2017 оны Нехемиа 1-р номлол (06.18) Б.Баярмагнай

Гашуудан залбирч буй Нехемиа

Нехемиа 1-р бүлэг
Гол эшлэл: 1:4-5

“Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа. – Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь!”

Нехемиа бол Нехемиа номын гол дүр нь юм. Нехемиа гэдэг нэрний утга нь Бурхан тайвшруулдаг. Езра Иерусалимд ирснээс 13 жилийн дараа буюу МЭӨ 445 онд Иерусалимд ирсэн Нехемиа бараг хориод жилийн турш Персийн нийслэл болон Иерусалимын дунд ирж очин амьдралынхаа он жилүүдийг элээжээ.
Нехемиа Езратай адил Бурханы үгэнд гаршсан гүүш байсан гэхэд болно. Тэрбээр Иерусалимын ханыг босгоход гол хүчин чармайлтаа гаргаж байлаа. Ингэснээр иудейчүүдийг устгахыг хүссэн дайснуудад нь гол санаагаа илэрхийлж, тэднээс хамгаалж байсан. Түүний хашдаг албан тушаал нь хааны сөнч. Бараг л хамгийн доод албан тушаал мэт сонсогдож байгаа ч гэсэн үнэндээ сөнч гэдэг бол дээд албан тушаалтнуудын дунд ч дээгүүр албан тушаал байжээ. Тэр хаан юу уух ёстойг нь шалган тогтоож, аюулгүй байдлыг нь хангадаг байв. Ингээд Нехемиа номоор аялах аяллаа эхлүүлцгээе!
1. Нехемиа ба Иерусалимын талаарх муу мэдээ (1-3)
Нехемиаг Артаксеркс хааны 20-р он буюу МЭӨ445 оны өвөл Суса ордонд байх үед нь Иерусалимаас Ханани болон Иудейн ахан дүүс нь ирцгээжээ. Тэднээс Нехемиа тухайн үеийн нөхцөл байдлыг нягтлан асуужээ. 3-р эшлэлээс харвал Иерусалимд байгаа иудейчүүдийн хувьд байдал хүнд байгаа нь илт болов. Олзлолоос амьд үлдэгсэд аймагтаа туйлын зовлон зүдүүр амсаж байв. Мөн Иерусалим хотыг хамгаалж байх ёстой хана хэрэмнүүд нь нуран унаж, тэдгээр хана хэрэмнүүдийг холбож байдаг, мөн хот оруу орж гарч байдаг гулдан хаалгууд нь ч шатсан гэдэг гунигтай мэдээ иржээ. Ийм нөхцөлд дайснууд нь чөлөөтэй орж гаран, хэрэгтэй гэсэн болгоноо дээрэмдэж, хүн ардыг нь дээрэлхэх нь тодорхой. Ямар ч хамгаалалтгүй болсон Иерусалим хотоос хэдэн хүн ирж, Нехемиад хов хүргэж байна. Хана хэрэм, хаалга хамгаалалт маш чухал.
Ямар ч газар хамгаалалт хэрэгтэй байдаг. Улс орны хамгаалалт нь цэргийн хүч байдаг. Гэвч өнөө үед зөвхөн цэргийн хүчээр биш цахим аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал гээд олон хүчин зүйлээс эх орны аюулгүй байдал хамаарч байна.
Цаашлаад таны хувийн аюулгүй байдал ч чухал, чуулганы аюулгүй байдал ч чухал. Ингээд бодвол аюулгүй байдал, хамгаалалт гэдэг бол хамгийн чухал үзүүлэлт болчихоод байгаа юм. Тиймээс та бодож үзээрэй. Таны эрүүл мэндэд, эдийн засагт, сүнсэнд аюул учраад байгаа юм биш биз дээ? Хүмүүс бид хамгаалагдах ёстой зүйлсээ хамгаалж чадаагүйгээс болж асуудалд учирдаг. Үнэндээ бидэнд шийдлүүд дандаа байдаг боловч тэр болгон зөв ашиглаж чаддаг бил үү? Жишээ нь: биеэ эрүүл байлгая гэвэл дархлаагаа сайжруулж, хамгаалах ёстой. Эдийн засгаа хамгаалъя гэвэл хоёр. гурван эх үүсвэртэй байх, цаашлаад хадгаламжтай байх гээд олон шийдлүүд бий. Бидний сүнс хамгаалалтгүй болбол яах вэ? Библи ч уншихгүй, залбирах ч үгүй байвал сүнс хамгаалалтгүй болж, сатанд амархан эзлэгдэнэ. Тэгвэл Нехемиа ямар ч хамгаалалтгүй болсон Иерусалимын төлөө ямар шийдэл сонгосон бэ? Ийм түүнээс бид юу сурч болох вэ?
2. Нехемиагийн гэмшил ба залбирал (4-7)
Нехемиа энэ хүнд үед хийж болох зүйлсийн олон сонголт байсан байх. Нехемиа нурж унасан ханатай, шатаж үгүйрсэн хаалгатай, зовж зүдэрсэн ард түмэнтэй Иерусалимын төлөө дараах хоёр чухал зүйлийг хийсэн. Сөнчийн хувьд хамгийн наад зах нь Артаксеркс хаанд айлтгаж, цэргийн хүч хөдөлгөж болох байсан биз.
Тэр ямар нэгэн арга хэмжээ авах гэж яараагүй, тэр ард түмэн дээрээ яаран очмоор байсан ч тэгээгүй. 4-р эшлэлийг үзвэл Нехемиа доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирлаа гэсэн байна. Харин Бурханы өмнө зүрх сэтгэлээ даруусган байж залбирсан. Тэр Бурханы өмнө тэрсэлсэн зүйлээ гэмшин залбирсан. Тэр Бурханыг хүндэтгэн залбирсан.

