2025 оны Лук 48-р номлол (02.15) Галаа Петр

Амьдын Бурхан

Лук 20:20-47
Гол эшлэл 20:38

“Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав.”

Өнгөрсөн 7 хоногийн номлолоор бид Тариаланчийн сургаалт зүйрллийн талаар сурсан. Есүсийн энэхүү сургаалыг маш сайн ойлгосон тухайн үеийн шашны удирдагчид, гэмших байтал бүр эсэргээрээ зүрхээ хатууруулсан. Тэд Есүсийг баривчлах арга зам хайх болсон. Өнөөдрийн номлолоор Есүс энэ дэлхийн ямар ч мэргэн ухаанаар даван туулж чадахааргүй хүнд хэцүү нөхцөл байдалын дунд, Бурханы мэргэн ухаантай хариулснаар тэднийг дахин таг болгосон. Есүс тэдэнтэй маргалдаж мэтгэлцэх гэхээс илүү Сүнсний гүн гүнзгий нууцыг зааж, тайлбарлан өгч байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бид энэ дэлхийд харьяалагдах Монгол улсын иргэний хувьд мөн Бурханы улсын иргэний хувьд эдгээр хоёр иргэншилд хэрхэн хандах ёстойг суралцах болно. Мөн Садукайчуудад зааж буй амилалын үнэнээр дамжуулан бид амьдын Бурханд ямар итгэлээр хандах ёстой талаар суралцах болно. Энд сууж буй та бүхнийг Бурханы Ариун Сүнс удирдаж, ойлгуулж, өрөөж өгөхийг Эзэн Есүсийн нэрээр гуйж байна. Өнөө цаг үе хийгээд цаашид маш хэрэгтэй амид итгэл ба хүсэл найдварыг дахин суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Амен
1. Цезарийн юмыг Цезарт, Бурханы юмыг Бурханд зориул (20-26)
20-г үзээрэй. Шашины удирдагчид “өрсөлдөгчөө судалж буй Олимпын тамирчид” мэт Есүсийн үг, үйлдэл нэг бүрийг нягтлан судалж байв. Тэгээд Есүсийг үгэн дээр нь урхидан барьж, Ромын захирагчдын гарт тушаах найдвартай батны нарийн арга ухаан олж боловсруулсан. Улмаар өөрсдийн зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн рүү явуулсан. 21, 22-г үзээрэй. “Тэд Түүнээс Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? Гэж асуув.” Туршуулууд хэдийгээр бялдуучилсан үг хэлсэн боловч тэдний хэлсэн үг нь үнэн байсан. Есүс бол зөв ба үнэн, ариун, шудрага, хайрын Бурхан билээ. Есүс гэм зэмгүй, цэвэр ариун байсан учраас үнэнийг заадаг, хэнийг ч ялгаварладаггүй. Тэгвэл фарисай болоод херодынхон ямар байсан бэ? Тэд Есүст гоё сайхан үгээр бялдуучилж байгаа боловч бодит байдал дээрээ ард түмнийг шулж худал хуурмаг, шунаг сэтгэлээр дүүрэн байсан. Тэд аман дээрээ гоё сайхан үг хэлж ярьдаг ч дотоод зүрх сэтгэл нь бузар муугаар дүүрэн байсан.
Бид энэ мэт фарисайчуудтай адил аман дээрээ гоё сайхан үгс хэлчихээд дотоод зүрх сэтгэлдээ хорон мууг тээж байвал тэднээс ялгагдахгүй юм. Бүтэнсайн өдөр Бурханы агуу хайр ба уучлалыг магтан дуулж Бурханд алдар магтаалыг өргөдөг хэрнээ эргэн тойронд байгаа хүмүүсээ үзэн ядаж уучилж хайрлаж чадахгүй, сайныг бодитоор тэдэнд үйлдэж амьдрахгүй бол энэ нь хоёр нүүр гаргаж бялдуучилж байгаатай адил юм. Хэрэв ийм хандлага бидэнд байгаа бол гэмшиж Есүс адил үнэнээр амьдрах гэж хичээх хэрэгтэй.
Тэд Есүст бялдуучилсан үг хэлснийхээ дараа ийнхүү асуусан “Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу?” хэмээн асуусан. Хэрэв Есүс “тийм” гэж хариулбал Цезарьт албан татвар төлөх дургүй ард түмний дургуйцлийг хүргэх байв. Харин Есүс “үгүй” хэмээн хариулбал Цезарьт татвар төлөхийг дэмждэг Херодын бүлэглэл түүнийг баривчлах сайхан шалтаг болох байсан. Өөрөөр хэлбэл Есүст ямар ч гарц байхгүй мэт ацан шалаанд орсон харагдаж байсан. Магадгүй энэ үед фарисай болоод херодын бүлгийхэн дотрооо “Чи ингээд дуусч байгаа чинь тэр” хэмээн баярлаж байсан байх.
