Залбирлын мөн чанар
Лук 11:5-13
Гол эшлэл 11:9
“Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.”
Бид хоёр долоо хоногийн өмнө залбирлын агуулгын талаар суралцсан билээ. Есүсийн нэгэн дагалдагч Түүн дээр ирээд хэрхэн залбирах агуулгыг асуусан. Тэрбээр Бурханы нэр ариунаар дурсагдан, түүний хаанчлал хурдан ирэхийн төлөө бас өдөр тутмын хэрэгцээ болоод сорилтоос хамгаалах, уучлалын талаар зааж өгсөн. Харин дээрх залбирлын үргэлжлэл агуулгыг өнөөдөр үргэлжлүүлэн суралцах гэж байна. Есүс цааш өгүүлэн хэлэхдээ залбирлын тань хандлага ямар байхыг онцголйон заан өгч банйа. Бүгдээрээ шинэ сэтгэлээр залбирлын хандлагыг сурч Бурханы хүслээр залбирдаг нэгэн болохыг хүсэн гуйж байна.
1. Залбирах хандлага (5-13)
Есүс Лук 11 бүлгийн 1-4 эшлэлүүдээр дамжуулан залбирлын агуулгыг заасан бол үргэлжлүүлэн 5-8 эшлэлүүдээр дамжуулан залбирлын хандлага буюу залбирал ямар мөн чанартай байх ёстойг заана өгч байна. 5-8 эшлэлүүдийг товч хураангуйлан харвал гурван найзын талаарх үйл явдал гарч байна. Нэг найз дээр өөр нэгэн найз нь алс холын аянаас ирсэн бөгөөд хүлээн авсан найз нь түүнд өгөх талх байсангүй. Ингээд 3 дахь найз нь хөрш найз руугаа очиж талх гуйхаар явж байна. Хэдий цаг оройтсон тул гурав дахь найз нь босож талх өгөхөөс түүнчлэн хүүхдүүдээ сэрэхээс цааргалж талх өгөхөөс хэсэг хугацаанд цааргалсан ч нөгөө найзынхөө цөхрөлтгүй зангаас, тасралтгүй хаалга нүдэх, талх талх талх гэж орилох дуунаас болж хаалгаа тайлж талх өгч явуулна гэж байна. Энэхүү үйл явдлыг хамгийн энгийнээр илэрхийлбэл би хол аянаас ирсэн найз нь гэж төсөөлье. Австрали улсад хоёр жил амьдарсны дараа Монголд ирсэн. Тэгээд онгоцны буудлаас шууд Калеб хоньчны гэрт зочилж очсон. Харин тэднийх зуслангаасаа оройтож ирээд талх, боорцог ч авч амжилгүй дэлгүүр хаалгасан. Бас зуслан дээрээ булгүги хийж идсэн тул хоол ч хийж идээгүй. Ингээд хол газраас ирсэн намайг хараад юугаараа дайлахаа мэдэхгүй хэсэг эргэлзсэний эцэст цагаан машины асаагаад шууд Бүүвэй хоньчны гэр рүү давхиж очив. Шөнө дунд ид их нойрны цагаар Бүүвэй хны хаалгыг хэсэг нүдсэн ч тавьж өгсөнгүй. Нойрондоо дийлдээд босож хаалгаа тайлахаас хэсэг залхуурч хэвтэнэ. Хүүхдүүд нь дөнгөж Увсаас ирсэн тул тэднийг сэрээхийг хүсээгүй тул Калеб хоньчныг чимээгүйхэн явчихаасай гээд залбирсаар хэвтэнэ. Гэвч Калеб хоньчин бууж өгсөнгүй , бүүр чанга балбасаар л. Калеб хн дотроо Батцэцэг хны барьдаг талх гал тогооны өрөөний ширээн дээр 10, 20-роор хөглөрч байгааг төсөөлж, талх аваад буцах хүсэлдээ дийлдэн улам балбаж нүдсээр байв. 20-30 минут өнгөрсний дараа нойрмог царайлсан Бүүвэй хн хаалга тавьж талх өгснөөр гурван талхаа өвөртөлсөн Калеб хн гэр рүүгээ яаран явна. Ийм үйл явдал библи дээр өрнөсөн талаар 5-8 эшлэлүүдэд өгүүлж байна. Энэхүү үйл явдал энгийн мэт боловч Бурхан энэхүү зүйрлэлээр дамжуулан залбирлын 3 мөн чанарын талаар хэлж байна.
