ТАРИАЛАНЧДЫН СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ
Лук 20:1-19
Гол эшлэл 20:13
“Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв”
Лук номын 20-21-р бүлэгт Есүсийн сүүлчийн сургаал, номлолын тухай бичигдсэн байдаг. одоо Есүст ердөө гуравхан хоног л үлдсэн. Тэгвэл Есүс амьдралынхаа сүүлчийн хугацаанд юу хийж, юунд илүү их анхаарч, юуг зааж сургаж байсныг бид маш сайн мэдэж, сурах хэрэгтэй. Өнөөдрийн хэсэгт Есүс Өөрийн сүнсний эрх мэдлийн тухай, мөн тариаланчдын сургаалт зүйрлэлийн тухай ярьсан. Тариаланчдын сургаалт зүйрлэл нь Бурханы авралын ажлыг маш нарийн, товч бөгөөд тодорхой агуулсан байдаг. Энд Бурхан ба хүн хоорондын харилцааны талаар маш гүн гүнзгий утга, санаа ба ойлголт агуулагдсан байдаг. Мөн энд гарч буй талбайн эзний сэтгэл нь Бурхан Эцгийн хүн төрөлхтөнд хандсан тэвчээртэй, агуу хайрын тухай өгүүлсэн байдаг. Хэрэв бид энэ үнэнийг гүнзгий ухаарч ойлговол, бидний Бурхантай харилцах харилцаа улам гүн гүнзгий бат, эрүүл зөв болж, сүнсний үр жимс ургуулдаг ерөөлтэй амьдралаар амьдрах болно. Өнөөдрийн үгээр дамжуулан Сүнслэг эрх мэдэл хаанаас ирдгийг, өдөр бүр бидэнд хандсан Бурханы зүрх сэтгэлийг итгэлээр хүлээн зөвшөөрснөөр, Бурханы хүсдэг, Ариун Сүнсний үр жимсийг дүүрэн ургуулдаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Есүсийн эрх мэдэл (1-8)
1а-г үзээрэй “Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүсийг сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь” гэж байна. Есүс амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг сүмийн хашаанд, ард олонд зааж, сурган, сайн мэдээг дэлгэрүүлэн өнгөрүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн. Хэдхэн хоногийн дараа загалмайн зовлон ба үхлийг амсахыг мэдэж байсан ч Есүс Бурханы үгийг дамжуулах, сайн мэдээг тунхаглахад илүү өөрийгөө зориулж, үүнд анхаарсан гэдгийг хэлж байна. Эндээс бид сайн мэдээг тунхаглах, нэг сүнсийг аврах, хоньдод библийн хичээл хийх зэрэг нь ямар ч үед бид өөрсдийгөө зориулах, анхаарлаа хандуулах зүйл гэдгийг сурч болно.
Яагаад? Учир нь гэвэл хүн бүр гэм нүглээс болж үхлийн ял ба шийтгэл дор байдаг. Хүмүүс үүнийгээ ч мэддэггүй. Тиймээс хүн бүрийн нэн тэргүүний хамгийн чухал хэрэгцээ бол Есүс Христийн сайн мэдээг сонсож итгэж аврагдах нь юу юунаас илүү чухал юм. Бидний хувьд өдөр тутмын амьдралын олон яаралтай шийдэх, зохицуулах, анхаарлаа хандуулах, өөрийгөө зориулах зүйлс их байдаг. Гэвч Бурханд үйлчлэх, сайн мэдээг тунхаглах, нэг сүнсийг аврах, библийн хичээл хийх, фишин хийх гэх мэт зүйлсийг бид амьдралынхаа нэн тэргүүнд тавьж, Есүс адил тооцож хандвал, бидний энэ л сэтгэл ба хандлага нь Есүсийн сэтгэлийг хөдөлгөж, Бурханыг баярлуулах болно. Удахгүй бид цагаан сарын дараа шинэ ба хуучин оюутнуудыг урьж хаврын алфа эхлүүлж, 2026 оны ХБК-н төлөөх бэлтгэл эхлэх болно. Эдгээр үйлчлэлүүдийг бид өдөр тутмын амьдралынхаа нэн тэргүүнд тавьж, өөрийгөө идэвхтэй зориулж, зүрх сэтгэлээ зориулан үйлчилбэл бидний энэ л сэтгэл ба хандлагыг Бурхан харж, Бурханы сэтгэл хөдөлж, баярлах ба Алфа уулзалт, ХБК зэргийг Бурхан онцгойгоор ивээж, ерөөх болно.
