Өдөр бүрийн хоол /2026.02.18/

Хөгжим тоглон эш үзүүлэх үйлчлэл
1Шастир 25:1-31
1Шастир 25:1
“Давид болон цэргийн жанжид нь босоо ятга, ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой”
Давид Левийн үр удам болох Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авч, тэднийг босоо ятга, цан тоглон эш үзүүлэн, магтан дуулах үйлчлэлд тавьсан. (1) Энд “эш үзүүлэх үйлчлэл” гэсэн нь магтан дууны багийн дуугаар дамжин Бурханы таалал буюу үгийг дамжуулах үүрэгтэй байсан гэсэн утгатай. Асаф, Хеман, Иедутун нар нь бүгд Бурханы Сүнсээр магтаал дуу зохион Эзэнд талархан, магтан дуулдаг эш үзүүлэгч нар байв. (2,3,5) Тиймээс тэдний магтаал дуу ба хөгжим тоглолт нь бүгд Эзэний үгэнд үндэслэлтэй. Мөн 7-р эшлэлийг үзвэл тэд бол бүгд Эзэнд дуулахаар бэлтгэгдсэн чадварлаг хүмүүс байв. Энэ нь тэд магтан дууны зорилгыг сайн ухааран үүнд өөрсдийгөө зориулснаар дадлагажин, бэлтгэгдсэн хүмүүс гэсэн үг. Ийнхүү бэлтгэгдсэн хүмүүсийн тоо нь хоёр зуун наян найм байв.
Өнөөдрийн зарлигаас үзэхэд номлол заах төдийгүй хөгжим тоглон магтан дуулах үйлчлэлийг Бурханы үг ба тааллыг дамжуулах сүнслэг арга зам гэдгийг мэдэж болно. Тиймээс энэ үйлчлэл нь Ариун Сүнсээр хийгдэх юм. Хэн ч оролцож болох ч Бурханд өргөх хамгийн дээдийн үйлчлэл болгох хэрэгтэй. Бурханы хаанчлалд ч энэ магтан дууны үйлчлэл нь үүрд мөнх хийгдэх юм. (Илчлэл 5:9-13) Мөн Эзэнд хандан зүрхнээсээ дуулах нь Сүнсээр дүүрэн хүний шинж тэмдэг юм. (Ефес 5:18-20) Зарим итгэгчид магтан дууны цагийг мөргөлийн чухал хэсэг гэдгийг ойлгодоггүй. Тэгээд магтан дуу дуусах үед цуглаанд орж ирэх эсвэл номлол эхлэх цагт тааруулан орж ирж болно гэж боддог. Харин Бурхан магтан дуугаар дамжуулан бидэнд бас үгээ хэлдэг. Тиймд магтан дууны цаг ч номлол сонсохтой адил чухал мөргөл мөн.
Хэрэгжүүлэлт: Магтан дууны утга учир юу вэ?
Нэг үг: Эзэнд талархан Түүний үгийг сонсох боломж

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.17/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.19/