2026 оны эхний Иохан тусгай номлол (01.04) Галаа Петр

Бие биенээ хайрлагтун

Иохан 13:1-38,
Гол эшлэл 13:34

“Би та нарт шинэ тушаал өгье. Бие биеэ хайрлагтун. Би та нарт яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун.”

Өнөөдрийн номлолд Есүс шавь нарынхаа хөлийг угаасанаар төлөв даруу байх мөн үйлчлэлийн үлгэр жишээ болон бодитоор, Өөрийн биеэр харуулсан. Улмаар бие биенийхээ хөлийг угаахыг сургаж байна. Мөн Есүс Би та нарыг яаж хайралсны адил бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгж байна. Есүсийн шавь нарт өгж буй энэхүү шинэ тушаал нь Есүс явсаны дараа ертөнцөд үлдэн сайн мэдээний үүргийг биелүүлэхэд хүч болон эв нэгдмэл болох чухал тушаал юм. Өнөөдрийн үгээр дамжуулан Есүсийн шавь нарын амьдрал ямар байх талаар дахин шинэ сэтгэлээр сурч, бие биентэйгээ хайрын харилцаагаа сэргээн, хайраар дүүрэн өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Шавь нарынхаа хөлийг угаасан Есүс (1-17)
1а-г үзээрэй “Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг алгаслын баяраас өмнө Есүс мэдээд” мөн 3б-г үзвэл “Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд” гэж байна. Есүс алгаслын баярын өмнөх өдөр, Алгаслын баярын Бурханы Хурга нь болж загалмайн зовлонг эдлэх, явах цаг нь болсныг мэдэв. Хүн ер нь энэ хорвоогоос явах болсноо мэдвэл яах уу? Юу хийх үү? Мэдээж маш их айж, балмагтан шоконд орно. Ямартай ч хамгийн чухал гэснээ л захиас гэрээслэл болгон үлдээнэ. Харин Есүс ийм үед юуг хийж, юуг захин үлдээж байна бэ? 1б-г үзээрэй “Дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцсээ хүртэл хайрлав” гэв. Энд Есүс шавь нарыг Өөрийхнийгөө гэсэн нь тэднийг Өөрийн цусаар золин авж, Өөрийн өмч эзэмшил болгосон гэдгийг хэлж байна. Хүмүүс өөрийх нь болсон зүйл эсвэл хүнийг маш нандинд тооцон хайрлан хамгаалдаг. Үүнчлэн Есүс Өөрийн цусаараа худалдан авсан, шавь нар төдийгүй, сонгосон нэгэнийг Өөрийн өмч эзэмшил мэт хайрлан нандигнадаг.
Мөн Есүс Өөрийхнийгөө хайрлахад, эцсээ хүртэл хайрласан гэдэг нь төгс бүрэн мөн Өөрийгөө золиослон үхэх хүртэл хамгийн дээдийн хайраар хайрласан гэсэн утагтай. Харин тухайн үеийн шавь нарын байдал нь ямар байсан бэ? Лук 22:24-г үзвэл Есүстэй сүүлчийн зоог барих үед ч хоорондоо хэн нь хамгийн агуу болох талаар маргалдаж байв. Тэд загалмайн аймшигтай зовлон амсах, Есүсийн сэтгэлийг огт ойлгож чадалгүй, ойлгох сөхөөгүй дэлхийн амжилтанд хүрэх шунал, амин хувиа хичээх ба бардам сэтгэлээр дүүрэн байв. Мөн Есүсийн үгэнд оролгүй, залбирахгүйгээс болж, сорилтонд унан урваж, зугтахад бэлэн байсан. Есүс тэдний сул дорой бүхнийг мэдсэн боловч, тэдний байгаа байдлаас үл хамааран Өөрийн амийг золиосолтол төгс хайраар, эцсээ хүртэл хайралсан. Есүсийн бидэн уруу хандсан энэхүү хайр нь одоо ч хувирашгүй, хөдлөшгүй үнэн хайр юм.