1б-г үзээрэй Есүсийг сүмийн хашаанд сургаалаа зааж байх үед, ахлах тахилч нар, хуулийн багш нар, ахлагчдын хамт Түүнд дээр ирсэн. Тэд Түүнд “-Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв” гэв (2). Энд Иудейчүүдийн хамгийн дээд удирдах байгууллага болох Санхедрины зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ Есүс дээр ирсэн. Тэд ийнхүү асуусан нь өмнөх 19-р бүлэгт Есүсийн сүмд ороод худалдаачдыг хөөн гаргаж, одоо сүмийн хашаанд ард олонд сургаал зааж буй үйлдлүүд нь ямар эрх мэдэлтэй гэж, хэн танд ингэх зөвшөөрөл өгсөн вэ? гэсэн утгатай.
Тухайн үед иудейн Санхидрины зөвлөл нь сүм, хууль, сургаалын асуудлаар эцсийн эрх мэдэлтэй байгууллага бөгөөд “Бурхан ингэж хэлсэн” гэж хэн хэлэх, мөн ард олонд Мосегийн хуулийг хэн тайлбарлах, сүмд хэн сургаал заах гэх мэт асуудлыг шийдэж батламж олгодог байсан. Гэвч Есүс ямар ч зөвшөөрөл авалгүй сүмийг цэвэрлэж, сүмийн хашаанд ороод ард олонд сургаал айлдсан нь санхедрины зөвлөлийн дээд эрх мэдэлд шуулд хадсан үйлдэл байв. Тиймээс Зөвлөл ийнхүү асууснаар Есүсийг буруутгаж, Түүнд ял тулгахын тул байсан.
Ийнхүү асууж буй тэдэнд Есүс юу гэж хэлсэн бэ?
3,4-р эшлэлийг үзээрэй “Тэр хариуд нь—Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. 4 Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү?’’ гэв. Ирсэн хүмүүсийн хувьд Есүсийн сөргүүлж тавьсан асуултад хариулахад их ярвигтай байсан. Учир нь гэвэл Баптист Иоханыг тэнгэрээс гэвэл Баптисч Иоханы гэрчилж буй Есүсийн эрх мэдлийг Бурханаас гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс араггүй байдалд орно. Тэгээд өөрсдөө Бурханыг эсэргүүцэж, доромжилсон хэргээр буруутгагдах болно. Харин Иоханыг хүмүүсээс гэвэл ард түмэн Иоханыг Бурханы илгээсэн эш үзүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан учир ард олны эсэргүүцэлтэй тулахад хүрнэ(5,6). Тиймээс тэд өөр хоорондоо хэлэлцэн эцэст нь “мэдэхгүй” хэмээн хариулсан. Тэдний хариулт нь үнэндээ үнэнийг мэдсэн ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй учраас “мэдэхгүй” хэмээн худал хариулт байв. Тэд үнэнийг мэдсэн хэр нь зориуд өөрсдийн зүрхийг хатууруулж, үнэнээс нүүр буруулсан. Тэд гадна талаараа итгэл сүсэгтэй мэрт харагдаж байгаа боловч дотод зүрх сэтгэл нь ялзран доройтсон. Есүс ийм үнэнийг мэдсэн ч үгүйсгэж буй тэдэнд үнэнийг хэлэх хэрэггүй гэдгийг мэдэн Өөрийн үнэнийг хэлэхээс татгалзсан(8). Өнөөдөр бид ч гэсэн үнэнийг мэдсэн хэр нь үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэний талд зогсохгүй байвал бидний зүрх сэтгэл хатуурч, сүнсний хувьд доройтдог бөгөөд эцэстэй үнэний эсрэг зогсдог нэгэн болдог. Ийм хүнд үнэнийг мянга ярьж, зааж, сургаад ямар ч нэмэргүй юм.