Харин Есүс тэдний заль мэхийг мэдээд тэдэнд ийнхүү хэлсэн. “Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд –Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа” Тухайн үеийн нэг денарын нэг талд нь МЭ14-37 оны хооронд Ромын хаан байсан Тиберус Цезарийн зураг байдаг бөгөөд Латинаар “Гэгээн Августины хүү Тиберус Цезарь” гэсэн бичээс байдаг. Харин нөгөө талд нь Ромын энх тайвны бурхан болох Пах бурханы зураг байдаг бөгөөд Латин үсгээр “Тэргүүн тахилч” гэсэн бичиг байдаг байв. Есүс ийм дүрс бичээстэй зоосыг авчруулаад “Цезарийн юмыг Цезарт, Бурханы юмыг Бурханд өг” гэж хэлсэн.
Тэгвэл “Цезарийн юмыг Цезарт, Бурханы юмыг Бурханд өг” гэсэн нь ямар утгатай вэ?
“Цезарийн юмыг Цезарьт” гэдэг нь Израильчууд хэдий Ромын колончлолд байгаа боловч иргэний үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн утгатай. Цезарийн юмыг Цезарьт өгөх нь Цезарийн захиргаан доор иргэний үүргээ биелүүлэх татвар төлөх, цэргийн алба хаах гэх мэтийн үүргийг гүйцээх ёстой гэсэн утгатай. Яагаад гэвэл Ромын хаан Цезарийн эрх мэдэл нь Бурханаас ирсэн гэдгийг Есүс мэдэж байсан учраас юм (Ром13:1). Данил 4:17б-д “Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрлөхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм” хэмээн хэлсэн байдаг. Эндээс харвал Бурхан бүхий л дээд эрх мэдэлтнүүдийг босгодог учраас тэдгээрт захирагдаж байгаа нь Бурханд захирагдаж байгаа хэлбэр билээ. Тиймээс бидний дээр байгаа ямар ч удирдлагуудад захирагдаж иргэний хувьд улс орондоо татвараа төлж, сонгуулд санал өгч, үр хүүхдээ өсгөж иргэний үүргээ биелүүлэх нь зөв юм.
Тэгвэл “Бурханы юмыг Бурханд өг гэдэг нь ямар утгатай вэ?” Нэг денарыг Цезарийн дүрээр бүтээсэн бол хүмүүс бид Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн юм (Эх 1:26). Бурханы юмыг Бурханд өргө гэсэн нь өөрсдийгөө Бурханы алдрын төлөө өргөж зориулж амьдраарай гэсэн утгатай. Бид Бурханы хаанчлалын иргэний хувьд биелүүлэх нандин ҮҮРЭГ байгаа шүү гэдгийг заан өгч байна. Мөн библийг харвал бүхий л зүйл Бурханаас ирсэн бөгөөд Түүнийх юм. Өөрөөр хэлбэл миний амь нас, үр хүүхэд, гэр бүл, материаллаг эд зүйлс, ажил мэргэжил, залуу нас, авъяас чадвар гээд бидэнд байгаа бүхий л зүйл Бурханы өгсөн зүйлүүд юм. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид энэ бүгдийг Бурханы алдрын төлөө зориулан амьдрах ёстой. Бурхан бидний хүн нэг бүрээс энэ мэт надад хариуцуулж өгсөн бүх зүйлсэд талархаж чин сэтгэлийн хүндлэл ба хайрын илэрхийллийг бодитоор биднээс хүсдэг.
Дх6:5 “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүхий хүч чадлаараа хайрла.” гэсэн. Бид Бурханы юмыг Бурханд өргөнөө гэдэг нь Бурханыг бүх зүрх сэтгэлээсээ хайрлахаас эхэлнэ.
