Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё
Нехемиа 2, 3-р бүлэг
Гол эшлэл2:17
“Тэгэхэд би тэдэнд Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв”.
Бид эхний зарлигаар дамжуулан Нехемиа ард түмнийхээ төлөө Бурханаас хичээнгүйлэн гашуудан залбирч байгааг суралцсан. Өнөөдрийн зарлигаар дамжуулан гуйлтын хариу болгож Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё гэж ард түмнийг уриалан дуудаж байгаа Нехемиагаас суралцах болно.
- Иерусалимын хэрмийг богохын төлөө хичээнгүй бэлдсэн Нехемиа(2-р бүлэг)
1-р зүйлийг үзээрэй. “Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй”. Энэ үе нь Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сар байв. Нисан сар нь аргын тооллогоор 3-р сарын дундаас 4-р сарын дунд хүртэлхийг зааж байна. Тухайлбал энэ нь Нехемиа Иерусалимын төлөө 4 сарын турш өдөр шөнөгүй залбирсныг хэлж байна. Тэрээр Бурханы хариултыг хүлээн, тэвчээртэйгээр Бурханы цагийг хүлээсэн. Ийм түүний сэтгэл нь Изриалийн төлөө үргэлж санаа зовсон учир түүний нүүр царайнд ил болов. Уг нь тэрээр хааны сөнчийн хувьд хааны өмнө гунигтай байсан удаагүй байлаа.
2-р зүйлийг үзвэл. “Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан” Түүхийг харвал Персийн хаанчлалын хуульд зарц нь хааны өмнө гунигтай баргар царайлах нь хүнд гэмд тооцогддог байжээ. Түүгээр ч барахгүй ажлаасаа халагдах юм уу эсвэл үхлийн аюултай байсан байна. Тиймээс зарц нар, сөнч нар байнга инээмсэглэж хааны эрх мэдлийг харуулж түүнийг баярлуулах үүрэгтэй байв. Харин Нехемиа гунигтай байгаа байдлаа хаанд мэдэгдсэнээр маш их айдаст автсан. Харин Нехемиа энэ үед маш болгоомжтой хаанд хариулав.
“Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ”. Өмнө Артаксеркс хаан Иерусалимын хэрмийг барих ажлыг зогсоох тушаалыг гаргаж байсан. (Езра4-17-24). Ийм түүнд Иерусалимын хэрмийн талаар дахин яриа цухуйх нь хэцүү байсан. Хэрэв хаан дахин буруугаар ойлгон өөрийн эсрэг босох гэж байна гэвэл амиа алдаж ч болох байсан. Тиймээс Нехемиа маш их айсан ч мэргэн ухаантайгаар Иерусалимын тухай шууд дурдалгүй, эцэг өвгөдийг минь тавьсан газар хэмээн тойруу үгээр илэрхийлсэн. Учир нь Персийн хаад эцэг өвгөдийн оршуулсан газрыг хамгийн чухалд тооцдог байв. Тиймээс ингэж хэлбэл хааны сэтгэл уярна гэж бодов. Тэгээд Нехемиа “Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ” гээд хааны зүрх сэтгэлийг уяран зөөлрүүлэжээ.
Тэгэхэд хаан надад“Чи юу гуймаар байна” хэмээн түүнээс найрсгаар асуув. Хаан Нехемиагийн сэтгэлийг ойлгож, түүнд туслахыг хүссэн. Хаан ийм хандлага гаргасан нь Бурхан Нехемиагийн залбирлыг сонсож, хариулж өгч байгаа хэлбэр юм.“Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа”. Нехемиа хааны үгийг сонсоод хамгийн чухал цаг мөч өөрт нь ирснийг мэдээд тэрхэн зуур Бурханд бүрэн түшиглэн залбирсан.
Бидний хувьд хэр зэрэг Бурханд түшиглэн, найдаж залбирч байна вэ?
Өөрсдийгөө нэг бодож үзээрэй. Бидэнд тулгарч байгаа амьдралын шийдэгдэхгүй байгаа асуудлуудын өмнө хэр зэрэг Бурханд түшиглэн найдаж залбирч байна вэ? Бурханд найдаад түшиглэсэн ч асуудлууд бүрэн шийдэгдэхгүй байна уу? Эсвэл гуйлтын хариуг хүлээж чадахгүй ялагдаж байна уу? Бидний гуйлт өөрсдийн эрх ашгийн төлөө байна уу эсвэл хаанчлалын төлөө байна уу гэдгээ олж харах хэрэгтэй. Та хаанчлалын төлөө гуйж байгаа бол Бурханд боломжгүй зүйл гэж нэг ч үгүйг санаараарай. Тиймээс үргэлжлүүлэн хичээнгүй залбирцгаая. Мөн Нехемиа шиг залбираад зогсохгүй тогшиж, хайцгаая. Хайгаад олж авдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Нехемиа айдастай байсан ч хаанаас айлгүй Бурханд түшиглэн залбирснаар хааны тааллыг олсон. Бид Нехемиа шиг Бурханыг түшиглэн залбирдаг хүнээр өөрчлөгдөж амьдрахыг хүсэн гуйж байна.
