Есүсийн шавь болох гэвэл
Лук 14:15-35
Гол эшлэл 14:26, 27
“Хэрэв хэн нэгэн Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй. Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй”
Өнөөдрийн номлолоор дамжуулан Бурханы урьсан урилга болон дуудлаганд яаж хандах ёстой вэ гэдгийг сургаалт зүйрлэлээр дамжуулан бидэнд заан өгч байна. Жинхэнэ аврал болсон амийн үгийг хүлээж авах болон дамжуулах үед ямар асуудал гардаг вэ гэдгийг бидэнд тайлбарлан өгч байна. Мөн Есүсийн шавь болсон бид нар хэрхэн шавиар амьдрахыг заан өгч байна. Сайн мэдээг дамжуулах үед ирдэг хавчлага зовлон дунд хэрхэн итгэлээ хамгаалж, төлөвшсөн жинхэнэ дагалдагч болоход заавал золиос, зориулалт, шийдвэр чухал гэдгийг заан өгч байна. Үгээр дамжуулан Есүсийн сайн шавь болоход сурах ёстой, мэдэх ёстой, хийх ёстой зүйлсийг сайн сурч чадахыг хүсэн гуйж байна.
1. Бурханы хаанчлалын найранд уригдагсад (15-24)
15-р эшлэлийг үзээрэй. Фарисайчууд болон хуулийн багш нар хамтдаа Есүстэй зоог барьж байлаа. Гэтэл тэдний дундаас нэг нь “Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ!” гэв. Иудейчүүд нь өөрсдийгөө сонгогдсон ард түмэн тул Бурханы хаанчлалын найрт суух болно гэж боддог байв. Харин Есүс сургаалт зүйрлэлээр дамжуулан ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалын найрт суухыг зааж өгөв. Есүс сургаалт зүйрлэлээр ярьдаг байсан бөгөөд оргүй хоосноос орчлон ертөнцийг Бурхан бүтээсэн учраас түүний эрх мэдэл дотор бүх зүйлийг тэр бүтээсэн учир Бурханд тайлбарлах боломжгүй зүйл байхгүй юм. Кино бүтээхтэй зүйрлүүлбэл Бурхан бол найруулагч, зураглаач, хөгжмийн зохиолч нь юм.
Одоо 16, 17-р эшлэлийг үзээрэй. “Тэр түүнд, нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүс рүү боолоо илгээн зоог бэлэн болов, морилон ирцгээнэ үү гэж хэлүүлжээ.” Эзэн зочдын төлөө бүх сэтгэлээ гарган маш их зүйлийг бэлдэн, бүхнийг бэлэн болгов. Тэгээд ирээрэй хэмээн урьсан. Эртний Израйл Палестиний ёсонд найр хурим хийх үедээ зоог бэлдэн, зочдыг урьдчилан урьдаг уламжлалтай байсан гэнэ. Урилгыг баталгаажуулахын тулд дахин нэг удаа хэлүүлдэг байжээ. Урилгыг хүлээн зөвшөөрсөн хүн нь зайлшгүй зүйл тохиолдохгүй бол энэ хоёр дахь урилгаас татгалзалгүйгээр очдог байжээ. Харин урилга авчихаад 2 удаа татгалзвал надтай дайсагнаж байна хэмээн үздэг байжээ.
18-20-р эшлэлийг үзээрэй. ”Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь “Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай гэжээ.” Нөгөө нэг нь “Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя.” гэхэд нөгөө нэг нь “Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй” гэжээ.” Эндээс харвал урьсан хүмүүс бүгдээрээ янз бүрийн шалтаг гарган найранд очихыг хүсээгүй. Дургүй байгаагаа найрсагаар илэрхийлж, худал үг ашиглах, заль гаргах зэргээр аргалан татгалзсан. Өөрсдийн өнөө маргаашийн амьдрал болон хувийн ашиг сонирхолоо даган шийдвэр гаргацгаасан.