Нэгдүгээрт: Бурханд бүрэн итгэж залбирах хэрэгтэй. Мэдээж Бурхан бидний хэрэгцээг мэдэж байгаа залбирлын дагуу хариулна. Түүнчлэн бүх залбирлыг тань чих тавин сонсдог. Харин хэзээ хэрхэн хариулах нь түүний хүслийн дагуу болдог. Талх гуйж очсон найзын хүсэлтийг сонсож түүний цөхрөлтгүй байдлаас болж талх өгч явуулсан нэгэн бол Бурхан юм. Бурхан биднийг залбиралдаа тууштай, цөхрөлтгүй байхын хүсдэг. Бид нүдэнд харагдах нөхцөл байдал болон өөрийн санаа бодлоос болж Бурхан залбиралд хариулахгүй байна гэж итгэлгүй хандаж болохгүй. Харин ч итгэлтэйгээр залбирсаар байх хэрэгтэй аж. Залбиралдаа үл цөхөрвөөс Бурхан өөрийн цагтаа заавал сайнаар хариулдаг итгэмжтэй нэгэн юм.
Хоёрдугаарт: Бусдын төлөөх залбирлаа хэзээ ч зогсоож болохгүй. Талх гуйж очсон найз өлсөж ирсэн найзын нөхцөл байдал, юу туулж өдийг хүрч байгааг, ямар их ядарч сульдаж өлсөж байгааг тэр өөрийн зовлон мэт ойлгосон.Тиймээс тэр үйлдэл хийсэн. Үүний адилаар Бурханы анд нөхөд, хүүхдүүд болсон бид ч гэсэн анд нөхрийнхөө, хамтран зүтгэгчийнхээ, хөршийнхөө, хоньдынхоо, хоньчныхоо асуудлыг өөрийн мэт ойлгож, тэдний байр суурин дээр очиж бусдын зовлонг өөрийн мэт ойлгож үүний төлөө үйлдэл гаргах хэрэгтэй юм. Бид бусдын зовлон, хэцүү асуудлыг, гэмд унасан сэтгэлийг харахдаа тэдний төлөө чин сэтгэлийн залбирал, үйлдэл, гаргах нь Бурханд хамгийн ихээр таалагддаг зүйл аж. Энэ бүхнийг харж, сонсож байгаа Бурхан бусдын төлөөх цөхрөлтгүй залбиралд заавал сайн хариу өгөх болно. Тиймээс хөршийнхөө төлөө залбирч үйлдсээр байцгаая.
Гуравдугаарт: Цөхрөлтгүй тууштай залбирч гуйснаар авсан залбирлын хариу бидний Бурханд найдах итгэлийг улам илүү “өнгө оруулж”, итгэл маань хичнээн нандин болохыг ухааруулах болдог. Ийнхүү гуйх явцад Эзэнд хандсан цэвэр итгэл ба тэвчээр, төлөв даруу сэтгэлийг сурч чаддаг. Ингэснээр бид өөрийнхөө төлөө болоод бусдын төлөө үргэлжлүүлэн залбирах урам зориг ч ордог. Бусдын төлөө болоод өөрийнхөө төлөөх цөхрөлтгүйгээр залбирсаар сүнслэг ерөөлийн амсдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Одоо бүгдээрээ 9, 10-г үзээрэй. “Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ” 9,10 зүйлүүдэд үргэлжлүүлэн гуйхыг уриалж байна. 9-р зүйлийн эхний хэсгийг харвал “Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө”. Гуйх залбирах хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулж байна.
