2025 оны Христмасын 2-р номлол (12.14) Н. Ариунболд хн

Эзэний шивэгчин учир

Лук 1:26-56
Гол эшлэл 1:38

“Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.”

Хайр ивээлээр дүүрэн хайртай Бурхан Ааваа өнөөдрийн өдрийг удирдан өгч байгаад талархаж байна. Христмас баярын 2 дахь цуглааныг өргөх боломж гарган өгсөнд баярлалаа. Өнөөдрийн үгээр дамжуулан таны үгнээс сайтар суралцаж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлж чадахад удирдаж өгөөч. Энд ирсэн хүн бүр дээр Таны Ариун сүнс бялхам дүүрэн байж, үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авахад удирдаж өгөөрэй. Бүгдийг таньд даатгаад Есүсийн нэр дээр даатган гуйж байна.
Өнөөдрийн зарлигаар дамжуулан Есүсийн эх Мариагийн итгэл, дуулгавартай байдлыг мөн энэ дэлхийд ирэх Есүс хэн бэ гэдгийг хамтдаа суралцана. Захариа Елизабет нар харанхуй, ямар ч найдваргүй үед ч Бурханд хандан үргэлж залбирч итгэлээ сахиснаар Авралын ажилд хэрэглэгдэх нандин сав болсоны адил Мариа ч мөн итгэлтэй дуулгавартай байдлыг үзүүлэн Бурханы үгэнд итгэснээр өөрөө ч ойлгож мэдэж чадахааргүй гайхамшигтай ивээлийг хальтал дүүрнээр хүлээн авсан юм. Өнөөдөр энэ цагт бидэнд Бурхан Өөрийн хайр ивээлийг хальтал бялхам дүүрэн ивээн өгөхөөр биднийг урьсан байна. Мариа адил төлөв даруу зүрх сэтгэлээр үгийг хүлээн авахад удирдан өгөөрэй. Энэ цагт Бурханы бидэнд өгч буй ивээл юу вэ? гэдгийг сайн сурахыг гуйж байна.
1. Ивээгдэгч ээ баярла (26-33)
26-р эшлэлийг үзээрэй. “Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ” Энэхүү элч нь Захариа Елизабетд хүү болон өгөгдсөн гайхамшигт үйл явдлаас хойш буюу Елизабет жирэмсэн болсноос хойш зургаан сарын дараа хүн төрөлхтөний Аврагчаар мэндлэх Есүсийн эхийг сонгохын тулд Бурхан Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу илгээсэн.
Иудейчүүдийн хувьд аврагч Мессиа төрнө гэвэл хэн нэгэн итгэлтэй тахилчийн удмаас юмуу эсвэл боловсролтой гэр бүлээс гаралтай байна гэж андуурч бодсон.
Бурханы төлөвлөгөө нь бидний бодож төсөөлж байснаас шал өөрөөр явагддаг. Тиймээс Есүс Иудейн төв газарт биш, хэн ч анхаардаггүй, гадуурхагдсан Назар хотод амьдарч байсан төлөв даруу, итгэлтэй хүмүүс болох Иосеф, Мариа нарыг Мессиаг төрүүлэх хамгийн чухал түүхэнд хэрэглэхээр сонгосон. Мариа Иосеф нар даруу байж, Бурханы ажилд хэрэглэгдэх нандин сав болсон шиг бид ч мөн төлөв даруу байснаар Бурханы ажилд хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
27-р эшлэлийг үзвэл Мариа Давидын удам болох Иосефтой сүй тавьсан байлаа. Израйлийн ёс заншлаар бол хуримаа хийхээс нэг жилийн өмнө сүй тавьж энэ хугацаанд хүргэн ба бэр хоорондоо харилцаа тогтоолгүй байж хоёулаа хувь хувьдаа бэлтгэл ажлаа хийж, хуримдаа бэлддэг байсан. Хүргэн нэг жилийн дараа бэрээ ирж авнаа гээд амлалтаа өгөөд явдаг. Энэ нь хуулийн ёсоор яг гэрлэлттэй адилхан бөгөөд, хэрэв хэн нэг нь амлалтаа зөрчин завхайрвал чулуудуулан алуулуулах хуультай байсан. Сүй тавиад хуримаа хийх гэж байгаа цаг үе бол хамгийн аз жаргалтай үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай цаг мөч байдаг. Сүйт залуу Иосеф нь Давид хааны удмын жирийн нэгэн төлөв даруу, итгэлтэй мужаан байсан. Ийм л Иосефтэй хуримлах гэж байгаа Мариагийн хувьд ирээдүйд нь төлөвлөсөн төлөвлөгөө хүсэл мөрөөдлөөр дүүрэн цаг үе байж таарна. Энэ үед тэрээр хамгийн аз жаргалтай байсан нь мэдээжийн хэрэг. Түүнд үүнээс өөр аз жаргал, баяр хөөр хэрэггүй байсан.
