Өдөр бүрийн хоол /2026.02.10/

Зоригтой байцгаая

1Шастир 19:1-19
1Шастир 19:13

“Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв”

Аммончуудын хаан Нахош өөд болж түүний хүү оронд нь хаан болов. (11) Тэгээд Давид Нахошийн хүү Ханунд эцгийнх нь тухай түүнийг тайтгаруулахаар элч нарыг илгээв. (2) Уг нь эв найрамдлын харилцаа тогтоохын төлөө Давид элч нарыг илгээсэн боловч Аммоны хөвгүүдийн түшмэд хотыг нь тандахаар ирсэн хэмээн буруугаар ойлгон элч нарыг ихээр доромжлов. (3-5) Тухайн үед Давид хаа ч явсан ялалт байгуулж байсныг мэдсэн Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсныг мэдэв. (6) Тэгээд тэд арамчуудад маш их мөнгө төлөн тэрэг ба морьт цэргүүдийг хөлслөн авсан бөгөөд тэрэг гэхэд гучин хоёр мянга байв. (6,7) Давид үүнийг сонсоод Иоабыг хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв. (8) Тулалдааны тэргүүн эгнээ түүний урд ба ард талд нь өрнөж байгааг Иоаб хараад Израилын шилдэг зарим эрчүүдийг арамчуудын эсрэг жагсаан байрлуулж, үлдсэн хүмүүсийг өөрийн дүү Абишаигийн гарт даатган Аммоны хөвгүүдийн эсрэг тэднийг жагсаан байрлуулав. (10,11) Үүний дараа Иоаб Абишаид ийнхүү хэлэн түүнийг зоригжуулав. “Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв” (13) Гучин хоёр мянган тэргийг харахад зориг нь мохох байсан хэдий ч Иоаб энэ дайн нь Бурханы ард түмэн ба Түүний амласан газар хотуудыг хамгаалахын төлөөх Бурханы дайн гэдгийг санаад урам зоригтой болж чадсан. Мөн энэ нь Эзэний мэлмийд тааламжтай учир Эзэн тусална гэсэн бат итгэлтэй байв. Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд арамчуудын өөдөөс тулалдахаар ойртоход тэд зугтацгаав. (14) Аммоны хөвгүүд ч үүнийг хараад зугтав. (15) Ялагдсан арамчууд Евфрат мөрний чанад дахь Хададезерын цэргийн тэргүүлэгч жанжныг дуудан дахин ирсэн боловч энэ удаа Давид тэднийг бут цохив. (18) Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслах зориггүй болж Давидтай энхийг тогтоон түүнд зарагдах боллоо. (19) Ийнхүү өөрсдийн цэргийн хүч ба мэргэн ухаанд найддаг хүмүүс нь Бурхан хамт байдаг хүнд ялагдахаас өөр аргагүй юм.
Хэрэгжүүлэлт: Юуны төлөө зоригжих хэрэгтэй вэ?
Нэг үг: Бурханы ард түмэн ба хотын төлөө

өмнөх нийтлэл2026 Лук 48-р хичээл (02.15)
Дараагийн нийтлэл2026 оны Лук 47-р номлол (02.08) Калеб Ганболд хн