Бидний нэг өдрийн амьдрал нар мандахтай зэрэгцэн эхэлдэг. Шинэ өглөөг утасныхаа сэрүүлгээр эхлүүлж, замын түгжрэлд орон, үр хүүхдээ хичээл сургууль, дугуйланд хүргэж өгөөд ажил хичээлдээ очдог. Зарим өдөр аз жаргалтай өнгөрч зарим өдрүүдэд гунигтай хар бараан сэтгэгдэлтэй үдэх нь ч бий. Ийм л өдрийн зураглал итгэгч болоод үл итгэгч аль алинд тохиолдож өнгөрдөг. Харин энэ л нэг л өдрийн амьдралынхаа хэмнэлд Бурхантай хамт өнгөрөөх ивээл нигүүлслийг зөвхөн Есүсэд итгэдэг бүхэнд өгсөн юм. Энэ ивээл нигүүлсэл идэвхжүүлэн тодруулах зүйл бол Бурханд хандан залбирах юм. Өөрөөр хэлбэл би өглөөг эхлүүлэхдээ, ямар нэгэн хичээлээ давтахдаа, ажлынхаа төлөө, хоол идэхдээ, боорцог худалдан авахдаа ч залбирч байвал Есүсийг гайхамшгийг тод томруунаар харах болно. Ийм л учраас Есүс гуй тэгвэл та нарт өгөгдөнө гэж хэлсэн.
Харин эс гуйваас би өөрөө өөрийгөө Бурхан болгож, өөртөө түшиглэж амьдарч байгаа юм. Энэ тохиолдолд үл итгэгч хүнээс ялгарах зүйл юу ч байхгүй. Өөр дээрээ үлэмж их ачааг хураан үүрч эцэст ядарч сульдах болно. Иймээс Бурханыг Бурхан гэдгээрээ хүлээн зөвшөөрч, хайрлаж, хүндлэх нь чин сэтгэлийн гүнээс гарах залбирлаас эхэлдэг. Залбирал бүх зүйл Бурханаас 100 % хамааралтай гэдгийг илтгэх эхний илэрхийлэл, итгэлцэл юм. Тиймээс ямар ч нөхцөл байдал дунд, бүх цаг үеүдэд залбирч Бурханаас асуудаг хүмүүс болохыг чин сэтгэлээсээ хүсэн залбирч байна.
Ингэж залбирсан бидний хийх дараагийн зүйл нь хайснаар олох болон тогшсоноор нээгдэнэ гэдгийг хэлж байна.Бид оюутан байж үзсэн бас бидний зарим маань одоо ч гэсэн оюутан хэвээрээ байгаа. Тэгвэл бид хайснаар олох болон тогшсноор нээгдэхийг хэрхэн ойлгох вэ? Нэгэн жишээ татья. Бид англи хэлийг сайн сурахын төлөө гуйсаар байдаг. Гэхдээ ямар ч үйлдэл хийдэггүй. Сонсголоо сайжруулахын төлөө youtube-с өөрт сонирхолтой бичлэг үзэхийн оронд солонгос олон ангитай кинонууд үзээд авгай хүүхнүүдийн хэрүүл, хэдэн биенээсээ өшөө авч байгаа мафи зодоон үздэг. Ойлгохгүй байгаа дүрмээ учрыг олохын оронд гүүгл ухаж судлахын оронд фэйсбүүк ухаж хайран цагаа үрдэг. Англи хэл дээр жижиг эхийг эхнээс дуустал уншихаас залхуурч хэн нэгний улс төрийн хэрүүлийн постыг нүдээ чилтэл уншдаг. Энэ тохиолдолд залбирлын хариугаа авч чадахгүй. Учир нь бид англи хэл сайн сурах л гэж залбирсан болохоос хайж, тогшоогүй. Тиймээс дээрх тохиолдолд юуг ч хайж олохгүй ямар ч хаалга нээгдэхгүй. Харин залбирсан бол үйлдэл гаргаж хайж тогших үед Бурхан хаалгыг нээх болно.