Гэтэл Мариад гэнэт юу тохиолдсон бэ? 28-г үзээрэй. Тэнгэрэлч Габриел Мариад үзэгдэн ийнхүү мэндчилэв. “Ивээгдэгч ээ баярла! Эзэн чамтай хамт байна.” Харин Мариа энэ үгэнд ихэд цочин энэ нь юун мэндчилгээ байх вэ? хэмээн энэ талаар эргэцүүлэн бодов. Мариа одоо Иосефтой гэрлэх болсон ивээлдээ сэтгэл хангалуун байсан тул үүнээс өөр ивээлийг төсөөлж чадахгүй байв. Гэтэл тэнгэрэлч түүнийг Эзэний ивээлийг авсан “Ивээгдэгч” гэв. Тэгээд “Мариа бүү ай! Чи Бурханы тааллыг олжээ” хэмээн айж буй Мариаг тайвшруулав.
“Ивээл” гэдэг нь ямар нэгэн сайн үйлс гаргаагүй байхад, ямар нэгэн онцгой болзлыг хангаагүй байхад Бурханы зүгээс үнэ төлбөргүй ирдэг бэлгийг зааж байна. Мариа Бурханы Хүү Аврагч Мессиаг төрүүлэх хамгийн нандин ивээлийг авсан. Тэрээр Бурханы Авралын түүхэнд нандинаар бичигдэн дурсагдах ивээлийг авч байна. Мариа төдийгүй библээс харвал бидэнд өгөгдөж байгаа ивээлээс хамгийн аугаа нь Бурханы ажилд хэрэглэгдэх юм.
Бидний хувьд ивээл гэдэг нь юу вэ? Миний, таны нөхцөл байдлаас үл хамааран Бурханаас өгөгдсөн бэлгүүд юм. Бидэнд байгаа онцгой ивээл нь Бурханд дуудагдан, сонгогдсон онцгой ивээл юм. Адамын гэмээс болоод сатаны боолчлолд байсан хүн төрөлхтөнд Бурхан Авралын хайр ивээлээ ямар ч үнэ төлбөргүйгээр өгсөн юм.
Биднийг ч бас Бурхан ямар ч болзолгүйгээр Өөрийн сайн мэдээг бүх дэлхийд тараалгахаар сонгон дуудсан. Гэмд хүлэгдсэн, ямар ч тэмцэлгүй тэгээд бүр гэмийн хүлээсэндээ байсаар гарч чадахгүй бид бүхнийг сонгон дуудсанаараа Өөрийн дундаршгүй хайр ивээлийг хүртээсэн гэж хүсэж бидэнд ивээлийг дүүрэн зөвшөөрөн өгдөг. Алт хайж байгаа хүмүүс газраас жаахан ч гэсэн алт олох үедээ үнэхээр баярладаг. Тэгээд үргэлжлүүлээд алт олохыг хүссэн ч алт нь тийм ч амар олдох эд биш. Тийнхүү заримдаа тэд алтаа хайхаа больдог. Гэвч алт гарсан газраа сайтар харан зөв хайгуул хийвэл жинхэнэ цул алтны судлыг олдог.