Харин энэ үед диавол Искариотын Иудас дотор хүчтэй ажиллав. 2-г үзвэл дивол Есүсийг бариулах санааг Иудасын зүрхэнд өгөв. Энэ нь Диаволын ажил боловч, Иудас өөрөө мөнгөний шунал ба хорон муу санааг тээснээр, диаволд боломж өгсөн юм. Бидний зүрхэнд ертөнцийн хүсэл шунал ба хорон муу санаа дүүрэхэд, диавол ажиллах нөхцөл бүрддэг. Тиймээс итгэгч хүн бүр диаволд эзэмдүүлэхгүйн төлөө, сэтгэл ба санаа бодлуудыг ариунаар хамгаалах хэрэгтэй.
4,5-г эшлэлийг үзээрэй “Зоогийн ширээнээс босож, гадуур хувцаас тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд савад ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.” Тухайн үед хүмүүс гадаа шороо ихтэй, мөн ихэнх нь сандал өмсдөг тул гаднаас орж ирхэд заавал хөл угаах заншилтай байв. Гэхдээ энэ ажлыг айлын хамгийн өчүүхэн зарц хийдэг байв. Гэтэл Есүс гэнэт зарц мэт тэдний өмнө өвдөг сөгдөн нэг нэгээр нь хөлийг угаан алчуураар арчив. Харин шавь нарын хэн нь ч өөрийгөө бусдаас дорд тавин үйлчлэхийг хүсэхгүй байсан нь ойлгомжтой. Бие биенийхээ хиртэй, хөлстэй, шивэртэй үнэр танартай хөлнүүдийг угаана гэдэг бол боломжгүй мэт байсан. Есүс ийм тэднийг зэмлэн загнаж болох байсан. Харин Есүс тэдний өмнө Өөрийгөө даруу болгон зарц болж, тэдний хөлийг угаав. Үүгээрээ Есүс Өөрийгөө агуу төлөв дуруу болгон, бодитоор бусдын хөлийг угаан үйлчлэхийг биечлэн харуулсан юм.
Мөн цаашлаад хөлийг угаасан нь Есүс загалмайд үхэх хүртэл Өөрийгөө дорд болгон загалмай дээр урсах цусаараа бүх хүний гэмийг цэвэрлэн угаана гэдгийг илчилсэн үйлдэл байсан. Тийм учраас Петр ч Есүсээр хөлөө угаалгах ёстой байв. Харин 6-8-г үзвэл Петр Есүсийн үйлдлийг хараахан ойлгоогүй учир, “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” хэмээн хатуу татгалзав. Петр өөрийгөө шавь хүний хувьд Багшаараа хөлөө угаалгах нь ёс зүйгүй үйлдэл гэсэн хүний бодолд бат зогсож байв. Мөн өөрийн бохир хөлийг өөрөө угааж цэвэр болгоно гэсэн бат бодолтой байсан.
8б-г үзээрэй Есүс Петрт “Би чамайг угаахгүй бол чамд Надтай гэх хувь үгүй” гэв. Энэ нь Есүсээр гэмээ угаалгаснаар Түүнтэй нэгдмэл болж хожим Түүнтэй хамт Бурханы хаанчлалын өв залгамжлагч болно гэсэн утагтай. Тиймээс хэн ч гэмтэй, бохирдсон хөлөө ил гарган, Есүсийн цусаар угаалган гэмийн өршөөлийг авах хэрэгтэй.
Есүсийн үгийг сонссон Петр илүү угаах тусам, хувь нь нэмэгдэнэ гэж бодсон ч юмуу хөл, гар, толгойгоо хүртэл бүгдийг угаалгахыг хүссэн(9). Есүс ийм түүнд “усанд орсон хүн хөлөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрэй биш шүү” гэв(10). Энд усанд орсон хүн нь бүхэлдээ цэвэр байна гэдэг нь Христийг хүлээн зөвшөөрөн итгэсэн, Ариун Сүнсээр дахин төрж, шинэ хүн болсоныг хэлж байна. Нэг удаа дахин төрсөн нь үндсээрэй өөрчлөгдсөн учраас, дахин дахин төрөх шаардлагагүй. Хөлийг угаах нь өдөр тутам үйлддэг гэмийг гэмшиснээр цэвэр болохыг хэлж байна. Энэ нь бидний амьдралын турш, хийх зүйл юм.