Сургаалт зүйрлэлд гарч байгаа их зоог нь Бурханы хаанчлалын найр бөгөөд Эзэн нь Амьд Бурханыг зааж байна. Уригдагсад нь иудейчүүдийг хэлсэн бол илгээсэн боол нь Есүс ба шавь нарыг зааж байна. Бурхан Израилыг Өөрийн сонгосон ард түмэн болгосон. Тэд Бурханаас хамгийн их ерөөл ба онцгой эрхийг авсан байдаг. Бурхан тэднийг бусад үндэстнээс тусгаарлан ариун ард түмэн, тахилч улс болгосон. Бурхан Өөрийн хүү Есүс Христийг илгээн загалмайд цовдлогдон бүх гэм нүглийг үрүүлснээр гэмшлийг тунхаглан дахин дуудсан. Гэвч Иудейчүүд Есүсээр дамжуулсан тэнгэрийн хаанчлалын сайнмэдээг хүлээн авахаас татгалзсан.
Өнөөдөр үгэн дээр гарч байгаа газар худалдан авах, үхэр авах, эхнэр авах, нөхөрт гарах нь гэм биш боловч Бурханы урилгаас илүү тэдгээрийг үнэ цэнэтэйд тооцож байгаа тэдний хандлагыг бид сайн харж болох юм. Энэ нь өөрөө маш том зүйлийг дагуулж байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл гэм нүглийг гэмшихгүйгээр амьдрах зам руу хүмүүсийг чиглүүлж байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд ч бас олон хүмүүс энэ дэлхийн үзэл бодол, хүсэл шунал, зугаа цэнгэлээс болоод Бурханы хаанчлалын их найранд орох урилгаас татгалзсаар л байна. Бид нар оюутнуудыг алфа болон бусад хүндэтгэлийн цуглаанд урих үед хүмүүс завгүй, ажилтай гэх шалтгаанаар бидний урилгаас татгалзсаар л байдаг. Сайн лавлаад харахаар нээх чухал биш ажлын төлөө урилгаас татгалздаг. Капиталист нийгэмд амьдарч байгаа хүмүүс эд хөрөнгө, эрх мэдлийг нэн түрүүнд тавьж түүнийг олох хүслээр дүүрэн амьдарч байдаг. Залуучууд, оюутнууд нь зугаа цэнгэл, садар самуун байдал, эрх чөлөө гэх нэрийн доор гэмийг үйлдэхийг хүсэн Бурханы найранд ирэхийг хүсдэггүй. Нэг талаас сатаны боол болон амьдарч байна. Энэ цагт энд сууж байгаа бид нар Бурханы хаанчлалын найр болох гэмшил ба сайн мэдээнд итгэж амьдрах амьдралд олон хүмүүсийг урьж чадахыг гуйж байна. Гэм нүглийг гэмшиж, жинхэнэ баяр хөөрийг эдлэдэг нандин амьдралд хүмүүсийг тасралтгүй урьдаг итгэлтэй, зоригтой хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна.
21-р эшлэлийг үзээрэй. “Боол нь буцаж ирээд үүнийг Эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо “Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, хараагүй болон доголон хүмүүсийг нааш авчир гэв.” Ямар нэгэн уригдах зохисгүй олон хүмүүс аврагдан эзний найранд уригдах болсон. Энэ нь 100 хувь Эзэний ивээл ба нигүүлсэл юм. Энд хэлэгдэж байгаа хүмүүс нь ихэвчлэн ядуу, тахир дутуу, сохор болон доголон хүмүүс бөгөөд иудейчүүдийн дунд гадуурхагдаж байсан янхан, татвар хураагч гэх мэтийн нүгэлтнүүдийг зааж байна. Эндээс зүйрлэн хэлж байгаа нь өөрсдийгөө хэчнээн өрөвдөлтэй, гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч Бурханы өршөөлийн дуудлагыг талархалтайгаар хүлээн авах нь ямар хүн байхаас үл хамаарна гэдгийг харуулж байна. Мөн Бурханы урилга ба авралын хайр ивээл нь Бурханы агуу их хайр нь бас албадлагын хайр гэдгийг эндээс харж болно. Сул дорой гэм нүглээр дүүрэн олон хүмүүс энэ Бурханы хүчээр албадлагаар дагуулан авчирах тэр хайраар жинхэнэ амар тайван баяр хөөрийг эдэлж чадах юм.