Үүн шиг бид ивээлийн дөнгөж зах зухыг хараад өөрийн амьдралд тохиолдож буй багахан өөрчлөлтийг харан сэтгэл ханах нь Бурханы жинхэнэ хүсэл биш юм. Харин алтны судлыг даган эрэл хайгуул хийдэг шиг Бурханы үгийг судалж, Бурханы бидэнд амласан ивээл ерөөлтэй амьдралаар амьдрах нь чухал юм.
Бид энэ дэлхийд сайн хүнээр амьдрах нь энгийн л зүйл. Харин энэ дэлхийд сайн мэдээний төлөө амьдрах нь үнэхээр хайр ивээлтэй дундаршгүй алт олсон мэт онцгой ивээл билээ. Гэмийн боолоор амьдрахаас аргагүй байсан бид энэ дэлхийн хоосон бардамнал, бахдалын төлөө зүдэн зүтгэх байсан бид Бурхан Эзэнд үйлчилж мөнхийн үхэл уруу явж буй залуусыг авран Есүсийн дагалдагч болгох ажилд хэрэглэгдэх болсон нь үнэхээр хамгийн том ивээл юм. “Ивээгдэгч ээ баярла. Эзэн чамтай хамт байна”
Тэгвэл Мариагийн төрүүлэх Хүү нь хэн бэ?
31-г үзээрэй. “Үзэгтүн, Чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно”. Тэнгэрэлч түүний төрүүлэх Хүүг Есүс гэж нэрлээрэй гэв. Есүс гэдэг нэр нь Өөрийн ард түмнийг гэм нүглээс нь аврах Аврагч гэсэн утгатай. Мариагийн төрүүлэх Хүү нь хүн төрөлхтнийг гэмээс аврах цорын ганц Аврагч Мессиа юм.
Хүн бүрт өөрт нь таарсан олон олон асуудал байдаг. Хөгшин өндөр настан байна уу? Эсвэл дөнгөж хөлд орж байгаа хүүхэд байна уу? Бүгдэд нь асуудал байдаг. Гэхдээ бидний хамгийн том асуудал бол гэмийн хүлээсэнд амьдарч байгаа явдал юм. Бурханд итгээгүй бүх хүн гэмийн хүлээсэнд амьдарч байгаа тул хичнээн хөрөнгө мөнгөтэй, мэдлэг боловсролтой, авъяас чадвартай, өндөр байр суурьтай байсан ч жинхэнэ сэтгэл ханамж, амар тайван ба аз жаргалыг амсаж чадахгүй.
Мөн энэ дэлхийн хэн ч гэмээс ирдэг зовлон ба үр дагавраас биднийг аварч чадахгүй. Зөвхөн Аврагчаар төрсөн Есүс л чадна. Учир нь Есүс хүн төрөлхтний бүх гэмийг үүрэн загалмайд цовдлогдон амилснаар гэм ба үхлийн асуудлыг бүрэн шийдсэн юм.
32-33-г үзээрэй. Тэнгэрэлч үргэлжлүүлэн Есүсийг хэн болохыг тайлбарлаж байна.
1-рт: Есүс аугаа Нэгэн болно.