Бурхан надад библи уншиж байхад нэгэн сургаалт зүйрлэлээр дамжуулан ярьсан. Тэр түүхийг уншихдаа Бурхан намайг зэмлэж байгааг гэдгийг ухаарсан юм. Яагаад гэвэл би залбирдаг ч харин залбирсан залбирлынхаа төлөө хайдаггүй бас тогшдоггүй гэдгээ олж харсан юм. Энэ түүхээ та бүхэнд товчхон хуваалцъя. Матай 25:14-30 хэсэгт талантын тухай зүйрлэл гардаг. Библийн энэ хэсэгт Бурхан 3 өөр хүмүүст 5, 2, 1 талант өгөөд аян замд гардаг. 5 болоод 2 талант авсан мэргэн итгэмжтэй зарц нар нь өөрт байгаа бүхнээ зарж худалдаа хийн нэмж 5 болоод 2 талантыг олсон байдаг бол 1 талант авсан хүн газарт ганцхан талантаа газарт булсан байдаг. Матай 25:24-29 “Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн минь, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25 Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв. 26 Эзэн нь түүнд “Залхуу, олиггүй муу боол, чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? 27 Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхөө мөнгийг хүүтэй нь авах байсан. 28 Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. 29 Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана.*. Бурханы ухааруулахыг хүсэж байгаа зүйл бол би, бид залбирсан бол залбирлаа бодит болгохын төлөө авьяас, эрдэм мэдлэг, цаг боломжоо тултал ашиглах хэрэгтэй. Юунд ч залхуурч суух хэрэггүй. Юунд хий дэмий санаа зовж суух хэрэггүй. Үүний оронд байгаа бүх боломж, цаг зав, хүч хөдөлмөр,мэдлэг, авьяас, ухаан бодлоо ашиглаж Бурханы өгсөн талантыг маш сайнаар ашиглах хэрэгтэй. Энэ талантыг ашиглах гэдэг нь оюутан хонь хоньчид маань хичээл, багшийн үүрэг даалгавар сайн хийж гүйцэтгэж, сургуулиа амжилттай дүүргэх төлөө залбирч хайж, тогших хэрэгтэй. Тиймээс залбирлынхаа дагуу хай, тогшвол үүд хаалгыг Бурхан нээх болно. Ингэж л бид залбирлынхаа үр жимсээр Бурханы гайхалтай мутрыг олж харснаар улам бүр түүний оршихуй руу тэмүүлж хаанчлалын ажилд зүрхээ зориулах болно. Тиймээс Бурханы алдрыг харахын төлөө залбирсан бол хайж тогшин, үйлдэцгээе.
Энэ байдлаар үйлдэж байгаа өөрийн хүүхэддээ Бурхан хэрхэн хариулна гэж байна вэ? одоо бүгдээрээ 11-13 эшлэлийг хамтдаа уншицгаая “Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг эцэг та нарын дунд байна уу? 12 Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү? 13 Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу?.
