АМЬДРАЛЫНХАА БҮХИЙ Л ӨДРҮҮДЭД УНШ
Дэд хууль 17:14-20
Гол эшлэл 17:19
“Өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, Бурхан Эзэнээсээ эмээхийг сурах бөгөөд.”
Өнөөдөр бид дэд хууль буюу 2 дахь хууль гэсэн утгатай, Бурханаас Израйль ард түмэнд хандсан хайрын илэрхийлэл болсон тушаал, амлалтын хэсгээс суралцах болно.
Израйльчууд дөчин жил тэнүүчилсний эцэст амлагдсан газар буюу канаан нутагт орохын өмнө Мосе Израйльчуудын төлөө Бурхан юу хийсэн болон тэдэнд өгсөн хуулиудыг сануулахыг хүссэн. Ялангуяа хэрхэн Бурхан Эзэнээ сонсох, Бурхан Эзэнээ бүхий л зүрх, оюун санаагаараа хайрлах тухай зааж сургасан. Өнөөдрийн зарлиг нь Израйлийн хаан хүн юу хийх ёстойг зааж байна. Бодитоор бид Израйлийн хаан биш учир энэ нь надад хамааралгүй мэт санагдана. Гэвч сүнсний хувьд бид сонгогдсон хүмүүс буюу хаан тахилч нар юм.
1Петр 2:9-д “Харин та нар сонгогдсон угсаа хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл руу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм” гэжээ. Энэ дэлхийн авралын ажилдаа хэрэглэхийн тулд Бурхан биднийг сүнсний удирдагчаар сонгосон. Бидний хүн нэг бүр Бурханы хаанчлалын ажилд хэрэглэгдэхийн тулд онцгойгоор сонгогдсон. Сүнслэг удирдагч бид хаана ч байсан үүрэг болон нөлөөтөй байдаг. Бурхан биднийг ямаршуу байдалтай сүнслэг удирдагч болгохыг хүсдэг гэдгийг мэдвэл сайн нөлөөлөл, үр жимстэй амьдарч чадна.
14-15-р эшлэлийг харвал. Израйлийн хаан Бурханаар сонгогдсон шиг бид Бурханаар сонгогдсон гэдгийг харж болно. Бурхан биднийг сонгосон, би өөрөө сайн үйлс хийснээр бус, харин Есүсээр дамжин ирсэн Бурханы нигүүлслээр бид сонгогдсон. Бид нигүүлслээр сонгогдсон учраас Бурханд гомдоллохын оронд харин үргэлж талархах нь зохистой юм.
16-17-р эшлэлд мөнгө эд баялаг, эрх мэдэл, бэлгийн амьдралын тухайд хянуур байх хэрэгтэйг зааж байна. Израйлийн хаан цэргийн хүчинд найдаж болохгүй байсан шиг, сүнслэг удирдагч болсон бид энэ дэлхийн хүчинд найдах ёсгүй. Харин зөвхөн Бурханд найдсан төлөв даруу сэтгэлтэй байх нь зохистой юм. 15-17-р эшлэлд Хаан юу хийж болохгүй талаар хэлж байгаа бол харин 18-20-р эшлэлд юу хийх ёстойг зааж өгч байна.
18-р эшлэлийг үзээрэй. “Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад”. Хаан болонгуутаа хийх нэн тэргүүний зүйл нь Эзэнд дуулгавартай захирагдах байсан. Сүнсний удирдагч бидний хувьд юуны түрүүнд хийх зүйл Эзэнийг хаанаар хүлээн зөвшөөрч, Түүний үгийг дагах юм. Хэрхэн бодитоор, үнэнээр Эзэнийг дагах вэ?
19-р зүйлийг үзээрэй бүгдээрээ хамт уншицгаая.
Өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлджэ, Бурхан эзэнээсээ эмээхийг сурах бөгөөд.