Мөн 10б, 11б-г үзвэл Есүс хоёр ч удаа “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” хэмээн айлдсан. Энэ нь хэдийгээр чуулганд явж байгаа Есүст итгэдэг гэх боловч, зүрс сэтгэлдээ 100% Есүсийг хүлээн авч хараахан чадаагүй, Ариун Сүнсээр дахин төрөөгүй хүн байдаг шүү гэдийг хэлж байна. Ийм хүн нь 100% өөрийгөө үгүйсгэнэ, золиос зориулалт гарган амьдарна гэдийг өөрийнхөөрөө ойлгодог. Тиймээс хүний санаа бодол, өөрийн хүч чадалд түшиглэн амьдардаг. Өөрт нийцэж байвал, ашигтай бол дагадаг. Хэдий тийм байсан ч гэсэн Есүс бүгдийг нь хайрласан. Ямар ч ялгаварлал үгүй хайрласан юм.
Одоо 12-14 эшлэлийг үзээрэй. “Та нарт би юу хийснийг мэдэж байна уу? та нар Намайг, Багш, Эзэн гэж дуудаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би Эзэн бөгөөд Багш атлаа, та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай”. Уг нь Есүс Багш, Эзэн учраас тэд Есүсийн хөлийг угаан, үйлчлэх нь зохистой байв. Гэтэл эсэргээрэй Есүс тэдэнд үйлчилсэн. Энэ үг нь Эзэнээс гэмийн өршөөл ба хайрыг авсан нь бие биенийхээ хөлийг угаах үүрэгтэй болсон гэсэн утагтай. Тиймээс бид элч Паулын хэлсэнчлэн бусдад өртэй сэтгэлээр хөлийг нь угаан үйлчлэн амьдрах хэрэгтэй юм.
Хожим Өөрийх нь хөлийг угааж өгсөн Есүсийн хайрыг ухаарсан Петр 1Петр 1:22-т “Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж, чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Тийнхүү бие биенээ зүрний гүнээс хайрлагтун.” Мөн 1Петр4:8-д “юуны өмнө, бие биеэ байнга хайрла. Хайр нь тоо томшгүй нүглийг халхалдаг.” хэмээн бичсэн байдаг.
17-р эшлэлийг үзвэл. “Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.” Есүс шавь хүний хувьд Эзэний өгсөн энэхүү үүргийг сайн ухамсарлан, үйлдэх нь жинхэнэ сүнслэг ерөөлийг эдлэн, амар тайван ба баяр хөөрийг амсан амьдрах юм гэдийг тодорхой зааж өгч байна.
2. Бие биенээ хайрлагтун (18-38)
18-30-д Есүсийг Исакриотын Иудас урвана гэдгийг хэлж байна. 18-г үзвэл Есүс Дуулал 41:9-р эшлэлээс эш татан, зөгнөлийн дагуу хамгийн ойр дотны хүнээс нэг нь Өөрөөс нь урвана гэдгийг хэлж байна. Есүс энэхүү Иудасын урвалтыг урдчилан хэлж буй нь энэ нь биелэх үед, Есүс үгийн дагуу, биелэж байгааг ухаараад, шавь нарын итгэл нь ганхахгүй, эргэлзээнд автахгүйн тулд байв(19). Мөн Исакриотын Иудаст ч гэмшин эргэх боломж өгөхийн тулд байлаа.