Дээрх Есүсийн баптист Иоханы талаар асууж буй асуултаас бид сүнслэг эрх мэдэл нь хаанаас ирдэг вэ, гэдгийг сурч болно. Тухайн үед Иоханыг Бурханаас илгээсэн эш үзүүлэгч хэмээн ард олон хүлээн зөвшөөрдөг байсан. Иоханы тунхаглаж буй үг, амьдрал зэрэг нь хүмүүсийн зүрхэнд хүчтэй хүрж, сэтгэлийг нь хөдөлгөсөн учраас олон хүн цөл руу очин Иоханаар баптисм хүртсэн. Тэд Иоханыг ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь Иохан өндөр мэдлэг боловсролтой, шашины мундаг сургуулийг сайн төгссөн, нийгмийн өндөр албан тушаалтай байсан учраас биш. Харин ард олон Иоханы гайхамшигтай төрөл, цэвэр ариун амьдрал, Бурханы өөрт өгсөн үүргийн төлөө цөлд амьдарч буй түүний итгэл, золиос зориулалттай амьдрал нь түүнийг Бурханаас гэдгийг нотолж байсан. Энэ л баптистч Иохан Есүсийг Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хурга, Аврагч Мессиа хэмээн тунхаглаж байсан(Иохан 1:29). Тиймээс Есүс Баптист Иоханыг талаар асууснаар Өөрийн эрх мэдэл нь Бурханаас ирсэн нэгэн гэдгийг тод гэрчилсэн.
Үнэндээ Есүс ийнхүү хэлэх шаарддаггүй бөгөөд Түүний хийсэн зүйлсийг харвал Бурханы илгээсэн Мессиа гэдгийг тод харуулж байсан. Тоолшгүй олон хүн Есүсийг дагаж, үгийг нь сонсон, сохор нь хараа орж, уяман нь цэвэршиж, үхсэн хүн амилж, чөтгөрүүд зайлж, Есүсийн явсан газар бүр Аврагч Мессиагийн тухай ХГ-нд зөгнөгдсөн амлалт ба эш үзүүлэг биеллээ олж байв. Гэвч энэ бүгдийг харж, сонсож, мэдэж, амссан ахлах тахилч, хуулийн багш, фарисайчууд Есүсийн үнэнийг хүлээн авахаас зориуд татгалзсан.
Одоо ч гэсэн Есүсийн хийсэн, хийж буй, хийсээр байгаа гайхамшигтай, Ариун Сүнсний ажлуудыг харж, мэдэж, сонсож, амссан хэр нь өөрийн бардам, хатуу, хуурамч сэтгэлээсээ болж Есүсийн үнэнийг хүлээн авахаас зориуд татгалздаг хүмүүс олон байдаг. Тэгэхээр бид ийм хүмүүсийг ялгаж, салгах сүнсний хараатай, болж, Есүс шиг мэргэн ухаантай хандах хэрэгтэй гэдгийг сурч болно.