Тэгвэл бид бодитоор яаж Бурханыг хайрлан амьдарч байгаагаа илэрхийлэх вэ? Юу хийх вэ? 1-рт: Бурханд өргөж буй санхүү мөнгний 1/10-г билээ. 2-рт: Амралтын өдрийг сахин, хүндэтгэл мөргөл өргөж амьдрах. Юу ч болж байсан үүнийг эхлээд Бурханд зориулан амьдрах нь маш чухал. 3-рт: Бурханы хүсэл тааллын дагуу авралын ажлыг биелүүлэн сайнмэдээг тунхагладаг, эдгээр нь амьдралын үндсэн үүрэг юм. Олон хүмүүс Бурханд би ийм зүйлээ өгнө, ийм авъяасаа зориулна, Түүний төлөө ийм зүйл хийнэ гэж хэлдэг. Энэ бүгд нь мэдээж зөв юм. Гэхдээ Бид Бурханыг хайрлах хайр байхгүй бол Бурханы төлөө хичнээн их зүйл хийж хичнээн их зүйлээ өргөсөн ч энэ бүгд нь хоосон зүйл болох болно. Харин танд Бурханыг хайрлах хайр байвал та Түүний төлөө юу ч, юугаа ч өргөж юуг ч зориулж чадна. Бүр өөрийн хийж чадахгүй байгаа зүйлсийг хийж хүлээн зөвшөөрмөөргүй байгаа зүйлсийг хүртэл хүлээн зөвшөөрч чадна. Энэ цагт Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өргөж амьдаръяа.
2. Амьдын Бурхан (27-47)
Хуулийн багш нарын Есүсийг албан татварын асуудлаар унагаах оролдлого нь талаар болоход садукайчууд Түүн руу ирж амилалын асуудлаар сорсон. 27-р эшлэлийг үзээрэй “Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Түүн дээр ирж асуун” гэж байна. Садукайчууд бол Ромын засаглалыг дэмждэг эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй язгууртан хүмүүс байв. Тэд бол санхедрины зөвлөлийг бүрдүүлдэг гурван бүлэгллийн нэг юм. Тэд иудейчүүдийн ахмадын ёс заншил ба ам дамжин ирсэн уламжлалуудыг сахидаггүй боловч Мосегийн эхний 5 номыг чухалчилдаг байв. Тэд амилалт байхгүй гэж үздэг байсан бөгөөд үүнээс гадна тэнгэр элч, сүнс, ирээдүйн шийтгэл зэргийг үгүйсгэдэг байсан. (Үйлс 23:8). Тэд гадна талаараа Бурханд итгэдэг, үйлчилдэг мэт харагддаг боловч үнэн хэрэг дээрээ үл итгэгчидтэй адил хүмүүс юм.
Тэд өөрсдийн баримталдаг амилалт байхгүй гэдгийг батлахын тулд Дэд хууль 25:5-10 дээр үндэслэн хачин түүх зохион Есүс дээр ирсэн. Ах дүү долоо байсан. Хамгийн том ах нь эхнэртэй болсон. Гэвч тэрээр хүүхэдтэй болж чадалгүй нас барсан. Дараа нь Мосегийн хуулийн дагуу хоёр дахь нь ахынхаа эхнэртэй гэрлэсэн. Тэр бас санамсаргүй байдлаар хүүхэдтэй болж чадалгүй нас барсан. Гурав дахь нь ч мөн адил ийм байдлаар явсаар долуулаа нас барсан. Эцэст нь эмэгтэй ч нас барсан. Энэхүү хачин жигтэй түүхийг ярьсныхаа дараа садукайчууд Есүсээс “Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ” хэмээн хэлсэн(33). Тэд ийм байж боломгүй зүйлийг зохион асууж байгаа нь амилал байвал шийдэгдэхэд маш хэцүү, адармаатай асуудал гарах тул амилал нь байх ёсгүй гэдгийг батлахын тулд байсан. Мөн тэд амилалыг хүний санаагаар бодож, энэ амьдралын маханбиеэр үргэлжлүүлэн амьдрах байх гэж бодсон. Есүс ийм тэдэнд амиллын дараах байдлыг хэлж өгснөөр тэдний амиллын мэдлэггүй, мунхаг байдлыг ухааруулж байна.
Есүс Марк 12:24-т, “Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөөлдөж байгаа хэрэг энэ бус уу? хэмээн хэлсэн. Есүс тэдний гол асуудал бол Бичвэр болоод Бурханы хүч чадлыг мэдэхгүй байгаа явдал юм хэмээн хэлсэн.