34,35-р эшлэлийг бүгдээрээ хамт үзье. “Би та нарт шинэ тушаал өгье. Бие биенээ хайрлагтун. Би та нарыг яаж хайралсны адил та нар мөн бие биенээ хайрлагтун. Бие биедээ хайртай байваас үүгээр чинь та нарыг Миний шавь гэдгийг бүгд мэдэх болно.” гэлээ. Энд Есүс бие биенээ хайрлах талаар, шинэ тушаалыг өгж байна. Хуучин гэрээнд бол Леви 19:18-д “Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла.” Энд хөршийг хайрлах хайрын хэмжүүр нь өөрийгөө хайрлах мэтээр хайрла гэв. Харин одоо шинэ тушаалын хайрын хэмжүүр нь Есүс Өөрийгөө бидний төлөө золиослон бүхнээ зориулан, эцсээ хүртэл хайрласан хайр юм. Есүс биднийг яаж хайрласан тэр л хайраар, та нар бие биенээ хайрлагтун гэж байна. Бусдыг ийнхүү Есүсийн хайраар хайрлахад л Есүсийн шавь гэдгийг хүмүүс мэднэ гэж байна.
Есүсийн асгаруулсан цусанд итгэгч хүн нүглээсээ уучлагдаж, Бурханы хүүхэд болдог. Бид Ариун Сүнсийг хүлээн авдаг. Ариун Сүнс бидний дотор ажиллаж, нүгэлт уг чанарыг үхүүлж, шинэ амьдралаар амьдрах хүч өгдөг. Тиймээс шинэ тушаал нь хүний хүчинд биш, Бурханы нигүүлсэл болон Ариун Сүнсний хүч дээр суурилдаг юм.
Гэгээн Авустины хэлсэн үг: “Бурхан бидний өөрсдөө хийж чадахгүй зүйлийг тушаадаг ч, Тэр биднийг хийх боломжгүй зүйлийг хийхийг тушаадаггүй. Харин Тэр бидэнд хийж чадах боломжоор хангадаг.”
Ийнхүү хайр нь чухам энэ ертөнцийн хайр бус агапе буюу Бурханы хайр юм. Тэгвэл бид бие биенээ хэрхэн Есүсийн хайрласан шиг хайрлаж чадах вэ?
1-рт Тушаалыг дуулгавартай дагах.
Энэ бол Есүсийн бидэн айлдсан сүүлчийн бөгөөд шинэ тушаал юм. Тиймээс бид олон зүйл бодож, эрэгцүүлэх огт шаардлагагүй цэрэг адил “мэдлээ гүйцэтгье” гэхэд л болно. Энэ нь бидэнд хялбар ч байх болно. Тушаалыг дуулгавартай дагна гэсэн шийдвэр хэрэгтэй. Шийдвэр гарган, дуургавартай дагах юм бол бид бие биенээ идвэхтэй хайрлаж чадна.
Та “тушаал” болон “дуулгавартай байдал” гэдэг үгийг сонсоход юу мэдэрдэг вэ? Заримд нь харшил өгөх мэт санагдаж магадгүй. Магадгүй эдгээр үгс бидний тэрслүү нүгэлт уг чанарыг өдөөж байж болох юм. Гэвч Христ биднийг хэрхэн хайрласныг санах үед, Түүний тушаал нь хүнд ачаа биш гэдгийг ойлгоно. Энэ нь бидний төлөөх Түүний золиослогч хайрыг илэрхийлдэг. Энэ нь биднийг эрх чөлөөтэй болгож, аз жаргалтай, баяр хөөртэй амьдрах боломж олгодог. Тиймээс бид бүхэн “Дуулгавартай байдал” болон “тушаал” гэдэг үгсэд хандах сэтгэлгээгээ өөрчилье. Есүсийн шинэ тушаалыг итгэлээр дуулгавартай дагацгаая.
2-рт бодитоор хайрлах хэрэгтэй.
Есүсийн тушаасан хайр нь хийсвэр хайр бус бодитой хайр юм.