22, 23-р эшлэлийг үзээрэй. “Боол нь “Эзэн минь, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна” гэхэд эзэн нь боолдоо “Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” Эндээс зам, хашаа хавиар яв гэдэг нь энд байгаа хүмүүсээс өөр хүмүүс гадуур байгаа буюу иудей биш харь үгдэстнүүдийг ч авчир гэсэн утгыг илэрхийлж байна. Тийм учраас Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн ч бай Бурханы хаанчлалын найранд орох эрхтэй гэдгийг харуулж байна.
Одоогийн Израйл улсад залбирлын хана гэж нэгэн хана байдаг бөгөөд одоогийн израйл буюу хуучны иудейчүүд Христийн ирэхийг хүлээн залбирч амьдардаг. Тэд Бурхан зөвхөн Иудей хүмүүсийн Бурхан хэмээн амьдарч бусдад боломжийг өгдөггүй. Үгнээс харвал Бурхан хайрын сэтгэлээр бүх хүнд найранд ирэх боломж урилгыг өгч байна. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Найрын суудлыг дүүргэхийн төлөө боолуудыг дахин дахин илгээж буй эзний дүр төрх нь үнэхээр гайхалтай юм. Хүмүүсийг аврахын төлөө бүхий л арга талаар л боломж олгон урьдаг Бурханы хайр ба хичээл зүтгэлийг эндээс харж болно. Албадан авчир гэж байгаа үгийг бид хүлээн авч энэ үгийн дагуу байх хэрэгтэй. Бурханы найранд урьж байгаа хүмүүсийг их зоогонд урьж байгаа нь зүгээр нэг ирвэл ирээрэй биш ятган, сэнхрүүлж, албадан авчирах ёстой юм байна гэдгийг сурлаа. Хэн нэгнийг Бурханы урилгыг хүлээн авахад сайн туслаарай гэсэн утгыг зааж байна. 2Петр 3:9-г үзвэл “Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч, Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг.” Бурхан хүн бүрт гэмших боломж олгож үргэлж дуудаж байдаг гэдгийг, хүлээж байдаг гэдгийг эндээс харж болно. Энэ цагт бүгдээрээ олон хүмүүсийг ятгаж хаанчалыннайранд урьдаг, гэмшиж аврал авдаг найранд урьж чадахыг хүсэн гуйж байна.