34-36-г үзээрэй. Хүн энэ дэлхийд махбодтой амьдрах хугацаанд гэрэлдэг бас гэрлүүлдэг. Ингэж хүн төрлөхтнийг үргэлжлүүлэн өсгөх нь Бурханы тогтоосон бүтээлийн систем байсан. Гэвч амиллын тэрхүү үед энэ нь хэрэгжих хэрэггүй болно. Учир нь үхэгсдээс амилалд хүрсэн Бурханы хүүхдүүд нь дахин үхлийг амсахгүй бөгөөд үр удмыг залгамжлах хэрэггүй болно. Есүс амиллын хөвгүүд нь тэнгэрэлч нартай адил болно гэв. Энэ нь тэнгэрэлч нар шиг нүдэнд харагдахгүй биетэй болно гэсэн үг бус харин тэнгэрэлч нар шиг үхэл, өвчин гэх мэт махан биеийн хязгаарлагдмал байдлаас бүрэн чөлөөлөгдсөн шинэ биетэй болно гэсэн утгатай.
Элч Паул ч бидний бие хожим үл муудах, алдартай, сүнслэг биеэр амилуулагдана гэсэн. (1Кор15) Тиймээс тэр үед гэрлэлтийн төлөө санаа зовох ч хэрэггүй. Мөн гэмийн хүсэлд ч автахгүй, үхлийг ч амсахгүй болно. Бурханы хаанчлалд сүр жавхлантайгаар Эзэнтэй хамт мөнхийн алдар ба жаргалыг эдлэх болно. Үүнийг л бидний мэддэгээр ДИВААЖИН гэж нэрлэдэг.
Харин садукайчуудын хувьд бол тэдний бодол энэ дэлхий ертөнцөөр хязгаарлагддаг байв. Тэд үхлээр бүх зүйл дуусдаг гэдэгт итгэдэг байсан учир энэ дэлхийн зүйлсийг илүү их чухалчлан амьдардаг. Ийм хүмүүст ямар ч итгэл найдвар байхгүй, үхлийн хүчний дор боолчлогдон айдас, занаа зовиур дүүрэн амьдардаг. Энэ төрлийн хүмүүс нь маш өрөвдөлтэй юм. Өнөөдөр Бурханд итгэдэггүй хүмүүс яг л садукайчууд шиг сүнсний хувьд өрөвдөлтэй амьдардаг.
37-38-г үзээрэй. Есүс садукайчуудад амилалтын талаарх үнэнийг батлахын тулд тэдний уншдаг Мосегийн Гэтлэл номоос эш татан ийнхүү хэлсэн. “Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакын Бурхан гэснээр үхэгсэд амилахыг харуулсан юм” гэв. Энэ үг нь Гэтлэл 3:6-д Бурхан анх Мосетэй уулзахад Өөрийнхөө тухай илчилсэн үг юм. Абрахам, Исаак, Иаков нарыг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа Мосед үзэгдэн энэхүү үгийг хэлсэн байдаг. Бурхан Мосед үзэгдэхдээ үхсэн Абрахамын Бурхан, үхсэн Исаакын Бурхан, үхсэн Иаковын Бурхан бол Би байна хэмээн хэлээгүй. Харин одоо ч амьд байгаа Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм хэмээн хэлсэн.
Абрахам, Исаак, Иаков нар бол үл итгэлээр дүүрэн энэ дэлхийд амьдрахдаа Бурханд итгэх итгэлээр амьдарч Израилийн түүхэнд агуу итгэлийн өвөг дээдэс болцгоосон. Тэд энэ дэлхийд амьдрах хугацаандаа бодит харагдах энэ дэлхийн зүйлсээс илүү Бурханы улсыг хайрлаж энэ дэлхийд аянчин мэт, харь хүн мэт, гадны хүн мэт амьдарсан. Тэд Бурханд итгэх итгэлээр амьдарч байгаад нас барсан. Тэд махбодоор үхсэн ч Бурхан тэднийг үхэгсдээс амилуулж сүнсээр мөнх амьдрах ивээлийг өгсөн билээ. Тэд амилуулагдсанаар тэдний итгэл нь зөв байсан гэдгийг баталсан юм.
Бурхан Мосед дээрх үгийг хэлэх үед тэрээр цөлд амьдарч байсан. Мосе энэ үед зүрх сэтгэлдээ хамгийн том шарх болох өөрийн ард түмэндээ гологдсон(rejection) сэтгэл, амьдралын хүсэл найдвар байхгүй, амьдралын зүг чиг байхгүй, үзэн ядалт, сэтгэл гутралтай, сэтгэлийн гүн шархтай байсан. Өөрөөр хэлбэл тэрээр үхсэнээс өөрцгүй байсан. Гэвч Мосе Бурхантай уулзаж Түүнд итгэсэн тэр мөчөөс эхлэн Мосе жинхэнэ амьтай болсон юм. Тэрээр энэ л үеэс хойш Бурханд итгэх итгэлээр Египетэд 10 гайхамшгийг үйлдэж израильчуудыг боолчлолоос чөлөөлөн, түүхийн агуу хүн болсон.