Хувь хүний зүгээс дараах гурван зүйлийг Бурхан биднээс хүсэж байдаг.
1-рт, хийж болохгүй гэсэн зүйлийг хийснийгээ буюу тэрслэлээ гэмших. Болохгүй гэсэн тушаал Библид олон бий. Сайн, мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэж байхад түүнээс идсэнээрээ Адам, Ева нар Бурханы өмнөөс тэрсэлсэн. Тэрслэл зөвхөн тэр хоёроор дуусаагүй. Болохгүй гэж хэлсээр байтал ард түмэн тэрсэлсээр байсан. Шүүгчид ном бол тэрслэлээр дүүрэн ном. Үнэндээ израильчууд цөлөгдсөн нь ч гэсэн өөрсдийнх нь сул дорой байдлаас болж биш харин тэрслэл, ялангуяа хуурамч шүтээн шүтсэн асуудлаас болсон. Тэд зүгээр байж байгаад Вавилон уруу цөлөгдөөгүй юм. Харин Бурханд тэрсэлсэн учраас цөлөгдсөн.
Болохгүй гэсэн хаягтай олон тушаал Библид бий. Арван хууль дээр БОЛОХГҮЙ гэж хэлсэн зүйлсийг нэг бүрчлэн уншаарай. Энэ намар арван хуулийг нэг нэгээр нь номлох төлөвлөгөөтэй байна. Зөвхөн Хуучин Гэрээ ч биш Шинэ Гэрээнд ч бас болохгүй гэсэн хаягтай олон эшлэл бий бөгөөд зөвхөн нэгийг нь хэлэхэд “Ерөөл, хараал хоёр нэг амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.” (Иак 3:10) гэжээ. Өнөөдөр та Бурханд тэрсэлж байгаа юм биш биз? Бурханыг уурлуулан, хилэгнүүлэх зүйлсийг хийж байгаа юм биш биз? Тийм учраас таны зүрх сэтгэл сүнсэнд байгаа бол тэрслэлээ гэмшээрэй.
2-рт, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээ буюу гэмээ гэмших нь. Израильчууд Бурхан Эзэнээ хүндлэн дагаагүй. Тэд Бурханыг үл тоомсорлосон. Тийм учир харь газар цөлөгдсөн.
Библи зөвхөн хийж болохгүй гэдэг зүйлийг заадаггүй. Бас хийх ёстой зүйлийг бидэнд заадаг. Эцэг эхээ хайрла, хөршөө хайрла, дайснаа ч хайрла гэдэг. Мэдээж зарим тушаалыг нь дагахад дэндүү хэцүү байдаг. Гэвч хийхээс өөр сонголтгүй.
3-рт, тушаал зааврыг сахиагүйгээ гэмших. Израильчууд Бурханы тушаал зааврыг үнэндээ л уландаа гишгэсэн. Эзэний тушаалуудыг мартсан, тэнд бичигдсэн заавар бүрийг тэд үл тоосон. Эзэний үгийг тэд эрэн хайгаагүй. Тийм учраас гүүш Езра, Нехемиа нар Мосегийн хуулиас ард түмэнд уншиж өгөх ажлыг хийж байсан юм.
Бурхан Өөрийн үг болсон Библиэрээ дамжуулан бидэнд тушаалаа хайрладаг. Заримдаа анзаарамгүй, мэдээгүй олон тушаал бий. Гэвч бид сахих ёстой. Гэхдээ хуульчлан биш харин чин сэтгэлээсээ сахих ёстой.
Ийн хувьдаа болон хувьсгалын гэмших ёстой зүйлсийг гэмшсэний дараа Нехемиа Бурханд хандан Түүний мөн чанарыг дурдан залбирч байна. Тэр юуны төлөө залбирсан бэ?
1-рт, Бурханы амлалтыг барин залбирсан. (8-9)
Бурхан аль хэдийн амласан амлалтаа биелүүлээч гэж залбирч байна. Ард түмэн ариун Бурханы өмнө цэвэр, ариунаар зогсох үед Та тэднийг нигүүлсэж, Өөрийн сонгосон газар аваачаач гэсэн.