Өнөөдөр манай чуулганы хувьд сүнсний эрх мэдэлтэй хоньчин, библийн багш, ахлагч, удирдагч нар болохыг хүсдэг. Миний үг, үйлдэл, итгэлийн амьдрал, библийн хичээл, номлол, үйлчлэл маань олон хүмүүст үр нөлөөтэй, амьтай, хүчтэй, Ариун сүнсээр дүүрэн, эрх мэдэлтэй байгаасай гэж хүсдэг. Гэвч заримдаа бид өөрийгөө хараад, нөхцөл байдлыг хараад, библи сайн мэдэхгүй, энэ үеийн залуус өөр болсон, намайг сонсохгүй, ер нь оюутны хоньчноор би амьдарч чадахгүй юм байна гэсэн бодол төрдөг. Гэвч өнөөдрийн үгнээс харвал сүнсний эрх мэдэл нь ямар нэг байгууллага, эсвэл өндөр библийн мэдлэг, өндөр нийгмийн байр суурь зэргээс бус харин зөвхөн Бурханаас өгөгддөг, ирдэг гэдгийг сурч болно. Мөн Баптист Иоханы амьдралаас харвал цэвэр ариун амьдрал, Бурханы дуудлага ба үүргийн төлөөх золиос зориулалтай амьдрал, ямар ч үед итгэлээр тууштай, итгэмжтэй амьдрал нь бусдад хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг сурч болно. Тиймээс бид зөвхөн Бурханд түшиглэн, Бурхан намайг монгол болоод дэлхийн их дээд сургуулийн хоньчин, библийн багшаар сонгосон, дуудсан, ерөөсөн, Ариун Сүнсний эрх мэдлийг өгсөн гэдэг эргэлзэлгүй бат итгэж зоригтойгоор, тууштайгаар, шантралгүй, хоньчны үүргийг эцэс хүртэл биелүүлсэн амьдарвал Бурхан биднийг ерөөж, бидний амьдралаар, бидний чуулганаар дамжуулан ажиллах болно. Хажууд байгаа хүндээ хэлээрэй “Сүнслэг эрх мэдэл нь зөвхөн Бурханаас ирдэг”
2. Зохисгүй тариаланчдын сургаалт зүйрлэл (9-19)
Есүс ганцхан асуултаар дамжуулан санхирдины зөвлөлийн бүх хүнийг дуугүй болгосон. Үүнээс болж тэд Өөр уруу нь дайрахыг Есүс мэдэж байсан. Гэвч Есүс тэд хэчнээн ийм байсан ч, тэднийг өөрсдийн үнэнийг, бодит байдлыг олж хархан, ухаарч, гэмшиж, эргээсэй хэмээн хүссэн учраас тариаланчдын сургаалт үлгэрийг үргэлжлүүлэн ярьсан.
9б-г үзээрэй “Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав’ гэнэ. Энд нэгэн хүн усан үзмийн талбай байгуулсан гэж байна. Матай библид гардаг Есүсийн хэлсэн ижил төстэй сургаалт үлгэрээс харвал талбайн эзэн хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгосон гэж гардаг. Үүнээс харвал талбайн эзэн зүгээр л усан үзмийн мод тарихын тулд бус харин хамгийн сайхан амттай, хамгийн чанартай усан үзэм хураахын тулд энэ талбайг байгуулсан гэдгийг мэдэж болно. Тэгээд энэ зорилгынхоо төлөө бүх нөхцөлийг бүрдүүлж бэлдсэн (Исаиа 5:1; Матай 21:33). Тэгээд эзэн ийнхүү бүх зүйлсийг бэлдсэн талбайгаа тариаланчдад түрээслээд удаан хугацаагаар явсан. Түрээсэлж буй тариаланчдын хувьд бүх зүйлсийг бэлдэж, хамгийн сайхан усан үзэм хураах боломжтой талбайг хариуцсан нь тэдний хувьд маш том боломж байсан. Яагаад гэвэл тариачин хүний хувьд ажиллах талбай байхгүй бол амьдрахад хэцүү бөгөөд үүнээс болж амьдрал хэцүү, тарчиг болно. Харин энд гарч буй талбайн эзэн бүх зүйлсийг бэлдэж, тариаланчдад хариуцуулсан гэдэг нь тэдний хувьд үнэхээр онцгой ерөөл байсан.
Энэ сургаалт зүйрлэл нь шууд утгаараа эзэн нь Бурханыг, усан үзмийн талбай нь Бурханы сонгосон иудейн үндэстнийг, тариаланчид нь иудейн шашны удирдагч нарыг заадаг. Харин илүү өргөн утгаар бол талбайн эзэн нь Бурханыг, усан үзмийн талбай нь энэ дэлхийг, тариаланчид нь хүн төрлөхтөнг хэлдэг. Бид эхлэл номыг харвал Бурхан энэ дэлхийг бүтээж, хүн төрлөхтөнг энэ дэлхийг арчлан сахиснаар, өсгөж, үржин зөв зохистой үр жимс гарган, бүтээгч Бурханыг баярлуулан алдаршуулах үүрэг өгсөн. Сургаалт үлгэрийг харвал Бурхан хүн бүрд ямар ч үнэ төлбөргүйгээр олон давуу эрх ба ерөөлүүдийг өгснийг мэдэж болно. Тиймээс Бурхан бидэнд ямар ерөөл ба эрх өгсөн, юуг хариуцуулсан, бид үүнийг хэрхэн ашиглаж байгааг тунгаан бодох хэрэгтэй.
