Эзэнд байнга хандуулахын төлөө залбиран ерөөв. (18) Мөн өөрийн хүү Соломоны төлөө Эзэний тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж, тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг өгөхийн төлөө залбирав. (19)
Бүхий л зүрхээ Эзэнд хандуулах нь жинхэнэ итгэл сүсэг, ивээл нигүүлсэл ба ерөөл билээ. Давид Эзэний ард түмэн ба өөрийн хүүхдүүдийг нүдэнд харагдах эд баялагтай болохоос илүү Бурханы таалдаг зүрх сэтгэлтэй болохын төлөө ерөөн залбирсан.
Хэрэгжүүлэлт: Чуулган ба хүүхдүүдийн төлөө юуг залбирах вэ?
Нэг үг: Бүх зүрхээ Эзэнд хандуулах хоёргүй сэтгэлийг өгөөч.

өмнөх нийтлэл2026 оны цагаан сарын тусгай номлол(02.22) Б. Баясгалан хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.26/