32а “Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана” Энэ дэлхийд аугаа хүн олон боловч Есүстэй харьцуулшгүй юм. Учир нь Есүс бүх талаараа аугаа билээ. Юуны түрүүн Есүс дотоод чанараараа аугаа юм. Ялангуяа Есүсийн төлөв даруу чанар нь Түүнийг аугаа болгосон. Уг нь Есүс хамгийн дээр тэнгэрийн хаанчлалд сүр алдрыг эдэлж байсан. Гэтэл гэмтэй биднийг аврахын төлөө Өөрийгөө дорд болгон хязгаарлагдмал хүч чадалтай, махан биетэй хүн болж энэ дэлхийд, малын тэвшинд мэндэлсэн, мөн үүгээр ч зогсохгүй гэмтэй сул дорой хүмүүсийг ялгаварлалгүйгээр үйлчилснийг харахад Түүнийг дотоод чанарын хувьд аугаа гэхгүй байхын аргагүй юм. Ер нь хүмүүс хичнээн авъяас чадалтай, мэдлэгтэй, эрх мэдэлтэй байлаа ч төлөв даруу биш бол аугаа гэж үнэлэгдэхгүй. Харин Есүс Бурханы Хүү боловч төлөв даруу чанараар аугаа юм.
Мөн Есүс хүч чадлын хувьд аугаа байсан. Есүс бүх өвчнийг эдгээх хүчтэй, байгаль ертөнц төдийгүй, сүнсний ертөнцийг хүртэл захирах эрх мэдэлтэй. Түүний үгийн эрх мэдэл нь үхсэнийг хүртэл амилуулж байсан. Харин Түүнийг хамгийн аугаа болгосон нь гэм нүгэлтэй бидний төлөө Өөрийгөө загалмайд золиослосон хайр билээ.

2- рт. Есүс захирагч Хаан болно.
32б-г үзээрэй. “Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно” Энэ нь Есүс бол Давидын удмаас төрөх Хаан гэдгийг хэлж байна. 2Сам 7:12-16-д Бурхан Давидын удмаас Мессиа гарна гэж амласан. Тиймээс Иудейчүүд Мессиаг ирвэл Давид хаан шиг хайр, амар тайван, ба үнэн шударгаар хаанчилна гэж найдаж байсан. Бурхан амласныхаа дагуу Есүсийг Давидын хаан ширээг залгамжлагчаар илгээсэн. Харин Иудейдүүдийн найддаг шиг улс төрийн хаанаар бус, Сүнсний хаанаар илгээсэн. Тиймээс Есүс хайр, амар тайван, үнэн, шударга, нигүүлсэл ба эгэл даруугаар Захирагч Хаан болсон юм. Энэ дэлхийд бидний нүдэнд харагдахгүй 2 төрлийн хаанчлал оршдог. Нэг нь Бурханы хаанчлал нөгөө нь сатаны хаанчлал юм. Энэ дэлхийн хаанчлал нь төр засгийг хэн захиран удирдахаас хамааран ард түмний аз жаргал шийдэгддэг. Шударга бусаар дүүрэн улс төрчдөөс болж шаналан зовдог улс ард түмэн энэ дэлхийд олон байдаг. Үүнчлэн нүдэнд харагдахгүй ч сатаны захиргаан дор байдаг хүн нь үргэлж гэмийн хүсэл, шунал, гомдол, шантрал цөхрөл, үзэн ядалт, атаархал, айдас, санаа зовиур, хоосон харанхуй бодлоор дүүрэн байдаг.
Харин Есүсийг өөрийн Хаанаар хүлээн авбал Есүс түүнийг сатан ба гэмийн ноёрхлоос авран чөлөөлж өгнө. Үүгээр ч зогсохгүй хайр ба амар тайвнаар захирна. Тиймээс хаан Есүсээр захирагдах нэгэн нь хэцүү нөхцөл байдал дунд ч үргэлж баяр хөөр, амар тайван, эрх чөлөөг мэдэрч аз жаргалтай амьдардаг. Бид Есүсээр хаанчлуулахгүй бол автоматаар Сатан буюу муу сүнсээр хаанчлуулахаас өөр арга үгүй тиймээс Есүсийн хайр амар тайван уруу ирэхийг хүсэн ерөөж байна.