Бурханы хайр нь үнэхээр албаддаг хайр юм. Сул дорой гэм нүглийн боол байсан бид нар энэ хайраар Бурханы хүүхдүүд болсон. Хоньчны хайр, үйлчлэл, өдөр бүр хоол авч өгөх, залбирах, санаа тавих, хичээлд туслах, үгээр зэмлэх, ухааруулах гэж хамтдаа ярилцах, орхихгүйгээр араас нь явах зэрэг олон зүйлээс болж хүмүүс сүмд ирдэг бас үлддэг. Ихэнх хүмүүс дэлхийг хайрладаг. Битгий тэгээрэй гэхээр яг тэрүүгээр нь хийдэг. Бурханы үгийг сонсохоос илүү найзуудтайгаа хонуутар амралтанд явах, архидах, нийлж шоудан зугаацах зүйлст татагддаг. Одоо 9 сарын сүүлээс болсон болоогүй баахан тэмцээн уралдаанаар хүмүүсийг сатан урхиддаг. Тэмцээн дууусахад бас л архиддаг. Баахан тендер болон эрх мэдлийн тэмцэлдээн одоо эхлэнэ. Оюутнуудыг намдаа элсүүлэх гэж бас гоё гоё нэртэй цугларалтанд дууддаг. Тиймээс бид нар албадахгүй бол сайн дураараа биднийг хайгаад ирэх оюутан байхгүй. Бид нар албадахгүй орхивол хоньдыг, оюутнуудыг бид нар өөрөө мэд гэж орхих нь сүйрэлд, гүн намагт орхихтой адил юм. Тиймд бид Бурханы албаддаг хайраар цөхрөлтгүй хоньдыг урин үйлчлэх хэрэгтэй гэдгийг эндээс сурч байна. Бурхан найрын суудлыг дүүргэтэл хүмүүсийг аврахаа бүү зогс гэж бидэнд хэлж байна. Бурханы найрын шрээг дүүргэхийн төлөө, нэг хүний гэмшил ба авралын баяр хөөрийн төлөө хичээнгүйлэн ажилладаг сайн мэдээний боол, ухаантай мэргэн үйлчилдэг хүмүүсээр амьдарч чадахыг гуйж байна. Бурханы хайраар бусдыг албаддаг хүмүүс болохыг гуйж байна.
2. Дагалдагч байхын тулд (28-35)
Есүс үгээ айлдаж дууссаны дараа үргэлжлүүлэн хүмүүсийг албадан авчирдаг Христийн дагалдагч нар нь ямар байх ёстой гэдгийг заан өгч байна. Бусдыг дууддаг, үйлчилдэг хүн нь ямар хандлагатайгаар амьдрах ёстойг заан өгч байна. 3-н зүйлээр дамжуулан хэлж байна.
Нэгдүгээрт. Зүрх сэтгэлийнхээ байранд байгаа зүйлсийн дэс дарааллыг зөв тогтох юм. юу хамгийн үнэ цэнэтэй вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Эндээс Есүсийг хамгийг үнэ цэнтэй болгох хэрэгтэй гэдгийг сурч болно. Одоо 26-р эшлэлийг үзээрэй. “Хэрэв хэн нэгэн Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.” Энэ үг нь дагахад маш хүнд санагдана. Хамгийн хайртай дотны хүмүүсээ үл ойшоон амьдар гэж байна. Төрүүлж өсгөсөн эцэг эх, хайртай эхнэр нөхөр, нүдний цөцгий мэт хайрладаг үр хүүхдээс илүү зүйл багаа гэдгийг хэлж байна. Эндээс битгий хайрлаарай, битгий ойшоо гэсэн утга биш бөгөөд Бурханы үг болон Есүсийн тэр агуу золиослолын хайраас илүүд битгий тавиарай гэсэн утгыг хэлж байна. Нэг үгээр чамайг аварч, чиний гэм нүглийг уучилж,чамд мөнх амийг өгсөн Христийн тэр хайраас илүү бүү тавь гэдгийг хэлж байна. Есүсийн үг ба сургааль, түүний тэр агуу хайрын төлөө амьдраарай гэдэг санааг агуулж байна.