5-р зүйлийг үзээрэй. Нехемиа Бурханд найдан хаанд хүслээ хэлэв.“Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү”гэв. Тэгэхэд хаан Нехемиаг хэр удаан явж ирэхийг асуужээ. Ингээд Бурханы тусалж байгааг мэдэрсэн Нехемиа зоригтойгоор төлөвлөсөн зүйлсийг хэлэв.
6-8 зүйлийг үзээрэй. Нехемиа эхлээд өөрийн явж ирэх цаг хугацааг тодорхой хэлж, явах замд дайснууд саад хийхгүйн тулд Иуда хүртэл нэвтрүүлэх бичгийг гаргаж өгөхийг хаанаас гуйв. Мөн Иерусалимын хэрмийн ажилд зориулах модод болон хэрэгцээг хангахыг гуйв. Тэгэхэд хаан энэ бүхнийг соёрхов. Хаан үүгээр зогсохгүй Нехемиаг Иудагийн захирагчаар томилон, цэргийн захирагч ба морьтонгуудыг хүртэл зөвшөөрөв. Нехемиа энэ бүх зүйл дээр Бурханы ивээлт мутар хамт байгааг гэрчилсэн. Эндээс бид залбирдаг хүн нь ажил бүтэмжтэй болох үед Бурхан ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрөн Түүнд алдрыг өргөдөг. Харин залбирдаггүй хүн нь Бурханы ивээлийг биеэр амссан ч санамсаргүй бүтсэн мэт тооцон өнгөрөөчихдөг. Бурханыг санадаггүй. Өөрөө хийсэн юм шиг бардамнадаг. Энэ бол залбирдаг болон залбирдаггүй хүний ялгаа юм. Тэгвэл бид Нехемиагийн залбирлаар дамжуулан юуг сурах вэ?
1-рт Нехемиа хүний хувьд найдахад ч хэцүү зүйлд Бурханд найдан залбирсан. Хааны сөнч гэсэн байр суурьтай Түүний хувьд Иерусалимын хэрмийн ажилд оролцох нь боложмгүй зүйл байсан. Мөн хаан үүнийг зөвшөөрөх нь ч боломжгүй байсан. Ялангуяа Артаксеркс хаан энэ ажлыг зогсоох тушаал ч гаргасан. Хаан энэ ажлыг өөрийнх нь эсрэг гэж тооцох магадлал өндөр байсан. Харин Нехемиа Бурханд бүрэн найдан, 4-н сарын турш хичээнгүй залбирсан. Тэгэхэд Бурхан хааны сэтгэлийг хөдөлгөн дүүрэн дэмжлэг авахад тусалсан. Бурхан бол найдаж чадахгүй зүйлийг ч боломжтой болгодог бүтээгч Нэгэн юм. Хичнээн хатуу бардам нэгэн байсан ч сэтгэлийг нь хөдөлгөж чадна. Бид ч энэ Бурханд найдаж, боломжгүй зүйлийг ч боломжтой болгодог Түүний ивээлийг амсаж чадахыг хүсэн ерөөж байна.
2-рт Нехемиа зөвхөн залбирал дээр зогсоогүй Түүнийг биелүүлэхийн төлөө бодит зүйлсийг төлөвлөн бэлдсэн. Нехемиа зүгээр л залбираад байсан бол хааны зөвшөөрөл авсан тэр мөчийг ашиглаж чадалгүй боломжийг алдах байсан. Харин Бурхан өөрийн гуйлтыг сонссон гэдэгт бат итгэн, төлөвлөгөө гарган, тэдгээрийг хаанаас гуйсан. Бид ч залбирах төдийгүй, үүний төлөө бодит төлөвлөгөө гарган бэлтгэх хэрэгтэй. Нэг хоньтой болохын төлөө залбирч байвал, анхан шатны болон шавийн хичээлүүдийг наана нь сайн бэлдэх хэрэгтэй. Сүнсний эрх мэдэлтэй үгийг заахын төлөө, залбирах төдийгүй, үгийг гүнзгий судлан тунгаан бодох хэрэгтэй. Ажилд орох гэж байгаа бол сайн судалж, өөрийгөө бэлдэж, хичээнгүйлэн хайх хэрэгтэй.