3- рт. Есүсийн хаанчлал үүрд мөнх тогтоно. 33-г үзээрэй. “Тэр Иаковын гэрийг үүрд мөнх хаанчлах бөгөөд, хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд”. Энд Иаковын гэр нь махбодын хувьд үр удам нь болсон Израйлыг давж, сүнсний үр удам болсон бүх итгэгчдийг хэлж байна. Есүсийн захиргаа буюу хаанчлалын онцлог нь үүрд мөнх орших юм. Дэлхийн улсууд ба хаанчлал нь түр зуур л оршсоор ирсэн. Үүрд хаанчлах байсан хүчирхэг улсууд нь төмөр бутран унах мэт хөнөөгдөн алга болсон. Харин Мессиагийн хаанчлал ба Түүний эрх мэдэл нь үүрд мөнх юм.

 

2. Эзэний шивэгчнийг харагтун (34-38)
Одоо зарлигийн 34-р зүйлийг үзээрэй “Мариа, тэнгэрэлчид би онгон атал энэ нь яаж бүтэх билээ” гэв. Эмч Лук энэ хүү номыг бичихдээ шинжлэх ухааны талаас боломжгүй гэдгийг тодотгон бичжээ. Тэрээр Мариа онгон буюу хүнтэй унтаагүй байж яаж хүүхэдтэй болох вэ? Энэ нь зөвхөн Ариун Сүнсний хийх ажил, тиймээс төрөх Хүү Ариун байж Авралын ажлыг хийнэ. Мариа хүний ёсоор хүүхэдтэй болбол гэмт чанартай учраас гэмтэй хүн хэзээ ч зууч болж чадахгүй.
35-р эшлэлийг үзээрэй. Тэнгэрэлч –Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно.
Бидний Аврагч болох Есүс Бурханы аргаар Ариун Сүнсний хүчээр бүрэлдэн бий болж, гэм зэмгүй төрнө гэдгийг хэлж байна. Мариагийн хэвлийд бүрэлдэж буй Хүү нь нэг талаасаа Бурхан мөн, нөгөө талаас Хүн мөн учир хүн Бурхан хоёрын зууч болж ирсэн. Хүний оюун ухаанаар, шинжлэх ухаанаар ойлгож чадахгүй боловч ийм аугаа гайхамшигтай ажлыг хийх болноо гэдгээ амлан хэлж байна. Мариагийн итгэлийг батжуулахын тулд тэнгэрэлч Елизабетд тохиолдсон гайхамшгийг түүнд хэлэв. 37-р эшлэл дээр “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.” Бурханы амлалт болон хүч чадалд итгэсэн Мариа тэнгэр элчийн үгийг дуулгавартай дагаж шийдвэр гаргаж байна.
38-р зүйлийг хамт уншье. Мариа –Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо.
Мариагийн энэхүү хариултаас бид хэд хэдэн зүйлийг сурч болно.
1-рт: Би хэн бэ? — Эзэний шивэгчнийг харагтун.
Мариагийн Бурханд итгэсэн шалтгаан нь өөрийгөө “Эзэний шивэгчин” гэдэг байр суурийг хүлээн зөвшөөрсөнд юм. Энэ нь Эзэний боол тул Бурханы амлалтанд итгэх, дуулгавартай дагах нөхцлийг бий болгосон. Мариад Бурханы агуу ивээл буюу дуудлага ирэхэд түүнээс татгалзах шалтгаан хангалттай байсан. 20-н нас ч хүрээгүй залуу бүсгүйд гэнэт ирсэн Бурханы ивээл дэндүү том учир дааж чадахааргүй байлаа. Хайртай хүнтэй гэр бүл болж нөхөртэй, хүүхдүүдтэй аз жаргалтай амьдрах гэсэн эгэл жирийн хүмүүсийн мөрөөдөлтэй бүсгүй Мариа өөр юу хүсэх билээ? Хамгийн гол нь тэр сүйт бүсгүй. Израилийн хуулиар сүй тавьснаас хойш сүйт хосуудын хэн нэг завхайрсан бол шууд чулуудуулан алуулах шийтгэлтэй. Эцэггүй хүүхэд гаргавал хүн бүхэн түүнийг завхайрсан гэж харах болно. Сүйт залуу Иосеф нь хүртэл түүнийг буруугаар бодож хаях болно. Мариагийн бүх мөрөөдөл талаар болж ивээл нь хараал мэт болох, амьдрал нь орвонгоороо эргэх магадлалтай байлаа.
