АБРАХАМЫН УДАМ ЕСҮС
Эхлэл 22:1-19
“Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.(19)
1. Исаакийг шатаалт тахилаар өргөсөн Абрахам (1-10)
Бурхан Абрахамыг сорьж “Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв.(2) Хайртай хүү Исаакаа шатаалт тахил болгон өргө гэсэн Бурханы үг нь хэтэрхий хатуу юм шиг байсан боловч Абрахам дуулгавартай дагав. Замдаа Исаак “Шатаалт тахилын хурга хаана байна вэ?” гэж асуухад ч Абрахамын сэтгэл ганхаагүй.(7) Бурханы заасан газарт хүрмэгц тэрээр хүүгээ хүлж, тахилын модон дээр тавиад алахаар хутгаа гаргав. Хэдийгээр Абрахамын ийм дуулгавартай байдал нь арай хэтэрхий юм шиг боловч түүнд өөрийнхөө хүүгээс илүү Бурханаас эмээн хүндэлдэг итгэл байсан нь харагдаж байна.
2. Абрахамын итгэлийг ивээсэн Бурхан (11-19)
Абрахамыг хүүгээ алахаас нь өмнө Бурхан түүн уруу элчээ илгээв. “Абрахам аа! Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий. Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ.”(12) Бурхан Абрахамын итгэлийг өндрөөр үнэлэн, түүний үрсээр дамжуулан бүх үндэстэнд ивээлийг өгнө гэж амлажээ.(18)
Энэ амлалтын дагуу 2000 жилийн дараа Абрахамын үр удмаас Есүс төрсөн билээ. Есүс бол амлагдсан Мессиа бөгөөд Түүнийг Бурхан удаан хугацааны турш бэлдсэн юм. Энэ Есүсээр дамжуулан бүх дэлхийн хүмүүс гэмийн өршөөлийг авах сүнсний хайр ивээлийг эдлэх болжээ.
Гуйлт: Эзэн минь! Нэг хүн Абрахамаар дамжуулан бүх үндэстэн ивээл авах болсныг ухаарлаа. Би ч ивээлийн үндсээр амьдрахад туслаач.
Нэг үг: “Бүх үндэстэн ивээгджээ!”