Юуны түрүүнд Бурхан бидэнд хүн бүрд амийг өгсөн. Хэн ч өөрийнхөө амийг бүтээгээгүй. Хүн бүрийн амь бол Бурханы бидэнд өгсөн үнэгүй бэлэг юм. Хэн ч өөрийгөө айлын том эсвэл отгон байх, ямар эцэг эхтэй байх, ямар үндэстэн байх зэргээ сонгодоггүй. Мөн хэн ч аль улсад, түүхийн аль цаг үед амьдрахаа тогтоодоггүй. Энэ бүгд нь Бурханы дээр эрх мэдлээр шийдэгддэг. Үүнээс гадна Бурхан хүн бүрд авьяас чадвар, эрч хүч, зан чанарын онцлог, давуу болон сул талууд, өөр бусад олон зүйлсийг өгсөн. Тэгэхээр Бурхан хүн нэг бүрд энэ амийг өгсөн нь тодорхой зорилгын төлөө бөгөөд, бид амьдралынхаа турш Бурханы зорилгыг олж мэдэхийн төлөө, надад өгөгдсөн нөөц бололцоог ашиглан тэрхүү зорилтыг биелүүлэн амьдарвал бид үнэ цэнтэй, утга учиртай, үр жимстэй, ерөөлтэй амьдралаар амьдрах болно.
Бурхан онцгойлон Изаиль ард түмнийг энэ дэлхийн бүх үндэстнүүдээс сонгон аварч, хаан мэт тахилч, ариун үндэстнээр амьдрах онцгой үүрэг ба ерөөл өгсөн. Тэгээд Бурхан усан үзмийн талбайн эзэн шиг Изаильчууудыг маш амттай, сайн үр жимс ургуулах бүх бололцоог хангаж өгсөн. Бурхан тэдэнд Өөрийн хүсэл зорилгоо тодоор мэдүүлсэн. Бурхантай хэрхэн харилцаатай амьдар хууль ба дүрэм журмыг өгч, үлгэр жишээ болсон Абрахам, Мосе, Давид гэх мэт итгэлийн олон баатруудыг зөвшөөрч өгсөн. Мөн тэдний үр удмаас хүн төрөлхтнийг аврах Мессиаг илгээсэн. Үүнчлэн тэд Бурханы сонгосон ард түмний хувьд тоолшгүй олон ерөөлийг авсан. Бурхан Израильчуудыг ингэж ерөөсөн нь тэднийг энэ дэлхийд хаан мэт тахилч Бурхан ард түмнээр амьдарч, бүх дэлхий ба бүх үндэстнүүдийг авралын зам руу байлдан дагуулсан, маш амттай, сайн үр жимсийг ургуулснаар, Бурханыг бүх дэлхийд алдаршуулах боломж өгсөн( Гэтэл 19:5,6).
Бурхан өнөөдөр ч гэсэн өөрийн сонгож, дуудсан хүнд энэхүү ерөөл ба үүргийг өгдөг. Бурхан манай юбф чуулганыг монгол болоод дэлхийн их дээд сургуулийн оюутан залуусыг аврах ажилд хэрэглэхээр босгон байгуулсан. Үүний тулд Бурхан мишонер хоньчдыг илгээж, өөрийн амин үг болон зарлигуудаа өгч, хамтран зүтгэгч гэр бүлүүдийг босгон, энэ цаг үеийн хаан мэт тахилч ариун үндэстнээр амьдрах хүсэл найдвар тавьсан. Бурханы итгэмжит, тууштай хоньчдын үйлчлэл, золиос, нулимсаар бид Есүстэй уулзаж, гэм ба үхлийн боолчлолоос чөлөөлөгдөн, Бурханы хүүхдүүд болох онцгой ивээл өгсөн. Үүгээр зогсохгүй Бурханы доторх амьдралын хань, үр хүүхэд, амьдралын хэрэгцээтэй бүх зүйлсээр хангаж өгсөн. Энэ бүгдийг өгсөн нь Бурханы хүсэж буй зохистой үр жимсийг ургуулахын тулд өгөөд, Бурханыг алдаршуулахын тулд юм. Энд сууж буй хүн нэг бүрд Бурхан өөрийн онцгой үүрэг ба дуудлага хүсэл найдварыг тавьж, ерөөсөн Бурханд бүх талархал ба магтаалыг өргөж байна.