Бид нар Есүсийн шавиар, хоньчноор амьдрана гэвэл энэ мэт юу нь илүү үнэ цэнэтй нандин бэ гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй. Олон хүмүүсийг гэмээс аварч, тэдэнд жинхэнэ баяр хөөрийг өгдөг, мөнх амийг өгдөг хамгийн үнэ цэнтэй ажил юу билээ. Та нар бодоод үзээрэй. Би эмч хүн бусдад амь амьдрал, шинэ амьдрал бэлэглэхийн төлөө эмчилж, судалж уйгагүй байгааг харан биширдэг. Яг үүнтэй адил гэм нүгэл, атаа хорсол, өөрийгөө голох гээд олон зүйлээс болж гэмд үхсэн залуучуудыг босгон байгуулах ажил нь хамгийн үнэ цэнэтэй ажил юм. бүүр цаашлаад өөрийн амийг хүртэл Есүсээс илүү үнэ цэнтэй болгож болохгүй гэж хэлж байна. Элбэрэл надаас та ээжид үү, надад уу, эгчид үү хэн д нь илүү хайртай вэ гэж асуудаг. Би Бурханд илүү хайртай гэж хариулдаг. Харин Элбэрэл тэгвэл дараа нь хэнд вэ гэдэг. Би хариулдаггүй. Бурхан надад хэнийг илүү хайрлахыг түүнийг хайрлах хайраар мэдрүүлж өгөх тул надад хүний санаагаар хариулах шаардлага байхгүй. Бурханыг эхэнд хайрладаг хэн ч бай бусдыг хайрлахад Бурхан чиглүүлнэ. Бурхан гэм нүглээр дүүрэн байгаа хоньдыг хайрладаг учир, тэднийг өрөвддөг учир би ч бас тэднийг харйлан өрөвдөж үйлчилэх хэрэгтэй. Яагаад гэвэл миний зүрхний нэгдүгээрт Бурханы орон зай байгаа бөгөөд тэр зүрх сэтгэл нь миний зүрх сэтгэл болох болно. Есүсээс илүү энэ дэлхийг хайрладаг, дэлхийн юмс үзэгдэлд таны зүрх сэтгэл байвал та эцэс хүртэл Есүсийг дагахад хэцүү болно. Тиймээс өөрийн зүрх сэтгэлийн тэргүүнд намайг хайрлаж, уучилж, өршөөж, надад мөнх амийг өгсөн Есүсийг өдөр бүр байлгадаг хүмүүс болоосой хэмээн залбирч байна.
Хоёрдугаарт, Загалмайгаа үүрэн дагах хэрэгтэй. 27-р эшлэлийг үзээрэй. “Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй” Загалмайн үхлийн ял авсан хүмүүс өөрийн загалмайгаа үүрч үхэх газар руугаа явдаг байжээ. Жаахан аймшигтай сонсогдож магад юм. Энэ зүйрлэлийг хэлсэн нь Есүсийн шавь болох гэвэл энэ мэт загалмайд адил хүнд ачаа буюу үүргийг үүрэх ёстой гэдгийг сануулан хэлж байна. Тодорхой хэмжэээний золиос зориулалт биш энэ загалмайгаа үүрээд явах хэмжээний хүнд ачаа, зовлон бэрхшээл, ичгүүр гуниг дагалддаг гэдгийг хэлж байна. Гэхдээ энэ бол нээх хэцүү зүйл биш гэж хэлж болохгүй ч Есүсийн миний төлөө урсгасан тэр цус ба тэр хайрыг санах үед энэ нь юу ч биш болдог. Есүс бидний гэмийг хэлтрүүлэхийн төлөө загалмайн бүх зовлон ба ичгүүрийг амссан. Тэрээр хаадын хаан, эздийн эзэн байсан ч чимээгүй төлөө загалмайг үүрсэн. Заримдаа бид загалмайгаа үүрч чадахгүй хэвтэж амьдардаг. Би хэвтчихвэл залуучуудыг маань хэн аврах вэ? Гэм нүглээс тэднийг хэн гаргах вэ? Та хүчгүй байж болно. Харин авсан хайр ивээлээ санаж, Есүсийн авралын тэр үйл явцыг санаарай. Тэрээр миний төлөө таны төлөө урсгасан тэр хайрыг, тэр золиослолыг, тэр ичгүүр зовлон санаарай. Та Есүстэй уулзаж гэмшин өөрчлөгдсөнөөр ямар их аз жаргалтай амьдарч байна вэ? Тиймээ бидний хийж байгаа өчүүхэн зүйл хүнд дарамт ачаа биш юм. Давах хүч нь надад байгаа. Есүсээс тэр хүч ирнэ. Хоньчны загалмай хүнд биш шүү. Та үүрээд явж чадна. Даахгүй бол Есүс үүрнэ. Есүсээс тусламж аван эцэс хүртэл загалмайгаа баяр хөөртэй үүрдэг хүмүүс болохыг хүсэн залбирч байна. Онц сурах юу ч биш, их ажил юу ч биш, асуудал шийдэх асуудал биш, бусдад үг заах юу ч биш юм. Учир нь та өөрийн хүчээр биш Есүсийн өгсөн тэр хүч чадлаар хийхэд л болно. Өдөр бүр өөрт өгөгдсөн загалмайгаа ялангуяа сайн мэдээний төлөөх загалмайгаа сайн үүрч чадахыг хүсэн гуйж байна.
