Өдөр бүрийн хоол /2026.02.16/

Израилд мөнхөд орших Бурхан

1Шастир 23:1-32
1Шастир 23:25

“Давид “Израилын Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Йерусалимд мөнхөд оршино”

Хэдийгээр Давид хаанд Эзэний өргөөг барих үүрэг нь зөвшөөрөгдөөгүй боловч Эзэний өргөөний төлөө зүрх сэтгэл нь булгилж байлаа. Тиймд тэрээр өөрийн хүү Соломоныг Эзэний өргөө барих үүргийг сайн биелүүлэхийн төлөө бүх материалыг бэлдэв. (22-р бүлэг) Харин Эзэний өргөөнд хандсан түүний халуун итгэл үүгээр зогсоогүй тэрээр Эзэний өргөөг барьсны дараа түүн дотор Бурханд өргөгдөх мөргөлд ч маш их анхаарав. Тиймээс тэрээр нас өтөлж, Соломоныг хаан болгосны дараа гуч болон түүнээс дээш насны левичүүдийг цуглуулав. (1-3) Учир нь Эзэний өргөөнд үйлчлэх левичүүдийг ажил үүргийн дагуу хуваан, зохион байгуулахын тулд байв. Давид энэхүү ажлыг бүх удирдагч, тахилч, левичүүдийг цуглуулан хийсэн нь Эзэний өргөөнд мөргөл өргөхийг бүх ард түмний гол анхааралд байлгахын төлөө байв. (2) Левичүүдийг тоолоход тоо нь гучин найман мянган эр байлаа. (3) Давид Израилын Бурхан Эзэн Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэдэнтэй мөнхөд хамт оршино гэдэгт итгэсэн. (25) Үүний биелэл нь Эзэний өргөө гэдгийг ойлгов. Тиймээс тэрээр өргөө баригдахаас өмнө Түүнд үйлчлэх левичүүдийн ажил үүргийг хуваарилав. Тэднээс хорин дөрвөн мянга нь Эзэний өргөөний ажилд томилогдож, зургаан мянга нь харгалзагч ба шүүгчид, дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь хөгжмөөр Эзэнийг магтан дуулдаг дуучид байв. (4-5)
6-23-р эшлэлд Эзэний өргөөний ажилд томилогдсон хорин дөрвөн мянган хүнийг хорин дөрвөн хэсэг болгон хуваасан тухай дурджээ. Тэдний ажил үүрэг нь тахилч Аароны хөвгүүдэд туслан Эзэний өргөөний хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлийг цэвэрлэх (28), тавиг талх болон исгээгүй талх барих гэх мэт ажлыг хариуцах (29), өглөө орой бүр Эзэнд талархан магтаж (30), тахилчид туслан амралтын болон баярын өдрүүдэд шатаалт тахилыг өргөн Эзэний өмнө ийнхүү тогтмол үйлчлэх байв. (31) Тэдний эдгээр үйлчлэл нь тахилчдад туслах ажил боловч тахилчдын үүргээс дорд гэсэн утга бол биш юм. Эзэнд үйлчлэх ажил нь хэн нь илүү дээр, хэн нь доор гэсэн ойлголт байхгүй бөгөөд бүгд хамтдаа Бурханы хаанчлалын төлөө бие биедээ туслан хамтрах чухал үүргүүд билээ. Гагцхүү Бурхан мөнхөд бидэнтэй хамт оршин байгааг ухааран, эмээн хүндэтгэх сэтгэлээр Түүнд мөргөн үйлчлэх хэрэгтэй.
Хэрэгжүүлэлт: Эзэний өргөөн дэх үйлчлэл хэний төлөө вэ?
Нэг үг: Чуулганы дунд мөнхөд орших Эзэний төлөө

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.14/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 48-р номлол (02.15) Галаа Петр