Энд гарч буй Өөртөө байлгаж гэсэн нь юу гэсэн үг вэ? Энэ үг нь хаан юу ч хийсэн, хаашаа ч явсан Бурханы үгийг авч явах ёстой гэдгийг зааж байна. Хаан аялах үед маш олон юм авч явах хэрэг гарна. Бие хамгаалагч, бараа бологсод, нарийн бичиг гээд л… Гэвч хамгийн чухал нь Бурханы үг буюу библийг тэр авч явах ёстой. аан Хаашаа ч явсан хэзээ ч мартаж болохгүй 2 зүйл нь түүний эхнэр болон библи юм. Та хаашаа ч явсан библээ авч явдаг уу? Гэвч зүгээр л өөртөө авч явах нь хангалтгүй юм. Бид унших ёстой. Библийг Яагаад амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш өөртөө байлгаж унших ёстой вэ?
2 Тимот 3;15-17-д Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн. Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, алиааа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.
Өөр хаанаас ч үл олдох 2 үнэт зүйлийг бид библээс олж авдаг.
Нэгдүгээрт: Биднийг Авралд хүргэх мэргэн ухаантай болгодог. Олон төрлийн сонирхол татсан, ашиг тустай ном зохиол, кино г.м зүйлүүд байдаг ч тэдгээрийн нэг нь ч биднийг гэм нүглийн шийтгэлээс болон үхлээс аварч чадахгүй юм. Та библээс өөр ямар нэгэн номноос авралыг олж авсан уу? Зөвхөн Бурханы үг л Есүс Христийн үнэнээр дамжуулан биднийг авралд хүргэж чадах юм. Бурханы үг нь гэмийн уучлалыг өгдөг Есүс рүү биднийг удирдаж, Бурханы хаанчлал дахь амьд найдвар буюу амиллын итгэл болон мөнх амийг өгдөг. Бурханы үг нь бидэнд амар тайван, аз жаргал баяр хөөр, амьдралын жинхэнэ утга учрыг өгдөг.
Хоёрдугаарт: Бурханы үг нь биднийг сүнсээр өсөх, сайныг үйлдэхэд бэлтгэдэг. Бурханы үг нь заахад, зэмлэхэд, залруулахад, зөвд чиглүүлэхэд тустай. Библийн хичээлийг чин сэтгэлээсээ хийх үед бид гэм нүгэл, буруугаа мэдэж, хэрхэн яаж зөв, Бурханлаг хүн болж өсөхөд тусалдаг. Библийн хичээлээр дамжуулан бидний амиа бодсон зан маань гэм гэдгийг ухаарч, Бурханыг болон бусдыг хэрхэн хайрлахыг сурдаг. Бурхантай болон бусадтай зөв харилцаатай байж чаддаг. Бурханы үг нь биднийг ямар ч сайн үйлд сайтар бэлтгэгдсэн байхад тусалдаг.
Дээрх хоёр шалтгааны улмаас бид амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш Бурханы үгийг өөртөө байлгаж унших ёстой. Тэгвэл бид библийг хэрхэн унших хэрэгтэй вэ?
Howard, William Hendrick гэдэг хоёр хүний гаргасан библийг үр дүнтэй унших 10 стратегийн заримыг танилцуулья.
– Няхуур унших. Сонингийн гарчиг уншиж байгаа мэт гүйлгэж унших нь үр дүнтэй унших арга биш юм. Юу уншиж байгаагаа анхааралтай бодож унших ёстой.
– Давтан унших. Нэг, хоёр удаа бус, харин Бурханы хэлж байгаа үгний гүн утга санаа, агуулгыг ойлгохын тулд 100 удаа байсан ч хамаагүй унших.
– Библийн нэг номыг уншихаар суусан л бол дуустал нь уншиж, Бурханы хэлж байгаа үгийг бүрэн ойлгож чаддаг болохыг хүсэн гуйж байна.
Ирэх долоо хоногоос үзэх Нехемиа номыг та дуустал нь уншсан уу. Хэрэв үгүй бол уншицгаая. Ингэж бүхлээр нь унших нь бидэнд ерөнхий тойм зураг, томоор харах боломжийг олгох юм.
Мөн библийг чангаар сэтгэл хөдлөлтөй унших нь Бурханы үгийг зүрх сэтгэлээсээ ойлгоход тусалдаг гэнэ.