Тэгвэл Бурханы хүүхдүүдэд өгөх хамгийн сайн нь юу вэ? 13-г үзээрэй. “Та нар ёрын муу атлаа хүүхдүүдээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу” Бурхан бидэнд өгөхийг хүсдэг хамгийн сайн бэлэг нь Ариун Сүнс юм. Учир нь Ариун Сүнс бидэн дээр ирэхэд амьдралын шинэ зорилготой болдог. Өөрөөр хэлбэл Ариун сүнстэй залбирлаар болон библи уншилтаар дамжуулан нөхөрлөх үед тэр бидний санаа бодол, амьдралыг хэв маягийг шинэчлэн өөрчилдөг. Түүнчлэн Ариун Сүнс бидэнд гэмийн хүслүүдийг ялан дийлж, ариун, хайр, тэвчээр, даруу байдал, баяр хөөр, өршөөнгүй гэх мэтийн сүнслэг мөн чанарыг болоход тусалдаг. Мөн Тэр бидэнтэй хамт байжсорилт ирэх үед ч Бурханы үгийг сануулан ялан дийлэх мэргэн ухаан ба урам зоригийг өгдөг. Хэрэгтэй цаг үед үгийг сануулан бүх үнэн ба амийн замаар хөтөлдөг. Тэр бидний сул дорой байдлын төлөө үгээр хэлшгүй ёолон, зуучлан залбирдаг. Мөн бид Ариун Сүнсээр дүүрэх үед сайнмэдээг тунхаглах хүслээр дүүрч үүний төлөө өөрсдийгөө бүрэн зориулан амьдрах хүчийг өгдөг. Бид энэ дэлхийд амьдрахдаа гэмд ялагдахгүйгээр амьдрах арга нь өдөр бүр Ариун Сүнсээр дүүрэх явдал юм. Бурхан бидэнд хамгийн сайн бэлэг болох Ариун Сүнсийг өгч Ариун Сүнсээр дүүрэн амьдрахыг хүсдэг. Үүнд бат итгэн Ариун Сүнсийг дүүрэн авахын төлөө Есүсийн заасанчлан цөхрөлтгүй, тууштай залбирцгаая. Бурханы хариултад бат итгэн, цөхрөлтгүй гуйснаар Ариун Сүнсээр дүүрэн болохыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Өнөөдөр Бурхан биднийг зүгээр нэг залбирах биш харин цөхрөлтгүйгээр залбирахыг ятгаж байна. Түүнчлэн залбирсан бол заавал үйлдэл хийж хайж тогших хэрэгтэй сануулж байна. Хоньдынхоо болон хамтран зүтгэгчийнхээ нөхцөл байдлыг өөрийн мэт ойлгож тэдний төлөө залбирахыг ч 3 найзын сургаалт зүйрлэлээр дамжуулан тодорхойгоор хэлж байна. Энд суугаа бүхэнд залбирах асуудал, тайлан орхих гэм, муу сүнсний янз бүрийн сорилт байгаа бол цөхрөлтгүйгээр залбираарай гэдгийг Бурхан сануулж байна. Цөхрөлтгүй залбирч хайж, тогших үед Бурхан үүд хаалгыг нээх болно. Миний хувьд энэхүү номлолын бэлдэх явцдаа цөхрөлтгүй залбирах хэрэгтэй гэдгийг сурлаа. Би залбирдаг ч тууштайгаар залбирдаггүйдээ гэмшиж байна. Яг одоо тулгарч амьдралын нөхцөл байдлаа хараад заримдаа үнэхээр шантардаг. Хаашаа харсан ямар гаргалгаа байхгүй. Одоо ингэх нь зөв юм байна гэж бодоод үйлдэхээр миний төлөвсний эсрэг болдог. Энгийнээр хэлбэл миний амьдрал байж болох хамгийн доод цэгтээ хүрсэн мэт санагдаж байна. Харин Бурхан өнөөдрийн үгээрээ дамжуулан бүх асуудлынхаа төлөө цөхрөлтгүйгээр залбирахыг бас түүнчлэн хайж тогших ёстой буюу хичээнгүйлэн шаргуугаар залхуурахгүйгээр ажиллах ёстойг хэлж өгсөнд талархаж байна. Үргэлжлүүлэн залбирч зоригтойгоор үйлдэж чадахыг хүсэн гуйж байна. Бурхан мууг сайнаар эргүүлдэг болохоор бүх нөхцөл байдалд талархаж байна. Гуйдаг хүн бүр авна, хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Амен