Тиймээс тэрээр тэнгэрэлчид хэдэн өдрийн бодох хугацаа өгөөч гэж хэлэхээр байсан. Аав ээжээс асууя, ялангуяа сүйт залуу Иосефтой зөвлөлдөж байж Бурханд хэрэглэгдэх үгүйгээ шийдье гэж хэлээгүй. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэж шууд итгэлийн шийдвэр гаргасан. Мариа яаж шууд ийм итгэлийн шийдвэр гагаж чадсан бол оо? Мариа Бүтээгч Бурханы өмнө өөрийгөө олж харсан. Аав ээжийн хайртай охин, сүйт залуу Иосефийн эхнэр гэхээс илүүгээр Бүтээгч Бурханы боол, шивэгчин гэдэг байр суурийг хамгийн сайнаар ухаарсан билээ.
Эндээс үзвэл өөрийгөө Бурханы боол, шивэгчин, Бурхан бол миний Эзэн гэж харж чаддаг хүн өөрийгөө зориулан амьдарч чаддаг, ямар ч эрсдэл саад байсан ч туулан амьдарсаар байх болно гэдгийг сурч болно.
Бид ч бас Бурханы өмнө өөрийн байгаа байдлыг Бурханы үг зарилгийн дагуу сүнслэг нүдээр харж сурах хэрэгтэй.
Бурхан биднийг Авралын онцгой ажилдаа хэрэглэхээр дуудаж байхад хэн нэгнээс асууя, бодож байгаад дараа шийдээ хэлье гээд өөрөө өөрийнхөө эзэн болон амьдраад байгаа юм биш биздээ. Хэрвээ та ийм байдалтай байгаа бол яг одоо гэмшээрэй.
Библээс харвал итгэлийн олон баатрууд Бурханы амлалтанд итгэн, Бурханд өөрийгөө даатган, Бурханыг даган амьдарснаар, гайхалтай ивээлтэй, ерөөлтэй амьдралаар амьдарсан байдаг. Итгэхгүй байвал библи уншаарай гэж зөвлөмөөр байна.
2-рт: Дуулгавартай дагах — “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”.
Бурханы өмнө өөрийгөө зөв харсан учир Мариад итгэлийн шийдвэр гаргахад тээнгэлзэх шалтаг байхгүй байлаа. Тэрээр даруй Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэж дуулгавартай дагасан.
Энэхүү Мариагийн хэлсэн үгнээс бид дуулгавартай байдлын талаар хэд хэдэн зүйлийг сурах болно.
1-рт, дуулгавартай байдал нь итгэлийн асуудал юм. Мариа тэнгэрэлчийн үгийг 100 хувь бүрэн ойлгосондоо дуулгавартай байдал гаргаагүй. Тэнгэрэлчийн тайлбар, Ариун Сүнсний ажил, Елизабетд тохиолдсон гайхамшгийг сонссон боловч бодитоор бүх юм боломжгүй бөгөөд аюултай хэвээрээ байлаа. Гэсэн ч Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэж хэлсэн. Энэ нь 100 хувь ойлгосон учир дагана гэсэн үг биш, харин Бурханд бүрэн итгэж байгаа учир даатгана гэсний илэрхийлэл юм.