– Тэвчээртэй унших. Бидний уншсан Бурханы үг боловсорч биднээс сайн үр жимс болж гарахад хугацаа хэрэгтэй. Нэг уншаад л шууд гэгээрчих боломжгүй учир цаг нь болохоор хурааж авна гэсэн итгэлээр тэвчээртэй уншиж сурцгаая. Хэрвээ та өөртөө цаг гаргаж, Бурханы үгэнд анхаарал хандуулж чадвал, Бурхан танд Өөрийн үнэнээ мэдүүлнэ гэдэгт итгэлтэй ббайна.
Үр дүнтэй унших өөр сайн аргууд танд байвал үргэлжлүүлэн сайн уншихыг хүсч байна.
Хэрвээ бид библийг ийм арга замаар уншвал, уншиж байгаа текстнийхээ сүнслэг утга санааг ойлгоно. Цаашлаад Ариун Сүнсээр дүүрэн амьдралаар амьдарч чадах болно.
Сошиал ертөнц, интернет, медиа гээд олон арга замаар гэм биднийг урхидахад амархан байдаг. Бид энэ бүгдийг өөрсдийн хүч, хүчин чармайлтаар шийдвэрлэж чадахгүй. Харин бид Бурханы үгтэй байвал Бурханы үг нь бидний зүрх, оюун санааг бүх төрлийн сорилтоос хамгаалдаг. Мөн бидэнд олон зүйлийг хийж чадах хүч чадал, нигүүлсэл байх болно.
Бид ихэвчлэн ажил ихтэй завгүй байгаа тул библи унших цаг байхгүй гэдэг. Гэвч бид библи унших цагийг гаргавал Бурханы үг нь бидэнд, бидний төсөөлж байснаас ч илүүг хийх боломжийг өгдөг. Миний хувьд Би 2012 онд сүнс бие махбодиор үхмэл мэт болсон байх үед Ром 8-р бүлгийг цээжилж, библи унших цагуудыг авч байснаар, Сүнс, бие махбод минь хүчтэйгээр шинэчлэгдэж баяр хөөртөй, хүчтэй болж өөрчлөгдсөн. ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахааргүй амиллын итгэлээр дүүрэн амьдарч байсан. Бурханы үг нь биднийг босгон байгуулж, хүчирхэгжүүлж байдаг юм. Библи унших нь амьдралын тодорхой хэсэг хугацаанд, зарим үеүдэд л уншигддаг бус харин бидний амьдралын бүхий л өдрүүдэд уншигддаг болохыг хүсэн гуйж байна. Библийг хангалттай их уншаад болчихсон буюу төгсөрсөн, амралтаа авсан, тэтгэвэрт гарна гэсэн ойлголт байхгүй. Яагаад библийг ингэж их унших ёстой гэж? Яагаад Бүхий л амьдралынхаа турш унших ёстой гэж? Энэ нь бидний эрх чөлөөг боогдуулж цаг хугацааг үрж байгаа мэт санагдаж болох юм.
Гэвч үнэндээ тийм биш. Харин ч бидэнд амар тайван, аз жаргал, эрх чөлөө, үнэн амралтыг өгдөг. Түүгээр ч барахгүй тэнгэрлэг нигүүлсэл болон ялгаж таниж чадах хараа ч өгөгддөг. Үүгээр ч зогсохгүй Сүнс, бие махбодиор эрүүл, хүчтэй байж чадах юм.
Та баяр хөөртөй байхыг хүсч байна уу? Тэгвэл та библи унш.
Та хүчтэй, эрүүл чийрэг байхыг хүсч байна уу?Тэгвэл та библи унш
Та Бурханы үг болсон библээ хэр их уншиж байгаа вэ? Бид ихэвчлэн ажил их байгаа учраас библи унших цаг байхгүй байна гэж ярьж, завгүй гэдэг нөхөрт л буруугаа өгдөг. Бурханыг эрэлхийлэхгүй, дандаа л завгүй байдгаас болж сүнсээр үхмэл болж хувирдаг. Сүүлдээ Бурхан надад үгээ хэлэхгүй байна гэж гонгинолдож эхэлдэг.