Тэгвэл талбайн эзний онгоц ивээлийг авсан тариаланчид ургац хураах цаг болоход эзэндээ хэрхэн хандсан бэ?
10-13р эшлэлийг үзээрэй “Ургац хураах цаг болоход тэр усан үзмээс авчруулахаар тариаланчид руу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. 11 Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. 12 Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ.”
Ямар муухай хүмүүс вэ?, яаж талбайн эзэнд ингэж хандаж чаддаг байна тээ!. Эзэн ургац хураах цаг болоход гэрээний дагуу, ургацаа авчруулахаар боолоо илгээсэн. Гэтэл түрээслэгчид түүнийг зодоод, хоосон буцаасан. Зохисгүй хандлага гаргаж буй түрээслэгчдийг эзэн ирээд дариу тэднийг хөөгөөд явуулах эрх байсан. Гэвч эзэн дахин өөр нэг боолоо илгээсэн. Гэтэл эзний хоёр дахь боолыг зодож доромжлоод хоосон буцаасан(11). Энд “доромжилсон” гэдэг нь эзнийг зориуд үгүйсгэж, эсэргүүцсэн гэсэн утгатай. Гэвч эзэн тариаланчдаас хоёр дахин муу хариу авсан ч, тэвчээртэй, хүлцэнгүй, өршөөнгүй хандсан. Тэгээд гурав дахиа явуулсан. Энэ үед мөн л “шархдуулаад” хөөн явуулсан(12). Ёо ямар аймшигтай хүмүүс вэ? Зүгээр шууд зайлуул тээ. Яагаад эзэн тэднийг эхний боолд мууг үйлдэхэд шууд хөөгөөд явгуулахгүй дахин дахин боолоо илгээсээр байна вэ?. Энэ нь талбайн эзэн тариаланчдаас үр жимс авахаас илүү, тэдэнтэй зөв, эрүүл харилцааг тогтоосноор үргэлжлүүлэн талбайд ажиллах ерөөлийг өгөхийг хүссэн учраас юм. Тэгээд эцэст нь эзэн ямар шийдвэр гаргасан бэ?
13-г үзээрэй “Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Энэ талбайн эзэн ямар агуу, ямар уужим, ямар тэвчээртэй, эзэн бэ? яагаад хүүгээ ийм муухай зохисгүй хүмүүс рүү явуулж байна бэ? Эзэн өөрийн хүүг явуулж буй нь түрээслэгч нарт шударга, хатуу сэтгэлээр бус өршөөл ба нигүүлслээр, хайраар хандаж буй Өөрийн сэтгэлийг ойлгуулахын тулд байсан. Магадгүй боолуудад нь зохисгүй хандлага гаргаж, юу ч хийхээс буцахгүй аюултай тэд нар руу, цор ганц хайртай хүүгээ илгээж буй эзний энэ үйлдлийг гүнзгий тунгаан бодож, эзний тэдэнд хандсан хязгааргүй хайр ба хүсэл найдварын сэтгэлийг ухаарах ёстой байсан. Энэ бол эзний түрээслэгч нарт гаргаж буй эзний үнэхээр гайхамшигтай, юутай харьцуулшгүй нигүүлсэл байсан.
Гэтэл тариаланчид эзний хүүхэд хэрхэн хандсан бэ? 14-15а “Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, 15 тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ.”. Тэд өөрсөд руу нь цор ганц хайртай хүүгээ илгээж буй талбайн эзний үйлдлийг тунгаан бодож, эргэцүүлэхээс илүү өөрсдийн санаа бодол, төлөвлөгөө, мэдрэмжийн дагуу үйлдсэн. Энэ үйлдлээрээ тэд эзний эцсийн найдварыг үгүй хийж, эзний эсрэг ноцтой гэмийг үйлдсэн. Энэ л үйл явдал үнэндээ бодитоор биеллээ олсон юм. Иудейн удирдагчид Бурханы цор ганц Хүү Есүсийг үхэлд хүргэж, хотын захад гарган гэмтэн мэт загалмайд цовдолсон юм.