Библи бол амлалтын ном юм. Тэнд ямар гайхамшигтай амлалтууд байдаг гэж санана. Бид амлалтуудыг олж чадахгүйгээсээ болоод ядруухан, ядуухан амьдардаг болохоос биш Бурхан бидэнд хайргүйдээ огт биш юм. Библи бол амлалтаар дүүрэн ном. Тиймээс Библи уншсанаар дэвжин дээшлэхээс илүүгээр Библид байгаа амлалт, Бурханы хайрыг олж мэдэн, түүнд итгэж, түүнийхээ дагуу залбирснаар дэвжин дээшилдэг. Та Библид байгаа амлалтуудыг олж түүний дагуу залбираарай.
2-рт, залбиралд соргог байгаач гэж залбирсан. (11)Нехемиа залбиралд соргог байгаач гэж залбирч байна. Тэгвэл ямар хүний залбиралд Бурхан соргог байдаг вэ? 11-р эшлэлээс харвал Бурханы нэрнээс эмээн хүндэлдэг хүний залбиралд Бурхан соргог байдаг аж. Бурханы өмнө цэвэр ариунаар амьдарч, Түүний нэрийг хүндлэн дээдэлж, эмээн хүндэлдэг хүнд Бурхан тэнгэрийн цонхыг нээж залбиралд хариулж өгдөг. Залбирлын хариу авах нууц нь ерөөсөө л энэ. Их залбирснаар, эрт залбирснаар, эсвэл өдөрт тогтсон цагт залбирснаар хариу авдаг гэж боддог байж болно. Гэвч хамгийн гол учир нь Бурханаас эмээн хүндэлдэг хүний залбирал Бурханд хүрдэг. Таны зүрх сэтгэл ямар байна вэ? Та Түүнээс хэр зэрэг эмээн хүндэлж байна вэ? Хоёр нүүр гаргаж уу, эсвэл чин сэтгэлээсээ юу?
3-рт, хааны зүрхийг хөдөлгөөч гэж залбирсан. (11) Нехемиа Иерусалим уруу явахын тулд, мөн тэндхийн ханыг сэргээн барихын тулд хааны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байлаа. Төгс хүчит Бурханд итгэдэг, ар талыг Бурхан хариуцна гээд Нехемиа дураараа авирлаж, шууд яваагүй. Харин ч тэр тухайн үед тогтсон эрх мэдлийг хүндэтгэж, хааны зүрх сэтгэлийг хөдөлгөж өгөөч хэмээн залбирч байна.
Бурхан энэ цаг үед ч гэсэн Монгол улсыг минь хайрлан хамгаалж байгаа. Тэр итгэгчдийн залбирлаар дамжуулан Монголыг минь ерөөж байгаа гэдэгт итгэлтэй байна.Энэ цаг үе бол Монголын ард түмний хувьд маш чухал. Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тиймээс энэ л үед бидний залбирал хэрэгтэй.
Өнөөдөр таны залбирах ёстой зүйлс юу вэ? Яг л нурсан мэт санагдаж байгаа, шатсан мэт хаалгатай, зовж зүдэрч байгаа тэр зүйл тань юу вэ? Улс орны байдал уу? Нийгэм эдийн засаг уу? Өөр юу байна вэ? Гэр бүлийн асуудал уу? Хүмүүсийн хандлага, зүрх сэтгэл үү? Итгэгчдийн хөрсөн байдал, дагалдагч бэлтгэхгүй байгаа байдал, эсвэл сайнмэдээ түгээхгүй байгаа байдал уу? Та тэр зүйлийнхээ төлөө залбираарай.
Гэхдээ эхлээд гэмшиж зүрх сэтгэлээ даруусгаарай. Тэр л үед таны залбирлын хариу Бурханаас ирэх болно.

өмнөх нийтлэл2017 оны ЗБК номлол Ц.Чибаатар (06.11)
Дараагийн нийтлэл2017 оны Нехемиа 2-р номлол (6.25) Д. Эрдэнэбат