10-р зүйлийг үзээрэй. Гэтэл Нехемиа Иудагийн захирагчаар ирж байна гэсэн мэдээг Санбаллат болон түшмэл Тобиа нар сонсоод тун таагүй болов. Санбаллат нь Моаб хүн бөгөөд тухайн үед Самари нутгийн захирагч байв. Тэрээр хиймэл шүтээнүүд болон Бурханд ч зэрэг үйлчилдэг үзэлтэй учир цорын ганц Бурханд үйлчлэхийг саатуулахын төлөө хичээнгүй ажилладаг хүн байсан.
11-р зүйлийг үзвэл. Нехемиа аян замд гараад гурван сар явсаар Иерусалимд ирэв. Энэ үед түүний сэтгэл нь шууд хэрмийн ажлыг эхлүүлмээр байсан ч тэр яаралгүй, гурав хоног залбирлын цаг авсан. Тэгэхэд Иерусалимд юу хийх ёстойг Бурхан түүний зүрхэнд нь чиглүүлж өгөв. Тэгээд Бурханы удирдлагыг дагаад, хэнд ч хэлэлгүй шөнөөр хэрмийг шинжихээр явав. Үүнийг тэр түшмэдэд ч, тахилчдад ч, язгууртнуудад ч хэлээгүй нууцаар үйлдэв. Нехемиа бүр төлөвлөгөөг зохион байгуулах хүртэл болгоомжтой байхыг хүссэн. Ялангуяа Санбаллат, Тобиа нар тэдэнтэй холбоотой дайснууд олон байсан учир тэдний саатуулгаас хамгаалахыг хүсжээ.
13-15-р зүйлийг үзээрэй. Тэгээд хотыг эргэн тойроход Иерусалимын хэрэм бүгд нураагдсан ба гулдан хаалганууд, галд шатаагдсан байв. Ийнхүү хэрэм төсөөлснөөс илүү ноцтой, нураагдсаныг Нехемиа харав. Ийм ноцтой байдлыг харсан түүний сэтгэл ямар байсан болоо. Бурханы ивээлээр Иерусалимд ирсэн хэдий ч бодит байдал нь санаснаас илүү муу байв. Үүнийг хараад дахин босгож чадах болов уу? гэсэн эргэлзээ болон шантармаар сэтгэл төрсөн байхаа. Бид хичээнгүй залбирсан ч төсөөлснөөс хүнд байдалтай тулгарахад сэтгэлээр унахаас өөр аргагүй болдог. Харин Нехемиа юу хийсэн бэ?
17-р зүйлийг үзээрэй.“Тэгэхэд би тэдэнд Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв”. Тэр Иудагийн удирдагчид ба ард түмэнд эхлээд өөрсдийн бодит байгаа байдлыг харуулахыг хүссэн. Тэгснээр Бурханы сонгогдсон ард түмний хувьд цаашид ичгүүр гутамшиг амсахгүйн тулд Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё хэмээн уриалсан. Үнэндээ Бурхан оршихуйн бэлгэдэл болсон Эзэний өргөөтэй Иерусалим хот ийм болсон нь том гутамшиг, ичгүүр байв. Уг нь энэ газарт Бурханыг сонсож мөргөхөөр дэлхийн үндэстнүүд ирэх ёстой байсан. Гэтэл Иерусалим хэрэм нурж шатаагдсан нь Бурханы нэр алдар газарт унасантай адил байв. Тиймээс Нехемиа Иерусалим хэрмийг сэргээснээр унасан Бурханы нэр алдрыг дахин алдаршуулахыг хүсжээ. Тэр эзгүйрсэн хэрмийг босгосноор Бурханы ариун хотыг сүндэрлүүлэхийг хүссэн. Мөн Бурханы ард түмний нэр алдрыг сэргээхийг хүссэн. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй. Газарт унасан Бурханы нэр алдрыг дахин сэргээх гэсэн халуун сэтгэлтэй болоход бид ч Бурханы төлөө агуу ажлыг эхлүүлж чадна. Бурханы нэр алдар доромжлогдож байгаа их дээд сургуульд Түүний нэр алдрыг өргөмжлөхийн төлөө халуун зүрхтэй болохыг хүсэн гуйж байна. Нехемиа үүгээр зогсолгүй бас Бурханы мутар хамт байгааг гэрчлэн тэднийг урамшуулж байна.