Гуравдугаарт, Есүсийг дагадаг хүн нь шийдвэрийг маш сайн гаргаж, маш сайн тооцоололтой байж мэргэн ухаанаар дүүрэн байх хэрэгтэй юм. 28-30-р эшлэлээр дамжуулан зүйрлүүлэн ойлгуулахыг хүсэж байна. Өндөр өндөр хааны ордны цамхаг барих нь маш их ухаан шаардах, урьдчилан төлөвлөх ажил юм. Маш их цаг зав, мөнгө төгрөг ордог ажил юм. Ажлыг маш сайн хийж дунд нь бусдын тоог тохуу болохгүйн тулд хичээх хэрэгтэйг сануулж байна. Есүсийн шавь хүн нь алдар нэр, эрх мэдлээс илүү Бурханы алдрын төлөө маш сайн тооцоо гаргаж, зөв шийдвэр гарган түүнийхээ төлөө хичээн ажиллах ёстой гэдгийг эндээс сурч болно. Бурханд итгэдэг, сүмд явдаг гэж хэлчихээд л Бурханы нэрийг унагааж, доог тохуу болгохгүй байхын тулд зөв амьдарч, ариун амьдарч, хичээж амьдарч, маш зөв мэргэн ухаанаар дүүрэн байх ёстой юм. Цамхаг барихад сайн тооцдог шиг мэргэн ухаантай дагалдагч, шавь болох хэрэгтэй. Есүсийг дагахад хэцүү зүйл олон байгаа ч шийдвэр гаргасан бол түүнийхээ төлөө тэмцэж хичээх хэрэгтэй. Сайн хичээж тэмцэх үед Бурхан гайхалтай цамхаг, хотуудыг барьсан шиг гайхалтай үр жимс болох оюутан хоньдуудыг бидэднд өгөх болно. Мөн хичээл номондоо шамдах үед Бурхан хэд дахин илүү шагналыг өгнө. Бурханы нэрийг шороотой хутгах уу? Шалаар нэг болгох нь шавь болсон бид нараас хамаарна. Энэ цагт бүгдээрээ Бурханы алдрыг төлөө өдөр бүр зөв шийдвэрийг гарган долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг мэргэн ухаан болон Бурханаас ирдэг хүч чадлаар ялалт байгуулдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Үргэлжлүүлэн 31,32-р эшлэлийг үзээрэй. Энэ сургаалт зүйрлэл ч Есүсийн шавь болох хүмүүс дайн хийхийн өмнөх шиг нарийн төлөвлөгөө, тактик гарган бүх юмаа бэлдсэний дараа дайнд морддог шиг байгаарай хэмээн хэлж байна. Чингис хаан бүх дэлхийн 2/3 хувийг байлдан дагуулахдаа маш сайн байлдааны тактиктай байсан гэж бичиж тэмдэглэсэн байдаг. Чингис хааны үр сад болсон бид нар ч гэсэн ариун сүнс ба үгийн хүчтэй байж бүх дэлхийг Бурханы үгээр байлдан дагуулахын тулд маш сайн зохион байгуулалттай байж өөрийгөө болон бусдыг босгон байгуулж ажил мэргэжил, үйлчлэл, дуудлага, алсын хараа, зорилгоо дахин нэг харан Бурханы алдрын төлөө бэлдэж, төлөвлөж, хурцлагдаж чадахыг хүсэн гуйж байна. Өнөө маргаашийн амьдралдаа арай та ханчихсан эсвэл ямар ч сайн мэдээний төлөөх халуун зүрх сэтгэлгүй байгаа бол гэмшиж дахин өнөөдрийн энэ үгэнд суурилагдан дахин босож тэмцэж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 33-р эшлэлээ үзээрэй. “Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.” Эндээс багцлаад дахин бидэнд хэлж байна. Есүс мэдэж байгаа учраас энэ амьдралыг бидэнд өгсөн. Есүсийн шавийн амьдрал нь энэ дэлхийн юунаас ч илүү үнэ цэнэтэй нандин амьдрал юм. Есүсийн дагалдагчийн амьдрал нь бүхнийг алдаж байгаа мэт боловч харин эцэст нь хамгийн үнэ цэнтэй, утга учиртай, тэнгэрийн хаанчлалын сүр алдартай амьдрал юм.