“Бие биенээ хайрла” гэж хэлэхэд амархан. Гэвч бодит амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл байдаг. Бид Христийн зан чанарт, Түүний даруу байдал, өршөөнгүй хайр, тэвчээртэй нигүүлсэл, удаан тэсвэр, унтаршгүй найдвар болон бусад зүйлсэд бүх талаар өсөх ёстой. Бид бусдыг илүү сайн ойлгож сурах ёстой. Үе үеийн ялгааг даван туулж, хайрыг зөвөөр илэрхийлж сурах ёстой. Бид Бурханы өмнө очин бие биенийхээ төлөө хичээнгүйлэн зуучлан залбирал өргөж, нэг нэгэндээ санаа тавьж сурах хэргтэй. Тэгснээр Ариун Сүнс бидэнд бодитоор хайрлахад туслах болно. Бурханыг баярлуулах, Бурханы хаанчлалын ажилд нандинаар хэрэглэгдэж чадах хамгийн чухал зүйл бол бие биенээ хайрлах явдал юм.
3-рт золиослын хайраар хайрлах хэрэгтэй.
Есүсийн бидэнийг хайрласан хайр нь Өөрийгөө золиосолсон хайр юм. Үүнчлэн бид ч бусдын төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй. Сэтгэл санаа өөдрөг, хайралмаар үед хайрлаж, хэцүү тавгүй үед хайрлахгүй байх нь жинэхэн хайр биш юм. Өөрөө хэцүү үедч завгүй үед ч, олон асуудал дунд байсан ч, боломж муутай байсан ч, өөрийгөө үгүйсгэн золиос гарган хайрлах, цаашлаад Есүс амиа хүртэл золиослон намайг хайралсан шиг бусдыг хайрлах нь Есүсийн тушаалыг биелүүлж байгаа хэрэг юм.
Бид бие биенээ хайрла гэсэн тушаалыг хэрхэн дуулгавартай дагаж байна вэ? идвэхтэйгээр бодитой, золиос гарган, хайрлаж чадаж байна уу? хайлах нь бүү хэл, бие биенээ муулан эсэргүүцэж, атаархан, үл тоомсорлож байгаа юм биш биз. Энд сууж байгаа хүн бүр одоо би яавал Есүсийн хайрыг хэрэгжүүлэх вэ? гэдгийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Хичнээн агуу ажил бүтээсэн ч, хайраар хийхгүй бол, хоосон болно. Харин хичнээн өчүүхэн зүйлийг ч хайраар хийвэл агуу ажил болох юм. Бид Есүсийн хайраар бие биенээ хайралснаар, жинхэнэ Есүсийн шавиар өгөж чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа хүлээн зөвшөөрөхөд хэцүү хамтран зүтгэгч, мөн эхнэр нөхөр бие биенээ хайралдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Бие биенийхээ хөлийг угаан, ямар ч алдаа зөрчил, сул талуудыг уучлан тэвчиж, зүрхнээсээ хайралсанаар манай чуулганд олон Есүсийн шавь нар босож чадахыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт:
Бурханы хайраар бид бүгд дахин дүүргэгдэх болтугай. Христэд болон бие биендээ хандах Бурханы хайр зүрхэнд маань дүрэлзэх үед бид нэг болдог. Бид хамтдаа хүчтэй болдог. Бидэнд олон бэрхшээл, сорилтууд тулгарч байгаа, цаашид ч тулгарсаар л байх болно. Өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл, нийгмээс ирэх уруу талтлага, оюутнуудын зүрхний эсэргүүцэл, гэр бүлийн асуудлууд, техник технологийн сорилтууд /сошиал ертөнц/ гэх мэт маш олон бэрхшээл байгаа. Гэвч бид Христийн хайраар бие биенээ хайрлах үед Түүний хайр агуу гал мэт дүрэлзэж, бүх саад бэрхшээлийг устгана. Бид хаа байгаа газар бүртээ Есүсий гэрэл давсаар дэлхийд гэрэлтэх болно. Бид дэлхийг ялж, Бурханд алдарыг өргөх болно. Бид бие биенээ хайрлах үед асар их ерөөлийг хүлээн авах болно. Бид зүрхэндээ жинхэнэ амар тайван, баяр хөөртэй болж, Бид Ариун Сүнсний үр жимсийг булгын ус мэт оргилуулж амьдрах болно.
2026 он төдийгүй цаашид ч Есүсийн хайранд өссөн жил байх болтугай. Бие биеэ Есүс биднийг хайрласны адил хайрлая. Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2026.01.06/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.08/