18-р зүйлийг үзээрэй.“Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв”. Израиль ард түмний зүрхэнд үл итгэл ба ялагдлын сэтгэл их байсан. Харин Нехемиа ийм тэдэнд Бурханы мутар өөртэй нь хамт байсныг гэрчилсэн. Мөн Артаксеркс хааны сэтгэлийг Бурхан хэр хөдөлгөсөн ба хаан хэр дэмжсэнийг нь гэрчлэв. Үүнийг сонссон ард түмэн урам зориг авав. Ялагдлын сэтгэл ба үл итгэлийг даван дийлж босов. Нехемиагийн зүрхэнд буй итгэл хүсэл найдвар нь тэдэнд нөлөөлөв. Тэгээд тэд Босоцгооё, дахин барьцгаая гараа сайн үйл хэрэгт зориулъя гэв. Бүх ард түмэн энэ ажилд сэтгэл нэгдэн босох болов.
19-р зүйлийг үзвэл хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв.
Үүнчлэн итгэгчид бид Бурханы ажлыг эхлэх гэхэд Түүнийг шоолж басамжилдаг хүмүүс зайлшгүй гарч ирдэг. Сатан ийнхүү хүмүүсээр дамжин, Бурханы нэр алдрын төлөөх сайн ажлыг эхнээс нь болиулахыг оролддог. Гэсэн ч Нехемиа Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө хэмээн Бурханд бат итгэв. Тэгээд хэрмийг босгох ажлыг заавал хийнэ гэв. Нехеима эхнээс дуустал энэ ажлыг Бурхан биелүүлэн гэдэгт бат итгэсэн тул, дайснууд шоолсон ч урам хугараагүй. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй гэж хэлэв.
- Ариун ажилд оролцогсод (3-р бүлэг)
3-р бүлгийг харвал Нехемиа барилгын ажлын явцаас илүү энэ ажилд оролцогсдыг эхэлж дурьдсан. Энэ нь Бурханы хаанчлалын ажилд өөрийгөө зориулсан хүмүүсийг маш онцгойд тооцож байгаа юм.
1-5-р эшлэлд хэрмийн хойд хэсгийг барьсан хүмүүсийн нэр 6-13-д баруун хэсгийн, 14-19-д өмнө зүг хэсгийн, 20-32-д зүүн хэсгийн ажилд оролцсон хүмүүсийн нэрсийг бичсэн. Энэхүү Бурханы ажилд оролцогсдын нэрсийг үүрд мөнх үлдээснээр Бурханы хаанчлалын төлөө зориулалт гаргасан хүмүүс нь хэр чухал болохыг харуулж байна.
Тэгвэл хэрмийн ажил хаанаас эхэлсэн бэ? 1-5-р зүйлийг үзвэл Хонины гулдан хаалганаас Хуучин гулдан хаалганы өмнөх хүртэл барьсан хүмүүсийн нэрс гарч байна. Хэрмийн ажил Хонины гулдан хаалганаас эхэлсэн нь “Бурханд өргөх тахилтай” холбоотой байсан. Тухайлбал нурсан газар энд тэндгүй байсан боловч хамгийн түрүүнд босгох зүйл нь Бурханд өргөх мөргөл чухал гэсэн үг. Бидний амьдрал Бурханд өргөх хүндэтгэл мөргөл нь хамгийн түрүүнд хамгийн чухалд тооцогдох хэрэгтэй.
6-13-р зүйлийг үзээрэй. Энд хэрмийн баруун хэсгийг барьсан хүмүүсийн нэрсийг танилцуулсан. Хуучин гулдан хаалганаас Хөндийн гулдан хаалга хүртэлх энэ хэсэг нь урт өргөн учир баячууд тухайлбал алтны дархчууд болон сүрчиг хийгчид оролцсоныг мэдэж болно. Бурханы хаанчлалын ажилд баян ядуу, нас хүйсээр ялгаварладаггүй гэдгийг харж болно. Бурхан гагцхүү халуун итгэлээр өөрийгөө зориулах хэнийг ч гололгүй Хаанчлалын ажилдаа нандинаар хэргэлдэг.
14-19-д Хаягдлын гулдан хаалганаас зэвсгийн агуулахын өмнөх тал хүртэлхийг засварлав. Энэ хэсгийг Иерусалимчууд бус, өөр дүүргийн захирагч нар хариуцсан. Тэд Иерусалим хэрмийн хамгаалалтанд амьдрахгүй боловч энэ ажилд баяртайгаар оролцсон. Эндээс Бурханы ажил нь хувийн ашиг сонирхолтой хамааралгүй, зориулалт гаргах хэрэгтэй гэдгийг заан өгч байна.