Миний хувьд он гарснаас хойш гуйлт чухал зүйлээ л өгөх гэж библийн энд тэндээс хальт уншсаныг эс тооцвол библи уншаагүй. Англи хэл сурах гэдэг зорилгыг эн тэргүүнээ болгосноос болж сүнслэг цагаа орхисноо харж байна. Бурхантай зөв харилцаа байхгүй болохоор бусад, хэнтэй ч зөв харилцаатай байж чадахгүй болж дэлхийлэг байдлаар юманд ханддаг болсон байна. Сентад, смоллд, хоньдод, бусдад үйлчлэх цагийг орхиж харин уур уцаар бухимдал, байнгын түгшүүр, амиа бодох г.м муу үр жимс ургуулж байгаадаа гэмшиж байна.
Зарлиг бэлдэх цагаар дамжуулан би Бурханы үгэнд анхаарлаа хандуулж, Түүн руу ойртохыг хүсэх үедээ л сэтгэл ханамжтай, амар тайван, баяр хөөртөй байдгаа ухаарсан. Back to the bible буюу бүгдээрээ библээ тасралтгүй, засралтгүй уншигчид болцгооё.
Тэгснээр Бурханы дотор баяр хөөр, амиллын итгэлээр дүүрэн амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
19-р эшлэлийн сүүлийн хэсгийг харвал. Бурхан Эзэнээсээ эмээхийг сурах бөгөөд гэсэн байна. Энд гарч буй Бурхан Эзэнээсээ эмээх гэдэг нь Эзэнийг гүн гүнзгийгээр биширч хүндлэн, Бурханыг магтаж, Бурханаар хүлээн зөвшөөрч, Түүний сайн зан чанаруудаас суралцахыг хэлж байна. Бид Бурхан Эзэнээсээ эмээх үед бидний зүрх сэтгэл цэвэр болно. Ингэснээр Бурхан биднийг гэм нүглээс холдуулж, харин сайныг үйлдэх боломжийг өгнө. Эмээх гэдэг нь нөгөө талаараа Бурханыг хайрлах гэсэн утгыг илэрхийлдэг. Бурхан биднийг өөрөөс нь айхыг бус харин эмээн хүндэтгэхийг хүсдэг. Бид Бурханыг дуулгавартай дагаж байгаа шалтгаан нь түүнээс айсандаа бус харин Түүнд бүрэн итгэлээ өргөж, хайрлаж байгаагийн илрэл билээ. Энэ нь биднийг хувьчлан Бурхантай гүн гүнзгий, ойр дотно харилцаатай болгодог. Тиймээс бид Бурханыг Бурхан аав гэж хүлээн зөвшөөрч, дуудаж чаддаг. Бид Бурханыг хайрладаг бол Түний үгийг ч мөн хайрлаж чадна. Тэгвэл бид түүний үгийг дуртайяа, баяр хөөртөй дагаж чадна. Тэгснээр бид Есүсийг дуурайж чадах юм. Ямар онцгой хайр ивээл вэ? 20-р эшлэлийг үзээрэй. Хаан Бурханы үгэнд суурилж Түүнээс эмээн хүндэтгэх үед өөрийгөө ах дүү нараасаа илүү гэж үзэхээс сэргийлж чадна. Тэгснээр тэд хоорондын харилцаандаа Бурханы хаанчлалын харилцааг бий болгох юм.
Мөн Израйлийн хаан цэрэг армийнхаа хүчинд бус зөвхөн Бурхан Эзэндээ бүрэн найдаж, Эзэний үгийн дагуу л амьдарч, уг хуулиас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй байснаараа хаан, хааны үр удам Израйлийн дунд урт удаан хаанчилна гэсэн Бурханы өгч буй амлалт юм.
Хуучин гэрээний номуудаас харахад Израйлийн хаан болон ард түмэн Эзэний үгтэй ойр байх үед урт удаан хаанчилж, харин Эзэний тушаалаас эргэх үед бусад улс үндэстэнд шившигтэйгээр ялагдаж байгаа түүх давтагдан гардаг.
Сүнсний удирдагч болсон бид Бурханы үгийг сайтар судлан мэдэж, дуулгавартай дагаснаар, Бурханы амлалт дор мөнхөд амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Хаашаа ч явсан Бурханы үгийг авч, амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш уншиж, үгийг дуулгавартай дагацгаая. Тэгснээр Бурхан биднийг болон бидний хойч үеийг ивээх болтугай.