Эзэний нэр алдарт зориулан
2 Шастир 2:1-16
2 Шастир 2:4
“Үзэгтүн, ЭЗЭН Бурханыхаа нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израилд мөнхөд ногдсон билээ”
Соломон Эзэний нэр алдарт зориулан Эзэний өргөөг босгохоор шийдэв. (1) Иймээс ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг Соломон томилов. Тэгээд Тирийн хаан Хурамд үг илгээн барилгын материал болон урчуудыг илгээхийг гуйв. (7,8) Мөн харийн хаан Хурамыг энэ ажилд хамтрахын төлөө Соломон түүнд Эзэний өргөө барих зорилгыг хэлж өгөв. Тэр нь Эзэн Бурханыхаа нэрийг дээдлэн, тусгаарласан газарт Бурхан Эзэнд мөргөн үйлчлэхийн тулд байв. (4) Соломон Бурхан бүх бурхадаас агуу учраас тэнгэр ба тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй гэдгийг сайн мэдсэн. Хүний барьсан өргөөнд хязгаарлагдах Нэгэн биш гэдгийг мэдсэн. Харин түүний цорын ганц хүсэл нь “Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба шатаалт тахилууд тахихын тулд” тухайлбал Бурхан Эзэнд мөргөн үйлчлэхийн төлөө байв.
Соломоны захиаг авсан Хурам тэнгэр газрыг бүтээсэн Израилын Бурхан Эзэнийг магтан хариулав. (12) Хурам Соломонд мэргэн ухаан, хэрсүү бодлыг өгч өргөөг босгох гэсэн Бурханы тааллыг ухаарав. Тэгээд өөрөө ч Эзэний өргөөнд зориулан хуш мод болон ур чадвартай, мэдлэгтэй хүнийг илгээнэ гэж амлав. Хүмүүс мэргэн ухаан, билэг авьяас болон ур чадварыг өөрөөс нь гарсан гэж боддог боловч үнэндээ Бурханаас ирдэг юм. Бурхан бидэнд мэргэн ухаан ба чадварыг өгсөн нь Бурханы нэр алдрыг илэрхийлэн Түүнд үйлчлэхийн тулд юм.
Бурхан хэн бэ гэдгийг мөн өөрийгөө хэн бэ гэдгийг төлөв даруугаар ухаарахад Эзэний нэр алдарт зориулан өөрийн билэг авьяас болон бүхнээ зориулан Түүнд үйлчлэн амьдрах болно.
Хэрэгжүүлэлт: Бидэнд яагаад мэргэн ухаан ба ур чадварыг өгсөн бэ?
Нэг үг: Бурхан Эзэний нэр алдарт зориулан үйлчлэхийн тулд юм.