20-32-р зүйлийг үзвэл, Зэвсгийн агуулахын булангаас, Хонины гулдан хаалганы өмнөх хүртэл зүүн хэсгийг засварлсан хүмүүс гарч байна. Энэ хэсэгт хэрмийн олон хүн оролцсон. Хамгийн урт байсан төдийгүй нуралт ч ихтэй байсан. Тиймээс энд өөр хэсэгт ажлаа дуусгасан хүмүүс дахин оролцсон гэдгийг харж болно.
Дээрх хэрмийг босгох ажилаар дамжуулан бид юу сурч болох вэ?
1-рт Бурханы хаанчлалын ажилд хамтдаа нэгдмэл байдлаар оролцох нь хамгийн чухал гэдгийг зааж байна. Мэдээж нэг хүн Нехемиагийн залбирал ба шийдвэр нь чухал байсан ч гэсэн ард түмний дэмжлэг, оролцоо бас маш чухал юм. Хэрвээ ард түмэн оролцохгүй бол Нехемиа энэ бүх зүйлийг хийж чадахгүй байсан. Тиймээс бид Бурханы хаанчлалын ажилд хэрэглэгдэх гэвэл хамтдаа нэгдмэл, нэг сэтгэлтэй болж байж нандинаар хэрэглэгдэж чадна.
2-рт Бурханы ажилд хүн тус бүр өөрийн хариуцсан ажил үүргээ итгэмжтэйгээр биелүүлвэл Бурханы хаанчлал бат бэх босгогдож чадна. Бидний дунд ч өөр өөр боломжтой, чадалтай, цаг завтай олон хүмүүс байгаа. Өөртөө байгаа бүхий л боломж, цаг заваа Бурханы хаанчлалын төлөө зориулж чадахыг хүсэн гуйж байна.
Бид ч Нехемиа шиг залбиран гар биеэр Бурханы хаанчлалын ажилд идэвхтэй оролцсноор, энэ цаг үед газарт унасан Бурханы нэр алдрыг дахин өндөрт өргөхийг хүсэн гуйж байна. Үүний төлөө эхлээд өөрийн сүнсний нуралтыг засаж, гэр бүл, чуулган ба энэ нийгэмд сүнсний сэргэлтийг авчрахад өөрийгөө бүрэн зориулж амьрахыг хүсэн гуйж байна.
Би энэ зарлигаар дамжуулан Нехемиагийн хичээнгүйлэн залбирч, залбирлынхаа хариултыг авч байгааг сайн сурч байна. Миний хувьд олон зүйлийн төлөө гуйдаг ч биелэхгүй, бүтэхгүй бол шантраад цаашид гуйхаа больдог. Хаанчлалын төлөө залбирахаас илүүтэй өөрсдийн сайн сайхны төлөө залбирдаг байснаа олж харж байна. Бас ажил ихтэй гэдэг шалтгаанаар гэр бүлийн сүнслэг цаг ч авахгүй удсан. Харин Ивээл охин минь манай гэр бүлийн залбирлыг байнга сануулж хоол идэхэд, унтахдаа байнга ааваа ээжээ хамт залбирья гэж биднийг сүнслэг амьдрал руу чиглүүлж байгаа. Хаана ч байсан хамаагүй хэн нэгнээс ичдэггүй гэнэн цайлган охиныхоо сэтгэлээс суралцаж байна. Бурхан энэ л багачуудтай адил байхыг биднээс хүсдэг. Баярлалаа Бурхан Ааваа өнгөрсөн хугацаанд Таны хаанчлалын төлөө хичээнгүйлэн залбирч, үйлчилж чадаагүйдаа энэ цагт хүү нь гэмшиж байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө залбирдаг байсандаа гэмшиж байна. Одооноос бусдын төлөө хаанчлалын төлөө хичээнгүйлэн залбирдаг хүнээр өөрчилж өгөхийг хүсэн гуйж байна. Бас хэзээ ч биелэхгүй, бүтэхгүй гэсэн сэтгэлээ орхиж бууж өгөлгүй Бурханд 100% найдан түшиглэж гуйлтын хариултыг авдаг хүнээр өөрчилж өгөхийг хүсэн гуйж байна.
Нехемиа өөрийн ард түмний төлөө, Иерусалимын хэрмийг барих ажлын төлөө Бурханаас хичээнгүйлэн залбирсан. Залбирлын хариугаа автлаа хичээнгүйлэн, төлөвлөгөө гарган шантралгүй ажилласан. Нехемиа шиг Хаанчлалын төлөө хичээнгүйлэн ажилладаг, залбирдаг хүмүүсээр өөрчилж өгөхийг хүсэн гуйж байна.