Одоо тэгвэл усан үзмийн талбайн эзэн тариаланчдыг яах вэ? 16-г үзвэл эзэн ирж тариаланчдыг хөнөөгөөд усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө гэв. Тэд эзний маш их тэвчээр уужим сэтгэл ба тэдэнд хандсан хайрыг бодохгүй, эцэс хүртэл эсэргүүцэн, тэрсэлсээр, татгалзсаар байгаа учраас талбайгаас хөөхөөс өөр араггүй. Энэ нь Бурханы илгээсэн зарц нарыг эцэс хүртэл эсэргүүцэн, татгалзсаар байвал Бурхан шийтгэл буулгахаас өөр араггүй гэдгийг сануулж байна. Энэхүү зохисгүй тариаланчдын дүр төрх ба хандлага нь тухайн үеийн иудейн шашны удирдагч нар төдийгүй, өнөө үеийн гэмт мөн чанартай биднийг төлөөлдөг. Тэгвэл хүн яагаад ийм зохисгүй тариаланчид шиг болдог шалтгаан юу вэ?
1-рт Эзэнийг үргэлж Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, бардам сэтгэлээс болдог. Уг нь тариаланчид талбайн эзэн бус түр хариуцагч байсан. Цаг хугацаа өнгөрөхөд, өөрсдийн хичээл зүтгэл, хувийн хүч хөдөлмөр, хүчин чармайлтыг чухалд тооцон, эзний анх өгсөн нигүүлсэл нь тэдний сэтгэлээс алаг болсон. Ингээд ургацыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр ургуулсан гэж бодож эхэлсэн. Энэ бол бардам сэтгэл юм. Бардам сэтгэлтэй болсон тэд хэнтэй яаж харилцах, эрүүл зөв харилцаа хандлагыг алдсан. Өөрөөр хэлбэл бардам сэтгэлээс болж тэд аливааг эрүүлээр харж, эрүүлээр сэтгэх чадваргүй болж сүнсээр сохор болсон.
Эндээс харвал хүн бардам сэтгэлтэй болуул, Бүтээгч Бурханыг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, Бурханаас эмээх сэтгэлгүй болж, өөрөө өөрийнхөө эзэн болж амьдардаг. Тэгээд бусадтай эрүүл зөв харилцааг алддаг. Ийм хүн нь өөрийгөө төв болгон, өөрийн нэр алдар, сайн сайхан төлөө амин хувиа хичээж амьдардаг. Тиймээс бид өдөр бүр бидний дотор байнга төрж байдаг бардам гэмийн сэтгэлийг гэмшиж, даруу сэтгэлтэй болохын төлөө сүнсний тэмцэл хийх хэрэгт. Хэрэв тэгэхгүй бол бид хэсэг хугацаа өнгөрөхөд, дээрх тариаланчидтай адил үйлдэл ба хандлагыг Бурхан болоод бусдад өөрийн эрэхгүй гаргах болно.
2-рт Шуналын сэтгэлд автсан. Тариаланчид талбайн эзний маш сайн бэлдсэн талбайд ажиллах үед ургацын цагт их жимс хураасан. Тэгээд тэд үргэлжлүүлэн энэ талбайд ийнхүү жил бүр ажиллаад байвал арвин их үр жимстэй болох юм байна гэж бодсон. Тэгээд эцэст нь ийм үр жимс их хураадаг талбайн эзэн болохыг хүссэн. Энэ бол шуналын сэтгэл юм. Эндээс харвал шуналын сэтгэл нь хүнийг бодох ёсгүй зүйлсийг бодогдуулж, хийх ёсгүй зүйлсхийг хийхэд хүргэдэг. Иаков 1:15-д хүний хүсэл шунал ихэсвэл нүглийг төрүүлнэ гэж хэлсэн. Тариаланчид эзнээс урвасан нь хүсэл ба шуналаас болсон бөгөөд, бүх хүн Бурханы ивээлээс салах гол шалгаан нь шуналын гэмээс болдог юм. Тиймээс бидний сэтгэлд хогийн ургамал мэт хүчтэй ургаж байдаг шуналын сэтгэлийг дариу гэмшин сугалах хэрэгтэй.