2-рт, дуулгавартай байдал нь хохирол биш, харин Бурханы авралын ажил хэрэглэгдэх нандин боломж юм. Мариагийн дуулгавартай байдал нь түүний түр зуурын хохирол мэт санагдсан боловч Бурхан Мариагаар дамжуулан Аврагч Есүсийг энэ дэлхийд илгээсэн бөгөөд Мариа энэ агуу ажилд хамгийн нандинаар хэрэглэгдсэн билээ. Бурхан хааяа биднээс дуулгавартай байдлыг шаардаж байгаа шалтгаан нь бидэнд зовлон учруулахын тул бус, харин Өөрийн авралын сайн үйлсэд биднийг оролцуулахын тулд юм. Тиймээс Бурхан биднийг ямар нэгэн ажилд дуудахад “яагаад надад ийм дарамт, хэцүү загалмайг өгөх гэж байна вэ?” гэж бодох бус, харин “Аа, Бурхан намайг Авралын сайн мэдээний ажилд хэрэглэх гэж байна, талархаж байна” гэж бодож дуулгавартай дагацгаая.
3-рт, дуулгавартай байдал нь аюулгүй зам биш, итгэлийн зам учир итгэлийн тэмцэл шаардагдана. Мариа итгэлийн шийдвэр гаргаж дуулгавартай байдал гаргасан ч, бодитоор аюултай байдал нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан. Завхайрсан эм гэж дуудагдах, чулуудуулах аюул, аав ээж хамаатан, сүйт залуу Иосеф нарын буруу ойлголт, ирээдүйн баталгаагүй байдал зэрэг аюултай байдал хэвээрээ байсан ч Мариа Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэж хэлснээр амар хялбар замыг бус, харин бартаатай боловч итгэлийн замыг сонгосон билээ.
4-рт, дуулгавартай байдал гаргах нь сэтгэлийн хөөрөөр бус, харин үгийг үндэслэж гаргадаг юм. Мариа Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэж хэлснийг ажиглан үзвэл сэтгэлийн хөөрөөр бус, харин Бурханы үгийг үндслэж шийдвэр гаргасныг харж болно. Бид хааяа сэтгэлд таалагдвал дуулгавартай дагаж, таалагдахгүй хохирол амсахаар байвал дагахгүй байдал гаргах, айдас төрвөл хөдлөхгүй, тээнэглзэж байдаг. Бид Мариа шиг Бурханы үгийг үндэслэж итгэлийн шийдвэр гаргадаг болохыг тулд сайн дасгалжуулагдахыг хүсэн гуйж байна.
(3) Елизабетийн зөвлөгөө (39-45)
Одоо зарлигийн 39, 40-р зүйлийг үзээрэй. Мариа дуулгавартай дагахыг шийдсэний дараа Бурханы ажлыг харахаар, мөн итгэлийн ах эгчийн зөвлөгөөг авахаар Иудагийн уулархаг нутаг уруу яаран явсан. Мариагийн явах зам нь аюул бартаа ихтэй байсан боловч бат итгэлийг олохын тулд Елизабет уруу явжээ.
Тусламж зөвлөгөө хэрэгтэй үед хэнд хандах, хэнээс үг сонсох нь чухал байдаг. Бид хэцүү үедээ сүнсний үзэл бодолгүй дэлхийн найзууд юмуу өөрийн сонсохыг хүссэн үгийг хэлж өгөх хүн дээр ихэвчлэн очдог. Харин Бурханы хүслийн дагуу хүн болох сүнслэг хамтрагч эсвэл хоньчин дээрээ очихоос эргэлзэх үеүд байдаг.
Гэхдээ сүнслэг төлөвшсөн хүн үнэн зөвөлгөөг өгөн үл итгэл ба эргэлзээ даван дийлэхэд бат итгэлийг олоход тусалж чадах юм. Бид асуудалтай тулгарч, сүнсний тусламж, бат итгэл хэрэгтэй үед үнэн ба амийн замаар хөтөлж чадах хүнд очин зөвөлгөөг авдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Яг үүнтэй адил бид ч мөн өөрийн хүлээн авсан хайр ивээл, итгэлийн шийдвэрээ Бурханыг бодон гаргасан ч зарим үед өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэх үе олон байдаг. Тийм учир Бурханы үнэн зөвлөгөөг өгч чадах хамтран зүтгэгч хоньчин дээр очин аливаа асуудлаа хуваалцан, хамтдаа залбирч, Бурханы талд бат зогсох шийдвэртээ үнэнч байх нь чухал юм.