Дүгнэлт : Нэг хүнийг босгон байгуулж, өөрчилж, мөнх аминд хүртэл өсгөх нь Есүсийн дагалдагчийн хийж чадах зүйл юм. Ер нь эцсийн эцэст энэ дэлхийд юутай байсан нь тийм чухал биш. Ямар ажил мэргэжилтэй, алдар цолтой байсан нь тийм чухал биш. Харин хүн шиг хүн байсан буюу бусдыг босгон байгуулж мөнх аминд хөтлөсөн гэдэг нь хамгийн чухал юм. Хожим Есүс дээр очоод асуугдах үедээ тэр тэрэнд сайн мэдээ тарааж, тэр аврагдаж мөнх улсын иргэн болллоо. Тэр архинаас гарч, тэр гэмээ гэмшин шинэ хүн болж, бусдад гэрэл ба давс болж амьдарч байна гэсэн үгийг бид хэлж чадахыг гуйж байна. Би найзыгаа өнгөрсөн 7 хоног мөнхийн улс руу явуулсан. Тэрээр 5 хэлээр ус цас ярьдаг, Сөүлийн үндэсний их сургуульд доктор хамгаалсан. Дэлхийн 30 гаруй орноор аялсан. Сайн ч архи уудаг хүн байсан. Тэрээр үхэлтэй тэмцэж байгааг нь хараад миний сэтгэл их өвдсөн. Эцэстээ үхэл рүү айдсаар дүүрэн, зовлонгоор дүүрэн явж байгааг харан өрөвдсөн. Түүний чихэнд Бурхан чамд хайртай шүү гэж дамжуулсан. Бид нар Христийн дотор айх айдасгүй мөнхийн улс руу явдаг юм байна гэдгийг ойлгосон. Хажууд та нарынхаа магтаалын дуутай би тэр газар руу явах юм байна гэдгийг мэдэрсэн. Би гэм нүглээр дүүрэн хоньдын төлө ингэж амьдарсан учраас гээд хэлэх зүйл байгаа учраас баяр хөөртэйгээр үхэл рүү явах юм байна гэдгийг ойлгосон. Хүмүүсийн нүдээр үхэл боловч Бруханы нүдээр мөнхийн улс руу орж буй баярт хөөртөй амьдрал юм. Энэ цагт бүгдээрээ өдөр бүр сайн шавь болохын тулд хичээнгүйлэн Есүсийг даган загалмайгаа үүрч өдөр бүр итгэлийн шийдвэртэйгээр, ухаалаг шавь нараар амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Монгол ЮБФ чуулганаас бүх дэлхийд сайн мэдээг тунхагладаг итгэлийн гайхалтай шавь нар олноороо босгон байгууллагдахыг хүсэн ерөөж байна.