Энэ бүгдээс харвал Бурхан өөрийг нь амьд, хүч чадалтай, мөнхийн гэдэгт итгэдэг хүмүүст жинхэнэ амийг өгдөг гэдгийг мэдэж болно. Мөн энэ дэлхийд амьдрах хугацаанд жинхэнэ амьдралын зүг чиг, алсын хараа, итгэл найдвар зэргийг өгч авралын ажилд нандинаар хэрэглэн, ирэх үед мөнхийн амьд хүртэл хөтөлдөг гэдгийг сурч болно. Бидэнд энэ л амьд итгэл байвал энэ дэлхийн юунд ч сэтгэл хорогдон, хүлэгдэхгүй бөгөөд Эзэний төлөө бүхий л зүйлээ зориулан амьдарч чадна. Энэ цагт таны зүрх сэтгэл хаана байна вэ? Таны сэтгэл юунд илүү их хорогдон, юуг илүү их чухалд тооцон амьдарч байна вэ? Магадгүй садукайчууд шиг гадна талаараа Бурханд үйлчилдэгч дотоод зүрх сэтгэл нь Амьд Бурханд итгэх итгэлгүй амьдарч байгаа юм биш биз? Хэрэв тийм байвал Бурханаас хичээнгүй гуйж Абрахам, Исаак, Иаков, Мосе нар шиг Бурханд хандсан амьд итгэлээр амьдардаг хүмүүсээр өсөхийн төлөө гуйцгаая.
38-р эшлэлийг хамт үзье. Есүс өнөөдрийн сургаалаа дүгнэн ийнхүү хэлсэн “Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав.” гэж хэлж байна. “Үхэгсэд” гэдэг нь садукайчууд шиг Бурханд итгэдэггүй, сүнслэг зүйлсийг чухалчилдаггүй, махбодоор амьд боловч сүнсээр үхмэл хүмүүсийг хэлж байна. Харин “амьд” гэдэг нь Абрахам, Исаак, Иаков, Мосе нар шиг Бурхан Амьд гэж итгэдэг хүмүүсийг хэлж байна. Үхэгсэд бол алсын хараа, итгэл найдвар байхгүй, өрөвдөлтэй амьдралаар амьдардаг. Тэд үргэлж сөрөг, гутранги, боломжгүй гэсэн бодолтой амьдардаг. Тэд бие мах бодийн хувьд амьд боловч, үхсэн хүн шиг бүх зүйлд ханддаг. Ийм хүмүүс нь Бурханыг харж чадахгүй бөгөөд Бурханы хүч чадал гайхамшгийг ч амсаж чадахгүй. Харин “Амьд” хүмүүс нь Бурханыг амьд гэдэгт итгэдэг бөгөөд тэдний үг болоод үйлдэл, шийдвэр бүхэн нь итгэлээр байдаг. Тэдний амьдрал идэвхитэй, эрч хүчтэй, зүрх сэтгэл нь итгэл найдвараар дүүрэн байдаг. Та үхсэн байна уу? Амьд байна уу? Та өөрсдийн туршлага болоод янз бүрийн нөхцөл байдал, шалтгааны улмаас Бурханы хүч чадлыг хязгаарлаж байгаа юм биш биз.
Дүгнэлт: Мөнх амьдралд яг ямар байхыг бид тэнд очиод л жинхэнэ утгаар нь ойлгож мэдэх болно. Авгалдай Эрвээхэйны ертөнцийн гоё сайханыг ойлгох боломжгүй. Харин хожим эрвээхэй болсон хойноо л ойлгож мэдэх болно. Яг үүн шиг бид одоо яг ямар байх талаар нарийн ширийнийг мэдэх боломжгүй. Ямартай ч тэнд гэрлэлт гэж байхгүй. Өвчин зовлон, шунахайрал, хорон муу гэж байхгүй.
Есүс нэгэнтээ хэлдэгээ хэлсэн байдаг. Би бол амьдын Бурхан. Энэ цагт хүн бүр зарилгаар дотор хүн рүүгээ өнгийж нэг асуултыг асууж үзэхийг хүсэж байна. “Би үхсэгсэд мэт байна уу? Амьд нэгэн мэт байна уу” гэдгээ асууцгаая. Ийнхүү асууснаараа Бурхан бол үхэгсдийн биш, амьдын Бурхан гэдгийг үргэлж санцгаая. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр энэ цаг үеийн Абрахам, Исаак, Иаков, Мосе нараар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.16/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.17/