Бид хэн нэгэн хамтран зүтгэгчийн төлөө чин сэтгэлээр талархаж чадсанаар өөрийгөө болон хамтран зүтгэгчээ үнэхээр босгон байгуулж чадна. Елизабет Бурханы талд бат зогсон Мариаг хичнээн их ерөөл авсныг хэлж өгөн урамшуулсан. Бид ч зөвлөгөө өгөхдөө Бурханы зүгээс хүнийг харан түүнд тавьсан Бурханы тааллыг олсноор түүнийг Бурхан уруу харахад туслах хэрэгтэй. Тэгээд бат итгэлтэй болоход тусалж итгэлийн шийдвэр гаргахад нь урам зориг өгөх хэрэгтэй. Ялангуяа зөвлөгч нь үүний төлөө Ариун Сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Урмын үгээ харамлалгүй хуваалцаж Елизабет адил үйлчлэлдээ баттай байхыг хүсэн ерөөж байна.
Елизабетын итгэлээр дүүрэн зөвлөгөөгөөр дамжуулан Мариагийн зүрхэнд байсан өчүүхэн эргэлзээ нь арилж зүрхний гүнээс баяр хөөр, талархал ба магтаал оргилон ундран гарсан. Хэрэв бид ийнхүү Мариа шиг шийдвэр гаргах цаг ирэх үед Эзэний талд баттай шийдвэр гаргах хүч чадалтай байхад удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.
Номлол бэлдэх цагаар дамжуулан Бурханы надад өгсөн онцгой хайр ивээлийг дахин санан ухаарлаа. Бурхан намайг хайрлан, онцгой ивээлээрээ намайг сонгон дуудсанд талархаж байна. Бурхан намайг дуудсан дуудлага нь Өөрийн авралын ажилдаа нандинаар хэрэглэхийн тулд билээ. Гэтэл би Бурханы дуудлагыг авсан хоньчин хэрнээ амьдралын тааламжит нөхцөлд хэт автан Бурханы замаар биш өөрийн замаар алхаж байгаагаа харлаа. Ямар ч үед Бурханы талд итгэлтэйгээр дуулгавартайгаар дагах итгэлийг дүүргэн өгөөч. Бид бүгд одоо болсон гэж өөрсдийгөө хазаарлалгүй харин ч Бурханы хамгийн хайртай хүүхдүүд болж, итгэлийн амьдралаар тууштай тэмцэлтэй амьдарцгаая.
Дүгнэлт: Энэ жилийн христмасаар дамжуулан бид ч Мариа шиг энэ цаг үеийн авралын ажлын төлөө сонгогдсон гэдгээ гүнзгий хүлээн зөвшөөрч чадахыг хүсэн ерөөж байна.
Мариа шиг “хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай хэмээн Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулах итгэлийн шийдвэр гаргаж чадахыг хүсэн ерөөж байна.
Мариа шиг Бурханы өмнө өөрийгөө хэн болохыг дахин нэг харж, итгэлийн шийдвэр гаргацгаая!
Елизабет шиг Бурханы өгсөн ивээлд талархан, бусдыг босгон байгуулдаг, жинхэнэ сүнслэг зөвлөгөө өгдөг итгэлийн сайн хоньчноор амьдарцгаая! Амен.

өмнөх нийтлэл2025 оны Христмасын ӨБХ (12.15)
Дараагийн нийтлэл2025 оны Христмасын 3-р хичээл (12.21)