3-рт Талархах сэтгэлийг алдсан. Тариаланчид эхэндээ бол даруу сэтгэлээр, өөрсдөд нь талбайг хариуцуулсанд, эзэнд маш их талархах сэтгэлээр дүүрэн байсан байх. Гэвч цаг хугацааны дараа тэдний авсан бүх ивээл нь байх ёстой, би угаасаа л энэ бүх зүйлсийг хүртэх, эдлэх ёстой байсан юм шиг бодох болсон. Энэ бол талархах сэтгэлгүй хүний хандлага юм.
Ром 1:21-д “Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ”. Эндээс харвал хүн Бурханыг мэдсэн атлаа Бурханыг алдаршуулж, Түүнд талархал өргөж амьдрахгүй бол хүний бодол санаа, өөрийн эрхгүй хоосорч, зүрх сэтгэл ухваргүй болж, харанхуйгаар дүүрч гажууддаг гэдгийг хэлж байна. ялангуяа итгэгч хүмүүс гэм ба үхлээс чөлөөлөгдөж, мөнх амь ба авралыг өгсөн Бурханыг алдаршуулж, Бурханд байнга талархахгүй бол бидний бодол санаа автоматаар хоосрох болно. Өрөөр хэлбэл бид Бурханыг алдаршуулахын төлөө, өөрийгөө идэвхтэй зориулж, өдөр бүр Бурханд чинь сэтгэлийн талархал өргөн амьдрахгүй бол сүнсний доройтолд орох болно. Тиймээс бид өөрсдийгөө идэвхтэй Бурханы алдаршуулахын төлөө зориулж, чинь сэтгэлийн талархал өргөдөг амьдралаар амьдрах хэрэгтэй.
Элч Паул олон сүм чуулган байгуулж, насан турш Бурханы өөрт өгсөн хайр ивээлийг зөвөөр эдэлж, Бурханд гайхамшигтай хэрэглэгдэж, Бурханы үүргийн дагуу эцэс хүртэл итгэлээр амьдарч чадсан. Үүний гол шалтгаан нь Бурханы өөрт өгсөн авралын хайр ивээлийг байнга санаж, талархдаг байсан учраас Бурханд ийнхүү хэрэглэгдэж чадсан. Өнөөдөр бид ч гэсэн Бурхан намайг хэн байхад, хэн болгосон Бурханы анх өгсөн хайр ивээлийг цаг ямагт санаж байвал миний сэтгэл талархлаар дүүрэн болж, Бурханы алдар ба үүргийн төлөө өөрийгөө хичээнгүй зориулж, Бурхантай зөв харилцаатай амьдарч, эцэст хүртэл итгэлийн замаар амьдарч чадна. Тиймээс бид өдөр бүр миний дотор төрдөг бардам ба шуналын гэмийн мөн чанарыг гэмшиж, өдөр бүр Бурханы надад үзүүлсэн хайр ивээлд талархаж, Бурханы алдар ба хаанчлалын төлөө бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаа хандуулбал, сул дорой миний амьдралаар дамжуулан, алдаршиж, би Бурханы энэ цаг үеийн авралын ажилд нандинаар хэрэглэгдэх болно.
Дүгнэлт: Бурхан бидний хүн нэг бүрийг өөрийн бэлдсэн усан үзмийн талбайд ажиллах онцгой ивээл ба үүргийг өгсөн. Бид Бурханы надад түр хариуцуулсан бүх зүйлд хэрхэн хандаж байна вэ?, Бид Бурхан Эзнийг цор ганц Хүү Есүст хэрхэн хандаж байна вэ? Бурханы надад өгсөн дуудлага ба үүрэгт хэрхэн хандаж байна вэ? Бурханы надад өгсөн ивээл ба ерөөлийг өдөр бүр санаж, талархан Бурханд алдрыг өргөн амьдарснаар, Түүний ивээлийг зөвөөр эдэлж, Бурханы хүсэж буй зохистой үр жимсийг ургуулдаг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН