2017 оны Үйлс сүүлчийн 31-р номлол (06.04) Б.Баярмагнай

Ромд очсон Паул

Үйлс 28-р бүлэг
Гол эшлэл: 28:30-31

“Тийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр ярьж байлаа.”

Өнгөрсөн жилээс эхэлсэн Үйлс номын аялал энд хүрээд өнөөдөр өндөрлөж байна. Зөвхөн Үйлс номын аялал өндөрлөөгүй бололтой. Сургуулийнхаа аяллыг өндөрлөж буй цөөнгүй нөхөд бидний дунд сууж байна. Нэг зүйлийн төгсгөл нөгөөгийхөө эхлэл нь болж байдаг. Сургуулийн тань аяллын төгсгөл амьдралын тань өөр нэг шатны эхлэл болох нь тодорхой. Тиймээс та эхлэл дээрээ зогсож байгаа ерөөлтэй хүн гэж өөрийгөө тооцоорой.
Өнөөдөр Үйлс номын сүүлийн бүлгийг бид үзэх гэж байна. Есүс явж, Ариун Сүнс ирснээр эхэлсэн Үйлс ном, дагалдагч нарыг хавчигч Саул өөрчлөгдөж, Паул болсноор үргэлжилж, уг элч Паул маань өөрт нь Бурханы амласан Ромд ирснээр төгсөж байна. Тэгвэл Ромд ирсэн Паул юу хийсэн бэ?
1. Арал дээрх үйл явдал (1-10)
Далайд юу болсон, тэнд ямар үйл явдлуудтай учирч эцэст нь бүх хүн аюулгүйгээр эх газарт ирсэн талаар бид өмнөх номлолоор сурсан билээ. Хэдийгээр далайн аялал хүнд байсан ч гэсэн тэднийг газардангуут асуудал бас л тойрсонгүй, харин дайрлаа.
Тэд хаана газардсан бэ? 1-р эшлэлийг үзвэл, Мальт хэмээх газарт иржээ. Энэ газар нь Сициль хэмээх алдартай мужид хамаарагддаг бөгөөд Сициль хэмээх том арлаас 58 км-ийн зайд байрладаг аж. Мальтад ирэхэд нь хүйтэн бороо асгасаар угтлаа. Харин тухайн нутгийхан Паул болон нөхдийг нь тун найрсгаар угтан авсан байна. Хэл харьтнууд буюу грек бус хэлтнүүдийг ийн нэрлэдэг аж. Зарим эх сурвалжийг харвал хэл харьтнуудыг бүдүүлгүүд гэсэн утгаар ашигласан бөгөөд ямар ч соёлгүй, нийгэмшээгүй хүмүүс аж. Тухайн үеийн грекчүүд өөрсдийгөө соёлтой, боловсролтой дээгүүр үндэстэн гэж үзэж байлаа. Гэвч нөгөө соёлгүй нөхөд Паулыг болон 275 хүнийг хэрхэн угтаж авсан бэ? 2-р эшлэлийг үзээрэй. “Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа.” Тэд бусдын нүдэнд бүдүүлэг мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ маш найрсаг, зочломтгой, элэгсэг байсан.
Боловсрол мэдлэг, соёлч боловсон зан чухал хэдий ч хүн чанар, найрсаг, элэгсэг зан бүр ч чухал. Мөнгө болон эрх мэдлээс болж өдрөөс өдөрт хүнээ байж байгаа нийгэмд бурханлаг хүн чанар, зочломтгой, элэгсэг занг бид өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй юм. Энэ жил бид “Талбар бүр дээрээ манлайлах” гэдэг залбирлын сэдэвтэй болсон. Манлайлахын тулд таны зан чанар чухал, таны аливаа хүнд хандах хандлага чухал. Аливаа асуудалд хандах хандлага ч бас чухал. Харилцахад хэцүү, үзэн ядмаар хүмүүс эргэн тойронд тань байдаг ч гэсэн библилэг мөн чанарыг өөртөө төлөвшүүлбэл та тэр орчиндоо манлайлж эхэлнэ. Таныг хүмүүс өөрийн эрхгүй хүндэлж, танаас суралцаж эхэлнэ. Хэцүү боловч зайлшгүй төлөвшүүлэх ёстой зан чанарууд билээ.
Гал тойрон сууж байтал юу болсон бэ? 3-р эшлэлийг үзээрэй. “Паул хэсэг гишүү авч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв.” Хорт байтугай хоргүй могойноос айдаг миний хувьд энэ эшлэл үнэхээр айдастай уншигдаж байна. Могой түүний гарнаас зүүгдсэн нь санамсаргүй хэрэг биш гэж уг арлынхан бодсон байна. Шударга ёс түүнийг амьдрахыг зөвшөөрсөнгүй, яагаад гэвэл шуурганаас аврагдсан ч гэсэн могойд хатгууллаа. Энэ хоригдол учраас ямар нэг асуудалтай хүн байна гэж бодоцгоосон байна. Гэвч дараа нь Паул яагаа ч үгүйгээр барам эв эрүүл, амьд сэрүүн байлаа. Улмаар үхэх ёстой хүн үхэхгүй байгаад нь гайхсан арлыхан түүнийг бурхан байна гэж андуурцгаав. Өмнө нь Лустр хотод Паул, Барнаб нар төрөлхийн хөлгүй хүнийг эдгээснийх нь төлөө тэднийг бурхад хүний дүрээр ирцгээжээ гэж лустрынхан андуурсан шиг энэ удаа ч бас Паулыг бурхан байна гэж андуурал явагдав. Үнэндээ Паул бурхан биш харин Бурхан Паултай хамт байсны тод илрэл нь энэ үйл явдал байлаа.
7-10-р эшлэлийг хараарай. 276 хүнийг гурав хоног зочилсон Пупли гэгч хүний тухай гарч байна. Тэр арал тэр чигээрээ олон хүний хөлд талхлагдаж, авах юмгүй болсон байх. Гэхдээ Пупли тэдгээр нөхдийг ямар ч бодох зүйлгүйгээр зочлон дайлсан. Харин Пуплийн аав улаан суулгаар өвдөөд хэвтсэн байсныг Паул түүн дээр гар тавин залбирснаар эдгээв. Энэ нь Паул уруу уг арлынхны өвчтөнүүдийг авчрах эхлэл болжээ. Улмаар тэр арлынхан тэр чигээрээ өвчнөө эдгээлгэхээр ирцгээж, Паулын гараар эрүүл болсон байна. Ром хүрэх аяллаас эхлээд л усан онгоц асуудалд орж эхэлсэн. Аяллын туршид зүгээр байгаагүй. Усан онгоц сүйрэх аюул, харгалзагч нарт алуулах аюул, тэдэнд орхигдох аюул гээд олон төрлийн асуудлууд учирч байлаа. Тэр болгонд Паул оролцож, урамшуулан зоригжуулж, эсвэл янз бүрийн байдлаар туслаж, арга зааж өгсөөр аралд хүрсэн. Арал дээр ирээд ч бас бусдад үйлчилсээр байна. Паул бүхнийг өөрөө хийж байсан гэж үү? Үгүй. Ромд чи хүрэх ёстой гэсэн Бурханы амлалт байсан учраас Бурхан Өөрөө Паулын гарыг ерөөж, түүнд найдвар өгч, заавар чиглүүлэг өгч байлаа. Бурхан хамт байсан учраас бүх гайхамшиг үйлдэгдэж байсан юм.
2. Ромд очсон нь (11-31)
11-14-р эшлэлүүдийг үзээрэй. Мальт арал дээр гурван сар болжээ. Дулаан орж, далайд гарах улирал эхэлсэн учир Зевсийн хөвгүүдийн нэртэй усан онгоцонд суугаад Сиракус хотод ирсэн байна. Сиракусаас Путиол, Путиолоос Ромд ирцгээв. 15-р эшлэлээс харвал Паулын ирсэн тухай итгэл нэгт ахан дүүс сонсоод Аппиу болон Гурван дэн буудалд ирцгээсэн байжээ. Паул тэднийг хараад урам зориг орсон. Яагаад гэвэл Ромд хүртэл Бурханд итгэдэг, Түүний төлөө амьдрахад бэлэн хүмүүс байгаад нь талархсан. Тэнд ганцаараа биш юм байна гэж бодоод талархсан. Тэнд Бурханы хаанчлалын төлөө үйлчлэгчид байгаад нь талархаж, урам зориг орсон.
Хамтран зүтгэгчид, үйлчлэлийн төлөөх хүмүүс байхад үнэхээр урамтай байдаг. Мэдээж Бурхан хамт байгаа ч гэсэн Бурхан хамт үйлчлэх хүмүүсийг илгээсэн, эсвэл хамтран зүтгэгчдийг босгосон байх нь урамтай байдаг. Нэгнийгээ нөхөж чадах, ойлгож чадах, уучилж чадах, бас хамт явж чадах хамтрагчдыг Бурхан манай чуулганд бэлтгэж үе үеэр нь босгож байгаад талархаж байна. Нэгнийгээ харахдаа баярладаг, нэгэндээ итгэж найддаг хамтран зүтгэгч нар болохыг хүсэн ерөөж байна.
Ромд Паулыг харгалзагчтай нь цуг байхыг зөвшөөрчээ. Паул хоригдол гэдэг байр суурьтай явж байгаа учраас заавал харгалзагчтай байх ёстой.
17-22-р эшлэлүүдийг үзээрэй. Гурав хоногийн дараа тэр иудейн тэргүүлэгч нарыг дуудуулан уулзсан байна. Тэр бол түүхэн уулзалт байсан бөгөөд иудейн удирдагч нарт номлох эхний алхмаа хийсэн байна. Уламжлал ёсоороо тэр яаж итгэсэн, яагаад Ромд ирэх болсон шалтгаанаа ч иудейн удирдагч нарт хэлсэн. Ромд ирэх шалтгаан нь зүгээр нэг аялал жуулчлалын шугамаар биш харин Цезарьт давж заалдах болсон учраас ирсэн гэдгээ ч илэрхийлсэн. Тэдэнд буруу ойлголт өгөхөөс сэргийлж өөрийн намтар сэтгэгдлээ эхлээд хуваалцаж байна. 20-р эшлэлээс харвал Паул өөрийгөө Израилийн найдварын төлөө ийнхүү хүлэгдэн ирсэн гэж байна. Израилийн найдвар гэж юу вэ? Энэ нь иудейчүүдийн хүлээдэг Бурханы хаанчлал, Мессиа Аврагч төдийгүй үхлээс амилах тухай юм. Иудейчүүдэд энэ сэдэв нь маш чухал ач холбогдолтой юм. Тэд хэдэн үеэрээ энэ л зүйл биеллээ олохын төлөө хүлээж, амьдарч байгаа хүмүүс юм. Харин Паул үүний төлөө Ромд ирж байна гэж хэлсэн. Бурханы амлалтаас ганц нь л хараахан биелээгүй байна. Тэр нь Христийн дахин ирэлт юм. Бусад нь бүгд биелсэн. Үүнийг гэрчлэх гэж, ялангуяа Христийг Ромд байгаа хүмүүст тунхаглах гэж Паул ирсэн. Харь үндэстнүүдэд дуудагдсан дуудлагынхаа дагуу, бас Бурханы амлалтын дагуу Ромд ирсэн юм.
Түүнийг иудейн удирдагч нар таатай хүлээн авлаа. Улмаар Паул барьц ахиулан тэдэнтэй Библийн хичээл хийж эхлэв. Харин ярьсан зүйлсэд нь зарим нь итгэж, зарим нь эргэлзэв. Эргэлзэж байгаа шалтгаан нь ч гэсэн Хуучин Гэрээний зөнчийн хэлсний дагуу болж байна гэж Паул хэлсээр байлаа. Паулын хэлсэн үгнээс болж тэд хоорондоо маргалдацгааж байсан.
30-31-р эшлэлүүдийг үзээрэй. “Тийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр ярьж байлаа.”Паул хавчлагагүй болсон гээд биеийн амрыг бодсонгүй. Өөр дээр нь ирсэн хүмүүстэй Библийн хичээлийг уйгагүйгээр хийж байсан. Хоёр жилийн турш тэр огт амраагүй.
Зуны амралт эхэллээ. Сайхан амарцгаагаарай. Биеэр сайхан амраарай. Харин сүнсээр үргэлж идэвхтэй байгаарай. Таныг дуудсан Бурханы дуудлагын дагуу эргэн тойрондоо сайнмэдээ дамжуулахын тулд, Христийг тасралтгүй, ил шулуун ярихын тулд та өөрөө сүнсээр сэргэг байж, үргэлж суралцаарай. Сурсан мэдсэнээ ярихгүй бол та өөрөө бөглөрөх болно. Амралтын үеэр ч гэсэн сайнмэдээг тунхаглахгүй бол таны дотор сайнмэдээ өмхийрөх болно. Тиймээс сүнсээр үргэлж идэвхтэй байгаарай. Паул хаана ч, хэзээ ч сайнмэдээ тунхаглахад бэлэн байсан. Синагогт ч, гудамжинд ч, шоронд ч, шүүхийн танхимд ч, гадаа ч, гэрт ч, гэрийн хорионд Ромд байхдаа ч гээд байгаа газар болгондоо сайнмэдээг тунхаглагч, сайнмэдээний үнэнч манаачаар амьдарч байлаа.
Та ч бас тэгээрэй. Хаана ч сайнмэдээ ярихад бэлэн, ил шулуун ярихад бэлэн байгаарай.

Дүгнэлт: Ингээд Үйлс ном дуусаж байна. Өөрийг нь эрэн хайдаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байж хамгаалдаг, үйлчлэхэд нь үргэлж хүч чадал, мэргэн ухаанаа өгч байдаг тухай Үйлс ном бидэнд гэрчилж байна. Хэдийгээр бид цувралаар Үйлс номыг үзсэн ч гэсэн өнөө цаг үед ч гэсэн Ариун Сүнс бидэнтэй хамт байж үйлсийг үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөө цагийн Үйлс номыг бичигч нар, гэрчлэгч нар, тунхаглагч нар болцгооё. Үйлс ном дуусаж байгаа боловч таны үйлс эхлэх эхлэлийн цэг өнөөдөр юм. Та бол Үйлс номын үргэлжлэл гэдгээ байнга санаж амьдраарай.

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 30-р номлол (05.28) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2017 оны ЗБК номлол Ц.Чибаатар (06.11)